Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 315/ШШ2025/00225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын, ******* дүүргийн 28 дугаар хороо, ******* 1 дүгээр хэсэг, 9 гудамж, 308 тоот хаягт оршин суух, ******* *******,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын хороонд 1983 оны 8 дугаар сараас 1984 оны 7-р сарыг хүртэл дасгалжуулагчаар, 1987 оны 8 сараас 1992 оныг дуустал дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан. Би сагсан бөмбөгийн дасгалжуулагч хийдэг байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтууд галд өртөж байхгүй болсон тул Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын хороонд 1983 оны 8 дугаар сараас 1984 оны 7-р сарыг хүртэл дасгалжуулагчаар, 1987 оны 8 сараас 1992 оныг дуустал дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1983 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай дасгалжуулагч түр ажилд авах тухай тушаал, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай дасгалжуулагч ажилд авах тухай тушаал, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/164 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/165 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Ц.*******ыг Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажилд томилсон 1983, 1987 онуудын 90, 63 дугаартай тушаалууд, (хх-4-5х), Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1990, 1991, 1992 онуудын 76, 74, 65 дугаартай Дасгалжуулагч Ц.*******т ээлжийн амралт олгох тухай тушаалууд, (хх-6-8х), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/165 дугаартай Ц.******* Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 1983-1984, 1987-1989 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий лавлагаа, (хх-9х), Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/164 дугаартай лавлагаа (Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны 1989 оноос хойшхи онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул Ц.*******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий), (хх-10х),

 

5. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ...Ц.******* нь Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд 1987-1993 оныг хүртэл сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд 1988 оноос одоог хүртэл нийтийн биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч зэрэг ажлыг тасралтгүй хийж байна. Бид хамт ажиллаж байсан болохоор Ц.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ гэх мэдүүлэг,

 

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ....Ц.******* нь Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд 1983-1984, 1987-1993 оныг хүртэл сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байсан. , ******* бид 3 нэг өрөөнд хамт суудаг байсан. 1987 оны 1-р сард Наран суманд зудтай газарт хүртэл бид дайчлагдаад явж нилээд олон мал хил давуулахгүй авчирж байсан. Би Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд 1986-2023 оныг хүртэл нийтийн биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагч, мэргэжилтэн, дарга зэрэг ажлыг тасралтгүй хийж байна. Бид хамт ажиллаж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иймд ******* овогт ******* ******* 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1983 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оныг дуустал Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ......................... П.БОЛОРМАА