Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 203/МА2022/00012

 

 

Т.Сын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 143/ШШ2021/00080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Эад холбогдох,

Гэм хорын хохиролд 30,120,000.0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Эын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр /цахимаар/, хариуцагчийн  өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Т.Сын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

С.Э нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09  дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын  нутаг дэвсгэрээс Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт авчирч манай саахалт айл болох Б.Цынд 26 хонь тавьсанаас хойш манай нутагт цэцэг өвчин гарч улмаар онцгой комисс, мал эмнэлгийн газраас Б.Цын 115 хонь, манай 139 тооны хонь халдварт өвчнөөр өвчилсөн байна гэж оношлоод тус тус устгалд оруулсан.

Тухайн үед С.Э нь Б.Цын хохирлыг барагдуулж өгсөн. Өнөөдрийг хүртэл манайх хохирлоо барагдуулж чадалгүй эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Устгалд орсон 139 толгой хониноос 83 нь төллөх мал /эм хонь/ байсан бөгөөд тус явдал болоогүй бол өдийд 368 орчим төл авах байсан. Өөрөөр хэлбэл гоц халдвартай газраас С.Э, Ё.Н нар гарал үүслийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр мал авчирсны улмаас гоц халдварт хонь ямааны цэцэг өвчин гарсан болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон.

Иймд С.Эаас устгалд орсон 139 хонь тухайн үеийн зах зээлийн ханшаар 16,020,000 төгрөг, дөрвөн жилийн төл буюу 2017 оны төл 57 хурга, 2016 оны төл 71 хурга, 2019 оны төл 61 хурга, 2020 оны төл 46 хурга нийт 235 хурга буюу 14,100,000 төгрөг нийт 30,120,000.0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагч С.Эын татгалзлын агуулга

        Тухайн устгалд оруулсан малаас авах төлийн үнийг тооцоолохдоо хувь хүнд хамааралгүй Өмнөговь аймгийн хэмжээний статистикийн тоо баримтыг үндэслэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь төрөөс нөхөн төлбөр авах боломжтой. Миний гэм буруутай үйлдлийн улмаас гэх шүүхийн шийдвэр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйл 229.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эаас 15,060,000.0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ст олгож, нэхэмжлэгч Т.Сын илүү нэхэмжилсэн 15,060, 000.0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,050.0 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эаас 233,050.0 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ст олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч С.Эын өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

-Малын гарал үүслийн гэрчилгээ гарган өгсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх эсэх,

-Устгасан 139 тооны малыг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулалгүйгээр 10 хониос шинжилгээ авахад батлагдсан тул бусад малыг шинжилгээнд хамруулалгүйгээр устгалд оруулсан.

-Малын цэцэг өвчин малчин хүнээс шалтгаалахгүй. Тусгайлан хуульчилсан хуулийн хүрээнд улсын төсвөөс малчидад хохирлыг гаргуулахаар заасан. Энэ талаар хариу ирээгүй байхад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

-Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч нарын аль нь хариуцагч вэ.

-Мал тээвэрлэж ирснээс хойш 2 сарын дараа малын цэцэг өвчин гарсан. Тухайн малаас эхэлж цэцэг өвчин гарсан эсэх талаар тогтоосон баримт байхгүй.

-Хариуцагчийн талаас гарган өгсөн баримтыг хэрхэн үнэлсэн, үнэлээгүй бол яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

-Малын тоо толгойны үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шийдвэрлэх байтал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Түүнчлэн нөхцөл байдал тодорхой бус, маргааны үйл баримтыг анхан шатны шүүх бүрэн тогтоож чадаагүй, хууль буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү.

Маргаж, мэтгэлцэж байгаа үйл баримт дээр дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Гэрч Гомбын мэдүүлгийг илүүтэйгээр үнэлж тээвэрлэгдэж ирсэн малаас цэцэг өвчин гарсан гэж үзсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлд зааснаар тээвэрлүүлэгч хариуцлага хүлээх ёстой тул Наранбат хариуцах ёстой гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн үйлдлийн улмаас өвчин гарсан тул хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хариуцагч тээвэрлэгч, худалдан авагч мөн. Мал авчирснаас хойш 2 сарын дараа өвчин илэрсэн. Малын эмч уг малаас болж өвчин гарсан гэж дүгнэсэн.

Хөрөнгийн Үнэлгээний талаар хэлэхэд орон нутгийн үнэ, ханш, Засаг даргын гаргасан баримтыг үндэслэн шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Сын нэхэмжлэлтэй хариуцагч С.Эад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

2. Хариуцагч С.Э нь хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэм буруутай, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хариуцах хохирлын хэмжээний талаар хийсэн анхан  шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч С.Эад холбогдуулан, гэм хорын хохиролд 38,020,000.0 төгрөг гаргуулахаар 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 35,340,000.0 төгрөг, 30,20,000.0 төгрөг болгон хоёр удаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хонь, ямааны гоц халдварт цэцэг өвчний голомттой газраас С.Э, Ё.Н нар нь гарал үүслийн бичиггүй, зохих ёсны зөвшөөрөлгүйгээр мал авчирснаас цэцэг өвчин гарч 139 толгой малаа устгуулж, мал болон түүнээс хүртэх үр шим, төлөөрөө хохирсон”  гэжээ.  /хэргийн 1 дүгээр хавтасны 01, 59 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 19 дүгээр хуудас/

          4. Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “малаас авах төлийг Өмнөговь аймгийн хэмжээний  статистикийн тоо баримтыг тооцсон нь үндэслэлгүй, тоон үзүүлэлт нь иргэн хүнд огт хамааралгүй. Малчин хүн хэдэн хувийн төл авах нь цаг агаар, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан баталгаагүй. Хуулиар төрөөс малчинд учирсан хохирлыг нөхөн төлбөрийг төлөх заалттай учир 139 толгой малын үнийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

          Т.Сын малыг гоц халдварт өвчний улмаас устгасан хохирлыг хариуцагч С.Э төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.  

5. Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг болон хэргийн материалыг  танилцуулж, талуудын хүсэлтээр гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, мөн өөр орон нутагт байгаа гэрч нарыг шүүхийн даалгавар бичиж асуух зэргээр нотлох баримтыг бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          6. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар  2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хариуцагч С.Э нь иргэн Ё.Н-н Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрээс худалдан авсан малыг ...аймгийн...сумыннутагт тээвэрлэсэн тээврийн хөлсөндөө уг малаас тооцон авсан, тухайн нутаг дэвсгэрээс өөрөө худалдан авсан болон бусдаас бэлгэнд авсан малыг Ё.Н-н худалдан авсан малын хамт тээвэрлэж ирсэн ба дээрх малаас заримыг нь өөрийн, заримыг нь нэхэмжлэгч Т.Сын саахалт айл болох Б.Цогтбаатарын суурь мал сүрэгт нийлүүлсэн, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ё.Н-н, 11 дүгээр сарын 06-ны өдөр Т.Сын сууринд хонины цэцэг өвчин гарч, улмаар Т.Сын өмчлөлийн 139 толгой мал устгалд орсон үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй байна.

          7. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн / Энэ хууль нь 2001 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Малын генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүйд тооцогдсон/  14 дүгээр зүйлийн 14.1.2-т “мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах;” гэж иргэн, хуулийн этгээдийн нийтлэг үүргийг заажээ.

Хуулийн энэ зохицуулалтаар С.Эад мал тээвэрлэсэн жолоочийн хувьд, бусдаас бэлгэнд болон худалдан авсан малынхаа хувьд иргэний үүргээ тус тус биелүүлж мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах үүрэг үүсэж байна.

          7.а. Мал амьтны эрүүл мэнд гарал үүслийн ... дугаартай гэрчилгээнд “Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн Халзанхүүгийн Бын малаас 200 толгой хонийг жолооч С.Эын, ...улсын дугаартай автомашинаар ...аймгийн...сумын Н-ын суурь хүртэл тээвэрлэх буюу шилжилт хөдөлгөөн хийгдэх тухай” бичигджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 53 дугаар хуудас/

          7.б. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч Ё.Н-н мэдүүлгээр  “уг тээврийн хэрэгслээр 200 биш 213 хонь тээвэрлэж ирсэн, С.Эын авах ёстой малыг замаас нь тосож малчин нь хүлээж авсан, мөн С.Э нь бусдаас гурван мал худалдаж авсан, 10 төлөг бэлгэнд авсан, С.Э нь бусдаас худалдаж болон бэлгэнд авсан малдаа гарал үүслийн гэрчилгээ аваагүй нь” тогтоогдож байна. Хариуцагч нь гэрчийн мэдүүлгийг няцаагаагүй ба тэрээр дээрх малаа буюу Б.Цын малд нийлүүлсэн малаа зохих журмын дагуу бүртгүүлсэн тухайгаа нотлоогүй тул түүний “гарал үүслийн гэрчилгээг мал худалдан авсан Ё.Н хариуцна, би жолоочийн хувьд машины бүрэн бүтэн байдлыг хариуцна” гэх агуулгаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна. /хэргийн 2 дугаар хавтасны 43-45, 49 дугаар хуудас/

          7.в. Хариуцагч С.Эын тээвэрлэж ирсэн малаа нийлүүлснээс хойш Б.Ц болон Т.С нарын суурь мал сүрэгт малын гоц халдварт цэцэг өвчин илэрч, тэдний малыг устгалд оруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.

          Иймд анхан шатны шүүхийн “Ё.Н-н суурьт буулгасан 200 хонинд гарал үүслийн гэрчилгээ олгогдсон, С.Э нь бэлэгт болон тээврийн хөлсөнд авсан гэх 28 тооны хонинд гарал үүслийн гэрчилгээ аваагүйн улмаас өвчин тээгч малыг тээвэрлэсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байна.

8. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3.1.7."хорио цээр тогтоох" гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;

3.1.8."гоц халдварт өвчин" гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг;

3.1.9."өвчтэй болон халдварын голомтод байгаа малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах" гэж нийтийн болон тухайн өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор малын халдварт болон гоц халдварт өвчний гаралтыг таслан зогсоох, цаашид тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий малыг холбогдох дүрэм, зааврын дагуу нядлах, устгахыг:” ойлгоно гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч Т.Сын өмчлөлийн 139 толгой мал нь малын гоц халдварт өвчний улмаас устгалд орсон нь С.Эын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаантай холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн, Т.Сын нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шаардсан, гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн буюу хуульд зааснаар үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл болох тул анхан шатны шүүхийг маргаантай эрх зүйн харилцааг зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөж болох боловч хариуцагч С.Э нь татгалзлаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-д заасны дагуу нотлох баримтаар нотлоогүй байна.   

10. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”.

Шүүх нь нэхэмжлэгч Т.Сын устгалд орсон малаас жил бүр хүлээн авах боломжтой төлийн тоог нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаярын хүсэлтээр “Монгол Улсын статистикийн хорооны 1212mn” сайтын мэдээлэлд үзлэг хийж бэхжүүлсэн “Өмнөговь аймгийн хэмжээнд 2016-2020 онуудад 100 эхээс бойжуулсан төлийн үзүүлэлт, мэдээ”-нд үндэслэн тогтоосон ба уг үзлэг хийх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмааг оролцуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 219, 235-236 дугаар хуудас/

Шүүх дээрх нотлох баримт болон ...аймгийн...сумын Засаг даргаас ирүүлсэн үнэлгээнд үндэслэж хохирлын хэмжээг тооцож нэхэмжлэгч Т.Ст 30,120,000.0 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 19, 250 дугаар хуудас/

Шүүх хариуцагч С.Эад гэм хорыг хариуцуулахдаа түүний Ё.Н-н хамт Дорноговь аймгаас мал тээвэрлэсэн, Ё.Н-н малаас тухайн цаг хугацаанд малын гоц халдварт цэцэг өвчин мөн адил хугацаанд дэлгэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хохирлыг хэмжээг 50 хувиар багасган тооцсоныг буруутгах боломжгүй байна. Учир нь  Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалттай.  

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн уг зүйл, хэсгийг баримтлаагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөөгүй гэж үзэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь малын тоо толгойны үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шийдвэрлэх байтал үнэлгээ гаргах эрхгүй албан тушаалтны үнэлгээ, статистик тоон үзүүлэлтийг үндэслэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж давж заалдах журмаар гаргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэргийн 1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудсанд авагдсан үнэлгээ хүргүүлэх тухай албан бичиг нь 2020 оны 9 дүгээр сард шүүхэд ирсэн байхад уг баримтад авагдсан хохирлыг хэмжээний талаарх мэдээлэл нь буруу тогтоогдсон болохыг эсэргүүцсэн тайлбар болон шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.

12. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т “өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад шаардагдах хөрөнгө /Устгагдсан малын нөхөн төлбөрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно/;” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.С болон малаа устгуулсан бусад иргэдэд нөхөн төлбөр олгуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн нь Г.Мы 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр асуугдсан мэдүүлгийн тэмдэглэл, анхан шатны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан өмгөөлөгч Ц.Баярмаагийн тайлбар зэргээр тогтоогдож байна.                                                                                                                                                                                                                                                                                                                   

Харин Т.Сыг устгалд орсон малдаа улсын төсвөөс нөхөн төлбөр авсан талаар хариуцагч С.Э маргаан үүсгээгүй байна. Нэхэмжлэгч нь улсын төсвөөс нөхөн төлбөрөө авсан тохиолдолд хариуцагч С.Эын гэм хор учруулсны хариуцлагад төлсөн хохирлыг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр, магадлал саад болохгүй.  

13. Давж заалдах шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн эрх хэмжээний хүрээ нь  талуудын эрх зүйн маргаанаар хязгаарлагдана гэж үзэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах диспозитив зарчим, Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зохицуулан хуульчилсан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчмын агуулгад нийцнэ.

Нэхэмжлэгчийн өөрийнхөө эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ нэрлэн заасан этгээдийг хариуцагч гэж үзэх, тухайн хариуцагч болох этгээд нь хариуцлага хүлээх эсэхийг хэргийг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 26, 115 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ заагаагүй этгээдийг хариуцагчаар оролцуулах, хэргийн оролцогч биш этгээдүүдийн хооронд үүссэн харилцаанд эрх зүйн дүгнэлт хийж хариуцлага ногдуулах эрх шүүхэд байхгүй.

 

Давж заалдах гомдол гаргаж буй этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа”-г давж заалдах гомдолд  заах  үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийн аль хэсэгт тусгагдсан ямар дүгнэлт, ямар нотлох баримтыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, түүний эрх зүйн үндэслэлийг бичихгүйгээр тодорхой асуудлыг дэвшүүлж шийдвэрлүүлэхийг хүссэн байна.  

14. Дээр дурдсан нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон үйл баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл бий болоогүй тул давж заалдах гомдолд хариуцагч талаас ... дугаартай нэхэмжлэхээр Төрийн банкин дахь төрийн сангийн ... дугаартай харилцах дансанд урьдчилан төлсөн 233350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 143/ШШ2022/00080 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,350.0 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

                                                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ