2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/03806

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 12 191/ШШ2026/03806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,

 

74,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.*******,

Хариуцагч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Э.******* нь хувиараа бизнес эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор БНХАУ-аас түүхий эд болон бараа материал худалдан авдаг тул валют арилжааны газраар үйлчлүүлдэг.

2024 оны 08-р сарын 17-ны өдөр юань худалдан авахаар " " валют арилжааны төвд ажилладаг 5 жилийн өмнөөс очиж валют авдаг байсан А.******* гэдэг хүнтэй холбогдож wechat-аар ярьж 200 мянган юан бэлэн бусаар мөнгөн гуйвуулга хийхээр монгол мөнгөөр 95,800,000 /ерин таван сая найман зуун мянга/ төгрөгийг Хаан банк тоот А.*******ын дансанд 47,900,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж шилжүүлсэн. А.******* уг юанийг БНХАУ дахь нэхэмжлэгчийн хамтрагчийн дансанд 200,000 юаныг 100,000-аар 2 удаа гүйлгээ хийж хятад дахь дансанд шилжүүлсэн.

Гэвч 2024 оны 08-р сарын 19-ны өдөр манай хятад талын түншийн дансыг хятад талаас барилт хийж гүйлгээ хийгдэх боломжгүй болсон. Тухайн данс хаасныг Хятад талын банкнаас асуухад тэдний Цагдаагийн газраас 200,000 юань нь "хууль бус эх үүсвэртэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр данс хаагдсан талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчид тухайн мөнгө асуудалтай гээд данс хаасан тухай мэдэгдэж мөнгөө авъя гэж шаардахад Би төлнө, мөнгөний учир олдтол гээд 30,000,000 төгрөгийг 2024 оны 12-р сарын 09-нд Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн.

БНХАУ-д шалгаж байгаад шилжүүлсэн юаныг 2025 оны 04-р сарын 21-ны өдөр Хятадын цагдаагийн газар татаж авсан учир би монгол талд гүйлгээ хийсэн А.*******аас мөнгөө авахаар шаардахад тэрээр төлнө, удахгүй гэсээр өнөөдрийг хүрч байна.

Тэрээр өнөөдрийг хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байна. Би эдийн засгийн хувьд хүнд байдалтай санхүүгийн асуудлууд үүсч, барааны эргэлтийн мөнгө дутагдаж, бараа таваараа татаж чадахгүйд хүрч асар их хохирол амсаж байна.

А.******* нь 95,800,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг өгсөн, үлдэх 65,800,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч ашиглаж байгаа бөгөөд уг нь тэр мөнгийг банкинд хүүтэй байршуулсан бол жилийн 12 хувийн хүү авах боломжтой байсан гэж үзэж байна.

Ер нь 2024 оны 10-р сарын 09-ний өдрөөс 2025 оны 10-р сарын 09-ний өдрийн хооронд 65,800,000 төгрөгийг Хаан банкны хадгаламжийн жилийн хүү болох 12 хувиар тооцоход 8,220,000 төгрөг олох боломжтой байсан.

Иймд А.*******ад 200,000 юанийг тухайн үеийн ханш 479 төгрөгөөр бодож 95,800,000 төгрөг өгсөн, үүнээс түүний төлсөн 30,000,000 төгрөг, 1 юанийг 505 төгрөгөөр бодож 59405 юанийг тооцон хасаж тооцоход үлдэгдэл нь 140,595 юань бөгөөд түүнийг тухайн өдрийн ханш 507,5 төгрөгөөр тооцож, 71,351,962 төгрөг, банкны хадгаламжийн хүүгээр тооцож алдагдал буюу олох ёстой орлогод тооцож 2,668,038 төгрөг, нийт 74,020,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.******* нь татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Э.******* надтай холбогдож, БНХАУ-аас бараа худалдан авахад юань хэрэгтэй байна та шилжүүлэг хийгээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Д. юань асуухад урд байдаг танилаараа шилжүүлэг хийлгээд өгье гэж хэлсэн. Тэгээд Э.*******ийн өгсөн БНХАУ-ын Тариалан банкны хоёр дансыг Д. өгч тус бүрд нь 100,000 юань буюу нийт 200,000 юаны шилжүүлэг хийлгээд, төгрөгийг Д. Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн.

Би Монгол, БНХАУ-ын хооронд юаны шилжүүлэг хийхэд тусалснаас өөр зүйл байгаагүй. Хүнд тусалсан биш өөрөө хүнд байдалд ороод байна.

Үүнээс хойш Цагдаагийн Ерөнхий газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад явж байгаа бөгөөд Э.*******ийг юанийн шилжүүлэг хийгээд өгөөч гэхэд хүнд зуучлан өгсөн болохоор, түүнийг хохироосон мэт сэтгэгдэл төрж, мөнгөө авмаар байна гээд удаа дараа нэхэхэд нь өөрийн зүгээс 30,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн нь үнэн.

Түүнээс гадна би өөрөө ч гэсэн хохирсон бөгөөд цаашид өөрийн санхүүгээр хохирмооргүй байна. Нэхэмжлэгчийн надаас шаардаж байгаа мөнгийг огт аваагүй, түүнд эргүүлэн өгөх үүрэг үүсээгүй. Маргаан бүхий мөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, үйл баримт, мөнгөний орлого, зарлагын талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Э.******* нь гадаад гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх нэрээр авсан мөнгөө шилжүүлэн авах этгээдэд шилжүүлж өгөөгүй гэж худал мэдээлсэн байна. Д.Наранжаргал нь 200,000 юанийг Э.*******ийн өгсөн хоёр дансанд 100,000 юанаар хувааж шилжүүлсэн бөгөөд хятад талын харилцагчийн дансанд орсон гэдгийг тухайн үед Э.******* өөрөө баталгаажуулсан.

Мөн тэрээр уг хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэл зорилго байхгүй, хэргийг удаашруулах зорилготой байх бөгөөд уг асуудлаар бидэнд өмнө хэлдэг байсан үлдэгдэл мөнгийг "төлнө удахгүй гэх түүний байр суурь нь өөрчлөгдсөн" гэж мөн худал мэдүүлжээ. Хүсэл зорилго байхгүй дээ Э.*******ээс анх хятад талын хүлээн авагчийн данснуудад барилт хийгдсэн байна гэж сонсмогцоо Эрүүгийн цагдаад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авахуулж гэх өвөр монгол эмэгтэйг хилээр гарч зугтах гэж байхад нь Замын Үүдэд саатуулж авчруулах уу, бас түүнийг удаа дараа, мөнгөгүй, хэцүү байна гэхэд нь өмнө олон жил ажлын харилцаатай байсныг бодоод өөрийн зүгээс хүртэл 30,000,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө манай ажлын өрөөнд гэрчийн дэргэд хэрэг бүрэн шийдвэрлэгдэж дуусах хүртэл ахиж мөнгө нэхэмжлэхгүй гэж харилцан тохиролцоод өгсөн байдаг.

Э.*******эд өгсөн 30,000,000 төгрөгний 15,000,000 төгрөгийг би өөрөө, 15,000,000 төгрөгийг нь би Д. гаргуулж өгсөн, гар гараа дагах учраас 15,000,000 төгрөг нь Д.Наранжаргал бид 2-ын хооронд тооцогдох учиртай.

Маргаан бүхий мөнгө нь Цагдаагийн Ерөнхий газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаад явж байгаа бөгөөд би тэр мөнгийг хувьдаа ашиглаагүй, тэр даруй Д. шилжүүлсэн тул Арилжааны банкны хадгаламжийн 12 хувийн хүүгээр тооцон алдагдал хохирлыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д зааснаар уг иргэний хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Э.*******ээс 95,800,000 төгрөг хүлээн авснаас 30,000,000 төгрөг өгсөн учир үлдэгдэл 65,800,000 төгрөгийг зөвшөөрнө, түүнээс биш валютын ханшны зөрүү тооцохыг зөвшөөрөхгүй, мөн мөнгийг өөртөө авч ашиглаагүй тул хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болох:

3а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн мэдээлэл, Э.*******ийн тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025.10.15-ны өдөр Э.*******ээс Ё.*******д олгосон 3 жилийн хугацаатай итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх 1-7, 25-26/,

3б. Хариуцагчаас ирүүлсэн: А.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн албаны 2025.11.03-ны өдрийн 112-3/ дугаартай албан тоот, хариу тайлбар, /хх 10, 20-21, 32/

3в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2026.03.10-ны өдрийн Ц-1/1125 дугаар албан тоот, хавсралт /хх 83-98/ зэрэг хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч А.*******ад холбогдуулан 71,351,962 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,668,038 төгрөгийг хохиролд тооцон ихэсгэж, нийт 74,020,000 төгрөг болгосон.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 65,800,000 төгрөгийг зөвшөөрч, 8,220,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ... гадаад валют буюу юань худалдан авахаар тухайн үеийн ханшаар тооцож төгрөг шилжүүлсэн, буцааж өгсөн төгрөгийг мөн үеийнх нь ханшаар тооцож хассан, үлдэх төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон, хохирлыг арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцсон гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ...юань худалдан авахаар төгрөг шилжүүлсэн тул үлдэгдэл төлбөрийг төгрөгөөр тооцох учиртай, ханшийн зөрүү тооцсон нь үндэслэлгүй, мөнгийг өөртөө авч ашиглаагүй тул хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6а.Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн Хаан банк ХК-ийн тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан, уг баримтад Э.******* нь 2024 оны 08 сарын 17-ны өдөр 47,900,000 төгрөг, 47,900,000 төгрөг, нийт 95,800,000 төгрөгийг А.*******ын мөн банк дах тоот дансанд утгаар,

 

А.******* нь 2024 оны 12 сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөгийг Э.*******ийн дээрх дансанд утгаар тус тус шилжүүлжээ. /хх 4-6/

 

6б. Зохигчийн тайлбар, дээрх баримтаас үзэхэд 2024 оны 08 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь 200,000 юанийг худалдан авахаар хэлэлцэн тохирсон буюу тухайн үеийн ханшаар тооцож 95,800,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь 200,000 юанийг бэлэн бусаар нэхэмжлэгчийн нэрлэсэн дансанд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

6в.Дээрх тогтоогдож буй үйл баримтын талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

6г. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

 

7. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.******* нь 200,000 юань буюу тухайн үеийн ханшаар тооцож 95,800,000 төгрөгийг хариуцагч А.*******ын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин А.******* нь хэлэлцэн тохирсон хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх ба энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

8. Харин зохигч үүргийг гүйцэтгэхдээ үндэсний мөнгөн тэмдэгт, эсхүл гадаадын мөнгөн тэмдэгтийн тухайн үеийн зарласан ханшаар тооцох эсэх талаар маргасан.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд талуудын маргахгүй байгаа тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гадаадын мөнгөн тэмдэгт буюу юань худалдан авахаар тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн байх тул төлбөр тооцоог харилцан тооцохдоо мөн дээрх байдлаар харилцан тооцох нь зүйтэй байна.

 

9а. Нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 09-ний өдөр хариуцагчаас 30,000,000 төгрөг шилжүүлснийг 1 юанийг 505 төгрөгөөр тооцож 59,405 юань хүлээн авсан гэсэнтэй хариуцагч маргаагүй тул үлдэх 140,595 юанийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханш болох 504.37 төгрөгөөр тооцов.

/140,595 юаньХ504.37төгрөг=70,911,900төгрөг/

 

10. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 65,800,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 09-ний өдрөөс 2025 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалуулсан тохиолдолд олох ёстой орлогод тооцож 2,668,038 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилсэн.

 

Тэрээр дээрх хохирлыг Хаан банк ХК-ийн хадгаламжийн жилийн хүү 12 хувиар тооцсон байх боловч тухайн банкинд хадгаламжтай байсан гэдгийг, түүнчлэн тухайлан уг банкны хадгаламжийн хүүг сонгож хохирол тооцох болсон нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар сарын зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

11. Иймд хариуцагч А.*******аас 70,911,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,108,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 512,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасан.

 

13а. Хэрэгт авагдсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс үзэхэд Д. гомдол, мэдээллээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, уг хэрэгт А.*******ыг гэрчээр асуусан болох нь тогтоогдож байна. /хх 83-89/

 

Үүнээс үзэхэд дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг шийдвэрлэхээс өмнө Э.*******ийн нэхэмжлэлтэй, А.*******ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******аас 70,911,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,108,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид  512,509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 сарын 06-ны өдрийн 191/ШЗ2026/0 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 191/ШТ2026/00 дугаар Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол нь тус тус хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ