Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 110/2019/0073/з |
Дугаар | 292 |
Огноо | 2020-07-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 292
А.Г-ийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газрын даргад
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4,829,148 төгрөг гаргуулах”,
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2020/0013 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 288 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч А.Г-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2020/0013 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 7 дугаар зүйлийн 7.10, 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 4,829,148 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 288 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгч А.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх нь 2002 оны Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
4. А.Г миний ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь надаас үл хамаарах шалтгааны улмаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор татан буугдсан учраас миний ажиллаж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал нь хасагдсан юм. Энэхүү нөхцөл байдлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаартай тушаал нотлож байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “А.Гд нэг удаагийн тэтгэлэг олгох тухай” А/126 дугаартай тушаалд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн нэг удаагийн тэтгэлэг олгосон нь А.Г миний ажиллаж байсан албан тушаал нь хасагдсан болохыг давхар нотлож байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаал нь хасагдаагүй хэвээр нь батлагдсан гэж дүгнэж байгааг салбар хариуцсан сайдын дээрх 2 тушаалаар няцаагдаж байна. А.Г би хөдөлмөр, халамжийн байгууллагад 19 жил тасралтгүй ажиллаж буй төрийн жинхэнэ, мэргэшсэн албан хаагч тул 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “...урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжих” гэсэн заалт ёсоор тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд шилжин ажиллаж, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗ-9-5 шатлалаар цалинжсан. Миний ажиллаж байсан орон тоо өөрөөс минь үл хамаарах шаптгаанаар хасагдсан явдалд төрийн жинхэнэ албан хаагч миний ямар нэгэн буруутай ажиллагаа байхгүй учраас би урьд авч байсан цалин хөлсөө бууруулахгүй авах эрх нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж байгаа гэж ойлгож байна.
5. А.Г би ТЗ-9-5 шатлалаар цалинжих ёстой болох нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, УИХ-ын 2017 оны 75 дугаар тогтоолын 1.3-т “хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг тогтоохдоо өмнө авч байсан цалин хөлснөөс дордуулахгүй байх арга хэмжээ авах” гэж заасан заалт болон Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, тус газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/52 дугаартай тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын аудит, мониторингийн газрын ажлын хэсгийн 2018 оны 04 дүгээр сард гаргасан дүгнэлт, Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 02 дугаар сард тус шүүхэд ирүүлсэн албан бичиг, “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тус газрын ажилтан нарын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” Б/24 дүгээр тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. А Галия би ТЗ-9-5 щатлалаар цалинжиж байсан нь хууль тогтоомж зөрчсөн талаар тус газарт эрх бүхий байгууллагаас ямар нэгэн шаардлага ирээгүй, аудит, мэргэжлийн хяналт, дотоодын хяналтын байгууллагаас төлбөр тавьсан талаар акт гараагүй өөрөөр хэлбэл ямар нэгэн байгууллага шаардаагүй байхад хариуцагч байгууллага хуульд нийцээгүй тушаал гаргасан гэж хардаж байна. Хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч няцаасан нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
6. Ажил олгогч 2019 оны Б/43 дугаартай цалин хөлс бууруулсан тушаал гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 57.2.2, 57.5.3 дахь хэсгийг баримталсан нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл урьд анх ажилд томилсон тус газрын даргын 2016 оны 01 дугаартай тушаал болон цалин хөлсийг нэмэгдүүлсэн тус газрын даргын 2028 оны Б/52 дугаар тушаалуудад Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 27.2.3, 27.2.4 дахь заалтуудыг хэрэглэсэн байсан боловч маргаан бүхий тушаалд уг заалтуудыг баримтлаагүй нь маргаан бүхий тушаал нь хууль ёсны эсэхэд эргэлзээтэй байна. Маргаан бүхий тус газрын даргын 2019 оны Б/43 дугаар тушаапд үндэслэсэн заалтууд нь төрийн жинхэнэ албанд 19 жил тасралтгүй ажилласан намайг шинээр ажилд орсон мэтээр бичигдсэн тул хууль бус эрхийн акт гэж үээж байна. Энэхүү зөрчил бүхий эрхийн актыг анхан болон даөж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж байгаа явдалд гомдолтой байна. Учир нь А.Г миний цалин хөлсийг ТЗ-9-5 шатлалаар тогтоохдоо 2002 оны Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар шийдвэрлэгдэх ёстой юм. Гэтэл ажил олгогч төрийн жинхэнэ албан хаагч миний эрх ашгийг дордуулж, 2016 онд хүчин төгөлдөр байгаагүй буюу тэр үөд батлагдаагүй байсан Төрийн албаны шинэ хуулийг өөртөө ашигтай байдлаар үндэслэлгүй тайлбарлаж байгаа явдлыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв мэтээр хамгаалж байгаа явдалд гомдолтой байна. Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн албаны тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолын 1-ийн 3-д “хуульд заасны дагуу төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг тогтоохдоо өмнө авч байсан цалин хөлсөөс дордуулахгүй байх арга хэмжээ авах” тухай заасан юм.
7. А.Г миний цалинг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ТЗ-9-5 шатлалаар тогтоосон Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/24 дугаартай тушаапын надад холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй учраас 2019 оны турш ТЗ-9-5 шатлалаар цалинжих ёстой гэж үзэж байна.
8. Анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь “...нэгэнт эрх бүхий байгууллагаас буюу Засгийн газрын 2016 оны 09 дугаартай тогтоолоор нутгийн захиргааны бие даасан байгууллага байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нийлүүлж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шинээр бий болгосон, ингэснээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийг тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс нэртэй нэгж болгож өөрчлөн байгуулсан юм. Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга нь Засгийн газрын 2007 оны 354 дугаартай тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын өөр өөр ангилал, зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан орон тоо нь тус газрын бүтцэд хэвээр батлагдсанаар үргэлжлүүлэн ажилуулж, төрийн захиргааны албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд хамаардаг нэгжийн даргын цалинг зохих шатлалаар олгосныг ажил олгогч хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн тарийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах, зохих цалин хөлс авах эрхийг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “цалин хөлсөө бууруулахгүйгээр ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгаагаар хангагдах эрхтэй гэж маргасан. Уг зүйлд төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж заасан. Нэхэмжлэгч нь орон тоо хасагдсан үндэслэлээр өөр албан тушаалд шилжээгүй, дээрх байдлаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсанаар түүний урьд эрхэлж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж, орон тоо нь байгууллагын нэгжид хамаарах Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нэртэйгээр батлагдсанаар түүний уг орон тоонд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулсан. Энэ тохиолдолд мөн зүйлд төрийн албан хаагчийн урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгохоор зохицуулагдаагүй. Нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга нь хуульд зааснаар эрх бүхий этгээдээс баталсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2007 оны 354 дугаартай тогтоол, одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар батлагдсан Засгийн газрын 2019 оны 275 дугаартай “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын “ТЗ-7” шатлалаар олгохоор шийдвэрлэсэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны Б/43 дугаартай тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ” гэж дурджээ.
9. Анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, /нийлүүлэх, нэгтгэх, хуваах тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлтод заасан чиг үүрэг, хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжүүлэн ажиллуулах, хэрвээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан юм. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд заасан албан тушаал /ажлын байр/ нь шинээр өөрчлөн байгуулагдсан байгууллагад хэвээр нь хадгалагдан үлдсэн тохиолдолд урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр уг албан тушаалд хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас үзэхэд намайг хэлбэл ажлын байрны тодорхойлолт нь хэвээрээ, ажлын чиг үүрэг нь хэвээрээ тул 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэл болгосон нь зөв гэж тайлбарласан байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-ыг үндэслэхэд ч А.Г миний цалин хөлс буурах ёсгүй гэж үзэж байна. Учир нь төрийн захиргааны байгууллагын ажилтны цалин хөлсийг тогтооход ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зэрэглэлийг заавал тусгаж өгдөг журамтай ба миний хувьд урьд төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан ТЗ-9 зэрэглэл болон одоо ажиллаж буй ТЗ-7 зэрэглэл нь хоёр өөр албан тушаал болохыг харуулж байна. Гэтэл энэ асуудлын нарийн учир начрыг анхан болон давж заалдах шатны шүүх гүйцэд судлаагүй байгаа явдалд гомдолтой байна. Одоогийн ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн чиг үүрэг нь ажилгүйдлийг бууруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг нийтлэг байдаг ба үүнийг шүүхээс ажлын чиг үүрэг нь хэвээрээ байна гэж дүгнэсэн нь буруу байна. А.Г би урьд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байхад санхүүгийн бичиг баримтуудад нэгдүгээр гарын үсэг зурах буюу байгууллагын төсвийн шууд захирагч, боловсон хүчний томилгоо хийх, байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах, дээд шатны байгууллагатай шууд харьцах, хөдөлмөрийн мэргэжилтэн нарыг мэргэжил удирдлагаар хангах зэрэг чиг үүрэг бүхий бүрэн эрхтэй байсан ба одоогийн хашиж буй Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод дээр дурдсан бүрэн эрхийг тусгаагүй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас баталсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалд ТЗ-9 зэрэглэлтэй албан тушаал, харин тус газрын даргын баталсан Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалд ТЗ-7 зэрэглэлтэй баталсан юм. Миний одоогийн хашиж буй Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаал нь урьд Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гүйцэтгэж байсан ажил юм. Түүнчлэн аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс урьд 65 орон тоотой ажиллаж байгаад шинээр өөрчлөн байгуулагдсан гэх аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 45 орон тоо батлагдаж, үлдсэн 20 орон тоо хасагдсан юм. Нэг байгууллагад хоёр дарга байдаггүй бөгөөд урьд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Цэрэндорж нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Г миний албан тушаалын орон тоо нь хасагдсан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Одоо тус газар нь 45 орон тоотой ажиллаж байгаагаас төрийн эахиргааны болон үйлчилгээний 44 албан хаагчдын цалин хөлс, бусад нэмэгдэл нь урьд хоёр хэлтэст ажиллаж байх үед авсан цалин хөлснөөс нэг ч төгрөгөөр буураагүй юм. Ингэхээр ганцхан А.Г миний урьд авч байсан цалин хөлс буурсан явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ төрийн албан хаагчийн нэмэгдлийг зэрэг эдлэхгүй буюу нэгэнт ажлын байраар хангагдсан учир заавал урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр цалинжуулах ёсгүй, зохих цалин хөлсөөр цалинжих ёстой гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд мэргэшил, мэргэжлийн дагуу ажиллуулахаас гадна түүний цалин хөлсийг бууруулахгүйгээр олгож байх давхар нэмэгдлийг эдлүүлэхээр хуульчилсан юм. Тийм учраас А.Г би төрийн жинхэнэ албан хаагч учраас нэмэгдэл баталгаагаар бүрэн хангагдаж байж миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэнэ гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх төрийн жинхэнэ албан хаагч А.Г миний 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан нэмэгдэл баталгаа эдлэх асуудалд дутуу дулимаг дүгнэлт хийсэн учраас уг шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлээр албан тушаалын ялгаа тодорхойлдог ба анхан шатны шүүхээс 2 албан тушаалын ялгааг олж хараагүй байгаа явдалд гомдолтой байна.
10. Иймд, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2020/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 288 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хяналтын гомдлыг хүлээн авахыг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
12. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн б/43 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, 57.5.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 275 дугаар тогтоол, 2019 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, дотоод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтыг тус тус үндэслэн “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Г-г ТЗ-7-4 шатлалаар 815075 төгрөгөөр цалинжуулах”-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч А.Г нь Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг, “Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга”-ын албан тушаалын ангилал зэрэглэл нь ТЗ-7-4-т, уг албан тушаалын үндсэн цалинг 815075 төгрөгөөр тогтоосон, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.
13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр, уг газарт Захиргаа хяналтын, Хөдөлмөр эрхлэлтийн, Нийгмийн халамжийн хэлтэс ажиллахаар болсон, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаар тушаалаар А.Г-г Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилж, түүний албан тушаалын цалинг ТЗ-7-4 сүлжээгээр тооцож олгохоор шийдвэрлэсэн, мөн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/52 дугаар тушаалаар өмнө гаргасан дээрх 72 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, ТЗ-7-4 гэснийг ТЗ-9-5 болгосон, хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн б/43 дугаар маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг ТЗ-7-4 шатлалаар тогтоож, өмнөх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн б/52 дугаар тушаалыг хүчинүй болгожээ.
14. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосон, уг тогтоолын хавсралтад заасан албан тушаалын жагсаалтад ТЗ-7 зэрэглэлд “аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын нэгжийн дарга” гэж заасан байх тул Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга А.Г-г “ТЗ-9 зэрэглэлээр цалинжуулах ёстой” гэж шүүх дүгнэх боломжгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
15. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өмнө нь цалингийн ТЗ-9-5 сүлжээгээр цалинждаг байсан, өөрөөс минь үл хамаарах шалтгаанаар тус албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар шинээр томилогдон ажилласан хугацаанд ажил олгогчоос 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэлээр урд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгох ёстой байтал цалинг ТЗ-7-4 сүлжээгээр олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргасан, нэхэмжлэгчээс одоо ажиллаж байгаа Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр болон, уг албан тушаалд ажиллаж байгаатайгаа маргаагүй, уг албан тушаалын зэрэглэлийг хууль тогтоомжоор тогтоосон байхад өөрөөр тогтоох үндэслэлгүй, “урд /өөр албан тушаалд ажиллаж байхдаа/ авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр олгох ёстой” гэж маргасныг хүлээж авахгүй.
16. Төрийн албаны тухай (2002) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “... төрийн байгууллага ... өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид эдлүүлэх нэмэгдэл баталгааг “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих”, эсхүл “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох”-оор зохицуулсан, тухайн тохиолдолд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан А.Г-г “... Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн, түүнчлэн, мөн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн А/126 дугаар тушаалаар Төрийн албаны тухай (2002) хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэж, А.Г-д 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон, нэхэмжлэгч А.Г уг тушаалуудтай маргаагүй тул хариуцагчийн “... хуульд заасан баталгааг эдлүүлж, ... өмнөх албан тушаалд ажиллаж байсан хөдөлмөрийн харилцаа дууссан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авснаар уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзнэ.
17. Иймд, нэхэмжлэгчийн “...урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр уг албан тушаалд хэвээр нь үргэлжлүүлэн ажиллуулах хуульд заасан баталгааг хангаагүй, ... шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2020/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 288 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Г-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА