| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0182/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 150
2018 оны 8 сарын 06 өдөр 2018/ШЦТ/150 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0182/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
Улсын яллагч Т.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Д.Б. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б.д холбогдох 1839002900178 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг хөдөө хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Д.Б. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Б. нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, “Түлхүү булаг” гэх газар өөрийн гэртээ Г.Баярмагнайгийн баруун гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Э.Энхсайханы зүүн хөлийн 1-р шивнүүр ясны цууралт тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт ар нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б. нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний шөнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг, “Түлхүү булаг” гэх газар өөрийн гэртээ Г.Баярмагнайгийн баруун гуянд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Э.Энхсайханыг зодож зүүн хөлийн 1-р шивнүүр ясны цууралт, тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, ар нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл..../3-4 дүгээр хуудас/
2. Гэрэл зургийн үзүүлэлтүүд ...../ХХ-ийн 5-6 дүгээр хуудас/
3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол .../7 дугаар хуудас/
4. Хохирогч Э.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад Давлай гэх айлаас Хосзаяа бид хоёрыг очиж авсан. Тэр үед Д.Б., Баярмагнай хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Д.Б.гийн гэрт бид хоёр очсон. Д.Б. гэртээ ороод унтаж амарсан......Тэгж байтал Д.Б. босож ирээд гэр дотроос эхнэр Хосзаяаг тавагтай идээ авч шидээд, зодсон. Баярмагнай бид хоёрыг гадаа байхад та нар ингэх болоогүй машинаа гэрлүү тулгаж тавьсан байна гээд Баярмагнайг газарт унагаж байгаад зодсон. Би боль гэсэн чинь намайг бас газар түлхэж унагаасан .Тэгэж байгаад Д.Б. гэрлүүгээ хутга гэх мэтийн юм яриад орсон. Би Баярмагнайг гадаа нуугдаж бай, эмэгтэй хүн юм чинь намайг зодохгүй биз гээд гадаа байж байтал Д.Б. хутга бариад гарч ирээд Баярмагнайг хайгаад байх шиг байсан ....Тэгээд удалгүй Баярмагнай Сайхнаа гээд дуудаад байхаар нь очсон чинь Д.Б.гийн гэрийн урд талд газарт дээшээ харсан хэвтэж байхаар нь санамсаргүй хөл хэсгээс нь барьсан чинь нэл цус байх шиг байсан. Баярмагнай надад Д.Б. намайг хөл рүү хутгалсан гэж хэлсэн ....гэх мэдүүлэг /14-15 дугаар хуудас/
Хохирогч Г.Баярмагнайн мөрдөн байцаалтад өгсөн: ....Д.Б. гэнэт сэрээд эхнэр Хосзаяатай хэрүүл маргаан үүсгээд эхнэрээ зодоод байсан. Тэгхээр нь би болон манай эхнэр Д.Б. боль гээд эхнэрээс нь салгах гэсэн чинь Д.Б. чамд хамаагүй гээд манай эхнэртэй хэрэлдээд самардаад байсан.Тэгээд удалгүй Д.Б. надтай маргалдаад намайг газар унагаагаад хэд хэдэн удаа толгой хэсэг рүү цохисон чинь манай эхнэр Энхсайхан нь боль гээд салгасан чинь Д.Б. манай эхнэрийг ташиж унагаагаад зүүн хөлийн 5 дугар савхан ясыг хугалсан. Тухайн үед манай эхнэр намайг Д.Б. агсраад байна чи гадаа байж бай гэхээр нь би гадаа гараад Д.Б.д харагдахгүй зогсож байсан чинь Д.Б. манай эхнэр болон өөрийнхөө эхнэрийг зодож цохиж байгаа чимээ сонсогдохоор нь эргээд гэрлүү Д.Б.гийн хажууд ирсэн чинь баруун хөлийн гуя хэсэг маань халуун оргиод явчихсан. Тэгээд би хөл рүүгээ харсан чинь миний баруун хөлийн гуя хэсгээс их хэмжээний цус алдсан. Миний өмсөж явсан цэнхэр өнгийн жинсэн өмд маань нэвтрээд улаан эрээн болсон байсан.Тэгээд би эхнэр Энхсайханыг дуудаад Д.Б. намайг хутгаллаа гэж хэлсэн....... гэх мэдүүлэг ..../ХХ-ийн 20-23 дугаар хуудас/
Гэрч Т.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 04-ны шөнө 01 цаг 30 минутын үед манай эрүүл мэндийн төвийн сувилагч Сарантуяа надруу залгаад эрүүл мэндийн төв дээр хутганы шархтай хүн ирсэн байна ирж үзлэг хийнэ үү гэсэн Тэгээд би эрүүл мэндийн төв дээр шөнө ирхэд Дэлгэрхаан сумын харьяат Баярмагнай гэх хүн ирсэн байсан .Тэгээд би Баярмагнайд үзлэг хийхэд баруун гуяны дунд хэсэг зүсэгдсэн шархтай ,шархнаас цус гарсан байдалтай байхаар нь уг шархыг нь цэвэрлээд зүсэгдсэн хэсэгт нь 1 оёдол тавиад шөнө 04 цагийн үед Улаанбаатар хотын Багануур дүүргийн эрүүл мэндийн төв рүү аваад явсан. Баярмагнайг авч явах гэж байхад шөнө эхнэр нь ........миний зүүн хөлний тавхай хэсэг хавдцан явж болохгүй байна гэхээр нь үзлэг хийхэд Энхсайханы зүүн хөлний тавхай хэсэг бүхэлдээ хавдсан байсан.Тэгээд би нөхөр Баярмагнайтай нь цуг Багануур дүүргийн эрүүл мэндийн төв рүү авч явсан.Тухайн үед Д.Б. гэх хүн согтуу Баярмагнайн гуянд хутгалж бас Энхсайханы зүүн хөл рүү өшиглөж хөлийг маань хавдаасан гэж Энхсайхан нь замдаа надад хэлж байсан. Тэгээд Улаанбаатар хотын Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд очоод Энхсайхан хөлөө үзүүлхэд зүүн хөлийн тавхайн 5 дугаар савхан яс нь цуурсан байсан.....гэх мэдүүлэг..../ХХ-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч П.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Намайг эрүүл мэндийн төвд сувилагчаар жижүүрт гарч байхад 2018 оны 06 дугаар сарын 04 ны шөнө 01 цаг өнгөрөөгөөд иргэн Баярмагнай нь ганцаараа орж ирээд миний гуянаас цус гараад гэж хэлсэн .Тэгээд би сувилагчийн өрөөнд оруулаад Баярмагнайгийн өмдийг нь доош болгоод харахад баруун хөлний гуяны урд дунд хэсэг зүсэгдсэн хатгагдсан шархтай шархнаас их хэмжээний цус гарсан байсан.Тэгээд би эрүүл мэндийн төвийн эмч Амаржаргалыг дуудаад Баярмагнайгийн хөлнөөс цус гарсныг нь цэвэрлэж байхад эмч Амаржаргал ирээд үзлэг хийгээд гуяны зүсэгдсэн шархан дээр 1 оёдол тавиад Багануур дүүргийн эмнэлэг авч явсан......гэх мэдүүлэг....../ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09шэ/239 дугаартай:
-Э,Энхсайхан биед зүүн хөлийн 1-р шивнүүр ясны цууралт ,зүүн хөлний тавхай хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо .... Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ...Дээрх гэмтэл нь шинэ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт.../ХХ-ийн 38 дугаар хуудас/
Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09шэ/240 дугаартай:
Г.Баярмагнайгийн биед баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж баруун гуянд зулгаралтуудтай .... Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой .... дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт.../ХХ-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Баярмагнай, Э.Энхсайхан нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь Д.Б.гээс эмчилгээний зардлаа бүрэн авсан, хохирол болон гомдол саналгүй /хх-ийн 69, 70 тал/ гэсэн тул Д.Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б.г 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.г 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 300.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б. нь торгох ялыг шүүхээс тогтооосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, цамц, майк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч,шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ