Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/14

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Хохирогч *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/589 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518000000318 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 08 сарын 26-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2006 оны 01 сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2008 оны 01 сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 02 дугаар шүүхийн 2014 оны сарын *******-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны сарын 01-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны сарын 22-ны өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн ******* дугаар байрны ******* тоотод хохирогч *******ийг “танайхаас ус алдаад байна, крант нь эвдэрчихсэн байна, солино” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн үйлдлээр 20,000 төгрөг авсан, улмаар гэрээс нь шүрэн толгойтой, монетон нуухтай, зааны ясан халбагатай шар бор өнгийн чүнчигноров хөөрөг нэг ширхэг, хохирогчийн эзэмшлийн ******* тоот дансны дугаар бүхий ХААН банкны виза картыг дэлгүүрийн карт унших төхөөрөмжөөр 8 удаагийн гүйлгээгээр 165,420 төгрөгийн эд зүйл худалдан авч нийт 18,905,420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгчээс 22,056,420 /хорин хоёр сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин/ төгрөг гаргуулж, хохирогч /-Д олгож, шүүгдэгч нь 22,056,420 төгрөгийг 2025 оны 12 сард 7,352,143 төгрөг, 2026 оны 01 сард 7,352,143 төгрөг, 2026 оны 02 сард 7,352,143 төгрөг тус тус төлөхөөр хохирогчтой харилцан тохирсон болохыг дурдаж,

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэхэмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 4 ширхэг гарын мөр зэргийг хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Миний бие архи ууж өөрийн ухаангүй байхдаа хийсэн гэм буруудаа маш их гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулж дуусгах хүсэлтэй байна. Хохирлыг сар бүр хасаж дуусгах талаар хохирогч *******тэй тохиролцсон байгаа. Миний бие ын гэх нэртэй ХХК барилгын туслах хийдэг, хохирлоос 3200000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Иймд хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү... гэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

... ******* нь авга ах хамт амьдарч түүний барилгын компанид ажилладаг  болон нь хувийн батлан даалтаар авч байсан бөгөөд ажлын хөлсийг олголгүй хохирлыг төлүүлэхээр хуримтлуулж ирсэн одоо 10 гаруй сая төгрөг байгаа тул хохиролд төлнө гэж ахлах мөрдөн байцаагч нь устаар ярьсан байсан.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн асуултад 100 сая төгрөгийг зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, өмгөөлөгч ******* шүүгдэгч ах дүү нар нь тай утсаар ярьж хохиролд 22056420 төгрөгийг 3 сарын дотор төлөхөөр тохирлоо гэж надад хэлснээр өмгөөлөгч, шүүгдэгчийн гарын үсэг зурсан тодорхойлолтод би итгэж данс, утасны дугаар бичиж гарын үсэг зурсан болно. Гэтэл одоо хорих ял оногдуулсан учраас хохирлыг хариуцахгүй гэж байгаа нь өмгөөлөгч шүүгдэгчийн нэрээр шүүхэд илт хуурамч тодорхойлолт нотолгоо гаргуулан өгсөн зальт үйлдэл гэж үзэж байна. “Дамно үнэлгээ” ХХК-н 2025.4.14-ний өдрийн Дац 25-14 дугаартай шүрэн толгойт монетон нуух, зааны ясан халбагатай шар бор өнгийн чинчигноров хөөрөг 8000000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлтээр зөвхөн орчин цагийн хөөргөний үнэлгээтэй үнэлсэн нь буруу гэж үзэж байна. Иймд үнэлгээний асуудлыг шүүх олон үе дамжсан эрт цагийн эдлэл талаас гаргасан нэхэмжлэлийг харгалзан үзнэ үү.

Шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хэт хөнгөдсөн, прокурорын гаргасан дүгнэлтийг харгалзан үзээгүй, мөн 100 сая төгрөгийн нэхэмжлэл, сэтгэл санааны хохирол, насаараа би хохирч хоцорсон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* саналдаа:

Би хөөргөө 100,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Гэхдээ би шүүхийн шийдвэрийг хүндэтгээд хүлээн зөвшөөрсөн. Энэ хүн хорихоос өөр төрлийн ял оногдуулбал хохирлыг төлнө, хорих ял оногдуулбал төлөхгүй гэдэг зүйл яриад байгаа. Шүүхээс оногдуулсан хохирол 22,000,000 төгрөгийг энэ хүн 3 хувааж төлье гэсэн. Би үүнд нь итгэж гарын үсэг зурсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл миний хохирол төлбөрийг барагдуулаагүйг харахад, бага ял авах гэж намайг хуурсан байна гэж үзэж байна. Тийм учраас би энэ хүний ял хөнгөдсөн гэж үзэж байгаа. Би 100,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж нэхээгүй, хөөргөнийхөө үнийг 100,000,000 төгрөг гэж нэхэж байгаа. Сая илтгэгч шүүгчийн тайлбараас тэгж сонслоо. Миний хөөргийг энэ хүн хаяж үрэгдүүлээгүй, ах дүүсийн хүрээнд нуун дарагдуулсан гэж би бодож байгаа. Би энэ асуудлыг мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хэлж байсан. Гэтэл авч хэлэлцээгүй. Би хөөргөнийхөө үнэ ханшийг тогтоолгох гэж бүтэн жил хөөцөлдсөн, тогтоож чадаагүй. Одоо хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад миний хөөргийг ах дүүсийн хүрээнд нуун дарагдуулсан гэдгийг дахин шалгуулъя гэхээр авч хэлэлцэхгүй байх. Ер нь бол энэ хүнд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хүн хохирлыг төлье гэж бодохгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

2 дахь мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр 8,000,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй байна. Харин энэ хөөрөг нь эртний эдлэл гэдгийг харгалзан үзээд 18,700,000 төгрөг байх боломжтой гэж үнэлсэн. Тэгэхээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд ...шинжээчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна... гэсэн дүгнэлт шүүх хийгээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эртний эдлэл гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, эргэлзээтэй байгаа. Тийм учраас би шүүх хуралдаан дээр 8,000,000 төгрөгөөр үнэлж өгөөч гэсэн санал оруулсан.

Мөн хохирогч ял хөнгөдсөн гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн гаргасан гомдлын тухайд 20,000 төгрөг залилж авсан үйлдэлд нь шүүхээс 1 жилийн хорих ял өгсөн байдаг. Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг аль аль талаас нь харж үзээгүй байна гэж харж байгаа. Тийм учраас энэ хүний ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол төлбөрийг өөрийн боломж бололцоогоор төлсөн, согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргасан байгаа. Тийм учраас шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн хувийн байдал нь 5-6 удаагийн ял шийтгэлтэй, ингэхдээ дандаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үүндээ огт дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа. Шүүгдэгч ******* нь хохирогчтой хохирол төлбөрийг 3 сарын хугацаанд барагдуулах тохиролцоо хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхээс түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 589 дугаар бүхий шийтгэх тогтоолтой 2518000000318 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э. 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн ******* дугаар байрны ******* тоотод хохирогч *******ийг “танайхаас ус алдаад байна, крант нь эвдэрчихсэн байна, солино” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн үйлдлээр 20,000 төгрөг авсан, улмаар гэрээс нь шүрэн толгойтой, монетон нуухтай, зааны ясан халбагатай шар бор өнгийн чүнчигноров хөөрөг нэг ширхэг, хохирогчийн эзэмшлийн ******* тоот дансны дугаар бүхий ХААН банкны виза картыг дэлгүүрийн карт унших төхөөрөмжөөр 8 удаагийн гүйлгээгээр 165,420 төгрөгийн эд зүйл худалдан авч нийт 18,905,420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокурорын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй гэж үзээд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Шүүгдэгч ******* нь урьд 5 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн үйлдэлдээ тэнсэх, баривчлах, хорих ялаар тус тус шийтгэгдэж улмаар Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан байна.

Гэвч шүүгдэгч ******* нь нийгэмд аюултай үйлдлээ удаа удаа дараа хийж бусдыг хохироож байгаагаа ойлгон гэмшиж, засрал хүмүүжил авалгүйгээр дахин хулгайлах, бусдын залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч ******* нь 2025 оны дүгээр сарын 25-ны өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн ******* дугаар байрны ******* тоотод 80 настай хохирогч *******ийнд “танайхаас ус алдаад байна, крант нь эвдэрчихсэн байна, солино” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн үйлдлээр 20,000 төгрөг авсан,

хохирогчийн эхнэр Ичинхорлоогийн бүрэн хараагүй байдлыг далимдуулан 1869 оноос хойш үе уламжлан  ирсэн шүрэн толгойтой, чүнчигноров хөөргийг бурхан тахил дээрээс хулгайлснаас гадна хохирогчийн эзэмшлийн ******* тоот дансны дугаар бүхий ХААН банкны виза карт авч дэлгүүрийн карт унших төхөөрөмжөөр 8 удаагийн гүйлгээгээр 165,420 төгрөгийн эд зүйл худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 4.63% согтолтой ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулж, товлогдсон шүүх хуралдаан хойшлогдож байсан /хх2-243, 244 тал / нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан анхаарч үзээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь анхан шатны шүүх хуралдааны үед үеэл ах аараа дамжуулан барилга дээр ажиллуулсны цалин 10-аад сая төгрөгийг хохиролд тооцуулан өгнө.

Улмаар 2025 оны 12 сард 7,352,143 төгрөг, 2026 оны 01 сард 7,352,143 төгрөг, 2026 оны 02 сард 7,352,143 төгрөг тус тус төлөхөөр хохирогчтой харилцан тохирсон баталгаа гаргасныг шүүх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байна гэж үзэж ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн хэдий ч өнөөдрийн байдлаар /2026 оны 03 дугаар сарын -ны өдөр/ ямар нэгэн төлбөр төлөөгүй байх тул хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн дүр үзүүлсэн гэж үзэхээр байх тул шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс шүүгдэгчид оногдуулсан ял илтэд хөнгөдсөн түүний гэм бурууд тохироогүй” гэж дүгнэж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/589 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/589 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                            Б.МАНЛАЙБААТАР