Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 277

 

 

Ц.С-н нэхэмжлэлтэй, Сонгуулийн

ерөнхий хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

       Шүүгчид:                       М.Батсуурь

                                             Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э, гуравдагч этгээд Монголын ногоон намын дарга О.Б-Я нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн.

Гомдлын үндэслэл

2. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт хоёр мандаттай байхаар тогтоосон. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ.” гэж заасны дагуу Монголын ногоон намын Бага Хурлын 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 27 дугаар тойрогт нэг хүнийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна.

4. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу Монголын ногоон намын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ц.С-ийн оронд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт Б.А-ийг нэр дэвшүүлсэн бөгөөд тус хорооны 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Б.А-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

5. Дээр дурдсаны дагуу Монголын ногоон нам нь Улсын Их Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт нэг хүнийг нэр дэвшүүлэх шийдвэрээ гаргасан бөгөөд Ц.С-н оронд Б.А-ийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрийг нэгэнт гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын Их Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт Монголын ногоон намаас Ц.С болон Б.А нарыг зэрэг нэр дэвших боломжоор хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

6. Анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Маргаан бүхий акт болох Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 тогтоолоор нэхэмжлэгч Ц.С-г хууль зүйн үндэслэлгүйгээр /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан аль нэг үндэслэлийг заалгүйгээр/ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь “хууль дээдлэх” эрх зүйт төрийн суурь зарчим, иргэний сонгох, сонгогдох үндсэн эрхийг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд уг тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр зөв байна.

8. Харин шүүх “Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцэхгүйгээс гадна тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд нэр дэвшигчээр бүртгэхийг шаардах боломжгүй болсон буюу түүний нийтийн эрх зүйн субъектив эрх зөрчигдөөгүй байна.

9. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүүгүй хүний нэрийг дэвшүүлнэ” гэж заасны дагуу “Монголын ногоон нам”-ын Бага Хурлын 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 27 дугаар тойрогт нэг хүнийг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.

10. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. “Нам, эвсэл сонгуульд 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлнэ”, 34.1. “Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно: 34.1.1. нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан; 34.2. Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, энэ хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгч Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсны дараах өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 28-нд Монголын ногоон намаас улс төрийн эрхээ хэрэгжүүлэх үүднээс 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 27 дугаар тойрогт Ц.С-ийн оронд Б.А-ийг нэр дэвшүүлсэн байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Б.А-ийг нэр дэвшигчээр бүртгэжээ.

11. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ц.C нь өөрийн сонгогдох эрхээ улс төрийн намд эвлэлдэн нэгдэх замаар хэрэгжүүлж “Монголын ногоон нам”-аас нэр дэвшсэн /бие даагч биш/, гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаны дараа тухайн нам нь түүний оронд өөр хүнийг дэвшүүлэх “улс төрийн /олонхийн/ шийдвэр” гаргасан ба ингэснээр Ц.С-г нэр дэвшүүлсэн шийдвэрийн үйлчлэл нь дуусгавар болсон, мөн нөхөн нэр дэвшсэн гуравдагч этгээдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэснээр нэхэмжлэгчийн хувьд /27-р тойрогт/ “нэр дэвшигчээр бүртгэхийг” шаардах боломжгүй болсон, иймд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

12. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдал болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг анхааралгүйгээр “...маргаан бүхий 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргээгдэхгүй тул шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгасан нь буруу.

13. Нөгөөтэйгүүр, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хууль бус байсан, мөн хариуцагчаас дахин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан шийдвэр гаргах эрхгүйг тогтоосноороо нэхэмжлэгчийн хувьд ач холбогдолтой гэж үзэх үндэслэлтэй юм.

14. Иймд, “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын Их Хурлын сонгуулийн 27 дугаар тойрогт Монголын ногоон намаас Ц.С болон Б.А нарыг зэрэг нэр дэвших боломжоор хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3,  33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.С-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, үлдэх “Ц.С-г нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                               Г.БАНЗРАГЧ