Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 8 сарын 16 өдөр                  2018/ШЦТ/161                                       Хэрлэн сум

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0190/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    А.Уламбаяр,

Улсын яллагч                                                  Ц.Цэен-Ойдов

Шүүгдэгч                                                          Ц.Б. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б.д холбогдох 1839002680194  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  ам бүл 5, аав ээж, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 3-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Ц.Б.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б. нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт улсын дугааргүй “Супер бенни” маркийн мотоциклийг эрхээ хасуулсан үедээ жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “адил замын уулзвар жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2.1а-д жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаар зорчиж явсан 21-32 ЦАБ улсын дугаартай УАЗ-452 маркийн автомашинтай мөргөлдөж улмаар түүний мотоциклийн ард зорчиж явсан иргэн Ю.Болортуяагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт улсын дугааргүй “Супер бенни” маркийн мотоциклийг жолоодож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “адил замын уулзвар жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2.1а-д жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, мөн дүрмийн 1.5-д “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгалаар зорчиж явсан автомашинтай мөргөлдөж иргэн Ю.Болортуяагийн биед хүнд хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Ю. Болортуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:. ...Би 2018 оны 05 сарын 28-ны өдөр  Дэлгэрхаан сумын зэвсэгт хүчний 232-р ангид  ажлаа хийж байгаад Дэлгэрхаан сумын төв рүү хүүхэд Тэмүүжингийн сургууль ороод ангийнх нь багштай уулзаад буцаад ажил руугаа алхаж байтал манай найз залуу Ц.Б. утсаар залгаад намайг хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би хүүхдийн сургуулиас гараад явж байна гэсэн чинь Ц.Б. миний явж байгаа газар мотоцикльтой ирсэн. Тэгээд Ц.Б. бид 2 мотоцикльтой яваад дэлгүүр явж ундаа аваад ажил руу явж байтал ажлаас урагш 500 орчим метр зайд байрлах ажлын хашааны баруун талаас манай ажлын Пургон авто машин маш хурдтай орж ирээд миний баруун талаас мөргөсөн. Тэгээд би Мотоциклноос их хол шидэгдээд газар унасан. Тэгээд би орилоод газар хэвтэж байтал манай ажлын машин болон хүмүүс ирээд намайг аваад Дэлгэрхаан сумын эмнэлэг рүү очсон. Тэгээд эмнэлэгт очоод миний хөлд цэвэрлэгээ хийгээд шууд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн. .... аль аль нь үнэхээр хурдтай явж байсан. Пургоны жолооч Баярмагнай гэх хүн надад шарваж ирээд Пургоны арын хэсгээр гуядаж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12  тал /,

Гэрч Г.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад цэргийн ангийн хашаанаас 21-32 ЦАБ улсын дугаартай пургон автомашинтай Дэлгэрхаан сумын төв орж явсан юм. Манай Цэргийн ангийн хашаанаас баруун урагш айлын хашааны буланд Мотоцикльтой хүнтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Би тэр хашааны арын замаар ертөнцийн зүгээр баруун тийш явж байсан. Нөгөө залуу баруун урдаас зүүн хойшоо мотоцикльтой явж байсан. Тухайн үед хашааны буланд мотоцикльтой хүн гараад ирэхээр нь зөв талаараа зөрөх санаатай баруун гар тийш дартал нөгөө мотоцикльтой хүн маань дагуулж урдуур дарж орж ирээд машины буруу талын их гэрлийн орчимд мөргөж хагалаад газар унасан. Би тэр дороо зогссон. Тухайн үед Ц.Б. бид хоёр тээврийн хэрэгслүүдийг зогсоох оролдлого хийж тоормослосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

Шинжээчийн №9 тоот: “...Супер бенни маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан Цэндсүрэнгийн Ц.Б. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.8...адил замын уулзвар жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, 7.13 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. 2.1а “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангид тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх, мөн дүрмийн 1.5 “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол, хөдөлгөөнд саад бэхршээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй.

УАЗ-452 маркийн 21-32 ЦАБ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Баярмагнай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн:

1.Ю.Болортуяагийн биед баруун шилбэний шаант яс их хугарал, баруун шилбэний эдийн дутмагшил бүхий шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш  удаагийн үйлчэлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3  дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Болортуяагийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Ю.Болортуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 58 тал/ гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэсгт заасныг баримтлан  шүүгдэгч Ц.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд  зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4-т зааснаар шүүгдэгч Ц.Б.г оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин  явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнсэгдсэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Б.д мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186  дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б.гийн тэнсэгдсэн хугацаанд болон эрх хязгаарлах үүрэг хүлээлгэх албаданыг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б.д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ