Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/233

 

2026           02            26                                                                            2026/ДШМ/233

 

                                          П.С-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч П.С-, түүний өмгөөлөгч П.Сарантуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.С-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.С-д холбогдох 2503 00862 0996 дугаар эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Ж- овогт П-ийн С-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /П-/.

Шүүгдэгч П.С- нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota harrier” маркийн П- УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 1.4. 1.1-1.3, 1.15.a-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Индиан” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч Н.Т-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.С-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс иргэн П-ийн С- надад зам тээврийн осол зөрчил гаргаж иргэн Н.Т-ийн биед “хүндэвтэр” гэмтэл учруулж мөн их хэмжээний хохирол учруулсан гэж 2026/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг минь 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Иргэн П.С- би гэм буруугаа хүлээж байгаа. Би хүүтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй ба орон сууцны подвалын өрөөг түрээслэн оёдол засвар хийж амьдардаг. Хохирогч Н.Т-т бүх л бололцоогоо дайчлан бас өндөр настай ээж маань тусалж 16.000.000 төгрөг өгсөн ба түүнээс уучлалт ч гуйсан. Хохирогчтойгоо эвтэй харьцаатай байдаг. Шүүхээс жолооны эрх хасах хугацааг 2 жилийн хугацаагаар хассан нь миний амьдралд хүнд тусч байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь, би өндөр настай эхийгээ эмнэлэгт байнга үзүүлж машинаараа ээжийгээ зөөдөг ба оёдолын материал авах зарим үед хүмүүсийн гуйлтаар хөдөө гадаа явж амжиргаагаа залгуулдаг билээ. Хохирогчдоо төлбөр өгч хохиролгүй болгох гээд анхан шатны шүүхэд өмгөөлөгч авч чадаагүй. Хүү маань удахгүй сургууль төгсөнө. Иймд эрх хасах ялаас чөлөөлж ахуй амьдралд минь тусалж хуулийн энэрэнгүй байх байдлыг надад гарган хандаж өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна...”,

“... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би болсон явдалд маш их харамсаж байна. Шүүх бүрэлдэхүүнээс миний ар гэрийн байдал, амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг харахад, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа биш, төрөөс энэрэнгүй байдал гаргаж, намайг нэг удаа харж үзээч гэх төрдөө хандсан гуйлт гэж харсан. Түүнээс шүүхийн шийдвэрийг буруутгаагүй, анхнаасаа гэм буруу дээр маргадаггүй. Амьдралын хувьд өрх толгойлсон эмэгтэй байгаа. Авто тээврийн хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг. Урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Их даруу төлөв эмэгтэй байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Давж заалдах шатын шүүгч нараас хуулийн энэрэнгүй зарчмыг барьж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэж нэг удаа боломж олгож өгнө үү гэж хүсэж байгаа юм. Хэргийн хувьд маргаангүй. Тухайн үед өөрөө цагдаа, түргэний эмчийг дуудсан байсан. Хэрэг гарснаас хойш сэтгэл санаагаар унаж, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Хэргийн материалтай танилцахад, прокурор анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэх саналыг гаргасан байсныг шүүх хуралдааны тэмдэглэлээс харсан ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч П.С-ийн үйлдсэн гэмт хэрэгт хууль зүйн дүгнэлт өгч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналыг гаргаж, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хуралдаан болж, 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлээгүй 8 дахь хоног болсон гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу прокурорын зүгээс яллах дүгнэлтийг ердийн журмаар үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан. Шүүгдэгчийн зүгээс энэ агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдолд нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.С-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.С- нь 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Toyota harrier” маркийн П- УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас “Индиан” маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч Н.Т-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг гарсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /xx 4/, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-13/,

Хохирогч Н.Т-ийн "... Би 2025 оны 07 дугаар сарын 05-ны орой 10 цагийн үед Баянзүрх дүүрэг болох гэрээсээ Чингэлтэй дүүргийн 17 сургуулийн баруун талд байрлах ажил руугаа явж байсан. ...Ганди сургуулийн баруун замд би хоёрдугаар эгнээгээр хойшоогоо явж байхад нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашин гэнэт урдуур буцаж эргэсэн. Би зогсоох арга хэмжээ аваад зогсоож чадалгүй очиж мөргөсөн. Намайг мөргөсөн жолооч түргэн тусламж, цагдаа дуудсан..." /хх 26/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №Г0725/9045 дугаартай: “...Н.Т-ийн биед баруун эгэм ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тээрхийн арьсанд зулгаралт, зүүн тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." /хх 39- 42/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Сүлдбаярын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1212 дугаартай: “... Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт: Суурингийн дотор, асфальт, шулуун тэгш, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайстай, зорчих хэсэгтэй байв. “Toyota harrier” маркийн П- УНН улсын дугаартай автомашины жолооч П.С-ийн мэдүүлэгт "Би 2025 оны 07 сарын 05-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад гэрийн хажууд байдаг авто угаалга газар орж өөрийн машинаа угаалгаад ухарч гаргаад зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байгаад зам гайгүй чөлөөтэй байхаар нь зүүн дараад эргэхэд зүүн талаас мотоцикл ирээд мөргөсөн. Би машинаа зогсоогоод буугаад харахад мотоциклийн хажууд жолооч нь сууж байсан. Би цагдаа дуудаад дараа нь түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг. “Indian” маркийн мотоциклийн жолооч Н.Т-ийн мэдүүлэгт “Би 2025 оны 07 сарын 05-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дэх гэрээсээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн баруун талд байрлах ажил руугаа явж байсан. Тэгээд талбайгаар чигээрээ хойшоо чиглэлтэй явж байхад “Ганди” сургуулийн баруун замд би хоёрдугаар эгнээгээр хойшоогоо явж байх үед нэгдүгээр эгнээнд зогсож байсан автомашин гэнэт урдуур буцаж эргээд би мотоциклийг зогсоох арга хэмжээ аваад зогсож чадалгүй очоод мөргөсөн. Намайг мөргөсөн жолооч түргэн тусламж цагдаа дуудсан. Тэгээд шууд ГССҮТ рүү хүргэгдсэн.” гэх мэдүүлэг. ШШЕГ-ын шинжээч эмч О.Ариунзул 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЕГО725/9045 дугаартай дүгнэлтэд “Н.Т- биед хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд болон, хяналтын камерын бичлэгийг жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн АСАП лавлагаа, гэрч, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн магадлагааг гаргав.

A. “Toyota harrier” маркийн П- УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. 1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15.в “Тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно”. 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Б. Indian маркийн мотоциклын жолооч Н.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна....” гэх магадалгаа /xx 63/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №1141813751 дугаартай дүгнэлтийн хуудас /хх 55/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай тогтоол /хх 68/, хохирогч Н.Т-ийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний тодорхойлолт /хх 72/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний зардал болох 2.569.000 төгрөгийг Эрүүл мэндийн санд төлсөн талаарх баримт /хх 86-87/, хохирогчид 16.000.000 төгрөг төлсөн тухай баримт /хх 139/ болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.С-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч П.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа анхнаасаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан тогтоох хэсгийн холбогдох заалтуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлж гэм буруутай байдалтайгаа анхнаасаа маргаагүйгээр ажиллагаанд оролцож, хохирогчид учирсан хохирлыг мөнгөн дүнгээр төлж барагдуулсан байх бөгөөд улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх” талаар прокуророос гаргасан саналыг хүлээн зөвшөөрч тохиролцжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчид дээрх санал, дүгнэлтийг гаргаж хуралдаанд оролцсон байх боловч яллах дүгнэлтийг яллагдагчид танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч хэргийг 7 хоногийн дотор шүүхэд шилжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр шүүх ердийн журмаар шийдвэрлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Энэ нь шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэл, зорилго биш болохыг анхаарах нь чухал.

 

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх харьяалах шүүх нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх юм. Тус шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмыг чанд баримталж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд тус бүлгээр зохицуулсан журмыг зөрчиж ирүүлсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчээс “...оногдуулсан ялыг хөнгөрүүлэх ...” агуулагаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч П.С-ийг чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

    

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОДОНЧИМЭГ

 

 

                          ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

 

                          ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ