| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/10931/И |
| Дугаар | 197/ШШ2026/02321 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2026/02321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,,,,, ХЗХ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,,/-д холбогдох,
5,846,291.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Сүхгэрэл, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавзмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ХЗХ нь хариуцагч Б.өөс зээлийн гэрээний үүрэгт 5,846,291.25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
3. Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч нь ...Манай хадгаламж зээлийн хоршооны гишүүн, хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,333,306.05 төгрөг, үндсэн хүү 2,160,201.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352,784.08 төгрөг, нийт 5,846,291.25 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна... гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Энэ асуудал надтай хамт амьдардаг байсан н.Сэлэнгээ гэж хүнээс улбаатай. Тухайн үед н.Сэлэнгээ ...миний зээлийн лимит хэтэрсэн байгаа болохоор чиний нэр дээр зээл авахуулъя... гэсэн. н.Сэлэнгээ нь надад хэлэхдээ бичиг цаасан дээр л ингэж харагдаж байгаа гэсэн. Тухайн үед би гэрээнд гарын үсэг зурахдаа уншаагүй зүгээр итгээд за, за гээд гарын үсгээ зурсан. ХЗХ-оос орж ирсэн мөнгө миний данс руу ч ороогүй. Энэ мөнгөний талаар би мэдэхгүй. Миний данснуудын нэвтрэх нэр, нууц кодыг н.Сэлэнгээ л ашигладаг байсан. Би ******* гэдэг цэвэрлэгээний компаниа ч н.Сэлэнгээд луйвардуулсан. Мөн би энэ хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэж байгаагүй... гэх агуулгаар маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч ХЗХ нь 2016 оноос эхлэн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/
4.2 Нэхэмжлэгч ХЗХ, хариуцагч Б. нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, ******* дугаартай барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 0.8 хувийн зээл олголтын шимтгэлтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгохоор тохиролцож, зээлийн мөнгөн хөрөнгө болох 4,960,000 төгрөгийг хариуцагч Б.ийн Капитрон банкны ******* тоот дансанд Б. зээл олгов гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээгээр ******* ХХК-ийн эзэмшлийн 0******* дугаартай газар эзэмших эрхийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, шилжүүлгийн хуулгаар тогтоогдож байна.
4.3 Нэхэмжлэгч ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 4,960,000 /0.8 хувийн шимтгэл тооцсон дүнгээр/ төгрөгийг хариуцагч Б.ийн Капитрон банкны ******* тоот дансанд Б. зээл олгов гэх гүйлгээний утгатайгаар 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн зээлийн мөнгө миний данс руу ч ороогүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна./хх-ийн 31-р тал/
4.4 Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ийг тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн гэж тайлбарлаад гишүүний анкет гэх баримтыг гарган өгсөн. Харин хариуцагч нь би гишүүнээр элсэж байгаагүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан ХЗХ-ны гишүүний анкет гэх баримтанд хариуцагчийн хувийн мэдээллүүдийг тусгасан байх боловч гишүүний гарын үсэг зурах хэсэгт хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй байна. /хх-ийн 13-р тал/
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Сүхгэрэл нь ...уг анкетыг н.Сэлэнгээ и-мэйлээр явуулж байсан байх аа... гэж тайлбарласан.
Тиймээс хариуцагч Б.ийг ХЗХ-ны гишүүнээр Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу элсээгүй, тус хоршооны гишүүн биш гэж дүгнэх үндэслэлтэй.
4.5 Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэхь хэсэгт Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татахыг хориглохоор зааснаас үзвэл хадгаламж, зээлийн хоршоо нь зөвхөн гишүүддээ зээл олгох чиг үүрэг бүхий үйл ажиллагааны онцлог журамтай болохыг тусгайлан зохицуулжээ.
Гэтэл хариуцагч Б.ийг тус хоршооны гишүүнээр элсээгүй байхад зээл олгосон нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн буюу хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэхь хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж дүгнэв.
4.6 Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан ч уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үр дагавар үүснэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.
4.7 Нэхэмжлэгч нь ...хариуцагчийг зээл авснаас хойш 4 удаагийн гүйлгээгээр 2,339,030 төгрөгийг төлсөн... гэж, хариуцагч ...би зээлийн эргэн төлөлтийн талаар юу ч мэдэхгүй, миний дансыг н.Сэлэнгэ удирдаж байсан... гэж тайлбарласан.
Иймд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хариуцагч няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 2,339,030 төгрөг төлсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн хэрэгт авагдсан 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг хүртэлх Б. гэх утгаар нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нь ...хариуцагчийн өмнө авсан зээлийн төлөлт юм... гэж, хариуцагч нь ...төлөлтийн талаар мэдэхгүй... гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын тайлбарыг үнэлсэн болно.
4.8 Мөн хариуцагч нь зээлийн гэрээнд өөрөө гарын үсгээ зурсан, н.Сэлэнгэ гэх хүний гуйлтаар зээл авч өгсөн гэх агуулгаар тайлбараа гаргаж байх тул түүнийг өөрийн хүсэл зоригийн үүднээс зээлийн гэрээг байгуулсан гэж дүгнэв.
Харин зээлийн мөнгөн хөрөнгийг ямар байдлаар зарцуулсан, хэнд шилжүүлэн өгсөн нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.9 Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй тул тус гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх дүгнэлт өгөөгүй болно.
4.10 Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б. нь үндсэн зээл 5,000,000 төгрөгөөс 2,339,030 төгрөгийг нь төлсөн гэж дүгнэж, үлдэх 2,660,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,185,321.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 57,526 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5, 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.өөс 2,660,970 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,185,321.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 108,491 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 57,526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэхь хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН