Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/248

 

2026             03         04                                                                         2026/ДШМ/248

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,

яллагдагч Б.Б-,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЗ/494 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 05 дугаартай прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2503 01142 1273 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С- овгийн Б-ын Б-, ....... урьд ял шийтгэлгүй, /РД:Б-/.

Яллагдагч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, дүүргийн хойд замд 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагийн үед Ниссан НВ200 /Niddan NV200/ маркийн Б- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.; мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчиж Вуяанг Хондо /Wuyang-Honda/ маркийн Б- УК улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж мотоциклын жолооч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллаж байгаа хэргийн товч агуулгад “...Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо дүүргийн хойд замд 2025.09.12-ны өдрийн 08 цагийн үед Niddan NV200 маркийн Б- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгнө” ... гэсэн заалтыг зөрчиж Wuyang-Honda маркийн Б- УК улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж...” гэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогч Г.Д- нь эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлд явж байсан хэдий боловч “А” цэг болох автомашин, мотоцикл хоёр анх мөргөлдсөн цэг нь хохирогч Г.Д-ийн явж байсан чиглэлийн эгнээнд бус урдаасаа хойш чиглэлийн эсрэг урсгалын эгнээ нь дээр тэмдэглэгдсэн байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн цэг болох “А” цэг нь ямар учраас эсрэг урсгал дээр үүссэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй байна.

Мөн мөрдөгчийн магадалгаанд ямар үндэслэлээр хохирогч Б.Д- нь замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар, дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн. 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх..." гэх үндэслэлээр Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Шүүх эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж үзсэн нөхцөл байдлыг хууль зүйн хувьд тодорхойлох учиртай. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч, прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, хохирогч Г.Д-ийн мэдүүлэг, яллагдагч Б.Б-ийн ...намайг эргэх гэж байхад 4-5 машины зайтай мотоцикл харагдаж байсан боловч эргээд орох хугацаанд мөргөлдсөн... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд мотоцикл хаанаас хаашаа явж байсан нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна.

Харин ослын “А” цэг эсрэг урсгалд авагдсан байгаа нь яллагдагч Б.Б- зүүн тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ явж байсан мотоциклын өмнүүр дарсны улмаас чигээрээ явж байсан мотоциклын жолооч Б.Д- нь осол гарах аюулаас зайлсхийх оролдлого буюу зүүн гар тийш огцом дарсан хэдий ч ослыг бүрэн зогсоож чадаагүй эсрэг урсгалд мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогддог.

Гэвч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Тиймээс анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Тухайн зам тээврийн осол нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтээр тодорхой харагддаг. Анх зам тээврийн осол гарсан цэг нь эсрэг урсгалд тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, чигээрээ явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргийг жолооч Б.Б- биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан, нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. Хэдийгээр мотоциклын жолооч өөрийн чиглэлээр явж байсан боловч осол гарах агшинд зүүн гар тийш дарах байдлаар ослоос урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэн нь тогтоогддог. Гэсэн хэдий ч тухайн хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн нөхцөл байдал нь зам тээврийн ослын хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тодорхой харагдаж, нотлогддог. Тиймээс прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “...Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн цэг болох “А” цэг нь ямар учраас эсрэг урсгал дээр үүссэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг огт хийгээгүй байна. Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” үндэслэлээр яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх10/, хохирогч Г.Д-ийн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Магнай трейд” шатахуун түгээх станцын замд хойноос урагшаа чиглэлд өөрийн эзэмшлийн honda cbf190r маркийн 190сс хөдөлгүүртэй Б- УК улсын дугаартай мотоциклтой явж байтал шороон замаас гарч ирсэн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. ...” /хх14/ гэх мэдүүлэг,  2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1490 дугаартай “...Б- УК улсын дугаартай мотоциклыг жолоодож явсан жолооч Г.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...Б- УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.; мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх116/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад эргэлзэх, тэдгээрийг хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийг хэн хэрхэн үйлдсэн, осол гарах үндсэн шалтгаан юу болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэл агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч, прокурорын шатанд хэргийн үйл баримтад нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж, яллагдагч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж алдаа гаргасан, үүнийг шүүхийн шатанд зөвтгөх, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж, хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийг шуурхай явуулах, бүрэн илрүүлэх, шударгаар ял оногдуулах, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон хавтас хэргийн 39-41 дүгээр талд авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0725/11839 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Г.Д-ийн биед дагзны баруун лямбда заадас дагасан шугаман хугарал, баруун дагзны хатуу хальсан нь дээрх цусан хураа, аалзавч бүрхүүл доорх цус хуралт, баруун ясны далд хугарал, хоёр гуя, нуруунд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн байхад хавтас хэргийн 131-133 дугаар талд авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоох тухай прокурорын тогтоол, 154-156 дугаар талд авагдсан 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1351 дугаартай яллах дүгнэлтэд “...мотоциклийн жолооч Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэргийг хүндрүүлэх шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэхээр хууль тогтоогч хуульчилжээ.

Иймд, яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй, анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул прокурорын хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЗ/494 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчид анхан шатны шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба яллагдагч таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл өөрчлөх үндэслэл болохыг түүнд мэдэгдэж хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЗ/494 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                                         Г.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА