Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2025/00222

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* гудамжны 1-123 тоотод байрлах, утас *******, *******, Өсөхдэлгэр ******* ХХК-ийн

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4-р баг, Цөнгөрөг 1-2 тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* д холбогдох

 

зээлээр худалдан авсан барааны үнийн дүнгийн үлдэгдэл 17,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: М. нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нийт 34,858,407 төгрөгийн үнэ бүхий барааг гэрээ байгуулж авсан. Үүнээс 17,258,400 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээний дагуу төлбөр тооцоог 2023 оны 12 дугаар сарын 31-ны дотор төлж барагдуулах байсан ба гэрээг дахин сунгахаар 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж гар өргөдөл бичиж үлдэгдэл төлбөр тооцоог 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийж дуусгахаар болсон. Удаа дараа гэрээ, өргөдлөө зөрчиж гэрээний дагуу төлбөр тооцоогоо барагдуулахгүй байгаа тул үлдэгдэл 17,600,000 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Төлбөрийн маргааны хувьд асуудал байхгүй. Байр, авто машины лизинг давхар төлдөг тул 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 507,600 төгрөг төлж 34 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үнийн дүнгийн үлдэгдэл 17,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 17,600,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 507,600 төгрөг төлж 34 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,950 төгрөгийн тал хувь 122,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 122,975 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлээр худалдан авсан барааны үнийн дүнгийн үлдэгдэл 17,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 507,600 төгрөг төлж 34 сарын хугацаанд төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,950 төгрөгийн тал хувь 122,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 122,975 төгрөгийг хариуцагч М.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА