| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2308031440040 |
| Дугаар | 2026/ДШМ/225 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/225
2026 02 25 2026/ДШМ/225
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2308031440040 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овгийн Г-ын Б- /РД: Г-/, ....., урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Г.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны Г- тоот гэртээ байхдаа өөрийн гар утсаараа “Г-” аппликейшн рүү нэвтрэн орж “Г-” нэртэй клуб нээж, өөрийн ХААН банкны Г- тоот дансаараа 18.266 удаагийн гүйлгээгээр 455,557,333 төгрөг, П.О-гийн ХААН банкны О- тоот дансаар 8959 удаагийн гүйлгээгээр 207,755,380 төгрөг, П.Ш-ийн ХААН банкны Ш- тоот дансаар 3786 удаагийн гүйлгээгээр 108,920,597 төгрөг, Г.Г-ын ХААН банкны Б- тоот дансаар 55 удаагийн гүйлгээгээр 12,141,500 төгрөг, Г.Ц-ий ХААН банкны Ц- тоот дансаар 1299 удаагийн гүйлгээгээр 38,411,974 төгрөгийн тоглолтыг тус тус зохион байгуулснаас Г.Б- нь өөрийн ХААН банкны Г- тоот дансаараа 46,808,993 төгрөг, П.О-гийн ХААН банкны О- тоот дансаар 18,959,011 төгрөг, П.Ш-ийн ХААН банкны Ш- тоот дансаар 6,838,497 төгрөг, Г.Г-ын хаан банкны Б- тоот дансаар 220,900 төгрөг, Г.Ц-ий ХААН банкны Ц- тоот дансаар 113,978 төгрөг нийт 72,941,379 төгрөгийн ашиг олсон буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-ий гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 72,941,379 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, шүүгдэгч Г.Б-ий эзэмшлийн ХААН банкны Ц-, Г-, Л- тоот данс,
Г.Ц-ий эзэмшлийн ХААН банкны Ц-, З- тоот данс,
Г.О-гийн эзэмшлийн ХААН банкны О- тоот данс,
Г.Ц-ий эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банкны Р- тоот данс,
Б.А-ийн эзэмшлийн Хаан банкны А- тоот данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарласан Прокурорын 09, 48, 57, 66, 39, 37 дугаар зөвшөөрлийн тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Г.Б- миний бусдад учруулсан хохирлыг 72,941,379 төгрөг гэж үнэлж, тухайн мөнгийг улсын орлогод хураан авахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний учруулсан хохирол гэх мөнгөн дүнгийн хувьд хэт өндөр байх төдийгүй, бодит хохирогч байдаггүй болохыг шүүхээс харгалзан үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн миний хувьд дахин энэ гэмт хэргийг үйлдэхгүй байхаа амлаж, шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс надад 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний хувьд ахынхаа компанид ажиллаж тодорхой хэмжээний цалин хөлс авдаг учраас шүүхээс надад оногдуулсан нийтэд тустай ажил хийх ял шийтгэл нь улсад хураан авах орлогоо олж чадах боломжгүй байдалд оруулж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэлд өөрчлөлт оруулан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Э.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б-ий хувьд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн байцаах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тууштай, нэг мэдүүлэг өгч, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой 72,941,379 төгрөгийн талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд маргаагүй тул энэ асуудлаар шүүх өөрөөр шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгааг өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Гэхдээ хөнгөрүүлэх үзүүлэх боломжийн тухайд шинжээчийн дүгнэлтээр нийт орлого, зарлагыг тооцсон боловч банкны гүйлгээ бүрээс суутгагддаг 50 төгрөгийн шимтгэлийг тусгайлан авч үзээгүй байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтээр Б-ий дансаар 19,192 удаагийн гүйлгээгээр орлого, 34,294 удаагийн гүйлгээгээр зарлага, О-гийн дансаар 9,665 удаагийн гүйлгээгээр орлого, 17,830 удаагийн гүйлгээгээр зарлага, Ш-, Г-, Ц- нарын дансаар мөн адил тооны гүйлгээ хийгдсэн гэж дүгнэсэн. Хэрэв эдгээр гүйлгээ бүрээс суутгагдсан 50 төгрөгийн шимтгэлийг тооцож хассан бол нийт 8,173,300 төгрөгийг 72,941,379 төгрөгөөс хасаж тооцох боломжтой байсан талаар дурдмаар байна. Гэсэн хэдий ч шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Мөн хууль бусаар олсон ашиг орлогыг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хууль бусаар олсон орлогоо улсын орлого болгохыг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар солихыг хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү... 720 цагийн нийтэд тустай ажил хийх нь Б-ий хувьд ар гэрийн амьдралд ноцтой нөлөөлж, үр хүүхдээ асран хүмүүжүүлэх, өвчтэй эхнэртээ дэмжлэг үзүүлэх боломжийг үгүй болгох нөхцөл үүсэхээр байна. Иймд шүүхээс зөвхөн хохирол, мөнгөн дүнгээр бус, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг бүх талаар нь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б-ий хувьд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэрийг харгалзан үзэх нь зүйтэй. Тэрээр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан бөгөөд уг үйлдлээ хэрэгжүүлэхдээ гэр бүлийн хамаарал бүхий дөрвөн этгээдийн дансыг ашигласан нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нь тогтмол эрхэлсэн ажилгүй, байнгын орлогогүй байсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ярьж буй орлого, зарлагын асуудлын тухайд мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтийг шүүгдэгч Б-д танилцуулсан. Шинжээч нийт гүйлгээг нэг бүрчлэн тооцож, зөвхөн мөрийтэй тоглоомтой холбоотой орлого, зарлагыг ялган дүгнэсэн. Тухайлбал, нийт орлого 455,557,300 төгрөг, нийт зарлага 408,748,340 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр зарлагыг орлогоос хасаж, үлдэгдлийг ашиг гэж тооцсон бөгөөд энэ нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд уг дүгнэлттэй холбоотойгоор прокурорын хяналтад гомдол гаргаагүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзсэн. Иймд шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны Г- тоот гэртээ байхдаа өөрийн гар утсаараа цахим орчинд “Г-” аппликейшн рүү нэвтрэн орж “Г-” нэртэй тоглох өрөө үүсгэн, өөрийн ХААН банкны Г- тоот дансаараа 18.266 удаагийн гүйлгээгээр 455,557,333 төгрөг, П.О-гийн ХААН банкны О- тоот дансаар 8959 удаагийн гүйлгээгээр 207,755,380 төгрөг, П.Ш-ийн ХААН банкны Ш- тоот дансаар 3786 удаагийн гүйлгээгээр 108,920,597 төгрөг, Г.Г-ын ХААН банкны Б- тоот дансаар 55 удаагийн гүйлгээгээр 12,141,500 төгрөг, Г.Ц-ий ХААН банкны Ц- тоот дансаар 1299 удаагийн гүйлгээгээр 38,411,974 төгрөгөөр бусдаар мөрий тавиулан “покер” гэх тоглоом тоглуулан өөрийн ХААН банкны Г- тоот дансаараа 46,808,993 төгрөг, П.О-гийн ХААН банкны О- тоот дансаар 18,959,011 төгрөг, П.Ш-ийн ХААН банкны Ш- тоот дансаар 6,838,497 төгрөг, Г.Г-ын ХААН банкны Б- тоот дансаар 220,900 төгрөг, Г.Ц-ий ХААН банкны Ц- тоот дансаар 113,978 төгрөг, нийт 72,941,379 төгрөгийн ашиг олсон болох нь:
Гэрч Г.Ц-ий “...миний төрсөн ах Г.Б- гэж хүн байдаг юм. Тэгээд Г.Б- ах маань 2023 оны 10 дугаар сарын эхээр надаас банкны дансаа хэд хоног хэрэглүүлчих гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн эзэмшлийн ХААН банкны Ц- тоот дансыг өгч интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг хэлж өгсөн юм. Тэгээд удалгүй “...дахин данс байна уу...” гэхээр нь Худалдаа хөгжлийн банкны Р- тоот дансыг өгөөд бас нэвтрэх нэр, нууц кодыг хэлээд өгсөн юм. Миний өгсөн тус хоёр дансыг удалгүй битүүмжилсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16/,
Гэрч П.О-гийн “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33-р байрны Г- тоотод нөхөр Г.Б- болон 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Тэгээд манай нөхөр Г.Б- нь гар утсаараа цахим мөрийтэй тоглоом тоглуулаад байх шиг байдаг байсан, би тэрэнд нээх оролцоо байдаггүй, тийм зүйл тоодоггүй юм. Тэгээд манай нөхөр Г.Б- нь 2023 оны 10 дугаар сарын эхээр миний эзэмшлийн ХААН банкны О- тоот дансыг маань авсан. Нэвтрэх нэр, нууц кодыг маань мэддэг. Тухайн цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаандаа ашигласан байсан. Удалгүй хэд хоноод миний дансыг битүүмжилсэн байсан юм. Тэгээд тухайн дансаа нээх тоолгүй орхисон байсан. Удалгүй цагдаагаас дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19/,
Гэрч П.Ш-ийн “..Г.Б- нь 2023 оны 10 дугаар сарын эхээр надаас “...дансаа өгөөч би хүнээс мөнгө авах гээд байна...” гэхээр нь миний хүү надад зөндөө тус болж байсан болохоор нь би итгээд өөрийн хаан банкны Ш- тоот дансыг нэвтрэх нэр, нууц кодтой нь хамт өгсөн юм. Тэгээд тухайн хугацаанд ашиглаж байгаад над руу Хаан банкны дансыг чинь битүүмжлэгдлээ, дахиад данс байна уу...” гэхээр нь би нээх их юм бодолгүй дахин Хас банкны 5005... гэсэн дансаа өгсөн...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 198/,
Гэрч Б.Н-ийн “...би Худалдаа хөгжлийн банкны Н- тоот дансыг 2023 оны 10 сарын эхээр авсан юм. Тэгээд ашиглаж байгаад удалгүй Б-ээ ах холбогдоод “...Голомт банкны данс амар байдаг юм шиг байна, шимтгэл багатай юм байна чи ахдаа нээгээд өгөөч...” гэсэн. Цамбагаравын Голомт банкны салбар дээр очиж 1Н- данс нээлгээд Б- ах руу нэвтрэх нэр, нууц кодыг хэлээд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200/,
Гэрч Г.Г-ын “... Миний төрсөн хүү болох Г.Б- нь 2023 оны 10 дугаар сарын дундуур над руу залгаад “...аав би дансаа хаалгачихлаа надад түр хэрэглүүлэх данс байна уу...” гэсэн. Би “...яагаад дансаа хаалгуулчхав аа” гэсэн чинь “...аав би дараа нь хэлье” гэсэн... Өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансыг интернэт банкны нэвтрэх нэр нууц үгтэй нь хамт өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202/,
Г-ын Ц-ий Хаан банк дахь Ц-, П-ийн Ш-ийн Хаан банк дахь Ш-, П-гийн О- Хаан банк дахь О-, Б-ы Н-ийн Хаан банк дахь Б-, Г-ын Б- Хаан банк дахь Г-, Г-ын Г- Б- дугаартай данснуудад үзлэг хийж тоглоом тоглох, мөрий тавих зорилгоор бусдаас шилжүүлсэн мөнгөн гүйлгээний мэдээллийг тусгасан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 58-64/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ040125/104 дугаартай “...Г.Б-ий ХААН банкны Г- дансаар 18266 удаагийн гүйлгээгээр 455,557,330 төгрөгийн орлого орж 408,748,340 төгрөгийн зарлага гарсан...П.О-гийн ХААН банкны О- дансаар 8959 удаагийн гүйлгээгээр 207,755,380 төгрөгийн орлого орж, 188,796,340 төгрөгийн зарлага гарсан... П.Ш-ийн Ш- дансаар 3786 удаагийн гүйлгээгээр 108,902,597 орлого орж 102,082,100 төгрөгийн зарлага гарсан...Г.Г-ын ХААН банкны Б- дансаар 12,141,500 төгрөгийн орлого орж, 11,920,600 төгрөгийн зарлага гарсан... П.Ц-ий ХААН банкны Ц- дансаар 38,411,974 төгрөгийн орлого орж, 38,297,966 төгрөгийн зарлага гарсан... дээрх мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй орлогын гүйлгээнд хамааралгүй гүйлгээ ороогүй...” гэх дүгнэлт /2хх-ийн 166-170/,
Шинжээч Д.Б-гийн “...Эрүүгийн цагдаагийн албаны ЭЗГХТГ-ын санхүүгийн шинжээчийн гаргасан 47250029 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар Г.Б-ий өөрийн эзэмшдэг ХААН банк дахь Г- тоот дансаар 2023.01.01-2023.11.22-ны өдрийн хугацаанд “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэх орлого 455,557,333.00 төгрөгийн, зарлагын 408,748,340.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь үндэслэлтэй ба орлого зарлагын зөрүүгээр ашиг, алдагдал тооцогдоно. Өөрөөр хэлбэл Г.Б- нь 46,808,993.00 төгрөг /455,557,333.00-408,748,340.00/ ашиг олсон гэж үзэхээр байна. Тэгэхээр Г.Б- нь өөрийн хаан банкны Г- тоот дансаараа 46,808,993.00 төгрөгийг ашиг олсон байна. Ингээд хүн тус бүр дээр зөвхөн “Цахим мөрийтэй тоглоомын орлого байж болзошгүй” гэх орлого, зарлагын хувьд /орлого зарлага=+ашиг, алдагдал/ ашиг, алдагдал гарна. П.О-гийн хаан банкны О- тоот дансаар 18,959,011.00 төгрөг, П.Ш-ийн хаан банкны Ш- тоот дансаар 6,838,497.00 төгрөг, Г.Г-ын хаан банкны Б- тоот дансаар 220,900.00 төгрөг, Г.Ц-ий хаан банкны Ц- тоот дансаар 113,978.00 төгрөгийн ашигтай олсон нөхцөл байдалтай байна. Г.Б- нь дээрх хүмүүсийн дансаар мөрийтэй тоглоом тоглуулж нийт 72.941.379 төгрөгийн орлого олсон байх боломжтой байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 176-177/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр “мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Тодруулбал, шүүгдэгч Г.Б- 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны Г- тоот гэрээсээ цахим орчинд гар утсаараа “Г-” аппликейшн рүү нэвтрэн орж, “Г-” нэртэй тоглох өрөө үүсгэн, өөрийн болон төрөл садангийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн арилжааны банкин дахь дансуудыг ашиглан бусдаар мөрий тавиулан “покер” гэх тоглоомыг тоглуулан ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг хангасан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Г.Б- “...Бусдад учруулсан хохирлыг 72,941,379 төгрөг гэж үнэлж, гаруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна...720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлд өөрчлөлт оруулан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулах үүрэгтэй.
Шүүгдэгч Г.Б-д шүүх ял оногдуулахдаа дээрх зарчмуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгон, 720 цагийн хугацаагаар оногдуулсныг буруутгах эсвэл өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан үйлдлийг хийсэн тохиолдолд “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн шинж хангагдах бөгөөд заавал бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хууль тогтоогч тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй бөгөөд хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “... энэ хуулийн тусгай ангид заасан... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...” ойлгохоор хуульчилсан бөгөөд энэ төрлийн хууль бус ашгийг гэмт хэрэг үйлдсэн хүнд ногдох хөрөнгөөс албадан гаргаж улсын төсөвт шилжүүлэн шийдвэрлэж байх үүргийг шүүхэд хүлээлгэжээ.
Үүний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ий мөрийтэй тоглоом цахим орчимд зохион байгуулах замаар олсон ашгийг 47250029 дугаартай мөрдөгчийн магадалгаа, 040125/104 дугаартай эдийн засгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр буюу 72,941,379 төгрөгөөр тооцон, түүнээс гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Тодруулбал, анхан шатны шүүх уг 72,941,379 төгрөгийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол гэж дүгнээгүй харин гэмт хэрэг үйлдэх замаар буюу хууль бусаар олсон ашиг гэж үзсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Б-ий “...хохирол гаргуулахаар шийдсэнд гомдолтой...ял хөнгөрүүлэх...” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар, тоглосон бол Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр энэ төрлийн хууль бус үйлдэлтэй тэмцэх төрийн бодлогыг хууль тогтоомжийн хэмжээнд тодорхойлжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд хамрагдан бооцоо, мөрий тавин тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авах нь энэхүү гэмт явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой болохыг тэмдэглэж байна.
Мөн прокурор яллах дүгнэлтдээ “...шинжээч эмч Д.Б-гийн...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2736 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА