Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 02

 

        Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,                                                                                                   
        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах
Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх тухай” б/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмлэгдсэн төлөөлөгч С.Мөнгөнзаяа, хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид нараас эвлэрлийн гэрээ байгуулсаныг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баасан овогтой Лхагвасүрэн миний бие 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилтай байсан бөгөөд Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай харилцан тохиролцсоны дагуу өөр ажил албан тушаалд шилжин ажиллах болсон тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Архангай аймгийн Засаг даргын б/111 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно.
    Уг захирамжинд зааснаар “ Б.Лхагвасүрэнг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоор болсон тул  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэж заагаад “уг захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг шинээр томилогдох Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан” байдаг юм.
    Гэтэл шинээр томилогдсон Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид нь уг захирамжийг одоо хүртэл биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл хугацаанд миний бие Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилогдоогүй, Архангай аймгийн Засаг даргын б/111 тоот захирамжийн улмаас эрх ашиг хөндөгдөж байна.

    Иймд Б.Лхагвасүрэн миний биеийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ./х.х-н 1/ 
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлээ өөрчлөн, нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх хүсэлт гаргаж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч миний биеийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохыг шинээр томилогдсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэрэннадмидад үүрэг болгосон боловч энэ нь харилцан тохиролцсон дүр эсгэж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг улс төрийн зорилгоор хууран мэхэлж авсан болох нь өнгөрсөн 2 сарын хугацаанд тэдний үйл ажиллагаагаар нотлогдож байна
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн б/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт  нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна хариуцагчийг солихгүй гэжээ. /х.х-н 63/
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс шинээр нэмэгдэж Засаг даргын Тамгын газрын бүтцэд шинээр орж ирсэн.
Б.Лхагвасүрэнг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар Авилгатай тэмцэх газарт 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/1098 дугаар албан бичгээр /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг/-ийг хянуулахаар хүргүүлсэн.
Авилгатай тэмцэх газраас одоогоор Б.Лхагвасүрэнгийн /Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг/-ийг хянасан хариу ирүүлээгүй байна.
Иймд Б.Лхагвасүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. /х.х-н 21/

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 
Б.Лхагвасүрэнгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж  байна. Б.Лхагвасүрэнг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилсон. Б.Лхагвасүрэнгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилцаж тохиролцох болно гэжээ./х.х-н 74/

Хэргийн оролцогч нараас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нарт хариуцагдах Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү гэрээг байгуулав.
Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахаас бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд түүний 2016 оны 09 дүгээр сарын 15-аас 2016 оны 11 дүгээр сарын 30-ыг дуустлах ажилгүй байсан хугацааны цалин 3.299.716 /гурван сая хоёр зуун ерэн ёсөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг 2017 оны эхний улиралд багтаан тооцож олгохоор тус тус эвлэрэн хэлэлцсэн болно.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнтэй 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулсан болохыг дурдаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ./х.х-н 137/
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Б.Лхагвасүрэн миний биеийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэсийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэж “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн б/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт  нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. /х.х-н 61/

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, ихэсгэсэн боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг хариуцагч хэвээр үлдээх хүсэлт гаргажээ. /х.х-н 63/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Б.Лхагвасүрэнг ажилд түр томилох тухай” б/90 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна./х.х-н 75/

Шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогчид 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухайн хүсэлт ирүүлжээ. /х.х-н137 /

Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан буулт хийсэн эвлэрлийн гэрээндээ  “Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулахаас бусад нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны цалин болох 3.299.716 /гурван сая хоёр зуун ерэн ёсөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг 2017 оны эхний улиралд багтаан тооцож олгохоор тохиролцон эвлэрсэн байна. /х.х-н 137/ 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд харилцан буулт хийж, хоорондоо тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй гэж үзлээ. 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын  газрын  даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх тухай” б/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилсон захиргааны акт гаргахыг даалгах, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи нийт ажилгүй хугацааны цалинг гаргуулах, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Б.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх тухай” б/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /аймгийн Засаг даргын тамгын газраас/ улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                                                          

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй. 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА