Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00611

 

“Пено-Андууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаар магадлалтай,

         “Пено-Андууд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Ц.Солонго, Ц.Мягмардорж нарт холбогдох       

         Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг, обой, плитаны зөрүү 619 000 төгрөг, хэлцлийн 14-д бичигдсэн 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, хариуцагч Ц.Солонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Манай компани нь 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эко констракшн” ХХК-ийн барьсан “Маршал” хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тоосго нийлүүлэх замаар буюу 100 хувийн бартераар худалдаж авсан. Уг байрыг худалдаж авсны дараа 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ц.Мягмардорж, Ц.Солонго нартай гэрээ байгуулж, уг байрыг 1 м.кв-ийг нь 800 ам.доллараар, нийт 108 800 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Энэ үед Ц.Мягмардорж, Ц.Солонго нар нь уг байрны төлбөрт “long LG”-833 загварын хар хөх өнгөтэй, 070405131 тоот гэрчилгээтэй, 72-80 УБ улсын дугаар бүхий хүнд механизм /ковш/ шилжүүлэхээр тохирсон боловч компанид хүлээлгэж өгөөгүй. Ц.Солонго, Ц.Мягмардорж нар нь бэлэн мөнгөөр уг орон сууцыг худалдан авахаар тохирсон 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчин, биелүүлээгүй тул 26 500 000 төгрөгийг нэхэмжилсэн. 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мөнгө хүлээн авсан хэлцлийг Т.Батсайхантай хийсэн байдаг. Т.Батсайхан нь тухайн үед манай компанийн захирлаар ажиллаж байсан. Мөн обой, плитаны үнийн зөрүү болох 619 000 төгрөг, хэлцлийн 14-т бичигдсэн 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Ц.Солонгын болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Пено-андууд” ХХК, Ц.Мягмардорж нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. “Пено-андууд” ХХК нь “Эко констракшн” ХХК-д тоосго нийлүүлж, “Маршал” хотхоны 105 дугаар байрны 6-24 тоот 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.квыг нь 800 ам.доллароор тооцож, гэрээний үнийг төлөх хугацааг жич байдлаар тохиролцсон. “Пено-андууд” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Т.Батсайхан нь бүртгэгдсэн байдаг. “Пено-андууд” ХХК-ийн дүрэм нь хэргийн материалд авагдаагүй байгаа учраас нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь тухайн компанитай холбоотой гэх бичгийн хэлбэрийн нотлох баримт хэргийн материалд байхгүй. Иргэний хуулийн 246 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гэрээний дагуу 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 50 ам.доллар болон 57 000 000 төгрөг буюу тухайн байрны үнийн дүнг төлсөн баримтууд хэргийн материалд хавсаргасан. Уг баримтан дээр хүлээн авсан талаас гарын үсгийг “Пено-андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан зурсан байдаг. “Эко констракшн” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулсан бичиг болон “Пено-андууд” ХХК-иас “Эко констракшн” ХХК-д явуулсан хүсэлтдээ тухайн байрны төлбөрийг Ц.Солонго, Ц.Мягмардорж нар төлж барагдуулсан тул эдгээр хүмүүсийн нэр дээр өмчлөлийг нь шилжүүлж өгнө үү гэсэн байдаг. Уг хүсэлтийн дагуу “Эко констракшн” ХХК-иас байрны төлбөр 100 хувь төлөгдсөн учраас байрны өмчлөлийг Ц.Солонго, Ц.Мягмардорж нарын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг хүргүүлсний үндсэн дээр тухайн байрны өмчлөлийн гэрчилгээ нь ганцхан Ц.Солонгын нэр дээр бүртгэгдсэн байдаг. 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Пено-андууд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр Н.Оюунчимэг нь захирлаар бүртгэгдсэн. Харин Н.Оюунчимэг нь өөрөө 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Пено-андууд” ХХК, Ц.Мягмардорж нарын хооронд худалдах, худалдах авах гэрээний оролцогч тал биш учраас уг гэрээний улмаас нэхэмжлэгч гэх Н.Оюунчимэгийн эрх нь хэрхэн зөрчигдчихсөн талаар шүүх дүгнэлт хийх ёстой. Гэрээ байгуулах үеийн “Пено-андууд” ХХК-ийн захирал нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тухайн үед Ц.Мягмардорж, Ц.Солонго нар нь өөрийн хамаатнуудын ажиллуулдаг “Киёши” ХХК-иас тээврийн хэрэгсэл оруулж ирээд Т.Батсайханы хуурай дүү гэх н.Энхбаяр руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нь энэхүү ковшийг авч явахын хувьд авч явсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед “Пено-андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан, Н.Оюунчимэг нар нь хамтын амьдралтай байсан юм шиг байгаа юм. Гэрээний 26 500 000 төгрөгийн төлбөртөө ковш өгөх талаар бүгд тохиролцсон байдаг. Тухайн үед энэ талаар Н.Оюунчимэг нь бас мэдэж байсан. Одоо Т.Батсайхан, Н.Оюунчимэг нарын хооронд үл ойлголцол үүсч гэрээний үүргээ биелүүлчихээд байхад дундаас нь “Пено-андууд” ХХК хохирсон гэх нөхцөл байдал үүссэн. “Пено-андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан нь компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн хийсэн хэлцлийн дагуу компанид хохирол учирсан тохиолдолд түүнийг төлж барагдуулах үүргийг Т.Батсайхан хүлээх үүрэгтэй. “Пено-андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан түүний хуурай дүү н.Энхбаяр нарын хооронд ковш өгсөн авсан хуйвалдсан асуудлын үр дагаварыг Ц.Мягмардорж, Ц.Солонго нар хүлээх үүрэггүй. Иймд Н.Оюунчимэг нь уг гэрээний тал биш учраас шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Автотээврийн үндэсний төвөөс ирсэн ковшийн талаарх лавлагаан дээр тухайн ковш нь Н.Оюунчимэгийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад н.Энхбаярын нэр дээр шилжсэн гэдэг нь харагдаж байна. Нэгэнт гэрээний дагуу үүргээ 100 хувь биелүүлж, гэрээний үүргээ дүгнэж, гарын үсэг зурсан тул хариуцагч нараас энэхүү ковшийн үнийн дүнг нэхэмжлэх эрхгүй. Харин обой, плитаны үнийн зөрүү 619.000 төгрөгийг хариуцагч нар зөвшөөрсөн байсан.” гэжээ.

         Хариуцагч Ц.Мягмардорж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Боролдой нарын гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч нар нь гэр бүлийн хүмүүс учир тайлбар нь адилхан, Ц.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна.” гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Мягмардорж, Ц.Солонго нараас обой, плитаны үнийн зөрүү 619 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мягмардорж, Ц.Солонго нараас 19 220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлал нь дараах үндэслэлээр хуульд заасан журмыг зөрчсөн, бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байгаа болно. Үүнд: 455 дугаар магадлалд харин талуудын төлбөр барагдуулах хэлцэлд заасан ...ковш нь “Пено-андууд” ХХК-ийн бус хөндлөнгийн этгээд болох С.Энхбаярын эзэмшилд бүртгэгдсэн болох нь Автотээврийи үндэсний төвийн албан бичгээр тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулах шаардлага гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй... ” гэж дүгнэсэн. 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мөнгө хүлээн авсан хэлцлийг хийхэд гэрээний төлбөрт хүнд механизм ковшийг оруулан бичсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл биетээр нэхэмжлэгч хүлээн аваагүй. Давж заалдах шатны шүүх хүлээн аваагүйг дүгнэсэн мөртлөө анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэн өгөх боломжгүй байсан тул хариуцагч нар нь худалдан авсан орон сууцыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авч банкны зээлийн барьцаанд тавьж зээл авч үлдэгдэл төлбөрөө төлнө гээд “Эко констракшн” ХХК-д явуулсан албан тоотыг хийлгүүлэн авсан байдаг. Мөн "... уг орон сууцыг барьсан “Эко констракшн” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Солонго орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан талаарх 11/9 тоот албан бичгийг үндэслэн батламжийг хариуцагч нарт олгосон, түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.Солонгод олгохыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас хүссэн албан бичгийн дагуу худалдан авагч Ц.Солонгод уг орон сууцны өмчлөх эрх ... шилжсэн байна ... ” гэж дүгнэсэн. “Эко констракшн” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2014.55 дугаар албан бичиг нь Улсын бүртгэлийн газраас Ү-2206031701 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хувийн хэргээс ирсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мөн энэ агуулга бүхий өөр албан бичгийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Утга агуулга ижил бүхий албан бичгүүд байсаар байтал зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргахдаа зөрүүтэй нотлох баримтуудыг анхааралгүй улмаар хариуцагчид ашигтай байдлаар шийдвэр гаргасан байгааг нотолж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хаягласан гэрчилгээ гаргуулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулж үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн шийдвэр, магадлал гарсанд гомдолтой байна. Ц.Солонго нь төлбөр тооцоогоо дуусгая үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бүх баримтуудаа “Эко констракшн” ХХК-иас авчих гэсний дагуу “Пено-Андууд” ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 11/9 дүгээр “Эко констракшн” ХХК-д гаргасан хүсэлтээр холбогдох материалуудыг авч, хариуцагчийг төлбөр тооцоогоо дуусгахыг хүлээж байх хойгуур Ц.Солонго нь шууд “Эко консктракшн” ХХК-тай хуйвалдан дахин материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн газарт өгч, Ү-2206031701 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалд нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цугларсан болон өөрөө бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг огтхон ч үнэлээгүйд гомдолтой байгаа болно. Эсрэгээр хариуцагч нь төлбөрүүдийг төлсөн гэдгээ ямар ч нотлох баримтаар нотлоогүй байдаг болно. Мөн "...төлбөртөө хүнд механизм оролцуулан төлөхдөө ... Т.Батсайханы заасан этгээдэд шилжүүлснээр ... ” гэж дүгнэсэн. Т.Батсайханы заасан этгээд гэж хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүй, ковшийг эзэмшиж байгаа хүнийг хэлж байгаа бол Т.Батсайхан заасан гэдгийг нотлоогүй, хэрэгт ямар ч тийм баримт байхгүй байтал Т.Батсайханы заасан этгээд гэж дүгнэлт гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Батсайхан хүнд механизмыг хүлээн аваагүй учраас л гаргуулахаар нэхэмжлээд байтал хүлээлгэн өгсөн мэтээр шийдвэрт тусгасан байна. Үйлдсэн жагсаалтын дагуу төлөгдөөгүй төлбөрийн асуудлаар маргаж байгаа, жагсаалтанд заагдсан хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тухай маргаж нэхэмжилж байгаа. Ийм байтал бусад төлбөрүүдийг хүлээн авсан талаар маргаагүй байтал бусад төлбөрүүдийг төлсөн баримт нь төлөгдөөгүй төлбөрийг төлсөн гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх "... нэхэмжлэгчийн гар утсанд ирсэн мессэжинд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар үзлэг хийлгэсэн, түүнчлэн шинжээч томилуулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна ... журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй ..." гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гар утсанд ирсэн мессеж нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тийм хэмжээний төлбөрийн асуудал байгаа, өртэй, төлнө гэдгээ илэрхийлсэн маш чухал нотлох баримт байсан байтал хэрэгт хамааралгүй мэтээр дүгнэн шийдвэр гаргасан. Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаарт магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шударга бус, нотлох баримтуудыг үнэлэхдээ хариуцагчид ашигтайгаар үнэлсэн, хэт нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

    Нэхэмжлэгч “Пено андууд” ХХК нь хариуцагч Ц.Мягмардорж, Ц.Солонго нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг, обой, плитаны зөрүү 619 000 төгрөг, хэлцлээр тохиролцсон 1 500 000 төгрөг, нийт 28 619 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, обой, плитаны зөрүү 619 000 төгрөгийг төлнө, гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

        Талуудын хооронд 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин гэрээний үүргийг худалдан авагч бүрэн биелүүлсэн эсэх тухайд маргасан байна.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд  хийгдсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээний үнэ 108 800 ам.долларыг 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар “Пено андууд” ХХК-ийн захирал Т.Батсайхан, Ц.Мягмардорж нар харилцан тохиролцсон байх бөгөөд 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мөнгө хүлээн авсан хэлцэл хийж, эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр нийт 115 976 ам.долларыг буюу үүнд маргааны зүйл болох Long LG-833 загварын хүнд механизм /ковш/-ийг 26 500 000 төгрөгт тооцож Ц.Мягмардорж нь Т.Батсайханд хүлээлгэн өгсөн талаар зааж харилцан гарын үсэг зурж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийжээ.

           “Пено андууд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл дээрх төлбөр барагдуулах хэлцэл хийх үед Т.Батсайханыг тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компани Ц.Мягмардоржтой байгуулсан уг хэлцэлд дурдсан эд зүйл болон мөнгийг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, төлөөлөгч нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 500 000 төгрөг, хэлцлээр тохиролцсон 1 500 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.  

          Түүнчлэн “Пено андууд” ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээний дагуу уг орон сууцыг барьсан “Эко констракшн” ХХК нь нэхэмжлэгч компанийн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Ц.Солонго орон сууцны төлбөр тооцоо бүрэн барагдуулсан талаарх 11/9 тоот албан бичгийг үндэслэн батламжийг хариуцагч нарт олгосон, түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.Солонгод олгохыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас хүссэн албан бичгийн дагуу худалдан авагч Ц.Солонгод уг орон сууцны өмчлөх эрх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар шилжсэн тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.   

          Харин талуудын төлбөр барагдуулах хэлцэлд заасан Long LG-833 загварын хүнд механизм /ковш/ нь “Пено андууд” ХХК-ийн бус хөндлөнгийн этгээд болох С.Энхбаярын эзэмшилд бүртгэгдсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн албан бичгээр тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө гаргуулах шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий юм. 

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв болжээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/01163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 455 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч “Пено-Андууд” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 /хоёр зуун ерэн найман мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРСАЙХАН

                                                 ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН