Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/255

 

2026            03            05                                                                       2026/ДШМ/255


Б.Ү-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч А.О-,  

шүүгдэгч Б.Ү-, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ү-ад холбогдох эрүүгийн 2503011271227 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

Х- овгийн Б-гийн Ү-, ......, ял шийтгэлгүй, /РД:Б-/;

Шүүгдэгч Б.Ү- нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, МУИС-ийн Номын сангийн арын замд, “Toyota Prius” (Тоёота Приус) маркийн Б- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч болох 25 настай, эмэгтэй А.О-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ү-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ү-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ү-аас 11.880.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.О-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ү- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.О- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч А.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогчоор тогтоогдож, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Ү-аас өөрт учирсан эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, мөн ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн цалин хөлс, эмнэлэг рүү ирэх явах замын зардал зэргийг нэхэмжилнэ гэдгээ мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар эрүүл мэндийн зардалтай холбогдуулан 660.000 төгрөг нэхэмжилсэн /хх 74/ байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.270.000 төгрөгийн хохирол төлсөн талаар мэдүүлсэн /хх 13/ байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000*15=11.880.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ү- нь хохирогч А.О-д төлөх төлбөртэй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, энэхүү зам тээврийн ослын улмаас буюу 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш миний бие ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, байнгын зовиуртай, нэг байрлалдаа удаан зогсож, сууж чадахгүй, дээшээ эгч хараад хэвтэж чадахгүй, шаналалтай, гэрийнхэндээ туслах гээд ямар нэгэн эд зүйл өргөж чадахгүй болсон байна. Эмчид үзүүлэхэд намайг жолоо барьж болохгүй гэсэн. Би бага насны 3 хүүхэдтэй, өөрийн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөхөд хүндрэлтэй болж том хүүхдээ орон нутагт эмээ өвөө дээр нь очуулж сургаж байна. Угаасаа Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11437 дугаартай дүгнэлтэд миний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон. Түүнчлэн ослын улмаас надад үлдсэн хор уршиг бол миний хоолны дуршил муудаж, биеийн жин эрс хурдтай буурсан, намайг хажуудаа хүнтэй, заавал хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй, гэртээ ганцаараа байх ёсгүй, тухайн ослын талаар бодохгүй байх гэхээр айдас болж гэнэт гэнэт сэтгэл цочирдуулж тавгүйтсэн мэдрэмж тасралтгүй байсаар байгаа бөгөөд сэтгэл зүйчтэй уулзаж өөртэйгээ ажиллах шаардлагатайгаа олж мэдсэн. Шүүгдэгч Б.Ү- нь надаас огт уучлал гуйгаагүй, ослын өдөр 500.000 төгрөг өгөөд дахин үзүүлэх шаардлагатай болж байна гэхэд дахин 770.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш миний эрүүл мэндийг асууж, санаа зовоогүй, нэмж хохирол төлбөр төлөөгүйд гомдолтой байна. Ослын дараа шинжилгээ хийлгэж дууссан үед шүүгдэгч Б.Ү- нь намайг “аль эмнэлэгт үзүүлсэн бэ, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хаана гаргуулсан бэ, дүгнэлтэд би эргэлзэж байна” гэж сэтгэл санааны дайралт өгсөн. Надад ослын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг анхан шатны шүүхээс дутуу үнэлж шийдвэрлэсэнд гомдолтой байна, учир нь сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэл надад тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Ү-аас надад сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийн дээд хэмжээ болох 792.000х22,99=18.208.080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хохирогч миний бие ослоос өмнө 1 сарын 2.400.000 /гар дээр/ төгрөгийн цалинтай байсан бөгөөд 4 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй тул нийт 9.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Ү-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Би ажил хөдөлмөр эрхэлж байхдаа гэр бүлийн хэрэглээний зээлийг нөхөртэйгээ хамт төлдөг байсан боловч уг зээлийн төлбөрийг төлөлцөж чадахгүйд хүрч, сэтгэл санааны хувьд өөрт гэмшилтэй мэт хүндрэлтэй санагддаг болсон. Мөн миний бие 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст очиж хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан. Үүнээс хойш энэхүү эрүүгийн хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжиж очсон талаар огт мэдээлэл аваагүй, надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, утсаар ч яриагүй, Монгол шуудангаар гэрийн хаяг дээр шуудан албан ёсоор ирээгүйд гомдолтой байна. Хэрвээ анхан шатны шүүх хуралдааны товыг мэдсэн бол миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан бөгөөд нэмэлтээр хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөхөөр бэлдэж байсан болно. Уг хохирол төлбөрөө анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан тул хэргийн оролцогч буюу хохирогч миний эрхийг зөрчсөнд маш их гомдолтой байна. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хурал болсон байх бөгөөд надад гэрийн хаягаар шийтгэх тогтоолын нэг хувь 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирсэн болно. Ингээд шийтгэх тогтоолын нэг хувийг уншаад миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Ү-ын өмгөөлөгч Ж.Төмөрхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн гаргаж буй гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, шүүх хуралд оролцох боломжийг хангаагүй гэдэгт шүүх хурал хоёр удаа хойшилсон. Мөрдөгч хохирогчоос мэдүүлэг авахдаа хууль сануулж, хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч байгаа. Хохирогч оршин суугаа хаяг болон холбоо барих дугаараа өөрчилсөн тохиолдолд мэдэгдэх ёстой ч уг үүргээ биелүүлээгүй. Шүүхээс тогтоогдсон хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар давж заалдах гомдолд дурдсан. Шүүхээс гэм буруугийн талаар болон сэтгэцийн хор уршгийг ямар үндэслэлээр 3 дугаар зэрэглэлээр 15 хувиар бодож олгох болсон талаар тодорхой дүгнэсэн. Хохирогч шүүгдэгчийн нийгмийн даатгалын санд төлсөн 164.000 төгрөгийг яриад байна. Даргалагчийн сануулснаар анхан шатны шүүх хуралдаанд үнэлэгдээгүй нотлох баримтыг давах шатанд үнэлэх боломжгүй тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд хохирогчийн эрх ашгийг хангасан хэсэг байгаа буюу хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Ү- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор бүрэн хангасан. Холбоо барих утас руу нь хурлын товыг мэдэгдсэн. Мөн шүүхийн бичиг хүргэгчээр хохирогчийн оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч “хүн байхгүй байсан” гэх тэмдэглэл хэрэгт авагдсан. Иймд оролцогчийн эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Сэтгэл санааны хохирлыг гуравдугаар зэрэглэлээр тооцвол 13-22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг шүүхээс олгохоор зохицуулагдсан. Шүүх эрх мэдлийнхээ хэмжээнд 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд прокурорын зүгээс энэ талаар хэлэх тайлбаргүй. Хохирогчийн зүгээс 660.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч 1.270.000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 164.000 төгрөг нэхэмжилснийг мөн төлсөн. Шүүх хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ү-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ү-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;”, 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа “Шүүх хуралдаанд оролцуулах оролцогчийн хувьд прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй” гэж тусгасан /хх 83/ байгаа ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЗ/133 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Б.Ү-ад холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цагаас тус шүүхийн шүүх хуралдааны танхимд улсын яллагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоож шийдвэрлэсэн байна /хх 93-94/. Гэвч уг захирамж биелэгдээгүй буюу хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хохирогчийн эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заажээ.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд шүүх хуралдааны ирц хэсэгт “Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж дурдсан байх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анхан шатны шүүх эхлээд хурал зарлахдаа 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.О-д шүүх хуралдааны тов мэдэгдэхээр түүний Б- дугаарыг тэмдэглэн “Удаа дараа залгахад дуудлага хүлээн авах боломжгүй байх тул товыг мессежээр илгээв” гэсэн баримт /хх 95/ үйлдсэн, мөн 2 дахь шүүх хуралдаанд 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Мандала гарден хотхоны Б- дүгээр байрны 153 тоот гэрийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхийн бичиг хэргийн ажилтан “Гэрт нь очиход хүн байгаагүй, утас нь холбогдохгүй байсан” гэсэн тайлбарыг бичиж, мэдэгдэх хуудсыг хэрэгт хавсаргасан байгааг /хх 101/ хохирогчид хуульд зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзэхгүй. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч А.О- нь анхан шатны шүүхийн шүүгчийн туслахын зурвасаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх Б- дугаарыг ашиглахгүй байгаа талаараа хэлж илэрхийлж байх ба бичиг хэргийн ажилтан шүүхийн мэдэгдэх хуудсыг буцааж авчирсан нөхцөл байдлыг шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчид хэзээ, хаана шүүх хуралдаан болох гэж буй талаар мэдэгдээгүй байж хохирогчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хэмээн хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;”, 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;” гэж заасан хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгогдоогүйгээс хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хохирогч А.О-ийн “...намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй, би хуралдааны товыг мэдсэн бол хохиролтой холбоотой нэмэлт баримт гаргаж өгөх байсан...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Ү-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ