Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0323/З |
Дугаар | 128/МА2018/0522 |
Огноо | 2018-09-26 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/МА2018/0522
“М Ү б х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х, Ц.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0462 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нарын давж заалдах гомдлоор, “М Ү б х” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0462 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Төрийн бус байгуулллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М Ү б х-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-д холбогдуулан гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Ч-ыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэлийг 1 сарын хугацаагаар түтгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Ж.- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нар давж заалдах гомдолдоо: “...Дээрх шүүхийн шийдвэрээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3-р зүйлийн 3.1.4, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М Ү б х-ны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-д холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л овогтой Ч-ыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэлийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Б.Б нь М Ү б х ТББ-ыг төлөөлөх бүрэн эрхтэй тэргүүн нь гэдгийг нотолсон албан ёсны баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн байна.
Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “М Ү б х" НҮТББ нь 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр М Ү б х-ны 8 дугаар “Их эе”- ийг хуралдуулж дүрмээ баталж, тэргүүнээр Б.Б-ийг сонгож хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэхээр Захиргааны байгууллагад хандсан боловч улсын бүртгэгч Ж.О нь шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу “Ү б х” ТББ-ын улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулж тэргүүнээр Л.Ч-ыг томилсныг бүртгэн, улсын бүртгэлийн гэрчилгээ тамгыг олгосон гэсэн үндэслэлээр өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан үйл баримт болжээ. Мөн хэдийгээр хариуцагч шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр төрийн бус байгууллагын мэдээлэлд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч тус төрийн бус байгууллагаас дахин “Их эе”-ийг хуралдуулан тэргүүнээ сонгож, бүртгүүлэх хүсэлтийг гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “үнэн зөв, бодитой...” зарчмыг баримтлаагүй байна гэж үзэхээр байна”.
Нэхэмжлэгч талаас 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан “Их эе”- ээс гарсан шийдвэрийн дагуу дүрэм болон тэргүүнийг өөрчилж бүртгүүлэх талаар албан ёсоор хууль журамд заасан баримтуудыг бүрдүүлэн Улсын бүртгэлд хандаж байгаагүй бөгөөд энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Нэхэмжлэгч тал нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 52 дугаар албан бичгээр “Улсын ерөнхий бүртгэгч та Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд улсын бүртгэгч Ж.О-ийн хууль бус үйлдлийг тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Л.Ч-ыг МҮБХ-ы тэргүүнээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ шинээр олгосон явдлыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн хандсан ба манай байгууллага 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2/3073 дугаар албан бичгээр хариу өгсөн болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан “Их эе”-ээс гарсан шийдвэрийн дагуу дүрэм болон тэргүүнийг өөрчилж бүртгүүлэх талаар албан ёсоор хууль журамд заасан баримтуудыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй шүүх шийдвэрээ гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.
Гурав. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-ийн 2018.04.03-ны өдрийн Л овогтой Ч-ыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Оюумаагийн 2018.04.03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах
Гэтэл шүүгч нэхэмжлэлд огт хамаарахгүй асуудал буюу 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр М Ү б хны 8 дугаар "Их эе”-ийг хуралдуулж дүрмээ баталж, тэргүүнээр Б.Б-ийг сонгосон асуудлыг хуульд нийцсэн мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. “ гэсэн заалтыг хэрэгжүүлэлгүй шүүх шийдвэрээ гаргасан нь мөн хууль зөрчсөн шийдвэр болсон байна.
Дөрөв. Шүүгч шүүх хуралдааны төгсгөлд шийдвэрээ уншиж сонсгохдоо “Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй байна" гэж дурдсан бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Энэ үйл баримт ЗХШХШтХ-ийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасны дагуу хийсэн дуу-дүрс бичлэгээс тодорхой харагдана.
Хэрвээ улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй хуульд заасны дагуу маргаан бүхий бүртгэл хийгдсэн гэж шүүгч үзсэн бол хүчингүй болох үндэслэлгүй юм.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар биечлэн оролцох боломжийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М Ү б х” НҮТББ-ыг төлөөлж Б.Б-ээс “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.Оюумаагийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л овогтой Ч-ыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...МҮБХ-ноос иргэн Л.Ч-ыг тэргүүнээр бүртгүүлэх ямар ч бичиг баримтыг гаргаагүй байхад бүртгэл хийгдэж, дахин гэрчилгээ олгогдсон нь ойлгомжгүй, дахин олгосон гэх гэрчилгээ нь МҮБХ-ны ашигласаар ирсэн гэрчилгээтэй ижил хувийн хэргийн дугаартай, регистрийн дугаартай хэрнээ МҮБХ-нд ямар нэгэн хамааралгүй хүнийг, МҮБХ-ны өөрийн хүсэлт, өргөдөлгүйгээр түүнийг тэргүүнээр бүртгэсэн, ямар ч хамааралгүй хүнд гэрчилгээ шинээр гаргаж өгсөн. Үүнээс шалтгаалж хоёр МҮБХ байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрөхөөс гадна иргэн Л.Ч нар нь шинээр, хууль бусаар, давхардуулан гарган авсан гэрчилгээ, бүртгэлийг ашиглан тодорхой үйл ажиллагаануудыг явуулж, манай байгууллагын эрх, ашгийг зөрчөөд байна” гэж тайлбарлажээ.
Хариуцагчаас дээрх бүртгэлийг хийх болсон үндэслэлээ “...энэ бүртгэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хийгдсэн, “М Ү б х” ТББ-ын “Их эе”-ийн тогтоол шийдвэрийг үндэслэсэн бүртгэл” гэж тайлбарласан, гуравдагч этгээд Л.Ч-аас “...Улсын дээд шүүхийн 2011 оны 715 дугаар тогтоолыг биелүүлсэнтэй холбогдуулж, М Ү б х НҮТББ-ын улсын бүртгэлийн үнэн зөвийг нягтлан, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор хууль бусаар тамга, тэмдэг, гэрчилгээ ашиглаж байгаа Р.Н, тэргүүнээр сонгогдсон Б.Б нарын барьж байгаа тамга, гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. М Ү б х-г итгэмжлэлгүйгээр төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх цор ганц субъект бол улсын бүртгэлийн гэрчилгээнд хамгийн сүүлд бүртгэгдсэн Л.Ч юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр нь байхгүй, бүртгэгдээгүй этгээд нь тус холбооны нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс “...аль ч шатны шүүхийн шийдвэрээр “М Ү б х” ТББ-ын гэрчилгээ болон тамга, тэмдгийг хүчингүй болгох тухай шийдвэр, магадлал, тогтоол байхгүй, хариуцагч шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр төрийн бус байгууллагын мэдээлэлд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч тус төрийн бус байгууллагаас дахин “Их Эе”-ийг хуралдуулан тэргүүнээ сонгож, бүртгүүлэх хүсэлтийг гаргасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т үнэн зөв, бодитой ... байх зарчмыг баримтлаагүй байна, шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж тус захиргааны актын биелэлтийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,
1. “М Ү б х” НҮТББ-ын тэргүүнээр Б.Б, Л.Ч нарын хэнийг нь сонгосон “Их эе”-ийн тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэхээс хамааран хариуцагчийн хийсэн улсын бүртгэл хуульд нийцэж буй эсэхийг дүгнэх боломж бүрдэх ба үүнтэй холбогдуулан “М Ү б х” НҮТББ-ыг төлөөлж Б.Б нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй эсэхийг тогтоосноор уул маргаан шийдвэрлэгдэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны гол үйл баримт болох “М Ү б х” НҮТББ-ыг Б.Б нь төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, М Ү б х” НҮТББ-ын тэргүүнээр Л.Ч-ыг бүртгэж, гэрчилгээ олгосноор хэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байх бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээд нараас “...“М Ү б х” НҮТББ-ыг төлөөлж Б.Б нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2018/3782 дугаар захирамжаар “...нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, талуудын оролцоог хангаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний дараа дүгнэх асуудал...” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон атлаа хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ энэ талаар огт дүгнээгүй нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхээс “М Ү б х” НҮТББ-ыг төлөөлж Б.Б нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, уг маргааны улмаас Б.Б-ийн эсхүл “М Ү б х” НҮТББ-ын хэнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн болох талаар дүгнэлт өгч, ямар субъектын, хэзээ зарласан, ямар шийдвэрийг үндэслэн хуралдсан “Их Эе”-ийн хуралдааны шийдвэрээр тэргүүнээр сонгогдсон болох талаарх холбогдох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-аас маргааны бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад тухайн хүсэлтийг огт шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2-т заасныг зөрчжээ.
3. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийх бөгөөд мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлоогүй, шүүх хуралдааныг товлон зарлах шүүгчийн захирамж огт гаргаагүй, шүүх хуралдааныг албан ёсоор товлоогүй хэрнээ шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.
4. Шүүгчийн туслахын 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаас үзвэл, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод “2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цаг” гэж мэдэгдсэн атлаа шүүх хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох эрхийг хуульд заасан журмын дагуу хангаагүй, шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргах эрхээ эдлэх боломжийг олгоогүй гэж үзнэ.
5. Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.Ч-ыг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулж, хэрэгт хавсаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг зөрчсөн төдийгүй мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болно.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч нь шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг “2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “М Ү б х” НҮТББ-ын улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулж тэргүүнээр Л.Ч-ыг томилсныг бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг олгосон захиргааны актын биелэлтийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” гэж танилцуулсан атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Л.Ч-ыг тэргүүнээр томилсныг бүртгэсэн бүртгэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дахин гэрчилгээ олгосон бүртгэлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн нь ойлгомжгүй байх төдийгүй ямар шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал бий болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчээс “...2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тамга тэмдэг олгосон” гэх үйл баримтад холбогдуулан маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Ж.О-г хариуцагчаар тодорхойлж, шүүхээс нэхэмжлэлд зааснаар захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШЗ2018/3751 дүгээр захирамжаар “...хамтран хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг оролцуулах хүсэлтийг шийдвэрлэж, түүнээс хариу тайлбар авсны дараа ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад ач холбогдолтой” гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татаж, хариу тайлбар авахаар шийдвэрлэсэн мэт дүгнэсэн атлаа хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй.
Ийнхүү хариуцагчаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан оролцуулаагүй хэрнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч бус этгээд болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас итгэмжлэл авсан Б.Л-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.4.1, 27.5-д заасныг тус тус зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох маргааны гол үйл баримтад дүгнэлт өгөөгүй, түүнд холбогдох баримтыг цуглуулаагүй, эдгээр нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН