Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/240

 

2026             03         03                                                                         2026/ДШМ/240

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана /цахимаар/,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 03 дугаартай прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцэлд үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2507 00413 0357 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н- овгийн Б-ийн Д-, ......, урьд ял шийтгэлгүй, /РД:Б-/.

Шүүгдэгч Б.Д- нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1.0 промилли, амьсгал дахь спиртийн агууламж 0,80 хувь байхдаа Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Тэрэлжийн “Хос хэрэм” амралтын газрын замд Тоёота Сай /Toyota Sai/ маркийн Б- УКК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н- овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/4405 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолж, эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганбагана давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхдээ эрх хасах нэмэгдэл ялыг зөрчлийн шийтгэврээр хүлээлгэсэн эрх хасах шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан бөгөөд шүүгдэгчид Б.Д-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульд хугацааг тодорхой заасан.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм хэргийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээсэн хүн шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсны дараа, эрх хассан хугацаанд дээрх үйлдлийг дахин, давтан гаргасан бол сүүлийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны шийдвэр гүйцэтгэх журам нь тусдаа бие даасан хуулиар зохицуулсан байхад анхан шатны тойргийн шүүхээс зөрчлийн улмаас эрх хассан шийтгэлийг эдэлж дууссаны дараа гэмт хэргийн улмаас эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тоолохоор тогтоосон нь буюу шүүгдэгчийн эхний үйлдэлд хүлээлгэсэн зөрчлийн шийтгэврийн биелэлтийг давтан буюу хоёр дахь удаагийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааруулсан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Г.Ганбаганын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Д- нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1.0 промилли, амьсгал дахь спиртийн агууламж 0,80 хувь байхдаа Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Тэрэлжийн “Хос хэрэм” амралтын газрын замд Тоёота Сай /Toyota Sai/ маркийн Б- УКК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсан болох нь гэрч З.Д-, Ц.Б-, Ч.Ш- нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Д-гийн тэдгээртэй агуулгын зөрүүгүй яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч ахлах ахлагч Ж.Батбаярын илтгэх хуудас, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч З.Д-ий “...2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б- УКК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн жолоодож явсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд иргэн Б.Д-гээс мэдүүлэг тайлбар авахаас өмнө согтолтын зэргийг шалгах төхөөрөмжөөр шалгаж үзэхэд 0,80 хувийн согтолттой байсан тул мэдүүлэг авах боломжгүй байсныг тэмдэглэв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0325/4607 дугаартай “...Шинжилгээнд “Г-531” гэж хаяглан ирүүлсэн 0000179309, 0000179442 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ...” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний лабораторийн “...“Г-531” гэж хаяглан ирүүлсэн 0000179309, 0000179442 хуруу шилний дугаартай цусны дээжийн этилийн спиртийн агууламж 1.0 промилли. ...” сорилын дүн, цагдаагийн асап сангийн лавлагаа, “...Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2025.02.21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан, 0,40 хувийн согтуурлын зэрэгтэй...” гэх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх53/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Д-г ХөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулж, шийтгэл хүлээсэн атлаа дахин 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Сай /Toyota Sai/ маркийн Б- УКК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

               Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.Д- нь урьд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, түүний уг зөрчилд шийтгэл оногдуулж улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хассан болох нь Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сард Улаанбаатар хот 100 айл хувьцаа явж байгаад замын цагдаа таараад 400.000 төгрөгөөр торгуулж 1 жил эрхээ хасуулсан. ...намайг үлээлгэхэд 0,80 хувьтай гарсан. ...” /хх42-43/ гэх мэдүүлэг, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх52/, “...Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2025.02.21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7_5.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан, 0,40 хувийн согтуурлын зэрэгтэй...” гэх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх53/ зэргээр тогтоогдож байна.

               Гэтэл шүүгдэгч Б.Д- нь дээрх цаг хугацаанаас хойш 4 сар буюу 120 хоногийн дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ХөД-ий аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна.

               Энэхүү үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан гэрч З.Д-ий “...Би тухайн өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүрэгт ажлын хүрээнд тухайн тээврийн хэрэгслийг шалгахад Б.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон бөгөөд нэг эмэгтэй хүний хамтаар явж байсныг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн байранд ирж согтолтын зэргийг шалгах төхөөрөмжөөр шалгаж үзэхэд 0,80 хувийн согтолттой байсныг ...хүлээлгэн өгсөн. ...” /хх13/, гэрч Ц.Б-гийн “...Би тухайн үед шинэ машин авчихсан байсан учир Д- ах “ах нь ганц бариад үзье” гэхээр нь “тэг тэг” гээд зөвшөөрсөн. Тэгтэл машинаа барьж яваад дэлгүүрийн гадаа очоод цагдаад баригдсан байсан. ...” /хх15-16/, гэрч Ч.Ш-ийн “...Тэгээд Б- ирээд бид нар юм яриад сууж байгаад дэлгүүр орцгоохоор болсон. Д- тэр үед Б-гийн машиныг унаад дэлгүүр явсан, тэгээд цагдаа зогсоогоод бид 2 хэлтэс рүү  явсан. ...Их уугаагүй 2-3 лааз пиво уусан. ...” /хх18-19/, Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр ...уух юм дуусчихаар нь дахин уух юм авахаар дэлгүүр орсон, ...дэлгүүрийн гадаа очоод цагдаа үлээлгээд тэгээд хэлтэс дээр ирсэн. ...намайг үлээлгэхэд 0,80 хувьтай гарсан. ...” /хх42-43/ гэх мэдүүлгүүд болон  цагдаагийн илтгэх хуудас /хх6/, мөрдөгчийн тэмдэглэл /хх7/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0325/4607 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх22-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн дээрх үйл баримтыг зөв сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

               Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Харин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан урьд зөрчлийн шийтгэврээр хүлээлгэсэн эрх хасах шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, эдгээрийн шийдвэр гүйцэтгэх журам нь тус тусдаа хэрэгжих хуулийн зохицуулалттай тул хамт хэрэглэгдэхгүй боломжгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шийтгэх тогтоолын биелэлтийг зөрчлийн шийтгэлийг биелүүлж дууссаны дараа эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж заасанд нийцээгүй байна.

Иймд, прокурорын бичсэн “...анхан шатны шүүх нэмэгдэл ялыг шүүгдэгчид эдлүүлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хангаж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд урьд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/4405 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн тоолсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ГАНДОЛГОР

                                              ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                             С.БОЛОРТУЯА