Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 15 өдөр                       2018/ШЦТ/158                             Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0168/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр,

Улсын яллагч                                                  Т.Баярмаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                          Ж.Б., Л.А.нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А., Ж.Б. нарт холбогдох 1839000000138  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн   суманд 1965 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр төрсөн, 53 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноён 8-6 тоотод оршин суух хаягтай,  Хувиараа мал  аж ахуй эрхэлдэг.  Улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд нь 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож байсан Ж.Б.

Монгол улсын иргэн,  Хэнтий аймгийн Мөрөн   суманд 1972 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүс хайрхан гэх газар оршин суух хаягтай,  Хувиараа мал  аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй Л.А.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.А., Ж.Б. нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мөрөн сумын цагдаагийн хэсгийн ажлын байранд цагдаа Ц.Мөнхтөрийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан доромжлон хувцсаар нь хоолойг нь боож, уруулан тус газар нь цохиж хүч хэрэглэн  эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.А., Ж.Б. нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 4-р багийн нутагт цагдаагийн хэсгийн ажлын байранд цагдаа Ц.Мөнхтөрийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан доромжилж, хувцсаар нь хоолойг нь боож, нүүр рүү нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:

Хохирогч Ц.Мөнхтөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар  сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Петровис шатахуун түгээх станцаас бичиг аваад явах гэтэл 43-43 ХЭА улсын дугаартай Бонго маркийн автомашины жолооч архи уусан юм шиг харагдсан. Тэгээд шалгахаар цагдаагийн кобаны гадаа дагуулж ирээд кобанд орж иртэл уг машины урд сууж явсан Л.А.нь чи муу гөлөг, хошного минь гэх зэргээр доромжлоод барьж аваад хувцсаар хоолой боосон. Тэгэхээр нь гарыг нь тавиулах гээд ноцолдтол Ж.Б. нь хажуунаас уруул руу атгасан гараараа цохиод авсан. Л.А.нь зуурсан чигээрээ хувцаснаас татаад, цамцны товчнууд тасарч унаад Ж.Б. нь дахин цохих гэж дайраад намайг хана руу шахсан. Тэгээд тавиулах үед хэсгийн төлөөлөгч манай эхнэр хоёр орж ирсэн. ... Миний уруул дотор язарсан , хүзүүний урд хэсэг зулгарсан, мөн нурууны ард зулгарсан, хүзүү болон нуруунд зулгарсан шархыг Л.А.учруулсан. Харин уруул дотор хэсэг язарсан шархыг Ж.Б. цохиж учруулсан. Миний цагдаагийн хангалтын хагас ханцуйтай цамц урагдсан, мөн шороо, шохой зэрэг болж бохирдсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-7дугаар  тал /,

Гэрч О. Буянхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар  сарын 29-нд 14 цаг 30 минут орчимд Мөрөн сумын 4 дүгээр баг цагдаагийн кобан болох гэртээ байж байтал ард цагдаагийн өрөөнд хүмүүсийн дуу чангараад зодолдох шиг сонсогдсон. Тэгээд би яваад ортол манай нөхөр Ц. Мөнхтөрийн гинж нь тасарчихсан, хувцас нь шороо болчихсон, уруул нь шалбарчихсан цус гарсан байдалтай 2 хүн Мөнхтөрийн хувцаснаас зуурчихсан байсан. Тэгээд юу болж байгаа юм бэ гэж асуутал Мөнхтөр “Л.А.нь боож мөргөөд Ж.Б. нь цохьчихсон гэж хэлсэн. ...тэр хоер бүүр уурласан байдалтай Мөнхтөрийн хувцаснаас зуураад дайраад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас /

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 253 дугаартай  

“...-Ц.Мөнхтөрийн биед доод уруулын дотор хэсгийн язарсан шарх, хүзүүний урд хэсгийн зулгарсан зулгаралт  гэмтэл тогтоодлоо.

-Дээрх гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 -д зааснаар эрүүл мэнд сарниулаагүй тул  гэмтлийн  зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

Яллагдагч Л.А.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд цагдаагийн хэсэг дэээр Мөнхтөр цагдаа ирээд гараа өг гавлана гэхээр нь тухайн үед согтуу байсан учраас би Мөнхтөр цагдаатай гавлуулахгүй гээд ноцолдож байхад Мөнхтөр цагдаа намайг нэг удаа өшиглөхөөр нь би цамцаар нь Мөнхтөр цагдааг боогоод өмсөж явсан цагдаа хувцасных нь товчийг тасалж урсан. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч орж рээд намайг аймгийн цагдаагийн газар луу аваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/   

  Яллгадагч Ж.Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Тухайн үед Л.А.машинаас буугаад согтуу гуйвж яваад чанга чанга бахираад байхаар нь сумын цагдаа Мөнхтөр шалгаад бид хоёрыг сумын цагдаагийн хэсэг рүү яв гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэсэг рүү орсон чинь Л.А.сумын цагдаа Мөнхтөрийг гөлөг, хошного бацаан гэх зэргээр хэл амаар доромжлоод Мөнхтөрийн хувцасны энгэр хэсгээс нь заамдаж хоолойг нь боогоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор нь ороод салгах гэж хүчтэй тэр хоёрын цээж хэсгүүд рүү түлхэхдээ цагдаа Мөнхтөрийн уруул хэсэгт нь цохих шиг болсон гэх мэдүүлэг...” /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Л.А.нь мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Мөнхтөр цагдаа ирээд гараа өг гавлана гэхээр нь тухайн үед согтуу байсан учраас би Мөнхтөр цагдаатай гавлуулахгүй гээд ноцолдож байхад Мөнхтөр цагдаа намайг нэг удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсэн боловч энэ байдал нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь үнэлэх боломжгүй байна.

Хохирогч Ц.Мөнхтөр нь шүүгдэгч Ж.Б., Л.А.нараас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Ж.Б., Л.А.нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1  дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б.ийг 06 сарын хорих ялаар, шүүгдэгч Л.А.ийг 06 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Л.А.ийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч Ж.Б. нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б., Л.А.нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Д.ГАНЗОРИГ