Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2022/00019

 

ГшХХК-ийн нэхэмжлэлтэй

АгХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2022/00060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ГшХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч АгХХК-д холбогдох

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 448,552,960 төгрөг, 430,712,735.5 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 879,255,735.6 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч О.Мгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн  шаардлага:

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 448,552,960 төгрөг, 430,712,735.5 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 879,255,735.6 төгрөг гаргуулах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

2018 оны 11 дүгээр сарын 15-ны  өдөр Г/101 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ  ГшХХК нь зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит “Тавантолгой ХК-ийн нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан АгХХК-д дизель түлшийг гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан.

Хамтран ажиллах хугацаанд гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу дизель түлшний үнэ зарим сард хугацаа хэтэрч төлөгдөж байсан тухай хугацаа хэтрэлт болгонд захирал П.Н, гүйцэтгэх захирал П.Бнарт утасдан мэдэгддэг байсан.

2020 оны эхээр АгХХК нь үйл ажиллагаа явуулахгүй болж ГшХХК-ийн колонкоос дизель түлш авахаа зогсоосон. Үүний дараагаар төлбөрийн нийт үлдэгдэл болон алдангийг гэрээний дагуу тооцоолон хариуцагч талд мэдэгдсэн. Захирал П.Н, түүний эхнэр Зд гүйцэтгэх захирал П.Бод албан бичиг, тоотоор мэдэгдэж байсан.

Нийт дизель түлшний үндсэн үнэ 299,028,640 төгрөг, алданги 149,514,320 төгрөг нийт 448,542,960 төгрөгийн төлбөрийг АгХХК нь гэрээний дагуу төлөх үүрэгтэй.

1.в. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл тайлбар:

 “...Хариуцагч талаас нийтдээ 1,696,020,500 төгрөгийн төлбөр төлсөн ба үүнээс үндсэн төлбөрт 1,353,878,199 төгрөгийг, гэрээний алдангид 342,142,301 төгрөгийн үндсэн өрийн үлдэгдэлтэй байсан ч хариуцагч талаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, хариуцагч талд боломж олгож, нэмж зээлээр түлш олгож, үндсэн өрийг 299,028,640 төгрөг болгон бууруулж, алдангийн хамт 448,542,980 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагч тал уг нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг ч алдангийг ямар ч үндэслэлгүй шалтгаанаар төлөхгүй гэж маргалдан элдэв шалтаг тоочин шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж өдийг хүрсэн ба тус шүүхэд бид 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 1 жил 1 сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч ГшХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 5.1 дэх заалтын дагуу гэрээг дүгнэн тооцож үзэхэд зээлээр нийлүүлсэн түлшний төлбөрт 586,170,491 төгрөгийн үндсэн өрийн үлдэгдэлтэй байгааг алданги 293,085,245,5 төгрөг, нийт 879,255,735,6 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 430,712,776,5 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

ГшХХК-ийн 2020 оны 3 сарын 20-ний өдөр манай компани руу илгээсэн албан бичигт үндсэн өрийн төлбөр 299,028,640 төгрөг, алданги 149,514,320 төгрөгийг 3 сарын 25-ны дотор барагдуулна гэсэн албан хүсэлт байдаг.

Тэр хүсэлтдээ алдангиа 1,5 дахин буюу үндсэн өрийн үлдэгдлийг 1,5 дахин нэмэгдүүлэх нь хууль зөрчсөн гэж үзсэн учраас манай компани 4 сарын 22-ийн өдөр Гш ХХК руу “ Үндсэн өрийн төлбөр 299,028,640 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд алдангийг 150,971,360 төгрөгөөр тооцоод нийт 450,000,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулъя. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээн зөвшөөрч байвал тооцоо нийлүүлэн баталгаажуулж гэрээгээ баталгаажуулъя” гэдэг хүсэлтийг манайхаас илгээсэн байдаг.

 Энэ хүсэлтийг зөвшөөрч байгаа, зөвшөөрөхгүй байгаа нь мэдэгдэхгүй албан бичгээр ямар нэгэн хариу тайлбар ирээгүй. Тэгээд манай компани 2020 оны 7 сарын 29-ний өдөр Мийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг хаанаас юунаас хасагдсан нь тодорхойгүй байна. Үндсэн өрнөөс хасагдсан юм уу гэхээр үгүй. Манай компани 2020 оны 7 сарын 29-ний өдөр М-ийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг.

Энэ мөнгийг үндсэн өрнөөс хасагдсан юм уу гэхээр үгүй. Манай 450,000,000 төгрөгийн саналыг хүлээн зөвшөөрсөн юм уу гэхээр үгүй. Тэгэхээр 450,000,000 төгрөгийн саналыг зөвшөөрсөн бол төлсөн 50,000,000 төгрөг чинь хасагдаад 400,000,000 төгрөг болоод алданги нэхэмжлэх шаардлагагүй тохиролцох боломж үүсэж байна. Гэтэл үүнийг ойлгохгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч АгХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 448,542,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГшХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГшХХК-ийн нэмэгдүүлсэн 430.712.776,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГшХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.400.664,8 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч АгХХК-аас 2,400,664.8 /хоёр сая дөрвөн зуун мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГшХХК-д олгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нэг бүрчлэн харьцуулан үзэж хэргийн үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй, шаардах эрхийн үндэслэл болон алдангийн талаарх хулийн зохицуулалтуудыг маргааны хүрээнд зөв тайлбарлан хэрэглээгүй, хууль буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, Гш ХХК-аас АгХХК~нд 2020 оны 03-р сарын 20-ны өдөр хүргүүлэн Албан мэдэгдэл гэсэн агуулга бүхий 20/07 дугаартай албан бичиг, АгХХК-аас ГшХХК-нд 2020 оны 04-р сарын 22-ны өдөр 83 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг ээрэг нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.... гэж зөв дүгнэсэн боловч шийдвэр гаргахдаа алдангийн талаар хууль ёсны зөв дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дизель түлшний үнэ 299.028.640 төгрөг, алданги 149.514.320 төгрөг, нийт 448.542.960 төгрөг гаргуулах шаардлага анх гаргасан дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч талаас дизель түлшний үнийн үлдэгдэл төлбөр 299.028.640 /хоёр зуун ерэн есөн сая хорин найман мянга зургаан зуун дөч/ төгрөг байгаа талаар өмнө нь огт маргаж байгаагүй бөгөөд харин хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхээс буцаасны дараа 2020 оны 07-р сарын 29-ны өдөр Мийн данс руу 50.000.000 /тавин сая/ төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба үлдэгдэл төлбөрөөс 50.000.000 /тавин сая/ төгрөг хасагдах ёстой байтал энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байх тул гомдол гаргаж байна.

Талуудын хооронд 2018 оны 11-р сарын 15-ны өдөр Г/101 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан талаар болон уг гэрээ 2020 оны 03-р сарын 20-ны өдөр цуцлагдсан үйл баримтын талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа болно.

Гэрээний хариуцлага буюу алданги, торгууль шаардах эрх зөвхөн хүчин төгөлдөр гэрээний үүрэгт хамааралтай бөгөөд гэрээ цуцлагдсан эсхүл дуусгавар болсон тохиолдолд гэрээний нэг тал нөгөө талаасаа алданги, торгууль шаардах эрхээ алддаг байхад нэгэнт цуцлагдсан гэрээний үүрэгт алданги тооцож хариуцлагаас гаруулахаар шүүх шийдвэрлэх боломжгүй байна Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул гомдол гаргахад хүрлээ,

 

Гэрээг цуцлах. гэрээнээс татгалзсанаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар Улсын дээд шүүхээс тайлбар, зөвлөмж бичгээр гаргасан байхад гэрээ цуцлагдсантай холбогдуулан алданги шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй, алданги шаардах эрхээ алдсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.                                                                                                                                  

Харин гэрээ цуцлагдсан тул цуцлагдсанаас хойш гэрээний үүрэг хариуцагчаас шаардах эрхгүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий болжээ.

Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмжид зааснаар гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцлагдах хүртэл үүргийн харилцаа үргэлжлэх ба цуцлагдсанаас хойш үүргийн харилцаа дуусгавар болох галаар тодорхой тайлбарласан байхад хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан тул магадлалд энэ талаар тусгайлан тусгаж өгөхийг хүсье.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн тооцооллын талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх ёстой байтал энэ талаар огт дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй шалтгаан нь дэлхий нийтэд Короновирусын / Соvid-19) цар тахал гарсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газар, УОК- ийн 2020 оны 02-р сарын 01 -ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны 02-р сарын 01-ны өдрийн 10:00 цагаас эхлэн манай улс хилээ хааж бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс болж кампани ашиг. орлого олох боломжгүй нөхцөл байдалд орсноос болж төлбөр төлж чадахгүйд хүрсэн.

Өөрөөр хэлбэл, Короновирусын /Соvid-19/ цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар. УОК-оос гаргасан олон удаагийн тогтоол. шийдвэрүүд нь гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй буюу энэ нөхцөл байдлаас шалтгаалж үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа энэ байдал нь нийтэд илэрхий үйл баримт болно. /ИХШХШтХ-ийн 44.4/

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04-р сарын 12-ны өдрийн 14/ШШ2022/00060 дугаартай шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж үлдэгдэл төлбөрөөс төлсөн 50.000.000 /тавин сая/ төгрөгийг хасаж, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ГшХХК нь хариуцагч АгХХК-д холбогдуулан Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 448,542,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 430,712,776.6 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 879,255,735,6 төгрөг нэхэмжилжээ.

3. Нэхэмжлэгч ГшХХК болон хариуцагч АгХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г/101 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” -г нэг жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч нь гэрээний дагуу стандартын шаардлага хангасан 600,000,000 төгрөгөөс хэтрэхгүй дүнгийн бүтээгдэхүүн нийлүүлэх, гэрээний 3.1, 2.3-д зааснаар хариуцагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг  тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 05 дугаар хуудас/

4. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 262.3 дахь зохицуулалтын үндсэн шинж нь гэрээний үнээс гадна төлбөл зохих хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх, хүү тооцсоноор мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үнээс нэмэгдсэн байх шинжийг агуулж байх тул  уг хоёр гэрээний ялгагдах шинж нь гэрээний үнэ юм.  

Энэ маргааны хувьд талуудын дээрх гэрээ, болон тэдний тайлбараар гэрээний үнэд хүү төлөх талаар тохиролцсон нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх уг гэрээг худалдах худалдан авах гэрээний төрөлд нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний агуулга, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж, хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

5. Анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийн 1 дүгээр хавтаснаас тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, 2 дугаар хавтаснаас нэмэгдүүлсэн шаардлага, хариуцагч талд нийлүүлсэн түлш, хариуцагч талын төлсөн төлбөрийн баримтуудыг шинжлэн судлуулсан нь тусгагдсан байна. /2хх-77-78 дугаар хуудас/ Хариуцагч талаас нотлох баримт судлуулаагүй байна.

Эдгээр нотлох баримт нь нотариатчаар гэрчлүүлсэн байх тул бичмэл нотлох баримтад тавигдах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн шаардлагад нийцсэн гэж үзэж  дээрх нотлох баримтуудад тулгуурлан давж заалдах гомдлын үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хянасан болно.

6. Энэ хэргийг өмнө нь хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн магадлалд “Гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл бөгөөд  уг хугацаа хэзээ хэтэрсэн, тухайн үед гүйцэтгээгүй үүргийн дүн хэд байсан  зэрэг асуудлаар мэтгэлцүүлээгүй” зэрэг үндэслэл зааж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хэргийг дахин хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэмжээг “анхны нэхэмжилсэн 448,542,960 төгрөгийн 299,028,640 төгрөг нь дизель түлшний төлөгдөөгүй үнэ, 149,514,320 төгрөг нь алданги” гэж, нэмэгдүүлсэн шаардлага болох 430,712,776.6 төгрөг нь “алданги” гэж тодорхойлж,

 гэрээний үүргийн биелэлтийн талаар худалдагч /нэхэмжлэгч/ нь нийт 1,940,048,690 төгрөгийн үнэ бүхий 861044 литр дизель түлш нийлүүлсэн, худалдан авагч /хариуцагч/ нь 1,696,020,500 төгрөгийг худалдагчид төлснөөс худалдагч нь 1,353,878,199 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт, 342,142,301 төгрөгийг алдангид суутгасан тухай тайлбарласан байна. /хх2-48 дугаар /

7. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж үзвэл:

7.1. хариуцагч тал нь гэрээний үүрэгт 1,696,020,500 төгрөг төлсөн нь, хариуцагч нь гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссан дараа 2020 оны 2 ба 3 дугаар сард газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч байсан ба гэрээгээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь тус тус нотлогдож байна.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар тайлбарыг нотлох баримтад тооцно.

Иймд хариуцагч АгХХК нь анхны нэхэмжлэлийг гардаж  аваад  “дизель түлшний үндсэн төлбөр болох 299,028,640 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алданги 149,514,320 төгрөгийг дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусын улмаас Монгол Улс хилээ хааж дотооддоо хөл хорио тогтоосноос компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нөхцөл байдал нь нийтэд илэрхий болсон гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл бий болсон тул гэрээний хариуцлагаас хуулийн дагуу чөлөөлөгдөх хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн агуулгаар гаргасан тайлбараар түүнийг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг эсэргүүцээгүй гэж үзэх нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэсэнтэй нийцнэ гэж үзлээ.

Энэ үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар давхар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хариуцагч нь гэрээгээр худалдан авсан газрын тосны үнийг гэрээний 2.3-д заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болж нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх эрх үүсгэсэн.  Шүүх энэ шаардлагын дагуу алдангийг гаргуулахдаа холбогдох хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөв. /1хх-119 дүгээр хуудас, 2хх-16 дугаар хуудас/

7.3. Хариуцагч тал нь  нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхээ хэрэгжүүлж,

мөн зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж” нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлох баримтыг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд...” хугацаанд  мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т зааснаар хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргаж шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлж хариу тайлбар ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72,3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцсон гэж үзэх боломжтой боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ. Энэ нь хэргийн бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ.

7.4. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах, харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгодог.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г/101 дугаартай гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дуусгавар болсон нь, энэ хугацаанаас хойш гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан  “энэ гэрээ дуусгавар болоогүй аман хэлбэрээр сунгасан” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.  /1хх-05, 48 дугаар хуудас/

Мөн нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлага болох алданги 430,712,776.6 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын хугацааны үүрэгт бодогдсон алданги гэсэн агуулгаар  тайлбарласан.

Анхан шатны шүүхийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь үндэслэлтэй боловч хэрэгсэхгүй болгохдоо “гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон, ...Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй, ...” гэсэн агуулгаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хоорондоо зөрүүтэй байна гэж үзэв.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй ч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг болон  232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна,  232.7 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй...” гэж зохицуулсан.  

2018 оны г/101 дугаартай гэрээний хугацаа дууссанаас хойш газрын тосны бүтээгдэхүүн худалдсан, худалдан авч байсан авч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зарлагын падаанаар нотлогдож байна.

Гэвч бичгээр байгуулаагүй үеийн гэрээний үүрэгт алданги нэхэмжилж буй шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг энэ байдлаар өөрчлөн дүгнэсэн болно.

8. Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144/ШЗ2021/00105 дугаар захирамжаар 448,542,960 төгрөгт төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулж, харин нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлээгүй байна.

Иймд 879,255,735 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

 9. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээ болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын талаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

10. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэж бус, харин хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.  

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай зохицуулалтыг удирдлага, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаантай холбоотой харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг бус, шийдвэр гарах хуулийн заалтыг хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзсэнийг магадлалд дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 144/ШШ2022/00060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 ба 2 дугаар заалтыг нэгтгэн “1”,  3, 4, 5 дахь заалтын дугаарыг “2”, “3”, “4” гэж,

2. Тогтоох хэсэгт “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч АгХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 448,542,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГшХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 430.712.776,5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ГшХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,554,228 /дөрвөн сая, таван зун тавин дөрвөн мянга хоёр зуун хорь/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч АгХХК-аас 2,400,664.8 /хоёр сая дөрвөн зуун мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГшХХК-д олгосугай.”  гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,400,665 /хоёр сая дөрвөн зуун мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

 

                                        ШҮҮГЧИД                           Х.ГЭРЭЛМАА

 

   Ш.ТӨМӨРБААТАР