| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2026/04575/И |
| Дугаар | 192/ШШ2026/03734 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/03734
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ********* тоотод оршин байрлах, “Н ” ХХК /рд: ***********/-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г-ийн Б- нь "Н " ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээг байгуулсан. Улмаар Нөмөр аппликейшнаар дамжуулан хүсэлт илгээж өөрийн зээлийн эрхээр 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сарын 5.3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай Хэрэглээний 2,330,000 төгрөгийн зээл, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сарын 4.1 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Хэрэглээний 4,960,000 төгрөгний зээл, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сарын 3.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай Хэрэглээний 150,000 төгрөгний зээлийг тус тус авсан. Гэтэл зээлдэгч Галсангийн Б- нь дээрх зээлүүдийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул түүний оршин суудаг гэх Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Жамсран уулын өвөр 8 гудамж, 3434 тоот хаягийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197/Ш32026/27161 тоот шүүгчийн захирамжаар зээлдэгч нь уг хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Галсангийн Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/ итгэмжлэл /хх 3,4/, Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх 5/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197/шз2026/27161 дүгээр захирамжийн хуулбар /хх 8/-ыг тус тус өгсөн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“Н ” ХХК нь Г.Б-өд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 197/шз2026/27161 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
“Н ” ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг олж тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч “Н ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Г-н Б- /РД: ********/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Г.Б-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч “Н ” ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН