| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 171/2020/0028/Э |
| Дугаар | 277 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Мөнхбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 277
Б.Батбаярт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар магадлалтай, Б.Б холбогдох 1925003930442 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “ЭТСББ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Дэнжийн 9-2 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бийн Б.
Б.Б нь иргэн Т.Э 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЭТББС” ХХК-ийн дансанд тендерийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6,250,000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаанд сард 225,000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Б.Батбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Л.Энхтайван бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Б компанийн дансанд байршуулсан 6,250,000 төгрөгийг тендерт оролцохын тулд Т.Э, Ч.Э нар банкны баталгаа болгож байршуулсан мөнгө болохоос Т.Э, Б.Б нарын хооронд уг мөнгийг зарж үрэгдүүлэхгүй байх үүргийг Б.Б хүлээлгэж итгэмжлэн хариуцуулсан мөнгө гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч Т.Э нь Б.Б, Ч.Э нартай хамт байхдаа өөрөө тендерийн баталгаа болгож Б.Б компанийн дансанд мөнгөө байршуулан өгч байгаа үйлдэл нь шүүгдэгч Б.Б уг мөнгийг итгэмжлэн хариуцуулан өгч байгаа болохыг ...хохирогч Т.Э /хх-ийн 10-13/, гэрч Ч.Энхболдын /хх-ийн 19-20/ мэдүүлэг зэргээс нотлогдоно.
Б.Б тендерт С.Э компанитай түншлэн орж байгаа, тендерт орохын тулд тендерийн баталгааны мөнгийг Т.Э-с авч дансанд байршуулж тендер шалгаруулж дуусах хүртэлх хугацаанд мөнгийг авахгүй байх ёстойг сайн мэдэж байсан. Нөгөөтээгүүр банк уг тендерийн мөнгийг тусгай дансанд байршуулж, тендер зарлагч, тендерт оролцогч аль аль талын эрх ашгийг хамгаалж баталгаа гаргасан байхад Б.Б тендер шалгаруулалт эхлээгүй байхад банкийг төөрөгдүүлэн хүсэлт өгч уг мөнгийг тендерийн баталгааны данснаас өөрийн компанийн дансанд буцаан байршуулж улмаар гаргуулан авч зарцуулсан шууд санаатай үйлдэл тогтоогддог.
Мөн Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу тендерийн шалгаруулалт явагдахаас 18 хоногийн өмнө Т.Э байршуулсан мөнгийг авч өөртөө захиран зарцуулсан болох нь хохирогч Т.Э ... мэдүүлэг, Хас банкнаас ирүүлсэн Тендерийн баталгааг ...цуцлах хүсэлт, дансны хуулгууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-с гаргуулан авсан тендерийн холбогдолтой бичиг баримтуудаар нотлогддог бөгөөд Б.Б нь мөнгийг буцаан өгөхөөс татгалзсан гэмт санаа нь хохирогч Т.Э цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа буюу мөнгийг авснаас хойш 11 сарын хугацаанд үргэлжилсэн байхад давж заалдах шатны шүүх дан ганц шүүгдэгчийг хохирлоо буцаан өгсөн, одоо гомдол саналгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэж, хэт нэг талыг барьж иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх Б.Б үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа буюу бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна . Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг” нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн байхыг шаарддаг байтал Б.Б дээр дурдсан ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй, харин Б.Б нь тендерийн баталгаа болгож байршуулсан мөнгийг буцаан өгөхөөс татгалзаж улмаар өөртөө захиран зарцуулж буй үйлдэл нь дээрх иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх Б.Бын тендерийн баталгаа болгож байршуулсан мөнгийг буцаан өгөхөөс татгалзаж улмаар өөртөө захиран зарцуулж буй үйлдэлд нийгмийн хор аюул, гэмт санааны түвшингийн талаас дүгнэлт хийлгүйгээр шууд иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буюу Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б өөрийн давуу эрхээрээ дансанд нь байршуулсан мөнгийг тэдний зөвшөөрөлгүйгээр, тэдэнд мэдэгдэлгүйгээр данснаасаа авч захиран зарцуулсан, уг мөнгийг хохирогчид дараа нь буцаан өгсөн, хохирогч одоо гомдол саналгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэт ерөнхий дүгнэлт хийж, эргэлзээтэй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэсэн, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурдаж чадаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан. Ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзсан нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж, бусад нотлох баримттай харьцуулахгүй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Э 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЭТББС” ХХК-ийн дансанд тендерийн барьцааны мөнгө болгон байршуулсан 6,250,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.Б холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд хохирогч Т.Э нь Б.Б “ЭТББС” ХХК-ийн дансанд тендерийн барьцааны мөнгө болох 6,250,000 байршуулсан бөгөөд Б.Б нь 4,250,000 төгрөгийг дур мэдэн авч зарцуулсан үйл баримт тогтоогдсон боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Б.Б нь тодорхой зориулалтын дагуу ашиглахаар харилцан тохиролцож өөрийнх нь компанийн дансанд түр хугацаагаар байршуулсан бусдын мөнгийг захиран зарцуулах эрхгүй болохоо мэдсээр байж, Т.Э мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр өөрийн данснаас гаргаж, хувьдаа зарцуулсан, мөнгийг нь буцаан өгөхгүй байх зэргээр гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж буй нь түүний үйлдлээр илрэн гарч буй учир Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, прокурор Л.Энхтайваны бичсэн “...давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгуулах” агуулгатай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Энхтайваны хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН