Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2026/02320

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,,,,,*******од оршин суух,/,

Нэхэмжлэгч: ,,,,,*******од оршин суух, / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ,,,, /-т холбогдох,

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Цэндпүрэв, нэхэмжлэгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч Ж., Г. нар нь шаардах эрхийн үндэслэлээ ...Бидний хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтлаагүй. Хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор дуудлага худалдааг явуулаагүй тул гомдолтой байна. Мөн хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшаас хэт багаар тогтоосон, хөрөнгийн үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас хойш хугацаа өнгөрч хөрөнгийн зах зээл дээрх ханш өөрчлөгдсөн тул хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгаж өгнө үү... гэж тодорхойлсон.

2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгч нарын дээрх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул анхны албадан дуудлага худалдааг хуульд заасан арга, журмын дагуу явуулсан. Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байсан тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

2.3 Нэхэмжлэгч Г.д шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул талуудын саналаар шүүх хуралдааныг үргэлүүлэв.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар уригдагч тал Г., Ж. нар нь өргөдлийн шаардлага 850,000,000 төгрөгийг өргөдөл гаргагч Ди Жи кредит ХХК-д төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна.

3.2 Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан ******* дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг гэх баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

3.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч нарт мэдэгдэж, Г., Ж. нарын өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй,, 15 дугаар хороо,, *******,*******,*******од байрлах, 320 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолуудаар битүүмжилж, хураан авчээ.

3.4 Төлбөр төлөгч, төлбөр авагч нар дээрх хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчээр томилж, шинжээч нь дээрх хөрөнгийг 1,695,560,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайлангаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.5 Нэхэмжлэгч нар нь Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* магадлалаар хэвээр үлдээжээ.

Мөн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* тогтоолоор нэхэмжлэгч Ж., Г. нарын нэхэмжлэлтэй, Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт гаргасан гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

3.6 Дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

3.7 Нэхэмжлэгч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10/5 дугаартай Анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолоор нэхэмжлэгч Г., Ж. нарын өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй,, 15 дугаар хороо,, *******,*******,*******од байрлах, 320 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2025 оны 09 дүгээр 19-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдэж, анхны албадан дуудлага худалдаа явуулжээ.

3.8 Түүнчлэн төлбөр төлөгч нар нь анхны албадан дуудлага худалдаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хуульд заасан хугацаанд гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дэд даргын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүйг төлбөр төлөгч нарт мэдэгдсэнээр төлбөр төлөгч нар нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

3.9 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заажээ.

Талуудын тайлбараар хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэх шатанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн болох тогтоогдож байх тул дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, ажиллагаа явагдаагүй нөхцөлд уг хугацааг тоолох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн ...хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор анхны албадан дуудлага худалдааг явуулаагүй нь хууль зөрчсөн... гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсныг хууль зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

3.10 Мөн нэхэмжлэгч нар нь ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно, 55.6 дахь хэсэгт Энэ хуулийн 55.5-д заасан үнэлгээний зардлыг хүсэлт гаргасан тал хариуцан гаргана гэж заасан ба хөрөнгийн үнэлгээг тогтоосноос хойш 6 сар өнгөрсөн байхад дахин үнэлгээг тогтоолгохгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь үндэслэлгүй... гэж тайлбарласан.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дахь заалт нь шийдвэр гүйцэтгэгчид үүрэг ногдуулсан зохицуулалт биш бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд анх тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлтээр дахин үнэлгээ тогтоолгож болох эрх олгосон зохицуулалт юм.

Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2 шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлсэн нь хуульд зөрчөөгүй гэж дүгнэв.

3.11 Мөн нэхэмжлэгч Г., Ж. нарын өмчлөлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй,, 15 дугаар хороо,, *******,*******,*******од байрлах, 320 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг 1,695,560,000 төгрөгөөр үнэлсэн Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн үнэлгээг 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн тул тухайн хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй.

Хэрэгт Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээ хуулбар хувиар авагдсан бөгөөд уг баримтын үнэн зөвийн талаар зохигч маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар түүнийг баримтаар үнэлсэн болно.

3.12 Иймд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ж., Г. нарын анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН