Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 157

 

 

 

    

 

 

 

 

2018 оны 8 сарын 14 өдөр                       2018/ШЦТ/157                                  Хэрлэн сум

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                 Хэргийн индекс: 180/2018/0148/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                А.Уламбаяр

Улсын яллагч                                                              Ц.Цэен-Ойдов

Насанд хүрээгүй хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч                                                Н.Базарсад

Насанд хүрээгүй хохирогч                                         Б.Даваадулам

Шүүгдэгч                                                                      Д.Д. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д.т холбогдох 1839002340136 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй  Д.Д. /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Д. нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 6 дугаар цэцэрлэгийн баруун талын замд 45-31 ХЭҮ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Б.Даваадулам, Б.Манал нарыг дайрч Б.Даваадуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д. нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 45-31 ХЭҮ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоо харга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй Б.Даваадуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.Даваадуламын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 04 сарын 27-ны өглөө 10 цагийн үед хамаатны дүү маналтай хамт Өргөөгийн 3Б-22 тоотод байдаг гэрээсээ гараад замын уулзварын зүүн хойд талд байдаг Хэрлэн сумын 6-р баг цэцэрлэгрүү тоглохоор явж байсан.Тэгээд 6 дугаар цэцэрлэгийн баруун талаар хойшоо явган шороон зам хөндлөн зүүн тийшээ гарсан.Яг зам хөндлөн гараад замын нөгөө талд гарах гэж байтал урдаас цагаан өнгийн жижиг машин хүрч ирээд миний урд явж байсан дүү Б.Маналыг дайраад  дээгүүр нь гарчихсан.Би зугатаагаад замын эсрэг талруу замаас гарсан чинь тэр машин хүрч ирээд намайг мөргөсөн..” гэх мэдүүлэг \хх-ийн 12-13 хуу\

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Базарсадын  мөрдөн байцаалтад өгсөн: ”..Улаанбаатар хотруу охиноо эмчилгээнд авч явж эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал мөнгийг жолооч төлж барагдуулсан учраас өөр нэмж яриад байх зүйл байхгүй”..гэсэн мэдүүлэг \хх-ийн 16-17 дугаар хуудас\

Гэрч Д.Баттөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: ”...Би ослын талаар сайн мэдэхгүй байна.Тухайн үед манай хүү аймгийн төвд эгч Даваадуламынхаа хамт зам хөндлөн гарч байхад машин ирээд дайрсан байсан.Азаар хэн хэн нь гэмтэл гайгүй өнгөрсөн байсан...” гэх мэдүүлэг \хх-ийн 21-22 дугаар хуудас\

Д.Д.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “....уулзвар дөнгөж өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаас том оврын ачааны ховоо машин зөрж өнгөрсөн. Тэгтэл гэнэт араас нь хоёр хүүхэд хойшоо чиглэлтэй явган алхаад гараад ирсэн. Тэгэхээр нь би машиныхаа хурдыг хасаад жолоогоо баруун гар тийш дартал нөгөө хүүхэд урдуур нь явахаар нь жолоогоо буцаагаад зүүн гар тийш дартал замын хойд талруу гараад нөгөө хоёр хүүхдийн эрэгтэй хүүхдийг нь түрүүлээд мөргөөд дээгүүр нь гарсан, дараа нь залгаад охин хүүхдийг нь машины халз голын хэсгээр мөргөөд өнгөрсөн...” гэх мэдүүлэг \хх-ийн 23-24 дүгээр хуудас\

Шүүх эмнэлгийн №206 тоот:

  • Б.Даваадуламын биед зүүн өвдөгний үе үүсгэгч дунд чөмөгт ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт \ХХ-ийн 28 дугаар хуудас\

Замын цагдаагийн шинжээчийн: “...45-31 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Д. нь ЗХД-ын 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн байна” гэх дүгнэлт \ХХ-ийн 39 дүгээр хуудас\

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол ...\ХХ-ийн 10 дугаар хуудас\

Насанд хүрээгүй хохирогч Б.Маналын мөрдөн байцаалтад өгсөн: ”...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед эгч Даваадуламтайгаа цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглохоор явсан юм. Тэгээд гудмаар зүүн тийшээ чигээрээ гараад Анхжин дэлгүүрийн зүүн талын засмал замаар зүүн тийшээ зам хөндлөн гарсан.Тэгээд эгч бид хоёр замын зүүн талд бараг гарах гэж байхад урдаас цагаан өнгийн суудлын машин  хурдтай ирээд намайг мөргөсөн. Тэгээд юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд нүдээ нээгээд харсан Даваадулам эгч бас надаас хойш газар уначихсан байж байсан.Тэгтэл нөгөө машины жолооч ах ирээд “ зүгээр рүү ахын дүү эмнэлэг явах уу” гэж  асуухаар нь би айсандаа зүгээр гээд тэндээсээ босоод цэцэрлэг рүү алхсан...гэх мэдүүлэг \хх-ийн 93 хуудас\ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Даваадуламын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Д.аас хохирогчийн эмчилгээний зардалд 1.120.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд хавсаргагдсан банкны баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж 500.000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Д.Д.г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д. нь түүнд оногдуулсан 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 400.000 төгрөг төлөхөөр буюу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д. нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

 

6. Хохирогч нь өөрт учирсан хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.ГАНЗОРИГ