Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/229

 

2026           02            25                                                                          2026/ДШМ/229

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгч Т.Б-ий өмгөөлөгч С.Оюунцэцэг,

            нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Б-д холбогдох эрүүгийн 2503009991140 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- овгийн Т-ын Б-, ........, ял шийтгэлгүй, /РД:Т-/,

Шүүгдэгч Т.Б- нь 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 43 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дархан-Өргөө хотхон дотор 14 дүгээр байрны баруун урд хотхон доторх замд “Тоёота Акуа” маркийн Т- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Арван хоёр. Хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Арван ёс. Хорооллын доторх хөдөлгөөн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч М-ийн С- /С-/ 3 настай эмэгтэйг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д- овогт Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих  ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт 16,424,080 төгрөгийг иргэний хариуцагч “С-” ХХК-аас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дархан-Өргөө хотхон 1014 байрны С- тоотод оршин суух С- овогт Ж-ы С- /Ж-/-д олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хуульд нийцүүлэн гаргаж өгсөн оршуулгийн зардалтай холбоотой баримтын хүрээнд иргэний хариуцагч 60.000.000 төгрөг төлсөн. “Ж-” ХХК-ийн хамтарч ажилладаг даатгалын компаниас 20.000.000 төгрөг өгсөн ба үүнийг шүүхээс шийдвэрлэх сэтгэцэд учирсан хохиролд хасаж тооцохоор талууд тохиролцсон байсан. Анхан шатны шүүх уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн сэтгэцэд нөхөх боломжгүй гарз учирсан боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлээр хор уршгийг тооцож, иргэний хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 63.424.080 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагчаас төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д 16.424.080 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү 16.424.080 төгрөгийг иргэний хариуцагч төлсөн. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа болно. “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовиур, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадавхгүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно. Ж.С-гийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байгаа. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэх шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д дээрх ойлголтод хамаарах сэтгэл хямралын шинжүүд илэрсэн. Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн ганц охины амь нас хохирсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүх тогтооно” гэж Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд  учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” -ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус заасны дагуу хохирлыг хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан” Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын”-ын 3.3-т Хохирогч нас  барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шийдвэрлэхээр зохицуулсан байдаг тул иргэний хариуцагчаас уг зохицуулалтуудын хүрээнд бодит нөхцөл байдалд тулгуурлан шийдвэрлэх ёстой. Иймд дээрх хууль дүрэм журмыг баримтлан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан 82.455.920 төгрөгийг иргэний хариуцагч “С-” ХХК-иас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д олгох байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.Б-ий өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг эс хүлээн зөвшөөрч байна. Хэргийн материалтай танилцахад “оршуулгын зардал 60.000.000 төгрөг” гэсэн дээр ярих зүйл байсан боловч 3 настай хүүхдийн амь нас хохирсон, нялх, балчир үрээ алдсан хүн хэцүү учраас олон юм яриад яах вэ гээд компанитай нь очиж уулзсан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд орон гэргүй, түрээсийн байранд амьдардаг, төлбөрийн чадваргүй, эхгүй, эцэг нь архины хамааралтай хүн байдаг. Шүүгдэгч 13 настайгаасаа эхэлж хар ажил хийж, сүүлд жолооны курст сурч, энэ ажилд орсон. Түүнийг “ажлаа сайн хийдэг, нэг ч удаа хоцорч үзээгүй, үнэнч ажилтан” гэж хэлж байсан. Тиймээс би компани дээр нь 2 удаа очиж дарга нарт нь “сард 1.100.000 төгрөгийн цалинтай, танайд удаан ажиллана, төлнө. Миний үйлчлүүлэгчид тусалж, төлбөр тооцоог хийж өгөөч” гэж уулзан оршуулгын зардлын 60.000.000 төгрөг, даатгалын компаниас орж ирсэн 20.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч рүү шилжүүлсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар хуульчилсан. Шинжилгээний байгууллагын баримтлах журамд “хүний сэтгэцэд ямар хор уршиг учирсан бэ гэдгийг шинжилгээгээр тогтооно” гэсэн байхад “тийм гэм хор учирсан” гэхгүйгээр хүн нас барсан гээд 4 зэрэглэлээр тогтоосон. Энэ дээр нэгдсэн жишиг байхгүй, жишээлбэл, 23 настай хүний оршуулгын зардал 12.000.000 төгрөг, яг энэ 4 дүгээр зэрэглэлээр 36.000.000 төгрөгийг хохирол гарсан боловч нөгөө тал нь төлөөгүй асуудал байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйлдэл буюу 3 настай хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхисны улмаас амь хохирогч хүүхдүүдийн араас гүйж байгаад хохирсон, шүүгдэгч дөнгөж хөдлөөд 10 км/цагийн хурдтай явж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “иргэний хариуцагч хохирлыг төлнө” гэж байна. Гэхдээ дараа нь үүний дарамт энд ажиллаж байгаа ядарсан, амьдралаа авч явах гэж хийж байгаа, дөнгөж 22 настай миний үйлчлүүлэгч дээр бууна. Тиймээс та бүхэн үүнийг ойлгооч гэж 2-3 удаа уулзаж, тэмдэглэл хөтөлсөн зүйл байгаа. Сард 1.100.000 төгрөгийн цалин авдаг байсан ч одоо туслах ажилтан хийж байгаа гэж хэлсэн. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд “гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо дараах шалгуур, үзүүлэлтийг анхаарна. Үүнд, нөхөн төлбөрийн хэмжээг шударга, үндэслэл бүхий тогтоох, хохирлын нөхөн төлбөр боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангах, хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг бий болгохгүй байх, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоосон байх” гэж дурдсан. Энэ бүхнийг харгалзан үзэж “С-” ХХК-иас одоогийн байдлаар 96.424.080 төлсөн. Энэ бүхэн эцэстээ миний үйлчлүүлэгч дээр бууна. Гэтэл дахин 82.455.000 төгрөг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр орхисон нөхцөл байдал, Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримт, осол гарах болсон шалтгаан нөхцөл зэргээс жолооч, насанд хүрээгүй явган зорчигч, түүний хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйлдэл байсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогч талд оршуулгын зардалд 60.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд даатгалын компаниас 20.000.000 төгрөг төлсөн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд сэтгэцэд учирсан хор уршгийн 4 дүгээр зэрэглэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45,99 дахин нэмэгдүүлсэн буюу 36.424.080 төгрөгөөр тогтоож, үүнээс хохирогчид урьдчилан 20.000.000 төгрөг олгосон гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байсан учраас 16.424.080 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Т.Б- нь 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 43 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дархан-Өргөө хотхоны 14 дүгээр байрны баруун урд хороолол доторх замд “Тоёота Акуа” маркийн Т- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Арван хоёр. Хэрэгслийн хурд 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Арван ёс. Хорооллын доторх хөдөлгөөн 19.1-д заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч М-ийн С-ыг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон болох нь:

гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3-4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 5-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-14/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх15-16/, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл /1xx17/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх198-202/,

Шүүх шинжилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн цогцост хийсэн ЕГ0725/2572 дугаартай: “...Амь хохирогч М.С-ын цогцост толгойн хуйхны дотор гадаргуу дахь духны баруун хэсэг, зүүн чамархайн урдаас арагш дагзны зүүн хэсэг хүрсэн цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, гавлын дух, зүүн чамархайн заадаснаас доош зүүн ухархайн араар турк эмээл хүрч, турк эмээлийн бүтэц эвдрэн, баруун чулуулгийн дотор талаар суурийн баруун ар хонхорын урд талаар дагз, баруун чамархайн заадас хүрч төгссөн хугарал, их тархины баруун чамархайн дэлбэн, хоёр талын чамархайн дэлбэнгийн суурь хэсэг, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн хажуу ховдлын цусан харвалт, хоёр талын уушгины цус хуралт, дух, зүүн зулай, зүүн шанаа, хацар, баруун шуу, зүүн бугалга, мөр, зүүн өвдөгт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хүн босоо байрлалд мөргөгдсөн үед үүсэх боломжтой. Амь хохирогч архаг хууч өвчингүй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байна." /1хх 53-62/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0125/2154 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал илрээгүй болно. Жич: ЕГ0125/2154 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт хүлээлгэн өгөв..” /1хх 66-70/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ЕГО325/5639 дугаартай “...1.2.3. Шинжилгээнд “Т.Б-” гэж хаяглан ирүүлсэн 002996471, 002995995 хуруу шилний дугаартай цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй..” /1хх 75-77/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЕГО325/5648 дугаартай “...1.Талийгаачийн өмсөж явсан гэх хөх өнгийн ягаан цэцэгтэй богино өмд /шорт/, шар өнгийн дотоож дээр цус илэрсэн, шүлс, нус, үс, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 2. Талийгаачийн өмсөж явсан гэх хөх өнгийн ягаан цэцэгтэй богино өмд /шорт/, шар өнгийн дотоож дээр илэрсэн цусны шинэ, хуучин аль нь болохыг биологийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. 3. Талийгаачийн өмсөж явсан гэх хөх өнгийн ягаан цэцэгтэй богино өмд /шорт/, шар өнгийн дотоож дээр илэрсэн цус нь хүний цус байна." /1хх 82-84/ гэх,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ЕГ00225/1029, 1030 дугаартай: “...1 Автомашины Airbag Sensor-т зам тээврийн ослын мэдээлэл бичигдээгүй байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн Тoyota Aqua маркийн Т- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй, гэрэлтүүлэх хэрэгсэл стандарт шаардлага хангахгүй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3. Автомашины урд болон хойд талын бамбай хагарсан, капотны ирмэг дотогш нугарсан зэрэг гэмтлүүдтэй байна. 4. Тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл нь үүсээд удаагүй гэмтэл байна. 5. Тоормосны механизм ажиллаж байна. 6. Туршилтаар зам дээр тоормосны мөр үүсэж байна. 7. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна. 8. Зүүн талын холын гэрэл гэрлийн чадлын үзүүлэлтийг хангаж байна. Зүүн талын ойр, баруун талын хол, баруун талын холын гэрэл гэрлийн чадлын стандартыг хангахгүй байна. 9. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Жич: 1029, 1030 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн объектын түлхүүрийн хамт ШБМХ-т хүлээлгэн өгөв." /1хх 94-108/ гэх, 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0825/8202 дугаартай: “...1.Хууль ёсны төлөөлөгч Ж-ы С- /РД: Ж-/-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна." /1хх 212-214/ гэх дүгнэлтүүд,

Тээврийн цагдаагийн албаны 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1362 дугаартай “...А. “Тоёота Акуа” маркийн Т- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Б- нь 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Арван ес. Хорооллын доторх хөдөлгөөн "...19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Б. Хууль ёсны төлөөлөгч Ж.С- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: а/ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх; гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /1xx 182/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн “...Би ослын талаар ярих боломжгүй байна, бие тааруу сэтгэл санаа тогтворгүй байна. Нөхөр М- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьсан гэж хэлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтүүдтэй бүрэн танилцсан санал хүсэлт байхгүй учир миний зүгээс дахин дүгнэлтүүдтэй танилцах шаардлагагүй. Би өөрийнхөө данснаас болон хадам эгч н.Ц-гийн дансаар болон бэлэн мөнгөөр оршуулгын зардалд зориулж гүйлгээ гаргасан, тэдгээр баримтуудыг авчирсан холбогдох бусад баримтыг дараа нь гаргаж өгнө. Нийт оршуулгын зардал 35 сая орчим төгрөг болсон байгаа. Нөхөр М- бид хоёр гэрлээд 4 жил болж байгаа дундаасаа нэг охинтой байсан охин маань зам тээврийн ослын улмаас нас барсан. Мөн зам тээврийн осол гаргасан жолооч “Ц-” ХХК-нд ажилладаг учраас энэ хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулж өгнө үү. Маш их гомдолтой байна. Энэ хэргийн үнэн зөвөөр хурдан шуурхай шийдэж өгнө үү." /1хх 28-29/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Б-ийн “...тухайн өдрийн орой 20 цагийн орчимд компаниас над руу мэдэгдэхдээ манай түгээлтийн жолооч Хангай хотхонд хүргэлт хийх явцдаа зам тээврийн осол гаргаж хүүхэд дайрсан байна гэж мэдсэн. Манай компани нийт 800 гаруй ажилтантай 120 гаруй тээврийн хэрэгсэлтэй. Осол гаргасан жолооч Т.Б- нь манай компанид 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс жолооч албан тушаалд осол гаргах өдөр хүртэл ажиллаж байсан. Хэрэг гарснаас хойш түгээлтийн жолооч бус өөр ажлын байраар хангаж байгаа. Манай компаний түгээлтийн жолооч нар өглөө, орой гэсэн 2 ээлжээр ажилладаг. Тухайн өдөр Б- оройн ээлжинд 17-18 цагийн хооронд ажилд гарч орой 23 цагт буух хувиартай байсан. Т.Б-ийг анх ажилд ороход нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хугацаатай/ гэж 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан тушаал гаргаагүй. Анх ажилд ороход нь түгээлтийн жолооч гэсэн нэр томьёотой гэрээ байгуулж F1 зэрэглэл гэж байгаа. Өглөө, Оройн ээлжинд гарахад нь жолооч өөрөө хариуцаж машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангадаг. Байгууллагын зүгээс улирал тутамд түгээлтэнд явж байгаа машинуудаа өөрсдөө шалгаж үздэг. Ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй. Бусдад учирсан хохирлыг барагдуулах эрмэлзэлтэй байна." /1хх 33-34/,

яллагдагчаар Т.Б-ий “...би тухайн өдрийн орой 19 цаг 30 минутын орчимд Б- ХХК-ийн эзэмшлийн Тoyota Aqua маркийн Т- УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дархан Өргөө хотхонд дуудлага хүлээн авч Дархан Өргөө хотхон руу ороод ертөнцийн зүгээс хойшоо эргэхдээ тоормосоо гишгэж хурдаа хасаад хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явахад урдуур хүүхдүүд гүйхээр нь гарчихлаа гэж бодоод цааш явтал дугуйн доорх юм дайрагдсан юм шиг мэдрэгдэхээр нь буугаад харсан чинь хүүхэд дайрсан байсан. ...Урдуур хүүхэд гүйж байгааг харсан зам хөндлөн гарчихлаа гэж бодсон хурдаа хассан хүүхэд бүдэрч унахыг хараагүй” /1хх 193-194/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судласан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Т.Б-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Т.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиртай.

Насанд хүрээгүй хохирогч М.С-ын оршуулгын зардалтай холбоотой 26.302.010 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагджээ. Хохирогч талаас 59.669.751 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хариуцагч “С-” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 59.669.751 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д шилжүүлсэн /1хх 244/ байна. Мөн даатгалын компаниас 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбар гаргасантай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатар “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан 82.455.920 төгрөгийг иргэний хариуцагч “С-” ХХК-иас гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой нийт 59.669.571 төгрөгийн баримт гаргаж өгсөн, иргэний хариуцагч “С-” ХХК-аас 60.000.000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болоод түүнийг нөхөн төлсөнтэй холбоотой нотлох баримтуудыг нэг бүрчлэн нягт нямбай шинжлэн судалж, үнэлж дүгнээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлд “Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0825/8202 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж-ы С- /РД:Ж-/-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна гэж тогтоосон байна. Сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно" гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлээр хор уршгийг тооцож иргэний хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөгийг 45,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 36.424.080 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагчаас төлсөн 20.000.000 төгрөгийг хасаж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д 16.424.080 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.   

Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ... шүүхээс тогтооно” гэж хуульчилжээ.

Бусдын санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд шүүх ямар нэгэн урьдач нөхцөлгүйгээр гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон дээрх хэм хэмжээг хэрэглэн амь хохирогчийн ар гэрт олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй буюу 118.800.000 төгрөгөөр тооцохдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйл болон 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана” гэж заасныг баримтлан амь хохирогч М.С-ын хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүй талаар тогтоосон мөрдөгчийн магадлагааг үнэлж, түүнд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин багасгаж, 59.400.000 төгрөгөөр тогтоов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхээс өмнө иргэний хариуцагч “С-” ХХК нь анхан шатны шүүхээс тогтоосон төлбөр болох 16.424.080 төгрөгийг төлсөн баримт /1хх 247/ хэрэгт авагдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Үүнээс дүгнэвэл гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-д оршуулгын зардалд 26.302.010 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр 59.400.000 төгрөг нийт 85.702.010 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499, 508, 511 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч хариуцан төлөхөөс иргэний хариуцагч “С-” ХХК нь 76.093.831 төгрөгийг, “Мөнх даатгал” ХХК нь 20.000.000 төгрөгийг, нийт 96.093.831 төгрөгийг төлсөн байх тул иргэний хариуцагч болон шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй болохыг дурдаж байна.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож гэж заасан мөртлөө 4 дэх хэсэгтээ мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэж давхардуулж бичсэн байх тул хасаж, мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт гэж амь хохирогч нас барсан байхад бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах зохицуулалтыг бичсэнийг хасаж тус тус өөрчлөлт оруулав.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлын “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоолгох” агуулга бүхий гомдлын хэсгийг хангаж, 82.455.920 төгрөгийг иргэний хариуцагч “С-” ХХК-аас гаргуулах тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 4 дэх заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох...” гэснийг, 7 дахь заалтын “...505 дугаар зүйлийн 505.1...” гэснийг тус тус хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-гийн өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХӨӨ

 

 ШҮҮГЧ                                                         Н.БААСАНБАТ

 

 ШҮҮГЧ                                             Л.ГАЛБАДАР