Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00874

 

 

 

 

 

 

 

 

2022 05 09 210/МА2022/00874

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/00770 дугаар шийдвэртэй

Д.Дийн нэхэмжлэлтэй Б.Г Г.Онарт холбогдох

хууль бус эзэмшлээс контейнер чөлөөлүүлэх, тээврийн зардал 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, түүний өмгөөлөгч Б.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие контейнер зарна гэсэн зарын дагуу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянхошуунд очиход 40 тонны контейнер Б.Ганбаатарын хашаанд байсан ба надад контейнерыг үзүүлэхэд Б.Ганбаатар эхнэрийн хамт, Г.Онь хүргэнтэйгээ хамт байсан.

Тус контейнерыг 5,700,000 төгрөгөөр худалдан авахаар болж төлбөрийг Г.Орхоны данс руу шилжүүлээд контейнерыг хөдөөнөөс захисан хүмүүс нь автал тухайн хашаанд байлгахаар тохиролцсон.

Б.Ганбаатарыг контейнероо хурдан аваарай, манайх хашаагаа янзална гэж надад хэлэхэд үнийг нь төлсөн, удахгүй авна гэж хэлсэн. 2021 онд ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул хөдөөнөөс хүмүүс ирж контейнероо авч чадахгүй болсон. Ингээд Б.Ганбаатарын хашаанд контейнер тавьсан хөлсийг өгнө гэхэд за за гэсэн. 2021 оны 09 дүгээр сард контейнероо авахаар очиход Б.Ганбаатар би энэ контейнерын мөнгийг шилжүүлээд авсан, эзэнтэй нь ярь гэж хэлсэн. Г.Орхонтой утсаар ярихад одоо болтол контейнероо аваагүй яасан сонин хүн бэ, Б.Ганбаатар манай нөхрийг жоохон архи уулгаж байгаад мөнгө шилжүүлсэн байсан гэсэн. Тэрээр намайг холбоо барихгүй болохоор цагдаагийн байгууллагад Д.Д надаас контейнер авсан, одоо болтол ирж авдаггүй гэж тэмдэглүүлсэн байдаг.

Миний бие Б.Ганбаатараас контейнероо авах гэтэл түүний эхнэр өгөөгүй ба хариуцагч Б.Ганбаатарын хууль бус эзэмшлээс контейнероо чөлөөлүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.Орхоны татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2011 оны 11 дүгээр сараас Б.Ганбаатарын 2 давхар байшингийн 1 давхрын 1 өрөөг ажлын зориулалтаар 400,000 төгрөгөөр түрээсэлж 10 жил хамтран ажилласан. Б.Ганбаатартай анх уулзахад хашааных нь буланд ногоон өнгийн контейнер хоосон байсан. Миний бие нарийн боовны цех ажиллуулдаг ба илүү гарсан тоног төхөөрөмжөө хадгалахаар харилцан тохиролцож тухайн контейнерыг түрээсэлдэг байсан. 2019 онд ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа явуулж чадаагүй тул Б.Ганбаатар нь өрөөгөө 1 жилийн хугацаанд тавилгын үйлдвэрт түрээсэлсэн. 2020 онд Б.Ганбаатартай уулзаад нарийн боовны үйл ажиллагаагаа явуулах гэтэл ажлын байрыг суллаж өгөх боломжгүй гээд эд зүйлээ аваад контейнерыг суллаж өгөхийг шаардсан. Тус контейнерыг 3,500,000 төгрөгөөр Б.Ганбаатараас худалдаж авахаар тохиролцоод 2,000,000 төгрөгийг эхэлж өгөөд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг цагаан сараар өгөхөөр болсон. Ингээд Б.Ганбаатар нь 2021 онд контейнероо авах шаардлагыг удаа дараа тавьсан бөгөөд 1,500,000 төгрөгийг нь өгч чадаагүй учраас тоног төхөөрөмжөө ажлын байрандаа аваачиж тавиад контейнерыг зарж түүнд үлдэгдэл төлбөрийг өгөхөөр 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зар тавьсан. Тухайн өдөр Д.Д ирээд контейнерыг 5,700,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг манай хүргэний данс руу шилжүүлж, миний бие Б.Ганбаатарт үлдсэн 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

Б.Ганбаатар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр контейнерын мөнгийг буцааж өгөхөөр данс асууж ярьсан ба 08 дугаар сарын 28-ны өдөр Б.Ганбаатартай уулзахад өөр хүний контейнер гэж хэлсэн. Тухайн үед Д.Дийг хайгаад олоогүй, Б.Ганбаатар бид хоёр маргалдаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар очиж өргөдөл өгсний дараа Б.Ганбаатар манай нөхрийн данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Д.Д 09 дүгээр сарын 06-ны өдөр над руу залгасан.

Б.Ганбаатарын надаас мөнгө зээлж, зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоор контейнерыг барьцаанд тавьсан гэх тайлбар үндэслэлгүй, миний бие Б.Ганбаатарт мөнгө зээлүүлээгүй. Тухайн контейнер Б.Ганбаатарын хашаанд байгаа ба Д.Доос авсан 5,700,000 төгрөг, Б.Ганбаатарын шилжүүлсэн 3,500,000 надад байгаа гэжээ.

 

3. Хариуцагч Б.Ганбаатарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Орхоны шилжүүлсэн 3,500,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 31, 09 дүгээр сарын 01-ний өдөр түүний нөхрийн данс руу буцаан шилжүүлсэн. Хэрэгт авагдсан дансны хуулгаар мөнгийг 3-4 удаа Б.Г Г.Оболон түүний нөхөр бие бие рүүгээ шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Ганбаатар Г.Орхоноос 2,000,000 төгрөг зээлснийг 800,000 төгрөгөөр 2 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа мөнгө шилжүүлсэн.

2021 онд Г.Озээлүүлсэн мөнгөө нэхсэн ба мөнгө өгөх боломжгүй байна гэхэд контейнероо надад өгчих гэж хэлсэн. Түүнд контейнер үнэтэй болсныг хэлэхэд 08 дугаар сарын 31-нд Б.Ганбаатарын зөвшөөрөлгүйгүйгээр дансанд нь 1,500,000 төгрөг шилжүүлээд контейнерыг өөрийн хөрөнгө гэж тайлбарладаг.

Д.Д нь Г.Орхоноос зарын дагуу контейнер авахаар болсон, би мөнгийг нь шилжүүлсэн гэдэг ч н.Түвшинтөр гэх хүнээс мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд Д.Д нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм.

Уг контейнер Г.Орхоны эд хөрөнгө биш, тэрээр захиран зарцуулах эрхгүй атлаа Д.Дид худалдсан. Худалдах худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх бө Г.Онь эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг бусдад худалдах ёстой.

Д.Д, Б.Ганбаатар нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Д.Дид өмчлөл үүсэж байж Б.Ганбаатарын хууль бус эзэмшил яригдах ёстой ба Б.Ганбаатарын тус контейнерыг хууль бусаар эзэмшсэн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Ганбаатарт холбогдох хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь 500,000 төгрөг гаргуулах болон хариуцагч Г.Орхонд холбогдох хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Г.Орхоны тайлбар нь хэрэгт авагдсан Г.Орхон, Х.Хулан нарын Б.Ганбаатарт контейнерын мөнгө шилжүүлсэн дансны хуулгаар тодорхойлогддог. Нэхэмжлэгч Д.Дийн тайлбар нь шүүхээс контейнерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар баталгаажсан. Д.Д нь уг контейнерыг Г.Орхоноос худалдан авч засвар хийсэн болохыг Б.Ганбаатар мэдэж байсан атлаа контейнерын үнэ нэмэгдсэн тул худалдаагүй гэх худал тайлбар гаргаж байна. Б.Ганбаатар нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд контейнер худалдсан талаар маргаагүй, 1,500,000 төгрөгийг хүлээн авсан нь Г.Орхонд худалдсаныг тодорхойлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч Г.Орхоны давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаагүй.

Б.Ганбаатар болон Г.Онар Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж гэрээний зүйлийн үнэ болох 3,500,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг урьдчилан 3 хуваан төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч Б.Ганбаатар нь амаар гэрээ байгуулж контейнерын өмчлөлийг Г.Орхонд шилжүүлсэн.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.4 дэх хэсэгт заасны дагуу контейнерын үлдэгдэл төлбөрийг Б.Ганбаатартай харилцан тохиролцсон 2021 оны 03 дугаар сард төлж гэрээний харилцаа дууссан.

Гэтэл Б.Ганбаатар нь гэрээний харилцаа дууссанаас 5 сарын дараа манай нөхрийн данс руу мөнгийг буцаан шилжүүлж, гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд Б.Ганбаатар нь Д.Д, Г.Онарыг худалдах-худалдан авах гэрээгээр контейнерыг Д.Дид худалдаж байгааг мэдсэн. Иймд маргааны зүйл болох контейнерын өмчлөгч нь Д.Д тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б.Ганбаатарын давж заалдах гомдлын тайлбар: Нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийн шаардлага нь Б.Ганбаатарын хууль бус эзэмшлээс контейнер чөлөөлүүлэх ба худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Д, Б.Ганбаатар нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч нь контейнерын үнийг Г.Орхоны дансанд шилжүүлсэн нь тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагчид үнийг төлснөөр гэрээний харилцаа үүсэхээр зохицуулагдсан. Иймд нэхэмжлэгч Д.Д болон Б.Ганбаатар нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул Б.Ганбаатарын хууль бус эзэмшлээс контейнер чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.Орхонд холбогдох нэхэмжлэлээ татан авсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу Г.Оэнэ хэрэг маргаанд давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээд биш юм. Иймд хариуцагч Г.Орхон, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Г Г.Онарт холбогдуулан хууль бус эзэмшлээс 40 тонны контейнер чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Озөвшөөрч, хариуцагч Б.Ганбаатар эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Орхонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгч нь өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус буюу хууль, гэрээгээр эзэмших эрхгүй гэх байдал тогтоогдсон байх учиртай.

 

3.а. Г.Онь маргаан бүхий контейнерыг Б.Ганбаатараас 3,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 23-нд 2,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 1,500,000 төгрөгийг Д.Дийн шилжүүлсэн мөнгөнөөс төлсөн гэх тайлбарыг Б.Ганбаатар эс зөвшөөрч Г.Орхоноос 2,000,000 төгрөг зээлж, контейнерыг барьцаалсан гэх зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

Хариуцагч Г.Онь дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Иймд маргаан бүхий контейнерыг өмчлөх эрх бүхий этгээд нь Б.Ганбаатар байх бөгөөд уг этгээдээс контейнерыг Г.Охудалдан авахаар харилцан тохиролцсон, эзэмшлийг шилжүүлж авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

3.б.Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.Орхоноос маргааны зүйл болох контейнерыг худалдан авахаар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 5,700,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэргийн 13 дугаар тал дахь Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зохицуулсан.

 

Хэргийн баримтаар хариуцагч Г.Орхоныг маргаан бүхий контейнерын өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Ганбаатарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.Дийн Б.Ганбаатар нь контейнерыг Г.Орхонд худалдсан гэх, хариуцагч Г.Отгоны контейнер Д.Дийн өмчлөлийнх гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /5, 7/

 

3.в.Анхан шатны шүүх хариуцагч Б.Ганбаатар нь маргаан бүхий контейнерыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

3.г.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн хэлцэл хийгддэг. Хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хувьд тухайн өмчлөгч нь эд зүйлийн эзэмшлийг худалдан авагчид шилжүүлсэн үеэс өмчлөл шилжих юм. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь тухайн зүйлийг эзэмшилдээ байлгаж буй этгээд гэж гуравдагч этгээдийг үзэх боломжтой. Хариуцагч Г.Онь Д.Дтой худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байж маргааны зүйл болох контейнерыг эзэмшилдээ аваагүй учир түүнийг өмчлөгч гэж үзэх боломжгүй.

 

Иймд Г.Онь дээрх контейнерын өмчлөх эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэгч Д.Дийг өмчлөгч гэж үзэх, хариуцагч Б.Ганбаатарын эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Ганбаатарт холбогдох нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

4. Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Г.Онар нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргах, хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хассан өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2022/00770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Г.Онарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 106,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ