Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00613

 

Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 503 дугаар магадлалтай,

         Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй,

         “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох           

         Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

        Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Юу Би Эйч Проперти” ХХК-ийн 2014 онд барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Нарру town” орон сууцны хорооллоос иргэн Г.Тэмүүжин 66.48 м.кв орон сууцны байрыг 1 м.кв-ыг нь 1 800 000 төгрөгөөр захиалж худалдаж авсан. Гэвч дээрх орон сууцны байрны ашигтай талбайг мэргэжлийн байгууллагаар дахин хэмжүүлэхэд Г.Тэмүүжингийн худалдаж авсан 71 дүгээр байрны 62 тоот 66.48 м.кв орон сууцны талбайгаас 3.5 м.кв талбай дутсаныг 2016 оны 8 дугаар сард мэдсэн. Тухайн байрны хэсэг айлууд орон сууцны талбай хэмжилт дутуу байгааг мэдээд “Юу Би Эйч Проперти” ХХК-д өргөдөл гаргахад хүлээж аваагүй “шүүхээр шийдвэрлүүл" гэсэн хариуг өгсөн. Иймд 3.5 м.кв-ын дутуу үнэ болох 6 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. "Юу Би Эйч Проперти” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 77, 72, 73 тоот барилгыг “Өндөрбуянт холдинг" ХХК-иас 70 хувийн гүйцэтгэлтэй барилга худалдаж авсан нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно. Уг барилгаа 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн 3 барилгын 71, 72, 73 дугаар байрнуудын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай компанийн нэр дээр гарсан. Нэхэмжлэгчид 62 тоот байрны түлхүүрийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Хэдийгээр орон сууц захиалгаар бариулах гэсэн гэрээ гэж хийгдсэн ч гэсэн зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлагыг 6 сарын дотор гаргаагүй, уг барилга 2008 оноос баригдсан гэтэл 2009 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн стандартаар нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.   

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тэмүүжингийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 210.738 төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкны 499009345 тоот дансанд тушаахыг хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.  

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 503 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасныг удирдлага болгон гомдол гаргаж байна. ...шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм. ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэжээ. Гэвч анхан шатны шүүхээс талуудын гаргасан тайлбар, бичгэн нотлох баримтуудын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргасан юм. Учир нь: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаарддаг. Мөн нэхэмжлэгчтэй 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн НРТ14А66 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи тауны 71 дүгээр байрны 62 тоот 2 өрөө орон сууцыг худалдсан. Учир нь гэрээний 3.1-д уг гэрээг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон байна. Энэ нь тухайн орон сууц баригдсан байсныг илтгэж байна. Талуудын хооронд хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан боловч агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм. Манай компани нь уг орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Гэвч түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан юм. Орон сууцны талбайн хэмжээ гэдэг бол ашиглалтын явцад гэнэт үүсэн бий болдоггүй бөгөөд орон сууцыг хүлээн авах үедээ тухайн орон сууцны талбайг хэмжүүлэх боломжтой байсан боловч уг ажиллагааг огт хийж байгаагүй буюу манай компанид нэг ч удаа гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилсон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй гэж дүгнэжээ. Гэвч зохигч талууд шинжээчийн дүгнэлтийн талаар талууд анхан шатны шүүх хуралдаанд маргаагүй, мөн уг шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт биш бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл биш юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ тодорхойлохдоо MNS6058:2009 стандартаар байрны талбайн хэмжээг тодорхойлсон байдаг. Гэвч уг стандарт нь 2009 оны 12 сарын 24-ний өдөр батлагдсан 2010 оны 02 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан стандарт юм. Өөрөөр хэлбэл, 2008 онд уг барилгын ажил эхлэхэд уг стандарт батлагдаагүй байсан бөгөөд нэгэнт барьж эхэлсэн барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандарт тул түүнийг хэрэглэх, хэрэглээгүй нь хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 503 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Тэмүүжин нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүү 6.300.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан, 2008 оноос баригдсан барилгыг 2009 онд батлагдсан стандартын дагуу нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

          Нэхэмжлэгч Г.Тэмүүжин 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр НРТ14А66 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппитауны 71 дүгээр байрны 62 тоот 66.48 м.кв, 2 өрөө орон сууцыг 119.664.000 төгрөгөөр худалдан авч, хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 71 дүгээр байрны 62 тоотын түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх- 9-10,47/

         Хариуцагч нь барилга байгууламжийг 0/06/07 дугаартай төслөөр 2008 оны 5 дугаар сараас барилгыг барьж эхэлсэн бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусгасан нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 дугаартай "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт", Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд 71, хд 72, хд 73 дугаар хаягт байршилтай 39605,76 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ү-2204033565 дугаарт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-18-19,22/

         Хариуцагч баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

        Иймээс хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээж авахаас өмнө, эсхүл хүлээж авах үедээ хэмжилт хийлгэх замаар тухайн орон сууцны талбайн хэмжээг мэдэх боломжтой байсан гэж дүгнээд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

        Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгаж, шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

Нэхэмжлэгч орон сууцны талбайн үнийн зөрүү 6.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  шаардлага гаргаж, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр НРТ14А66 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээ” болон “Барилга орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт”-ыг энэ шаардлагынхаа үндэслэл болгосон байхад “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын гомдлын шаардлага гаргах хугацааны талаарх холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

         Анхан шатны шүүх “шинжээч томилуулах" тухай нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, барилгын зураг төслийн “Лэндс" ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийгээгүй нь буруу боловч хэргийн үйл баримттай харьцуулан үзэхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй буюу давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасантай нийцсэн гэж үзэхгүй.

        Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 503 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/1625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 115.750 /нэг зуун арван таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.АМАРСАЙХАН

                                            ШҮҮГЧ                                                Д.ЦОЛМОН