Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  8 сарын 07 өдөр               2018/ШЦТ/152                                   Хэрлэн сум

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0174/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр

Улсын яллагч                                                  М.Батхишиг

Хохирогч                                                           Ц.Энхбаяр

Иргэний нэхэмжлэгч                                       Б.Байгалмаа                                     

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                      Э.Г. нарыг оролцуулан

    

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г.д холбогдох 1839002550158 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг Идэрмэг гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Э.Г.   /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Г.  нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 20-ны 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн баруун талын замд 69-70 ХЭҮ улсын дугаартай Тоёота Эстима маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.2 дахь заалт ”эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг хөдөлгөөнд оролцож явсан Адван маркын 18-46 ХЭА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж улмаар 18-46 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэвээндоржийн Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Г. нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 20-ны 21 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн баруун талын замд 69-70 ХЭҮ улсын дугаартай Тоёота Эстима маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.2 дахь заалт ”эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгэр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг хөдөлгөөнд оролцож явсан Адван маркын 18-46 ХЭА улсын дугаартай автомашиныг мөргөж Ц.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

1.Хохирогч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байх үед Ниссан Адван маркийн 18-46 ХЭА улсын дугаартай автомашинаар таксинд явж байгаад эмнэлгийн урд талын зам дээрээс нэг хүн аваад Хэрлэн сумын 5 дугаар баг Сангийн аж ахуйд байдаг ”Тулга” дэлгүүрийн ард талын гудамжинд тэр хүнээ буулгачихаад буцаад сангийн  аж ахуйн шороон замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явж байсан юм. Тэгээд соёлын төвийн баруун талд ирж байтал урдаас нэг автомашин их хурдтай урсгал сөрж орж ирээд миний машины урд талын хэсэг рүү мөргөсөн. Тэгээд миний машин ямарч жолоодлогогүй болоод хойшоо ухраад хойно нэг юм тулаад зогссон...миний толгой доригсон, зүүн талын 3 хавирга, баруун талын бас 3 хавирга хугарсан, цээжний зүүн баруун талд зөөлөн эдийн гэмтэл үүссэн, бас зүүн гуя, ташаан толгойд хөхөрсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 тал/,

2.Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...намайг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг өнгөрч байх үед нэг танихгүй дугаараас миний утасруу залгаад 18-46 ХЭА улсын дугаартай автомашины жолоочийн ар гэрийн хүн мөн үү, танай машиныг Сангийн аж ахуйд өөдөөс нь нэг машин мөргөөд жолоочийг нь эмнэлгийн машин ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Ц.Энхбаяр миний машиныг жолоодож явж байсан юм. Тэгээд би эмнэлэг рүү очиход хүлээн авах дээр манай нөхөр  Ц.Энхбаяр өөрийн ухаантай боловч амьсгал авахдаа нэлээн зовиуртай байгаа харагдаж байсан. Хөл дээрээ босоод явж чадахгүй байдалтай байсан. Дараа нь би осол болсон газар буюу Хэрлэн сумын 5 дугаар баг Сангийн аж ахуйд байдаг Соёлын төвийн баруун талын зам дээр очиход цагдаа нар ирчихсэн хэмжилт хийгээд байж байсан. Миний машины урд талд нь хар хөх өнгийн Тоёота Эстима маркийн 69-70 ХЭҮ улсын дугаартай автомашин байсан ба тэр машинтай мөргөлдсөн байсан. Тухайн Тоёота Эстима маркийн автомашин замын эсрэг урсгалд буюу замын зорчих хэсгийн баруун талд хойшоо харсан байрлалтай зогсож байсан. Тэр машин урсгал сөрөөд манай машиныг мөргөсөн юм шиг харагдаж байсан. Би шинжээчийн дүгнэлтээр миний машинд тогтоогдсон эвдрэлийн мөнгөн дүн болох 6.133.000 төгрөгийг нэхэмжилж байна. Бас дээр нь машинаа Улаанбаатар хотруу аваачиж засуулахад ачилтын зардал, бас миний машингүй үедээ ажлын шаардлагаар таксигаар явсан зардлуудыг нэхэмжлээд нийт 6.853.320 төгрөгийг буруутай хүнээс одоогийн байдлаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

Гэрч Э.Хатанбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 17 цаг өнгөрч байх үед найз Э.Г.той гурилын үйлдвэрийн хойд талын зам дээр явж байгаад таарсан юм...намайг тэдний гэрт байж байхад Э.Г. гараад 0.75 литрийн хэмжээтэй Алтантүрүү архи нэг шилийг. 2.5 литрийн том савтай пиво нэгийг аваад ороод ирсэн. Тэгээд бид хоёр архи, пивоо ууж дуусч байх үед цаг бараг 2 цаг дөхөж байсан. Тэгээд Э.Г. машинаа жолоодоод  хорихын  хойд талын засмал замаар яваад хойшоо сангийн аж ахуйн замруу эргэж хойшоо чигээрээ явсан. Тэгээд 5 дугаар багийн соёлын төвийн баруун талд явж байтал гэнэт өөдөөс ирж явсан нэг цагаан өнгийн машинтай мөргөлдсөн.Тэгээд буугаад хартал Э.Г. шороон замын эсрэг урсгал руу орчихсон байгаа юм шиг харагдаж байсан. Тэр цагаан машин мөргөлдсөний дараа ухраад нэлээн холдсон байсан...Э.Г. ер нь нэлээн согтсон байсан би ч бас өөрөө их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/

Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн:”...21 цаг өнгөрөөгөөд явган алхаад сангийн аж ахуйгаас нэг такси бариад 5 дугаар багийн соёлын төвийн баруун талд иртэл тэнд 2 машин мөргөлдсөн байхаар нь таксинаасаа буугаад хартал манай хүү Э.Г.ийн Эстима маркын  69-70 ХЭҮ улсын дугаартай автомашин бас нэг цагаан өнгийн жижиг суудлын машинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед хүү Э.Г. машиныхаа гадаа зогсож байсан. Э.Г.ын машин хойшоо харсан байдалтай эсрэг урсгал руугаа орсон байгаа харагдаж байсан. Э.Г. тухайн үед согтуу байсан. Хажууд нь очиход архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай

“...1.Ц.Энхбаярын биед тархи доргилт, зүүн 5,6,7 дугаар хавирга, баруун 4,5,7 дугаар хавирга зөрөөгүй хугарал, хэвлий, зүүн гуя, ташаан толгойд цус хуралт, цээжний зүүн баруун талаар зөрсөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 тал/

Зам тээврийн ослын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн

“...Тоёота Эстима маркын 69-70 ХЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Э.Г. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “ Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 8.2 дахь заалт ”эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгэр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 тал/

 

Шүүгдэгч Э.Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед шиг санаж байна. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 удгаар баг Өгөөмөр бойны хойд талд байх гэрийнхээ тэнд явж байгаад найз Хатанбаатартай таараад тэгээд бид хоёр гурилын үйлдвэрийн хашаанд байх манай гэрт  очсон. Тэгээд би найзыгаа ирсэн болохоор Жонон орж 0.75 литрийн Алтантүрүү архи нэг шилийг авсан бас нэг 2.5 литрийн хэмжээтэй Боргио пиво авсан. Тэгээд гэртээ ирээд найз Хатанбаатартай авчирсан архи, пивоо хувааж уугаад бараг дуусаж байтал 20 цаг өнгөрч байхад манай аав Эрдэнэбат надруу залгаад сангийн аж ахуйн хойд талд машин эвдэрчихсэн байна чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би 21 цагийн үед гэрээсээ Тоёота Эстима маркийн 69-70 ХЭҮ улсын дугаартай автомашинаа жолоодон Хатанбаатартай хамт гэрээсээ гараад ертөнцийн зүгээр хойшоо яваад Сангийн аж ахуйн Соёлын төвийн баруун талд явж байгаад согтсондоо үүрэглээд нэг мэдэхэд урдаас жижиг суудлын цагаан өнгөтэй машин тулж ирээд тэгээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Тухайн үед би замынхаа эсрэг урсгал руу орчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн эд хөрөнгөнд 6.853.320 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Энхбаяр эмчилгээний болон бусад зардалд 1.842.518 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 1.130.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаад 5.200.000 төгрөгийг төлсөн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь шүүх хуралдаан дээр мэдүүлж, үлдсэн төлбөр болох  хохирогч Ц.Энхбаярт 712.518 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаад 1.653.320 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны дотор төлөхөө илэрхийлж бичгээр тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Г-г согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Г.д мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г.ийг гэмт хэргийн хор уршгийг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны дотор арилгах, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

 

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Э.Г.ийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г.д анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Г.оос 712.518 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Энхбаярт, 1.653.320 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаад тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба 15 тооны бод мал битүүмжилсэн мөрдөгч, прокурорын 2018 оны 7 дугаар сарын 02-ны тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Г.ийн жолооны үнэмлэхийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ