| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2510 01037 1324 |
| Дугаар | 2026/ДШМ/222 |
| Огноо | 2026-02-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2026/ДШМ/222
2026 02 24 2026/ДШМ/222
Ч.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлчимэг /цахимаар/,
шүүгдэгч Ч.А- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2753 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2510 01037 1324 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Ч-ийн А-, ........, урьд ял шийтгэлгүй, /РД:Н-/.
Шүүгдэгч Ч.А- нь өөрт нь байхгүй эд хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н- нэртэй хотхонд байрлах эхнэр М-ын нэр дээрх байрыг 170.000.000 төгрөгт зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оноос 2024 оны хороонд нийт 54 удаагийн гүйлгээгээр 123.170.000 төгрөгийг өөрийн Хаан банкны М- тоот данс руу шилжүүлэн авч хохирогч Г.Б-т их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н- овогт Ч-ийн А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүгдэгч Ч-ийн А-г 02 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д шийтгэсэн 02 жил, 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Г.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад залилах гэмт санаа зорилго байгаагүй бөгөөд хохирогч Г.Б- нь надтай хамт ажилдаг. Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Б- бид 2-н дунд харилцан итгэлцэл, тохиролцоо гээд иргэд хоорондын гэрээ хэлцлийн асуудал байсан. Иймд миний үйлдсэн гэмт хэргийн бодит үнэнийг тогтоож намайг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.А-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлын гол агуулга болох хэргийн бодит байдалд нийцээгүй гэдэг нь хамт ажилладаг хохирогч Г.Б- гэх хүнээс 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 он хүртэл мөнгө зээлдэг байсан. Улмаар зээлсэн мөнгөний хэмжээ их болсон тул М- гэх хүний нэр дээрх 4 өрөө байрыг хямд өгөхөөр хоорондоо тохиролцсон байдаг. Анхнаасаа шүүгдэгч нь хэн нэгнийг залилах санаа зорилго байгаагүй талаар гомдолдоо дурдсан байдаг. Шүүгдэгчийн Ч.А-гийн эхнэр нь босох чадваргүй, хэвтрийн дэглэмтэй хүн байгаа. ...Анхнаасаа залилах санаа зорилго байхгүй байхад шүүх залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна гэх агуулгаар гомдлыг гаргасан. Иймд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялаар сольж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд Өмнөговь аймгийн Оюу толгой ХХК-д засварчнаар ажилладаг. Хавтас хэрэгт шүүгдэгчийн дансны хуулганууд хангалттай авагдсан. Мөн Ч.А- анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, түүнд оногдуулсан ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.А-д холбогдох хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж прокурорын зүгээс харж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Түүнчлэн гэм буруу дээр маргаагүй, зөвхөн ял шийтгэл хүндрүүлэхтэй холбоотой асуудлын талаар тайлбар гаргаж байна гэж ойлгосон. Хохирогчид төлөх 123.170.000 төгрөгийг Ч.А-гийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд төлөөгүй, төлөх боломжгүй байсан. Учир нь, Оюу толгой компанид ажилладаг гэдэг боловч түр хугацаанд ажлаасаа гарсан, ажилгүй байсан. Улмаар хохирлыг өөрийн Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцыг зарж, төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүгдэгч Ч.А-д 02 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Түүнийг хохирол төлсөн байдлыг шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн. ...” гэв.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ч.А- нь өөрт нь байхгүй эд хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н- нэртэй хотхонд байрлах эхнэр М-ын нэр дээрх байрыг 170.000.000 төгрөгт зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2020 оноос 2024 оны хороонд нийт 54 удаагийн гүйлгээгээр 123.170.000 төгрөгийг өөрийн Хаан банкны М- тоот данс руу шилжүүлэн авч хохирогч Г.Б-т их хэмжээний хохирол учруулж залилсан болох нь:
Хохирогч Г.Б-ийн “...Би О- ХХК-д ажиллах байх хугацаандаа ...А- гэх ахтай танилцсан. ...А- ах надаас “мөнгө зээлээч” гэхээр нь би 2.000.000 төгрөг зээлдүүлсэн. Хэсэг хугацааны дараа дахиад “эхнэрийн бие муудаад хагалгаанд орох хэрэгтэй болчихсон, мөнгөний хэрэг гараад байгаа болохоор Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Н- хотхонд нэг байр байгаа, чамайг таньдаг болохоор гайгүй үнээр 170.000.000 төгрөг заръя” гэхээр нь би зөвшөөрөөд авахаар болсон. Нийт 123.170.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны О- тоот дугаарын данснаас нийт 54 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн...” /хх10-11/,
Гэрч Б.Э-ийн “...Би тухайн дансыг холын хамаатан болох Б-ад ашиглуулж байсан. ...2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр данс хаасан байна гэж Хаан банкнаас надад хэлсэн. ...Би энэ талаар мэдэхгүй, тухайн данс руу мөнгө орж ирээд 1 минутын дараа гарчихдаг байсан. Б-аас ямар учиртай мөнгө орж гараад байдаг юм бэ гэж асуусан чинь “аав, ээж, нөхрөө зуурдаар алдаад хадам дүү нь эмнэлэгт хүнд байдаг юм. Өөрөө гадаадад байдаг учраас хадам дүүгээ асардаг байсан. Тэгээд таны дансыг ашиглаж байгаад өгчих байхаа гэж хэлж байсан. ...Би тухайн мөнгөнөөс авч ашиглаж байгаагүй, ...М-, А- гэх хүмүүсийг танихгүй. ...” /хх114-115/ гэх мэдүүлгүүд,
Г.Б-ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх7/, Ч.А-гийн Хаан банкны М- тоот дансны хуулга /хх124-131/, тус дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх132-137/, Г.Б-ийн Худалдаа хөгжлийн банк дахь О- тоот дансны хуулга /хх15-79/, тус данс хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх80-83/, хохирогч Г.Б-ийн Хаан банкны Б- тоот дансны хуулга /хх202/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Тодруулбал, шүүгдэгч Ч.А- нь өөрийн эзэмшил, өмчлөлийн бус, захиран зарцуулах эрхгүй буюу бодитоор бий эсэх нь тодорхойгүй үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг зарна гэж хохирогч Г.Б-ийг хуурч, түүнээс 2020-2024 оны хооронд нийт 123.170.000 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А-г үргэлжилсэн үйлдлээр хохирогч Г.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Мөн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Ч.А- давж заалдах шатны шүүхэд “...Надад залилах гэмт санаа зорилго байгаагүй ...Би учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байхад 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн ...Б- бид 2-н дунд иргэд хоорондын гэрээ хэлцлийн асуудал байсан. Иймд намайг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гомдлын агуулгыг “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэж өөрчилжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ойлгож ухамсарлаагүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, түүнд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байх ба тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах зүйлгүй гэсэн байр суурьтай оролцсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ...болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний дотор хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж дүгнэлээ.
Учир нь, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан нь хуульд заасан ялаас доогуур ял оногдуулах үндэслэл буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг хэрэглэх боломжийг бий болгодог бөгөөд энэхүү зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Иймд, шүүгдэгч Ч.А-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.А-гийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 76 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2753 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ч-ийн А-г 02 жил, 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч-ийн А-д 01 жил, 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д шийтгэсэн 02 жил, 03 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д шийтгэсэн 01 жил, 03 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-гийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА