Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/252

 

2026           03            04                                                                         2026/ДШМ/252        

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

хохирогч А.А-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.А-ийн гаргасан давж заалдах гомдол, прокурор С.Бичинхүүгийн бичсэн эсэргүүцлийг тус тус үндэслэн С.А-д холбогдох эрүүгийн 2505000001567 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овогт С-гийн А-, ......., ял шийтгэлгүй, /РД:С-/;

Шүүгдэгч С.А- нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин” дэлгүүрийн гадна байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээрээс иргэн А.А-ийн гээсэн 1.275.110 төгрөгийн үнэлгээ бүхий түрийвчтэй карт болон эд зүйлсийг олж, улмаар А.А-ийн “Хаан” банкны картаар 338.288 төгрөгийн, иргэн Н.Б-ны “Голомт” банкны картаар 371.944 төгрөгийн эд зүйлс  худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн Прокурорын газраас С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнйлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ш- овогт С-гийн А-г “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Цамбагарав”-ын “Номин” сүлжээ дэлгүүрээс гарч яваад түрийвчтэй картууд, иргэний үнэмлэх зэргийг хаяж гээгдүүлсэн. Дотор нь “Худалдаа хөгжлийн банк”-ны виза карт 1 ширхэг, “Голомт” банкны виза карт 2 ширхэг,  “Хаан” банкны дотоодын карт 1 ширхэг, автобусны U-money карт, иргэний үнэмлэх, “Голомт” банкны шилжүүлгийн хуулга зэрэг байсан. ...2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс мөрдөгч Д.Мөнх-Од утасдаж, “С.А- таны түрийвч, иргэний үнэмлэх хоёрыг авчирч өгөөд явлаа, та ирж эд зүйлсээ аваарай” гэж мэдэгдсэн. Очоод үзэхэд түрийвчийг норгож хатаасан бололтой дарайж хатсан, үрчийсэн, шороонд хутгалдсан байрын ашиглахын аргагүй болгоод, иргэний үнэмлэхийн хамт үлдээсэн байсан. Би түрийвчийг шүүх хуралдаан дээр үзүүлье гэж бодож хүлээж авсан нь буруу болоод байна. ...2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэж, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10:00 цагт болно гэж хэлсэн боловч би тэр үед Солонгос улсад явж таарсан учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болчихлоо, онгоц 2026 оны 01 дүгээр сарын 12-ны орой 17:00 цагийн үед буух талаар хэлсэн. Ингээд шүүх хуралдааныг хохирогчийг оролцуулалгүй хийсэнд гомдолтой байна. ...”Худалдаа хөгжлийн банк”-ны виза карт захиалахад 30.000 төгрөг байдаг, автобусны картын үнэ 3500 төгрөг, дотор нь 4000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нийт картын хохиролд 17.500 төгрөг дутуу төлөгдсөн, түрийвчний хохирол 350 ам.долларыг огт төлөөгүй. ...Хохирлыг шүүгдэгч бүрэн барагдуулаагүй байхад миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэв.

Прокурор С.Бичинхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Учир нь, шүүгдэгч С.А- 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Номин” сүлжээ дэлгүүрийн авто зогсоолд хохирогч А.А-ийн гээгдүүлсэн иргэний үнэмлэх, 4 ширхэг виза карт бүхий картын түрийвчийг олсон, уг түрийвчинд байсан А.А-ийн эзэмшлийн “Хаан” банкны карт, Н.Б-ны эзэмшлийн “Голомт” банкны картаар 19 цаг 40 минутаас 22 цаг 59 минут хүртэл хугацаанд нэр бүхий дэлгүүрүүдээс 21 удаа, хамгийн сүүлд Чингэлтэй дүүүргийн нутаг дэвсгэр, Яргайтын богино гэх газарт байрлах “Номадс” хүнсний дэлгүүрт пос машинд уншуулан нийт 710.232 төгрөгийн эд зүйл худалдан авсан үйл баримт тогтоогдсон талаар шүүхээс дүгнэсэн атлаа С.А-гийн үйлдэл нь олсон эд зүйлээ өөртөө захиран зарцуулсан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан шинжийг агуулж байна гэж дүгнэн, зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Гэвч шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Бусдын эд хөрөнгө гэж гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө хамаарахаар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай зорилгоор, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгохоор хуульчилсан. Түүнчлэн “хулгайн гүйлгээ” гэж бусдын дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхгүй этгээд санаатайгаар, нууцаар өөрийн эзэмшилд оруулах үйлдлийг хэлдэг. Шүүгдэгч С.А- нь шунахайн сэдлээр А.А-ийн “Хаан” банкны, түүний нөхөр Н.Б-ны “Голомт” банкны картыг ашиглан идэвхтэй үйлдэл хийж, үргэлжилсэн үйлдлээр эд зүйл худалдаж авсан бөгөөд тухайн картуудад байсан 710.232 төгрөгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон. Гээгдэл эд хөрөнгө гэж аливаа этгээдийн санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас мартаж орхисон, хаягдаж, гээгдсэн эд зүйлийг хэлэх ба түүнийг олсон этгээд энэ тухайгаа зохих байгууллагад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн байхад шүүгдэгч С.А- нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр олсон картнаас дур мэдэж, захиран зарцуулсан, ашигласан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Гээгдсэн эд зүйлийг олж авсан хүнд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бий болдог бөгөөд “эд хөрөнгөө гээнэ” гэдэг нь тухайн эд хөрөнгийн эзэн өөрөө захиран зарцуулах боломжгүй болдог. Энэ хэргийн тухайд хохирогч А.А- нь түрийвчтэй карт болон эд зүйлийг гэснээс бус өөрийн эзэмшилд байсан мөнгийг гээсэн үйл баримт биш юм. Шүүгдэгч С.А- нь хохирогч А.А-ийн гээсэн эд зүйл болох түрийвчтэй картыг олж авч, уг картыг ашиглан хохирогчий дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөнөөс 710.232 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогддог. Шүүх дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн талаар дүгнэлт хийсэн боловч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзсэн талаараа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр, Улсын дээд шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн аль тохирох хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх ажиллагаанд урьд нь нэгэнт тогтоосон хууль хэрэглээний жишиг ойлголт болно” гэж дүгнэснийг хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо удирдлага болгосныг тэмдэглэж байна.

Шүүгдэгч С.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл бармтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч С.А-г 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин” дэлгүүрийн гадна байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээрээс иргэн А.А-ийн гээсэн 1.275.110 төгрөгийн үнэлгээ бүхий түрийвчтэй банкны карт болон эд зүйлсийг олж, улмаар А.А-ийн “Хаан” банкны картаар 338.288 төгрөгийн, иргэн Н.Б-ны “Голомт” банкны картаар 371.944 төгрөгийн эд зүйлс худалдан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд, хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ С.А-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч С.А- нь бусдын гээгдүүлсэн түрийвч,  түүн дотор байсан банкны цахим картууд олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч уг картуудыг пос машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаар нэвтэрч, улмаар хохирогч А.А-ийн эзэмшлийн Б- дансны дугаартай “Хаан” банкны цахим картнаас 11 удаагийн гүйлгээгээр 338.288 төгрөгийн, Н.Б-ны эзэмшлийн 1Б- дансны дугаартай “Голомт” банкны цахим картнаас 10 удаагийн гүйлгээгээр 371.944 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж нийт 1.275.110 төгрөгийн эд зүйлс худалдан авч өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Түүнчлэн, Н.Б-ны эзэмшлийн “Голомт” банкны данснаас 371.944 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, хохирол учирсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэх, мөн хохирогч А.А- “...түрийвчийг норгож хатаасан бололтой дарайж хатсан, үрчийсэн, шороонд хутгалдсан байрын ашиглахын аргагүй болгоод, иргэний үнэмлэхийн хамт үлдээсэн байсан. ...”Худалдаа хөгжлийн банк”-ны виза карт захиалахад 30.000 төгрөг, автобусны картын үнэ 3500 төгрөг, дотор нь 4000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нийт картын хохиролд 17.500 төгрөг дутуу төлөгдсөн, түрийвчний хохирол 350 ам.долларыг огт төлөөгүй. ...” гэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийх нь зүйтэй.

Харин хохирогчийн шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдлын тухайд; хохирогчид  2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “...Солонгос улсад ажлаар явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, түрийвчний мөнгийг гаргуулж өгнө үү.” гэсэн тайлбарыг хэлж, шүүх хуралдааныг хойшлуулах, биечлэн оролцох талаар хүсэлт гаргаагүй байх тул түүний шүүх хуралдаанд оролцох эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                                       С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН