Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/01088

 

 

 

 

..............

ОНӨААТҮГ-т нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/01059 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ..., ......, .... нарт холбогдох 45,103,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч ...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч ......, .... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.............. ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 -ын цахилгаанчин ...., ...... нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахлах инженер ...ээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны цахилгааны шитийг шилжүүлэхдээ цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат унаж ........-ийн нурууны L5-үе хугарч L2.L3.L4.L5 дугаар үе диск дарагдан бяцарсан гэмтэл учирсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2020/00847 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалаар тус газраас 44,721,778 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөг нийт 45,103,336 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Иймд тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын ахлах инженер ..., цахилгаанчин ...., Цахилгаанчин ...... нараас 45,103,336 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч ....ий тайлбар, татгалзлын агуулга:

.... нь .............. ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын ахлах инженер ...ийн үүрэг даалгаврын дагуу

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байрны 9 дүгээр орцны ерөнхий шитийг зөөхөөр цахилгаан шитний холболтыг таслах эрхгүй тул татгалзсан боловч ахлах инженер удаа дараа үүрэг өгсөн тул цахилгаанчин ......ийн хамт шитний тогийг тасалж цахилгааны шитийг зөөж байрлуулсан. Гэтэл цахилгаан шат унасан. Уг цахилгаан шат унасан талаар ямар нэгэн акт гараагүй. Гэтэл ........-ийн биед гэмтэл учирч хохиролд 45,103,336 төгрөгийг манай байгууллага төлөх шийдвэр гарсан гэж ...., ......, ... нараас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Хариуцагч ......ийн тайлбар, татгалзлын агуулга:

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ахлах инженер ...ээс өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8 дугаар байранд цахилгаанчин ....ий хамт очиж цахилгаан шитийг шилжүүлэн зөөх явцад цахилгааны холболтыг буруу хийсний улмаас цахилгаан шат унаж ........-ийн биед гэмт учруулсан гэж гэм хорын хохирол 45,103,336 төгрөгийг ......, ..., .... нараас хувь тэнцүүлэн төлүүлэхээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Цахилгааны холболтыг биечлэн хийгээгүй. Цахилгаанчин .... 24 цаг ээлжинд ажилласан байхад ахлах инженер ... үргэлжүүлэн ажиллуулсан буруутай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ...ийн тайлбар, татгалзлын агуулга:

... нь .............. ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-д ахлах менежерээр ажилладаг. Ажиллаж байх хугацаандаа .............. ОНӨААТҮГ-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн тухай хууль, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасныг чандлан мөрдөж, ямар нэгэн зөрчил гаргаагүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. ... нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн аль үүргийг гүйцэтгэх явцдаа ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, учирсан гэм хорын хариуцлагатай ямар шалтгаант холбоогоор холбогдож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135.1.2-т зааснаар хариуцагч ... нь өөрийн ямар буруутай үйлдлээр байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзээд буй нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй хэмээн зааснаар .............. ОНӨААТҮГ нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх талаар шийдвэр гаргаж, нэг ч мэдэгдэж, шийдвэрийг танилцуулж байгаагүй.

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ... нь өгсөн үүрэг даалгавар байхгүй бөгөөд ........-ийн нэхэмжлэлтэй .............. ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэрэгт тус газар нь ...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар байрны Сууц өмчлөгчдийн холбооны дарга болон тус газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын дарга нар хууль бусаар цахилгааны ерөнхий шит өөр газар байрлуулан зөөлгөх шийдвэр гаргасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 05 дугаартай тогтоолоор хариуцагч ...., Л.Бямбадорж нарт 9 дүгээр орцны ерөнхий самбарын гал хамгаалагч халсан байгааг солих үүргийг Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ын цахилгааны инженер Д.Загдсүм өгсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалын хянавал хэсэгт ...., ...... нар .............. ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ны дуудлагын цахилгаанчнаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үйл ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хорооны 8 дугаар байрны шитийг шилжүүлэн зөөх ажлыг хийх явцдаа цахилгааны холболтыг салгасан үйлдлийн улмаас нэхэмжлэгч ........-ийн эрүүл мэндэд гэм хорын хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж тус тус дүгнэсэн.

Түүнчлэн, .............. ОНӨААТҮГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа Хэрэглэгчдэд үйлчлэх төв 15-ны ажилчид хувийн ажил хийж байгаад бусдад гэм хор учруулсан гэж тайлбарласан байх боловч тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00847 дугаар шийдвэрээр дээрх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаар ..., ...., ...... нарыг тодорхойлсон байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэж зааснаар хохирлын хэмжээг хариуцагч тус бүрээр тодорхойлоогүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ахлах менежер ...ээс цахилгаанчин ...., ...... нарт үүрэг даалгавар өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг хавсаргаагүй, түүнийг гэрээ болон журамд заасан ямар үүргийг зөрчсөнөөс хохирол учруулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч ... нь бусдад гэм хор учруулаагүй тул улсын тэмдэгтийн хураамж 381,558 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....өөс 22,551,668 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,551,668 төгрөг болон ..., ...... нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ....өөс улсын тэмдэгтийн хураамжид 270,709 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... хэрэгт авагдсан нотлох баримтаар ...... нь үүрэг даалгавар авсан боловч цахилгааны ерөнхий шитийг салгаагүй, ямар нэг байдлаар оролцоогүй тэрээр шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэх байдал, мөн ... нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан ашиг хонжоо, эд хөрөнгө олж авахын тулд ...., ...... нараар ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх үүрэг өгсөн гэх гэм буруутай үйлдэл болон эс үйлдлээр бусдад хохирол учруулсан болох нь тус тус нотлогдоогүй гэж дүгнэж тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. ...... цахилгааны ерөнхий шитийг салгах ажлыг гардан хийгээгүй боловч тухайн шитийг зөөх үүргийг гүйцэтгэх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөхгүй илтэд болгоомжгүй эс үйлдэхүйгээр хамтран оролцсон тул ........-эд учирсан хохирлыг ......, .... нарын өмнөөс хариуцан арилгах үүрэгтэй.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалд ... энэхүү гэм хорын хариуцлагыг гэм хор учруулсан болох ...., ...... нарын ажил олгогч .............." ОНӨААТҮГ хариуцах талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй юм.

...ийн хувьд Нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02-16/04 дугаар хяналт шалгалтын танилцуулгад дурдсан баримтууд, ...., ...... нарын тайлбар, мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар орцны техникийн өрөө Э.Эрдэнэбулганы эзэмшилд шилжсэн хугацаа, түүнтэй холбогдох баримтууд, хариуцагч нарын хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр тусгасан байдал нь Ахлах инженер албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан хүрээнд мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөөгүй нь хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой эс үйлдэхүй болон тухайн техникийн өрөөнөөс шитийг зөөлгөж, өөрийн төрсөн дүүгийн хөрөнгө болгох үйлдлийг хууль бусаар санаатай гүйцэтгэсэн нь байгууллагад учруулсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ...ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. ...ээс хохирол гаргуулах урьдчилсан нөхцөл байдал хангагдаагүй. ...ийн үүрэг даалгавар өгсөн талаар баримт байхгүй тул шалтгаант холбоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ...., ...... нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

...... цахилгааны шитийг салгах ажлыг гардаж хийгээгүй боловч, тухайн шитийг зөөхөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр хохирлыг тэнцүү төлөх үүрэгтэй гэсэн гомдол үндэслэлгүй. Тухайн шитийг зөөх, тог таслахад ...... оролцоогүй. Иймд ......ид холбогдуулан гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч ....ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... .... нь шитний цахилгааныг салгаснаас лифт унаж, ........-ийн биед гэмтэл учирсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тэрээр цахилгааныг салгасан .... цахилгаанчин мэргэжилтэй байх тул цахилгааныг салгахдаа аюулгүй байдлыг хангах, зохих анхаарал болгоомжтой байх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй түүний эс үйлдэхүйг мэргэжилтний хувьд илтэд болгоомжгүй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж түүнээс 22,551,668 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Учир нь .............. ОНӨААТҮГ нь З.Булганчимэг, ......, .... нарт холбогдуулан 45,103,336 төгрөгийг хариуцагч ...., ...... нараас тус бүр 15,000,000 төгрөг, ...ээс 15,103,336 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2 , 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримталсан. .... нь ...... нар цахилгаанчнаар, ... нь ахлах инженерээр тус тус ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг бөгөөд байгууллага ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т Ажил олгогч ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлэхийг хориглоно гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлд ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд энэ хуулийн 135 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг ажил олгогчийн шийдвэрээр хүлээлгэх бөгөөд энэ нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэж заажээ.

Ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол хариуцлага хүлээлгэж болохгүй тул хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч хүлээх нь зүйтэй.

Тухайн барилгын шитний өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны өмч тул Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт зааснаар СӨХ барилгын хийц зохион байгуулалтыг холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх шийдвэрийг ...тэй хамтран гаргаж хууль бус үүрэг даалгаврыг өгсөн болох нь зохигчийн тайлбар, мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон. Мөн тус өрөө нь ...ийн төрсөн дүү Э.Отгон-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэхийн тулд хийгдсэн ажил болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ....ий үйлдлийг гэмт хэрэгт тооцсон шийдвэр болон таслан сэргийлэх тогтоол гаргаагүй. Иймд анхан шатны шүүх ....өөс 22,551,668 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй тэнцэх 540,000 төгрөг гаргуулж байгууллагад олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч ....ий давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

11. Хариуцагч ....ий давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ...ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

....ий илт болгоомжгүй үйлдлээс н.Хаш-Эрдэнийн биед гэмтэл учруулсан. Анхан шатны шатны шүүх ....ий гэм буруутай холбоотой хэсэгт үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн гэм хорын эрх зүйн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгчийн шаардах эрх болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.1. .............. ОНӨААТҮГ нь хариуцагч ..., ...., ...... нарт холбогдуулан гэм хорын хохиролд 45,103,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

1.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00847 дугаар шийдвэрээр хариуцагч .............. ОНӨААТҮГ-аас 57,872,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........-эд олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1524 дугаар магадлалаар хариуцагч .............. ОНӨААТҮГ-аас 44,721,778 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........-эд, улсын тэмдэгтийн хураамжид 381,558 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж өөрчилсөн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (1хав-6-12х)

 

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалд .............. ОНӨААТҮГ-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын цахилгаанчин ......, .... нар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 12 дугаар орцны цахилгаан шитийг шилжүүлэхдээ тухайн орцны лифтчинд цахилгаан таслах талаар мэдэгдэж, түүнд зорчигч байгаа эсэхийг шалгаж үзэлгүй цахилгааны шатны хүчдэлийг тасалсны улмаас ........-ийн эрүүл мэндэд гэм хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, гэм хорын хариуцлагыг гэм хор учруулсан этгээд болох ......, .... нарын ажил олгогч .............. ОНӨААТҮГ хариуцах талаар тус тус дүгнэжээ.

 

1.3 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, мөн хуулийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ нь хариуцагч ..., ......, .... нараас гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

1.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч ..., ...... нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэж, тэдэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасантай нийцээгүй байна.

 

1.5 Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан байхад зөвхөн хариуцагч ....д гэм хорын хохирлын 50 хувийг хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба ийнхүү 50 хувийг хариуцуулсан үндэслэлээ заагаагүй, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тодорхой бус үлджээ.

 

2.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан талаар

2.1. Хариуцагч ...., ...... нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр, хариуцагч ...т холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 786/А дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдоогүй боловч тэдгээрийн илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсантай холбоотой иргэний эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд хариуцагч нар нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй болно.

 

2.2. Хэрэгт бичмэл нотлох баримтаар авагдсан прокурорын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолд хохирогч ........-э ...эрчим хүчний хувцастай 2 ажилтан миний баруун хойд талд байх цахилгааны шитийн хаалга онгойлгож байсан... гэж, гэрч лифчин Б.Нарангэрэлийн ...энэ тохиолдолд цахилгаанчин бид нарт ямар нэг зүйл хэлээгүй цахилгаан тасалсан... гэж мэдүүлсэн, шинжээч Г.Гантөмөрийн ....ХҮТ-15-ын цахилгаанчин ...., ...... нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.1-д заасныг зөрчиж, ажил гүйцэтгэхдээ ашиглагч байгууллага /СӨХ/-ийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй, цахилгаан эрчим хүчийг таслахдаа лифтэнд зорчигч байгаа эсэхийг шалгаж үзээгүй... гэж дүгнэсэн зэргээр ......, .... нарын илтэд болгоомжгүй гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. (2хх-ийн 307-310)

 

Хариуцагч ...., ...... нар нь хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт гаргаж ирүүлээгүй, тэдний тайлбар шинжээч Г.Гантөмөрийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн тул хохирлыг хариуцах үндэслэлтэй байна. (2хх-ийн 341-342)

 

2.3. Хариуцагч ... нь хариуцагч ...., ...... нарт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны шитийг зөөх ажлыг хийх үүрэг өгсөн болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

2.3.а. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02-16/04 тоот хяналт шалгалтын танилцуулгад ...Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын дарга Э.Бат-Эрдэнэ, ахлах инженер ... нар дуудлагын цахилгаанчин ...., ...... нарт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 9 дүгээр орцны цахилгааны шитийг лифтний хажуугийн зориулалтын бус өрөөнд шилжүүлэн угсрах ажлыг хийлгэх үүрэг өгсөн байна. Дээрх хоёр ажилтнаар эрсдэл өндөртэй ажлыг гүйцэтгүүлэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, байгууллагын зүгээс цахилгаан эрчим хүчийг таслах тухай албан мэдэгдлийг СӨХ, лифтчинд өгөөгүй, лифтэнд хүн зорчиж байгаа эсэхэд дотоод хяналт хийгээгүйгээр цахилгаан хүчдлийг тасалсны улмаас лифтээр зорчиж байсан цагдаагийн ажилтан гэмтсэн нь тухайн байгууллагын дарга, инженер хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллаагүй...дуудлагын цахилгаанчдаар тус дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 5 дугаар орцны цахилгааны шит, 13 дугаар хороо, 8 дугаар байрны 7 дугаар орцны шитийг шилжүүлж өөр газарт угсралт хийлгэсэн ... талаар тусгагджээ. (2хав-49-59-х)

 

Дээрх танилцуулгыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ирүүлсэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай албан мэдэгдлийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Гэрэлчимэг хийсэн ба уг танилцуулгыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, няцаасан баримтыг хариуцагч тал гаргаж ирүүлээгүй байна.

 

2.3.б. Гэрч П.Загдсүм ...миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...., ...... нарыг ямар нэгэн ажилд томилж явуулж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй... 21-ний өглөө ахлах инженер ... намайг өрөөндөө дуудаад за орой ийм асуудал боллоо, актын дэвтэр дээр гал хамгаалагч шатсан тул солилоо гэж бичүүл гэсэн, түүнийх нь дагуу бичүүлсэн..ямарч тийм дуудлага ирээгүй... гэж мэдүүлснээс гадна хэн ...., ...... нарт шит зөөх үүрэг өгсөн талаар асуусан асуултад ... ... өгсөн... гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. (хх-ийн 203, 206)

 

2.3.в. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ахлах инженерийн ажлын байрны тодорхойлолтоор хариуцагч ... нь хариуцагч ......, .... нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын зохион байгуулалтанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна. (хх-ийн 65)

 

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч ......, .... нарын гаргасан ......ийн өгсөн даалгаврын дагуу уг шитийг шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн ... гэсэн тайлбар нотлогдсон, энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.4. Харин Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу гэм хорын хохирлын зарим хэсгийг нэхэмжлэгч байгууллагын өөрийнх нь эрсдэлд хамааруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02-16/04 тоот хяналт шалгалтын танилцуулгад ...Тус байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.8-т заасныг тус тус зөрчсөн ... хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг гаргаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаж, сургалт зохион байгуулж хэвшээгүй нь эрсдэл үүсэх магадлал өндөр байна...гэж дүгнээд .............. ... эрсдлийн үнэлгээ хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах ... гэж заасан байна. (2хх-ийн 58-59)

 

2.5. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-ын 45,103,336 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 70 хувь буюу 31,572,335 төгрөгийг хариуцагч ..., ...., ...... нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 10,524,111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар болон бусад асуудлаар

 

3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2020/00847 дугаар шийдвэртэй ........-ийн нэхэмжлэлтэй, .............. ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргээр ........-эд гэм хор учирсан эсэх асуудлыг шийдвэрлэсэн.

 

Харин .............. ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, ..., ...., ...... нарт холбогдох энэ хэрэгт хариуцагчийн нарын гэм буруугийн талаар болон тэдгээрт ногдох хариуцлагын талаарх маргааныг шийдвэрлэж байгаа тул өмнө нь ....ий үйлдлийг гэмт хэрэгт тооцсон ямар нэгэн шийдвэр гараагүй гэх гомдол үндэслэлгүй байхаас гадна тухайн маргаан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байгаа тохиолдолд мөн хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

3.2. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан ажилтнуудын гэм буруугийн маргаанд тухайн харилцааг тухайлан зохицуулсан мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалт илүү хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс тооцож хохирол төлөх тухай болон мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч ..., ...., ...... нарыг давж заалдах шатны шүүхийн энэ магадлалаар ........-эд гэм хорын хохирол учирсанд гэм буруутай гэж үзэж байгаа болно.

 

3.3. Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхсайханд шүүх хуралдаанын товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 45,103,336,45,103,336 гэж буруу бичсэн байгааг 45,103,336 гэж залруулан өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 184/ШШ2022/01059 дугаар шийдвэрийн УДИРТГАЛ хэсгийн 45,103,336,45,103,336 гэснийг 45,103,336 гэж, ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.5, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...ээс 10,524,111 төгрөг, ....өөс 10,524,111 төгрөг, ......оос 10,524,111 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,531,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 383,500 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ...ээс 127,833 төгрөг, ....өөс 127,833 төгрөг, ......оос 127,833 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ....ий төлсөн 270,708 төгрөг, нэхэмжлэгч .............. ОНӨААТҮГ-ын төлсөн 270,708 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ