Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 115/ШШ2017/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Лын Дийн нэхэмжлэлтэй

      Хариуцагч: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хороонд холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар тогтоол, мөн сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, Л.Дийг Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р тойрогт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн мэдүүлэхийг Хатанбулаг сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны Орон нутгийн сонгуульд Хатанбулаг сумын сонгуулийн 2 дугаар тойрогт бие даан нэр дэвшин 71 санал авч ялалт байгуулж, улмаар сумын Сонгуулийн хороо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтанд оруулж бүрэн эрхийг зөвшөөрүүлэхээр өргөн мэдүүлсэн. Тэр  хуралдаан дээр чамайг Монгол Ардын нам давж заалдсан, гомдол нь шүүхэд явж байгаа гэж хэлсэн. Хурлын төлөөлөгч нар надад Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг уншиж өгөөд байсан. Би өөрөө ажилгүй, эхнэр маань ажилгүй байсан учир би тэгж их зардал гараад, хохирол учрах юм бол бүрэн эрхийг зөвшөөрүүлэхгүй гэж хэлээд олонхийн саналаар бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй. Хатанбулаг сумын Монгол Ардын Намын хороо нь Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд намайг бие даан нэр дэвшихдээ сонгогчийн гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж гомдол гаргасан. Энэ гомдлыг тухайн шүүхээс хэрэгсэхгүй болгосон.

     Сонгуулийн хорооны 22 дугаар тогтоолд үндэслэсэн заалт болох Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 а дахь заалт нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгасан болохоос нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлд орохгүй гэж үзэж байна. Тухайн үед манай 2-р тойргийн иргэн Гантулгаас танайхан байгаа юу гэхэд манайхан бүгдээрээ байгаа гэсэн. Тэднийх 2 гэртэй би нэг гэрт нь ороход эхнэр нь байсан. Тэгээд би танайхан байна уу гэхэд бүгд байгаа гэсэн. Тэгэхээр нь сонгуулийн ажлаар явж байна намайг дэмжиж байгаа сонгогчдоос гарын үсэг цуглуулах ёстой юм гэхэд дэмжиж байгаа та манай багийн дарга хийж байсан хүн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтуудаа гаргаад ир гээд бичиг баримтуудыг үндэслэн маягтанд хүмүүсийн нэрийг биччихсэн байсан юм. Тэднийх 2 ихэр охинтой, нэг нь орж ирээд гарын үсэг зурсан. Д нь байхгүй байхаар нь би нөгөөх чинь яасан юм бэ гэсэн чинь аймаг явчихсан байгаа гэж хэлсэн. Та нар анхнаасаа хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь тэртээ тэргүй таныг дэмждэг юм чинь гээд утсаар ярьж асуусан. Тэгэхэд “би таныг дэмжинэ” гэж хэлсэн. Тухайн үед санаанд ч ороогүй л Иаар гарын үсэг зуруулчихсан. Энэ асуудлын талаар тухайн үед сумын Цагдаагийн тасгийн төлөөлөгч шалгаж холбогдох тайлбарыг авч байсан. Сонгогчийн гарын үсэг зуруулахдаа сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 51-ээс дээш сонгогчийн гарын үсэг зуруулсан байх ёстой байсан. Би 68 сонгогч, дэмжигчийн гарын үсэг зуруулсан. Дээрх гарын үсэг зуруулсныг зөрчил гэж тооцон үзэх гээд байгаа бол цаад 67 дэмжигч сонгогчийн эрхийг зөрчиж болохгүй байх гэж үзэж байна.

     Сумын Сонгуулийн хорооны дарга Т.Цд гарын үсэг андуурч зуруулсан талаар би өөрийн биеэр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлбарыг өгч байсан. Сонгуулийн хорооны дарга Т.Ц надад Сонгуулийн тухай хуулийн 160.5 дахь заалтыг уншиж өгч байсан. Сумын Сонгуулийн хорооны эрх хэмжээнд санал хураалт болохоос өмнө намайг татах хугацаа байсан гэвч цаад санаа нь Монгол Ардын Намтай хуйвалдан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5-р хохироох санаатай байсан нь бүх талаар харагдаж байсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаас “Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” гарсан дүгнэлтээр уг заалтыг түдгэлзүүлсэн байсныг ийм шийдвэр гарсан байна гэдгийг тайлбарлаж өгсөн.

       Сонгуулийн хорооны 22 дугаар тогтоолд дурдсан 159.3 дахь заалт болох “Сонгуулийн дүн гарсаны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол” гэсэн нь энэ хуульд заасан “нэрийн жагсаалтаас хасах” ямар үндэслэл байсныг болон энэ үндэслэлийг ямар байгууллага тогтоосон нь тодорхой бус байна.

        Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн, мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг зөрчин миний сонгогдох, миний төлөө санал өгсөн иргэний сонгох эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 

   Хатанбулаг сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолыг гаргасан байна. Энэхүү тогтоолд Н.Эийг 59 сонгогчийн санал авсан гэж дурдсан байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт 3 мандаттай байсан бөгөөд 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан сонгуулиар нэр дэвшигч Э.Ө-98, Л.Д-71, Д.Ц-59, Н.Э-59 санал авсан бөгөөд Д.Ц, Н.Э нар нь адил тооны санал авсаны улмаас 11 сарын 29-ний өдөр нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явагдаж Д.Ц-58 санал, Н.Э-39 санал авсан байсан. Гэтэл сумын Сонгуулийн хороо нь дээрх тогтоолд эхний сонгуулийн дүнг авсан, мөн миний нэрийг сонгуулийн дүн гарсаны дараа нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассанаар дахин сонгууль явагдах байтал 2 сонгуульд ялагдал хүлээсэн Монгол Ардын Намаас нэр дэвшигч Н.Эийг шууд хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

     Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Н.Эийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол  нь хууль зөрчин гаргасан тогтоол гэж үзэж байна. Учир нь тогтоолын үндэслэлд сумын Сонгуулийн хорооны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” сумын Сонгуулийн хорооны тогтоолд сумын ИТХ-д уламжилсан заалт дурдаагүй, уг тогтоолыг болон Н.Эийн бүрэн эрхийг нь зөвшөөрөх, тухай шийдвэрийн төсөл боловсруулж сумын ИТХ-д албан тоотоор хүргүүлээгүй байхад уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн нь сумын Сонгуулийн хорооны дарга Т.Ц, сумын ИТХ-н тэргүүлэгчид хуйвалдан хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэж байна.

       Багийн иргэд Н.Эийг “бид нарыг төлөөлж чадахгүй” гэж үзээд сонгоогүй байх, дахин сонгууль явуулах шаардлагатай гэж үзээд байна. 22, 23 дугаар тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Хуулийнх нь дагуу дахин сонгууль явуулах ёстой. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт хамгийн олон санал авсан гэж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасан тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдвол, 158.4 дэх хэсэгт зааснаар бүртгэлээс хасах шийдвэр гарсан үндэслэл болохоос нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 22, 23-р тогтоолуудыг хүчингүй болгуулаад сонгогдсонд тооцуулахаар, хуралд төлөөлөх эрхийг сонгуулийн хороогоор хүлээн зөвшөөрүүлэхээр хүсэж байна. Ийм шийдвэрийг дахин хуралд өргөн мэдүүлэхийг хүсч байна.

        Хариуцагч Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны дарга Т.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Орон нутгийн хурлын сонгуулийн хорооны даргаар 8 дугаар сарын 12-нд томилогдоод 15-наас ажлаа авсан. Нэр дэвшигчдийн материалыг хүлээж аваад хуулийн хугацаанд, 5 хоногийн дотор шалгасан. Шалгах явцдаа Л.Дийн гаргасан зөрчлийг мэдээгүй. Яагаад гэхээр бид нар түүвэрлэн шалгасан. Гарын үсэг зурсан сонгогчдоос утсаар асуусан. Даас асуугаагүй, Иаас нь асуухад энэ хүнийг дэмжиж нэр дэвшихийг нь зөвшөөрсөн гэж хэлсэн учраас бид мэдээгүй бүртгэсэн байсан.

        Хатанбулаг сумын ИТХ-н 2 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Л.Д нь сонгогчдын гарын үсгийг цуглуулах явцдаа иргэн Г.Дын гарын үсгийг Г.Иаар зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158.1.4.а заалтыг зөрчсөн тухай гомдлыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгуулийн хороонд хандаж гаргасан. Тэр өдөр сумын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг аймагт сонгуулийн семинарт дуудсан байсан. Бид гомдлыг хүлээн аваад гишүүдээрээ ярилцсан. Ингэхдээ “Сонгогчдын гарын үсгийг үнэн зөвийг нягтлан шалгах хуулийн хугацаа дууссан тул одоо бид энэ гарын үсгийн үнэн зөвийг шалгаж болох эсэх нь эргэлзээтэй, хуулинд энэ талаар тодорхой зүйл байхгүй байна гэж үзээд Аймгийн сонгуулийн хорооны даргатай утсаар ярьж гомдлыг танилцуулсан. Аймгийн Сонгуулийн хорооноос биднийг наад асуудлаа шийдвэрлэлгүй хүрээд ир гэсэн тул бид шийдвэрлэлгүй орхиод 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгаас буцаж ирээд өргөдөл шийдвэрлэх сүүлийн хугацаа байсан тул хуралдаж “Нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийн үнэн зөвийг нягтлан шалгах хуулийн хугацаа өнгөрсөн тул одоо энэ асуудлыг шалгах боломжгүй” гэсэн хариуг МАН-ын хороонд албан тоотоор өгсөн.

         2016 оны 11 сарын 3-нд хуралдсан Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд Сонгуулийн хороо Сонгуулийн дүнг мэдээлж, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ тогтоолоор Л.Дийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх саналыг оруулсан. Гэтэл 11 сарын 10 өдөр Монгол Ардын Намын хорооноос Сонгуулийн хороонд дахин гомдол ирүүлсэн. Үүнд: Нэр дэвшигч Л.Дийн хууль зөрчсөн үйлдлийг Сонгуулийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гээд энэ албан бичигт Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 180 тоот захирамжийг хавсаргасан байсан. Энэ гомдлыг тухайн үед Аймгийн Сонгуулийн хороонд танилцуулсан. Тамга, тэмдэг байхгүй болохоор бид шийдвэр гаргаж болох эсэхийг асуухад тамга тэмдэг чинь энд байгаа, та нар хурлаараа хэлэлцээд шийдвэрээ гаргаад аймаг руу явуулж болно, гэхдээ дахин сонгууль явагдах нөхцөл байдал үүсгэж болохгүйг анхааруулсан. Бид танилцаад тамга дарж буцаана гэсэн.

Сумын Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Буянцэцэг нь 11 дүгээр сарын 7-ны өдрөөс ээлжийн амралтаа авч 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр ажилдаа орсон. 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгуулийн хороо хуралдаж, “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Д нь сонгогчдын гарын үсгийг цуглуулах явцдаа Г.Дын гарыг үсгийг Г.Иаар зуруулсан болохыг тогтоосон байна. Гагцхүү энэ үйлдэлд хариуцлага тооцох этгээд нь Сонгуулийн хороо юм гэж үзэж МАН-ын тухайн шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ гэж Сонгуулийн хорооны гишүүд ойлгож, Сонгуулийн хуулийн 159.3 “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол” гэсэн заалтыг үндэслэн нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан.

        1.Л.Д нь 2 дугаар багийн Засаг даргаар олон жил ажилласан тул багийнхаа хүмүүсийг бүгдийг нь таньдаг учир андуурах ямар ч үндэслэлгүй юм. Хэрэв андуурсан бол Г.Дын нэрийн ард Г.Иаар зуруулсан байх ёстой. Гэтэл Г.Иын нэрийг бас бичиж өөрөөр нь зуруулсан байгаа. Тэгэхээр энэ үйлдэл нь санаатай үйлдэл юм. Г.Д нь аймагт амьдраад 8 сар болж байсан юм билээ. Тэгээд ч 2-р тойрог 260 сонгогчтой тул 51 хүний гарын үсэг цулуулахад ямар ч түвэгггүй тул заавал хууль зөрчих шаардлагагүй байсан.

         2.Нийт цуглуулсан гарын үсгийн тооноос хасаж тооцох тухай дурдсан нь: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 129.3-т “Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгах явцад нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчдын бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан боловч энэ заалт Орон нутгийн Хурлын сонгуулийн хуулинд байхгүй бөгөөд хуурамч гарын үсэг нь нэр дэвшигчийн гаргасан зөрчилд тооцогдох тул сонгогчдын гарын үсгийн тооноос хасагдах үндэслэл болохгүй юм.

3.Нэр дэвшигч Л.Д 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгуулийн хороонд ирж Ардын нам Цагдаад гомдол гаргасан байна. Энэ асуудал цаашдаа яах вэ гэж асуусан. Би нэр дэвшигчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хассанаас үүсэх хууль зүйн үр дагавар гэдгийг бүхэлд нь Л.Дт уншиж өгсөн. Хэрвээ саналын хуудас хэвлэгдэхээс өмнө шүүхийн шийдвэр гарч ирвэл саналын хуудаснаас хасна, хэвлэгдсэний дараа санал хураалт болохоос өмнө гарч ирвэл таны нэр саналын хуудаст бичигдэнэ. Гэхдээ танд өгсөн саналыг хүчингүйд тооцно, хэрвээ та хамгийн олон санал аваад 1-р гараад ирвэл дахин сонгууль болно. Төлөөлөгчийн чинь бүрэн эрхийг хүлээн зөвшөөрвөл бас дахин сонгууль болно. Хэрвээ дахин сонгууль болсон тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг уншин өгч ийм ийм үр дагавартай юм билээ гэж хэлсэн. Сонгууль болохоос өмнө энэ үр дагаврыг ойлгосон учраас сурталчилгаа явуулаагүй.160.5 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр түдгэлзүүлсэн гэдгийг 12 дугаар сарын 12-ны үед байх Л.Дийн эхнэр Б.Н манай сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Бийн ажил дээр нь ирж загнахдаа хэлсэн байсан.

         4.Сумын Сонгуулийн хороо нь ялих ялихгүй шалтгаанаар 10 бие даагчийг хассан гэсэн нь зөвхөн бие даагчдыг хассан гэсэн ойлголт төрүүлэх зорилгоор ташаа мэдээлсэн байна. Сонгуулийн хороо зөвхөн бие даагчдыг хасаагүй, МАН-аас 3, АН-аас 4 хүнийг нийт 17 хүнийг Сонгуулийн хуулийн дагуу “нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу, хуурамч гарын үсэг бүрдүүлсэн, сонгуулийн эрхгүй этгээдээр зуруулсан” гэсэн үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан байгаа.

         Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 нь сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана гэж байгаа. Тэгэхээр Л.Д хамгийн олон санал аваагүй учраас нэр дэвшигчдийн хувьд дахин сонгууль болохгүй гэсэн үг. Хэрвээ Ө сонгогдсон бол дахин сонгууль явагдана гэж ойлгох юм. Тэгэхээр Этэй ямар ч хамааралгүй. Л.Д 2-р гарч ирсэн болохоор энэ үр дагавар үүсэхгүй. Бид зөндөө ярилцаж, тал талаас нь үзэж шийдвэр гаргасан гэв.

        Манай Сонгуулийн хорооны гишүүд ярилцаад “Хэдүүлээ аль нэг нам болон хувь хүний өмнө буруудах нь хамаагүй гагцхүү хуулийн өмнө л буруутан болохгүйгээр ажиллах ёстой” гэж зарчмаа тодорхойлон шударга ажилласан. Тиймээс хэн нэгний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаагүй, аль нэгэн нам эвсэлд илүү дутуу үйлчлээгүй.

         Нэр дэвшигч Л.Д нь сонгогчдоо хүндэтгээгүй, өөрийг нь нэр дэвшихийг дэмжиж байгаа эсэхийг асуухгүйгээр өөр хүнээр гарын үсэг зуруулснаар тэднийг үл тоосон үйлдэл гаргасан.

         Хуулийн шаардлагыг хангаж байгаа боловч 61 сонгогчийн гарын үсэг үнэн зөв гэдгийг баталж байна гээд нэр дэвшигч өөрөө гарын үсэг зурсан байна. Хуурамчаар гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр Дыг тооноос нь хасах ямар ч боломжгүй. Нэр дэвшигчийн буруутай үйлдлээс биш гэж үзсэн тохиолдолд хасч байгаа. Гэтэл Даар Иын гарын үсгийг чи зур гэж зуруулсан нь санаатайгаар гаргасан

         Сонгуулийн хорооны 23 дугаар тогтоолын хувьд Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх  хэсгийг үндэслээд, 3 мандаттай тойрог байгаа, нэг нэр дэвшигчийг хассан учраас дахиад дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг гурав дахь мандатын эзнээр сонгох ёстой. Э гэдэг хүний хувьд дахин сонгууль биш дахин санал хураалт явагдсан. 59, 59 сонгогчийн саналаар Ц, Э хоёр эхний санал хураалтаар тэнцсэн учраас дахин санал хураалтыг 7 хоногийн дотор явуулаад Ц сонгогдсон. Эхний буюу Л.Дийн өрсөлдсөн санал хураалтанд 1904 саналын хуудсыг Сонгуулийн хороо бүгдийг нь хүчинтэйд тооцсон учраас тэр санал хураалтын дүнгээр тооцох ёстой гэж үзээд шийдвэрээ гаргасан. Тамга тэмдэг байхгүй учраас нэг мөсөн явуулаад тогтоолоо тамгалуулъя гээд явуулсан. Тогтоолоо Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан. Тэр нь хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох, ямар нэгэн Сонгуулийн хорооны тогтоолгүйгээр энэ хүн бүрэн эрх нь зөвшөөрөгдөөгүй юм. Сонуулийн хороо хуралдахад энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй явж байгаа шүү, захиргааны хэргийн шүүхэд Сонгуулийн хороотой холбогдуулаад гомдол гаргасан байгаа. Тэгэхээр та нар энэ төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудал дээр хүлээж болохгүй юу гэсэн саналыг хэлсэн. Миний саналыг хүлээж аваагүй. Нэгэнт Л.Д хуурамчаар сонгогчийн гарын үсэг үйлдсэнийг нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон юм чинь юун шийдвэр өөрчлөгддөг юм батална гэсэн гэв.

          Дахин сонгууль явуулах тухайд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 нь сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана гэж байгаа. Тэгэхээр Л.Д хамгийн олон санал аваагүй учраас нэр дэвшигчдийн хувьд дахин сонгууль болохгүй гэсэн үг. Хэрвээ Ө сонгогдсон бол дахин сонгууль явагдана гэж ойлгох юм. Тэгэхээр Этэй ямар ч хамааралгүй. Л.Д 2-р гарч ирсэн болохоор энэ үр дагавар үүсэхгүй. Бид зөндөө ярилцаж, тал талаас нь үзэж шийдвэр гаргасан гэв.

         Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 22, 23 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл тогтоогдвол гэдэг нь 158.1.4а дахь хэсэгт хамааралтай гэж шийдвэрүүдийг гаргасан учраас хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Ямар нэгэн хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарлах байдлаар ажиллаагүй. Бид нар Сонгуулийн тухай хуулийг үнэн зөв хэрэгжүүлж ажиллахын төлөө ажилласан гэдгийг батлан хэлж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Л.Д анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа мөн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагаар нэмэгдүүлж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “Л.Д намайг Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р тойрогт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн мэдүүлэхийг Сонгуулийн хороонд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан болно.

        Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны /цаашид “Сонгуулийн хороо” гэх/ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, уг тогтоолыг гарсанаас хойш 36 хоногийн дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан ба тэрээр уг тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгээс авсан” гэж тайлбарлаж байгааг хариуцагчийн зүгээс үгүйсгэн маргаагүй юм.

         Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 113.4-т “Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гарахыг ойлгох бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг мөн ойлгоно” гэж тус тус заасан байна. Гэвч хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...23 дугаар тогтоолыг мэдээллийн самбарт гаргаж, цахим санд байршуулаагүй” гэх тайлбарыг гаргаж байх тул хариуцагч Сонгуулийн хороог “шийдвэрээ ил тод, нээлттэй байлгах үүргээ” биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч нь “хариуцагч Сонгуулийн хорооны 2016 оны 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэн түүний энэхүү шаардлагыг шүүх хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

         Гуравдагч этгээд Н.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна. Иймээс гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр шүүх хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах зүйтэй байна.

          Хариуцагч Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд Хатанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшигч Л.Дийн баримт бичгийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь орон нутгийн хурлын төлөөлөгчийг сонгох ээлжит сонгуулиар Хатанбулаг сумын 2 дугаар тойрогт өрсөлдөн /сонгуулийн 568 дугаар хэсэг/ 71 санал буюу нийт сонгогчийн 50 хувийн саналыг авсан болох нь “Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 568 дугаар хэсэгт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналын нэгтгэл” -ээр тогтоогдож байна.

       Хариуцагч Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт батлах тухай” 17 дугаар тогтоолоор  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хамгийн олон санал нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталж, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгосон байх ба тогтоолын хавсралтын №5-д /Лын Д, бие даагч, авсан саналын тоо 71/ гэжээ. Үүний дараа мөн хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 20 дугаар тогтоолыг  гаргасан байх ба тогтоолын 3 дахь заалтаар Л.Дийг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

         Хатанбулаг сумын шинээр сонгогдсон Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, уг хуралдаанаар нэхэмжлэгч Л.Дийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх ба Сонгуулийн хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар тогтоолыг  гаргаж, түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигчид холбогдох 71 саналыг нь хүчингүйд тооцсон байна.

         1. Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          Хариуцагч Сонгуулийн хороо маргаан бүхий 22 дугаар тогтоолын үндэслэлээ “нэхэмжлэгч нь сонгогчийн гарын үсэг цуглуулах явцдаа иргэн Г.Дын гарын үсгийг Г.Иаар зуруулж Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-ийн “а”-д заасныг зөрчсөн нь тогтоогдсон, Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаараа Л.Дийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй, иймээс нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс нэр дэвшигчид холбогдох 71 саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

         Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан “сумын сонгуулийн хороо №101” тэмдэг бүхий “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 2 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч Лын Дийн дэмжигч сонгогчийн бүртгэл” -ээс үзэхэд нэхэмжлэгч Л.Дийг нийт 61 сонгогч дэмжиж гарын үсэг зурсан байх ба бүртэлийн №2-т бүртгэгдсэн Б.Нийг “аймаг руу шилжсэн” зөрчилтэй гэж хасаж тэмдэглэсэн байна. Харин №20-д бүртгэгдсэн Г.Дын гарын үсгийг түүний дүү Г.Иаар зуруулсан бөгөөд Г.Дын гарын үсэг хуурамч болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

         Гэвч №2, №20 гэсэн дугаарт бүртгэгдсэн Б.Навчцэцэг, Г.Д нарын гарын үсгийг хасч тооцоход нийт 59 дэмжигч, сонгогч Л.Дийг дэмжиж гарын үсэг зурсан байх ба энэ нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 156.2-т “Бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаaас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.3-т “сумын хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй” гэж тус тус заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл бие даан нэр дэвшигч Л.Д нь сонгуулийн эрх бүхий 51-ээс дээш сонгогчийн дэмжлэгийг авч, хуульд заасан шаардлагыг ханган сумын хурлын сонгуульд оролцон тухайн тойргын нийт сонгогчдын 50 хувийн буюу 71 саналаар сумын хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байхад хариуцагч Сонгуулийн хорооноос Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан “...сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгах” үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т “сумын хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин, түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, санал хураалтын дүнгээс нэр дэвшигч Л.Дт өгсөн 71 саналыг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн маргаан бүхий 22 дугаар тогтоол нь хууль бус болжээ.

         Хариуцагч нь “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолыг  гаргах болсон үндэслэлээ “Л.Дийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүний авсан 71 саналыг хүчингүй болгосон тул тухайн тойрогт дараагийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь хуульд нийцсэн” гэж тайлбарлан маргаж байна.

         Хариуцагчийн гаргасан “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар тогтоол нь хууль бус болох нь тогтоогдсон. Иймээс уг 22 дугаар тогтоолын үр дагавараар гаргасан “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоол нь мөн хууль бус болохоос гадна Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно”, 161.3-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно”, 161.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай  Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

         Иймээс Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан иргэний “сонгох, сонгогдох эрх”-ийг хууль бусаар хязгаарласан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэн тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       2. Дээр дурдсанчлан Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт батлах тухай” 17 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Лын Д төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон бөгөөд мөн Сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” 20 дугаар тогтоолыг гаргаж, төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шинээр сонгогдсон Хатанбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан болох нь, харин тус хурал нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анхдугаар хуралдаанаараа нэхэмжлэгч Л.Дийг “сонгуулийн хуулийг зөрчиж хуурамч гарын үсэг зуруулсан нь нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно” гэдэг шалтгаанаар түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

        Шүүхээс нэхэмжлэгчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан Сонгуулийн хорооны 22 тогтоолыг болон Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Л.Дийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй дээрх үндэслэлийг хууль бус гэж үзэж уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай  Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Дийг Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р тойрогт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон болон түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд дахин өргөн мэдүүлэхийг Хатанбулаг сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

         Хатанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны 12 сарын 20-ны өдрийн “Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 20/02 дугаар тогтоолыг гаргаж гуравдагч этгээд Н.Эийн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байх боловч энэ тогтоолын талаар нэхэмжлэгч “хууль зөрчиж гарсан” гэж тайлбарлаж байгаагаас өөрөөр уг актын талаар ямар нэг шаардлагыг шүүхэд гаргаагүйг, мөн шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156 дугаар зүйлийн 156.2.3, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.4 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Л.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Л.Дийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Н.Эийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 23 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Л.Дийг Хатанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р тойрогт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон бөгөөд түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дахин өргөн мэдүүлэхийг Хатанбулаг сумын сонгуулийн хороонд даалгасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Л.Дээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОТГОНТУЯА