Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 925

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22-ны  өдөр       Дугаар 2018/ШЦТ/                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг  нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч С.Солонго,

Иргэдийн төлөөлөгч Л.Болормаа,

Хохирогч Шин Зи Хуа, Зао Айшян, тэдний өмгөөлөгч О.Цэвэлмаа,

Орчуулагч Цуй Хай Пин,

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал,

Шүүгдэгч Х.О,

Шүүгдэгч Х.Т, тэдний өмгөөлөгч Л.Баярсайхан нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт А.Э, Х.Т нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.М, Х.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706000000334 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Үйлдсэн хэргийн талаар:

1. А.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод БНХАУ-н иргэн Зао Айшяны баруун гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Х.Ттай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод БНХАУ-н иргэн Шин Зи Хуаг зодож, баруун өгзгөнд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

О.М, Х.Т, Х.О нартай бүлэглэн, зэвсэг хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод оршин суух БНХАУ-н иргэн Зао Айшян, Шин Зи Хуа нарын 9.000.000 төгрөг, 8.500 юань зэргийг дээрэмдсэн,

2. Х.Т нь А.Этэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр ын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод БНХАУ-н иргэн Шин Зи Хуаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Э, О.М, Х.О нартай бүлэглэн, зэвсэг хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод оршин суух БНХАУ-н иргэн Зао Айшян, Шин Зи Хуа нарын 9.000.000 төгрөг, 8.500 юань зэргийг дээрэмдсэн,

3. Х.О нь А.Э, Х.Т О.М нартай бүлэглэн, зэвсэг хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод оршин суух БНХАУ-н иргэн Зао Айшян, Шин Зи Хуа нарын 9.000.000 төгрөг, 8.500 юань зэргийг дээрэмдсэн,

4. О.М нь А.Э, Х.Т, Х.О нартай бүлэглэн, зэвсэг хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод оршин суух БНХАУ-н иргэн Зао Айшян, Шин Зи Хуа нарын 9.000.000 төгрөг, 8.500 юань зэргийг дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэнгэмт хэрэгт холбогджээ.          /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 86 дугаар байрны 64 тоотод шүүгдэгч А.Э нь БНХАУ-н иргэн Зао Айшяны баруун гарыг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Э, Х.Т нар нь бүлэглэн БНХАУ-н иргэн Шин Зи Хуаг зодож, баруун өгзгөнд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

А.Э, О.М, Х.Т, Х.О нар нь бүлэглэн, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж БНХАУ-н иргэн Зао Айшян, Шин Зи Хуа нарын 9.000.000 төгрөг, 8.500 юань зэргийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Зао Айшяны мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 11 сарын 28-ны өдрийн 08:40 цагийн үед гэрийн хаалгыг тогшоод байхаар нь нөхөр хаалга тайлж өгсөн. Нөхөр надад "цагдаа гадаа ирсэн байна" гэж
хэлээд хаалга онгойлгоод би очоод харахад нэг цагдаа хувцастай хүн байхаар нь би "та хаанаас ирсэн юм бэ" гэж асуухад тэр хүн "энэ хүний бичиг баримтыг шалгах гэсэн юм. Би Сүхбаатар дүүргээс ирсэн" гэсэн. Би та надад бичиг баримтаа үзүүлж болох уу" гэж хэлэхэд тэрээр “би наад хүний чинь бичиг баримтыг үзэж болох уу” гээд цаашаа хараад гараараа дуудаад "ороод ир" гэж хэлээд байж байхад 2 хүн гаднаас орж ирээд хаалга дотроос нь түгжсэн. Цагдаа хувцастай залуу нь гартаа хутга бариад нөгөө 2 нь гартаа бороохой барьсан байсан.

Тэгээд тэр цагдаа хувцастай нь хутгаараа далайгаад байхаар нь би хутгыг нь барихад миний гараас хутга суга татаад миний гарыг зүссэн. Би хүүхдээ аваад зугтах гэтэл хаалган дээр нэг залуу нь зогсоод гарч болохгүй гэсэн. Тэгээд би дээр сууж байхад манай нөхрийг нөгөө цагдаа хувцастай залуу нэг залуутайгаа хамт доор гал тогооны өрөөнд орлиулаад байсан. Хэдэн минутын дараа чимээгүй болсон. Цагдаа хувцастай залуу нь дээшээ гарч ирээд малгайгаа тайлж маск гаргаж ирж толгойдоо углаад миний ард ирээд хутга тулгаад "алив мөнгө гаргаад ир, танайх алтны уурхайтай, мөнгөний сейф байдаг тэрийгээ гаргаад ир. 100.000.000 төгрөг өг гэж хэлэхээр нь би цүнхнээсээ банкны картаа гаргаж өгөөд кодыг нь хэлээд "картанд 30.000.000 төгрөг байгаа" гээд өгсөн. ...картыг аваад үүдэнд байсан залуудаа өгөөд дээшээ гарч хяналтын камер мөнгөний сейф байгааг шалгаадах гээд явуулсан. Нөгөө залуу дээшээ гарчаад удалгүй гарч явсан.

Цагдаа хувцастай залуу хутга далайгаад "чи мөнгөө гаргаад ир. Өгөхгүй бол ална шүү" гэж хэлээд миний хүүхдийн эрүүн доогуур хутгаа явуулаад байхаар нь би "унтлагын өрөөнд юань байгаа тэрийг ав" гэж хэлээд дээшээ гарч унтлагын өрөөний шкафнаас 8000 гаруй юань өгсөн. Гэтэл цагдаа хувцастай залуу руу нөгөө залуу нь станцаар "5.000.000 төгрөг гарлаа” гэж хэлэхэд "пизда минь ахиад гаргаад аваачээ" гэж хэлээд байсан.

...би доошоо харахад манай нөхөр доор хэвтэж байснаа байхгүй болсон байсан. Байсан хэсэг дээр нь цус гарсан байхаар нь би “та нар манай нөхрийг алсан байна шүү дээ гэж хэлэхэд цагдаа хувцастай нь "би танай нөхрийг алаагүй, гуянд нь хутгалсан, толгой руу нь хэд цохисон. Танай нөхөрт өвчин байна уу" гэж асуухаар нь би "зүрх муутай гэж хэлэхэд нөгөө доор байсан залууруугаа "наад хүн чинь амьсгал байна уу" гэж асуухад "байна байна" гэж хэлсэн. Би хүүхдээ тэврээд уйлаад амь өршөөж буян хийгээч, би цагдаад өгөхгүй, та нар явчих гэж хэлсэн. Намайг доошоо буу гэхээр нь би буугаагүй. Цагдаад өгвөл танай сургуульд явдаг 2 охиныг чинь хүн тавиад байнга манана шүү гэсэн. Цагдаа хувцастай залуу нь 2 утасны сим гаргаж чадахгүй байснаа утсыг унтлаганы өрөөнд тавиулаад нөгөө залуугаа гаргаад лифт дуудуулаад өөрөө үүдэнд надруу харж байгаад маскаа тайлаад малгай өмсөөд цагдаад хэлбэл ална шүү. Энэ гавны түлхүүр гэж хэлээд 2 түлхүүр шидээд явсан. ...картаа өгсөн дараа харахад 9 сая төгрөг гарсан байна лээ. Бэлнээр 8500 юань өгсөн. 2 гар утас авсан боловч үлдээсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/

 

Хохирогч Шин Зи Хуагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 08:30 цагаас 09 цагийн хооронд манай гэрийн хаалгыг нэг хүн цохисон. Дурангаар харахад цагдаа мэт хувцастай хүн байхаар нь хаалгаа нээсэн. Тэгээд тэр эрэгтэй Шинээ мөн үү гэж асуусан. Шинээ гэдэг нь миний Монгол нэр болно. Тэр хүний хувцас нь ямар нэг таних тэмдэггүй байсан учир би цагдаа биш байж магадгүй гэж бодоод эхнэртээ хэлсэн. Тэгээд манай эхнэр тэр хүнээс бичиг баримтыг нь асуухад тэр хүн цааш харан хүн дуудах шиг болоход цаанаас нь 2 хүн нэмэгдээд гуравуулаа шууд манай гэрлүү дайрч орсон. Тэр 3 эрэгтэй бүгд гартаа цахилгаан бороохойтой байсан.

Хоёр залуу нь намайг гал тогооны өрөө рүү оруулсан. Тэр хоёр хоёулаа хутгатай   байсан.  Нөгөө нь эхнэрийг саатуулж байсан. Би өөрийгөө хамгаалах гээд заазуур барьж далайж айлгахад хоёулаа дээш гарсан. Тэгэхээр нь би орц руу гарах гэсэн хаалга онгойлгож чадалгүй буцаж гал зуухны өрөө рүү орсон. Эхэндээ   гараараа   цохиж   зодож   байгаад   цахилгаан боохойгоор цохиулсан. Тэгээд бараг ухаангүй шахуу болох үед нэг нь миний толгойн дээр гишгэж байгаад гавалсан. Гавлахаас өмнө миний өгзөг хэсэг рүү нэг хутгалсан. Тэгээд тэр хоёрын нэг нь даавуу авч ирээд миний амыг боосон. Нэг нь намайг харж үлдээд нөгөө нь дээшээ гарсан. Эхнэрээс мөнгө нэхэх гэж байсан байх. Намайг харж дээр дарсан эрэгтэй цахилгаан бороохойгоор миний толгой руу олон удaa цохиулсан. Миний ухаан балартсан бөгөөд намайг нэг тийш нь чирээд байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 77-81/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14854 дугаартай:

Зи Хуагийн биед баруун өгзгөнд хутгалагдсан шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, баруун нүдний дотор булан, зүүн шуунд цус хуралт, зүүн дээд зовхи, хоёр шуу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өгзөгний хутгалагдсан шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 116/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 14900 дугаартай:

Зао Айшяны биед баруун гарын долоовор, дунд хуруу, баруун гарын алганы зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 117

 

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 16-23/

-73-95 УНС улсын дугаартай приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-30/

-Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хороололын 3-р байрны 227 тоотод байрлах А.Эийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 31-40/

-51-52 УНЕ улсын дугаартай Range rover маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 41-51/

-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 52-57/

-Х.Т, А.Э нараас эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 58-59/

-хохирогч Зао Айшян-д яллагдагч Х.Таас 960.310 төгрөг, Х.Ооос 461.600 төгрөг, О.Маас 1.451.000 төгрөг, А.Эээс 5.500.000 төгрөг, 6.076 юань хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 60-61/

-хохирогч Шин Зи Хаугаас эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 64/

-эд мөрийн баритаар тооцох тухай тогтоол /2-р хх-ийн 167/

 

Шүүгдэгч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:

"Hard Rock" ресторанд Цэрэнпүрэвтэй уулзаж хоол идсэн юм. Тэгэхэд манай хажуугийн ширээнд 30 гаран насны хятад хүн 16 орчим насны монгол охинтой хоол идэж байсан. Хятадууд монгол охидуудтай минь уулзаж байна гэж хардах сэтгэл төрөөд “ер нь энэ хятадыг жаахан сүрдүүлж мөнгө авая, мөнгөтэй байх" гэх бодол төрсөн. Рестораны гадаа зогсоолд байсан өөрийн Range Rover маркын машиндаа суугаад хятад иргэнийг гарж ирвэл дагаж, гэрийг нь мэдэж авая гэж бодоод хүлээсэн. Тэгэхэд 20 цагийн үед хятад иргэн хамт явсан монгол охинтойгоо гарч ирээд такси бариад Sunday худалдааны төвийн хойд талд байх зочид буудал руу орчихоор нь би гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед Хятад иргэний орсон зочид буудлын гадаа машинтайгаа очоод хүлээгээд зогсож байтал 11 цагийн үед нөгөө хятад иргэн ганцаараа гараад такси бариад явахаар нь араас нь дагатал "Hard Rock" рестораны урд талд хуучин Натур худалдааны төвийн зүүн талын туслах замаар явж байгаад шаргал өнгөтэй нэг орцтой 12 давхар пентхаус зохион байгуулалттай байрны гадна очоод таксинаасаа буугаад уг байр луу орсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад орц руу нь орж цахилгаан шатны тоолуурыг харахад цахилгаан шат нь 6 давхарт зогссон. Тэгэхээр нь би уг хятад хүнийг энэ байрны 6 давхарт нь амьдардаг юм байна гэж бодоод сайн судлаж хэдэн тоотод гэртээ хэнтэйгээ амьдардаг, хэзээ гэрээс гарч хэзээ гэртээ ирдэг гэдгийг нь мэдэж авч байгаад сүрдүүлж мөнгө авая гэж бодсон юм. Тэгээд би тэр өдрөө гэртээ харьсан бөгөөд маргааш өглөө нь 8 цагийн үед Хятад иргэний байранд очоод 6 давхрын коридорт нь зогсоод Хятад иргэний гарч ирэхийг нь хүлээсэн. Намайг ирсний дараа нэг их удалгүй Хятад иргэн бага насны хоёр хүүхдийн хамт 64 тоотоос гарч ирээд цахилгаан шатаар буугаад явсан. Тэгж би түүний гэрийн хаягийг нь мэдэж авсан. Тэгэхэд Хятад иргэн намайг анзаарсан тул би дахиж харагдаж сэжиг авахуулаад яахав гэж бодоод дахиж нэг их ирээгүй бөгөөд хоёроос гурав хоногт нэг удаа ирж гэрийнх нь цонхыг гэрэлтэй байна уу гэдгийг нь харж гэрт нь хүн байгаа үгүйг мэдэж авдаг байсан. Тэгээд өнгөрсөн долоо хоногоос эхэлж бодсон бодлоо ажил хэрэг болгоё гэж шийдсэн бөгөөд цагдаа хувцастай гэрт нь орж уулзаад бичиг баримтыг нь шалгаад виз нь дууссан байвал түүгээр шалтаглаж мөнгө нэхэе гэж бодсон. Тэгээд бодож байгаад ганцаараа орох гэтэл гэрт нь Хятад иргэнээс гадна өөр хүн байгаад намайг эсэргүүцвэл дийлэхгүй байх гэж бодоод найдвартай хань татая гэж бодсон. Тэгээд сайн таньдаг итгэлтэй хүмүүс болох Т, О, М гурвыг миний санааг дэмжих байх, нууц хадгалах байх гэж бодсон. Тэгээд энэ талаараа тэр гуравт огт хэлж яриагүй бөгөөд 2017 оны 11 сарын 28-ны өглөө Хятад иргэний гэрт очихоор шийдсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 28-ны өглөө 07 цагийн үед гэртээ хадгалж байсан цагдаагийн шинэ загварын хээрийн китлийг дээгүүрээ өмсөөд доогуураа хар бэлтгэлийн өмд хагас түрийтэй гутал өмсөөд, энэ хэрэгт хэрэглэхээр бэлдсэн байсан гав, хутга хоёрыг аваад Т, О, М гурав руу залгаж "яаралтай ажил байна, хурдан хүрээд ир, нүүрээ халхлах маск байвал аваад ирээрэй" гээд Хятад иргэний байрны урд талын цэцэрлэгт дуудаж уулзсан. М киноны орлон тоглогч хийдэг тул ажилдаа ашигладаг хар өнгийн баг, маск өөрт нь байдгийг нь би мэддэг юм. Тэгээд тэр гурвыг ирэхээр нь би "энэ байранд Монгол хүнд өртэй нэг Хятад хүн байгаа, бөөнөөрөө ороод сүрдүүлж байгаад мөнгийг нь авна" гэж хэлэхэд тэр гурав зөвшөөрсөн. Очирбат бие муутай татаж унадаг тул би түүнийг "гадаа хүн хараад байж бай, янз бүрийн юм болвол утасдаарай" гэж хэлээд Т, М хоёрын хамт орц руу ороод тэр хоёрыг орцонд үлдээгээд би өөрөө 64 тоот хаалгыг тогштол Хятад улсын иргэн өөрөө хаалгаа тайлж өгөхөөр нь би шууд гэр лүү нь зөвшөөрөлгүй явж ороод "амрыг эрэе та бичиг баримтаа шалгуулна уу" гэхэд Хятад иргэн цаашаагаа зугтаад ортол Т, М хоёр миний араас гэрт нь орж ирсэн. Тэгтэл Хятад улсын иргэн галын өрөөнөөсөө хоёр том заазуур хоёр гартаа бариад Т, М хоёр луу дайрсан. Тэгэхэд Хятад иргэний гэрт эхнэр нь, нэг жаахан хүүхдийн хамт байж байсан бөгөөд эхнэр нь том өрөөнөөсөө бид нарыг харчихаад орилохоор нь би барьж аваад амыг нь гараараа дарж дуугүй болгосон. Би өөрийнхөө бүсний хуйнд байсан хутгаа сугалаад Хятад иргэн рүү очтол надаас зугатаад тагт руугаа гараад нэг хөлөө цааш нь давуулахаар нь би тагтнаас үсрэх гэж байна гэж бодоод хутгаа газар хаяад тагт руу гараад барьж авах гэхэд над руу заазуураараа чичиж байгаад нэг заазуураа шидэхэд миний толгойн дээр оносон. Тэгэхээр нь би шууд нэг хөлнөөс нь барьж аваад тагтны хашлаганаас татаж буулгаад дээр нь гарч ноцолдож байтал Т ирээд надтай хамжиж Хятад иргэнийг өргөөд гэр лүү нь оруулсан юм. Тэгээд би газраас хутгаа аваад өөрт байсан гавыг гаргаж ирээд хоёр гарыг нь ар талд нь гавлах гэж байгаад гарт байсан хутгаараа бөгс рүү нь санаандгүй хатгачихсан юм. Тэгээд Хятад иргэний гарыг ард нь гавлаад, ам руу нь хүүхдийнх нь өмдийг чихэж дуугүй болготол эхнэр нь бид гуравт хандан "мөнгө авах юм уу, хүссэн юмаа аваад явчих" гээд орилоод гуйгаад байсан. Тэгэхээр нь би "мөнгө чинь хаана байна гаргаад ир" гэхэд эхнэр нь "бэлэн мөнгө байхгүй, картанд мөнгө байгаа" гээд цэнхэр өнгөтэй виза карт гаргаж ирээд надад өгсөн. Пин кодыг нь эхнэрээс нь асуухад "код нь 8888, өдөрт дээд тал нь 9,000,000 төгрөг гарах эрхтэй" гэхээр нь би виза картыг Мягмаржавт өгөөд" гараад ATM орж кодыг нь уншуулаад мөнгө авчих, мөнгөө аваад утасдаж хэлээрэй" гээд гаргасан. М арав орчим минутын дараа над руу залгаад "болчихлоо, гараад ир" гэхээр нь би гавныхаа түлхүүрийг Хятад иргэний эхнэрт өгөх гээд халаасаа ухтал "намайг зүгээр орхичих, би дахиад юань өгөе" гээд хоёр давхарынхаа унтлагын өрөө рүү ороод шкафаа түлхүүрээр онгойлгоод дотроос нь боодолтой БНХАУлсын юань гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд Т бид хоёр гадагшаа гарахад М, О хоёр Хятад иргэний байрны урд талд байх цэцэрлэгийн гадаа миний машины гадаа зогсож байсан. Тэгээд бид дөрөв машиндаа суугаад Хан-Уул дүүргийн 9-р хороо Нарны хорооллын 3 дугаар байрны 227 тоот манай гэрт очсон. Гэрт очиход өглөөний 10 цаг болж байсан. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй бөгөөд бид дөрөв Хятад иргэнээс авсан мөнгөө тоолоход виза картаар бэлэн мөнгөний машинаас авсан монгол төгрөг нь 20,000, 10,000 төгрөгийн дэвсгэртээр нийт 9,000,000 төгрөг, эхнэрээс нь авсан боодолтой БНХАУлсын юань нь 100 юаны дэвсгэртээр нийт 6000 юань байсан. Тэгэхээр нь би Мд 2,000,000 төгрөг, Т, О хоёрын дунд нь 1,500,000 төгрөг өгөөд өөрөө үлдэгдэл 5,500,000 төгрөг болон 6000 юаныг авсан. Тэгээд М, Т, О гурав гэр гэр лүүгээ харина гээд явсан. Өөрийнхөө машиныг байрныхаа гадна зогсоолоос аваад Алтай хотхоны урд байдаг "River Stone" хотхоны дулаан зогсоолд оруулж тавьчихаад такси барьж гэртээ харьсан. Миний утасанд 95-тай үл таних дугаараас эрэгтэй хүн залгаад "таны машиныг машин шүргэчихэж, машин дээрээ хүрээд ир" гэхээр нь би эхнэр Алимаагийн хамт "River Stone" хотхоны дулаан зогсоолд очиход цагдаа нар намайг саатуулсан юм.

Би Хэнтий аймгийн Цагдаагийн газраас 2016 онд хүсэлтээрээ гарсан бөгөөд хувцас, тусгай хэрэгслээ хүлээлгэж өгөхдөө өөрт илүү байсан шинэ загварын хар хээрийн китл, Police гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай зэргийг авч үлдсэн байсныгаа Хятад иргэний гэрт очихдоо гаргаж ирж өмссөн юм. Доогуураа бэлтгэлийн хар өмд, хагас түрийтэй гутал нь цагдаагийн дүрэмт хувцас биш бөгөөд миний өөрийн хувийн хувцас маань юм. Гавыг одоогоос cap гаруйн өмнө Хятад иргэнийг сүрдүүлж мөнгө авая гэж бодож төлөвлөсөнийхөө дараа Дүнжингарав худалдааны төв дээрээс 25,000 төгрөгөөр худалдаж авсан. Хутгаар БНХАУлсын иргэнийг айлгая гэж бодож Дүнжингарав худалдааны төвөөс гав худалдаж авахдаа хамт 80,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-97/

 

Шүүгдэгч Х.Тын мөрдөн байцаалтад өгсөн:

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд багадаа нэг сургуульд сурч байсан С /жинхэнэ нэрийн сайн мэдэхгүй/ манай дүү Очирдоржтой фээсбүүкээр холбогдсон байсан. Тэгээд "харуул хамгаалалтын алба нээсэн байгаа та 2 ирж бэлтгэлээ хийнгээ ажил хийхгүй юу" гэж хэлж дуудсан байсан. Ийм шалтгаанаар бид 2 Улаанбаатарт ирсэн юм. Тэгээд С ахтай Улаанбаатар хотод ирээд 2-3 хоноод анх Алтантөгрөг худалдааны төвийн урд талын Луск хаус 2 гэсэн байрны доор байх карате, кик боксын клубд уулзаад бэлтгэл хийсэн. С ах бид хоёроор ямар нэгэн ажил хийлгүүлээгүй бэлтгэлээ хийгээд байж бай гэж хэлээд тэндээ бэлтгэл хийлгүүлдэг байсан. 2017 оны 11 сарын 28-ны өдөр гэртээ амарч байхад өглөө 07 цагийн үед С ах 90110022 гэсэн дугаараасаа миний 85135505 дугаарлуу залгаад "чи дүү О-гоо дагуулаад Натур худалдааны төвийн урд такси бариад хүрээд ир таксины мөнгийг чинь өгье гэж хэлэхээр би "яах гэж байгаа юм бэ" гэж асуухад "нэг ажил байна хүрээд ир" гэж хэлэхээр нь би "за" гэж хэлээд гэрээсээ 07 цаг 10 минутын үед дүү О-гоо дагуулаад такси бариад Натур худалдааны төвийн урд талын байрнууд дунд 07 цаг 30 минутын үед очсон. С ахтай уулзахад өөрийн Ренж Ровер маркын 5152 УНУ улсын дугаартай хар өнгийн машин дотороо сууж байсан. Тэгээд бид 2 машинд суугаад байж байхад М 10 орчим минутын дараа ирээд бид 4 юм ярисан. С ах машиныхаа ар талаас цагдаа хувцас гаргаж өмсөөд М бид хоёрт "та 2 намайг дагаад энэ байрны 6 дахварлуу гараад нэг хятад айлруу ороод тэндээс мөнгө аваад гарна гэж хэлсэн. Манай дүү Оыг машины гадаа үлдээгээд "хүн харж байгаарай" гэж хэлээд бид 3 орцруу ороод шатаар 6 давхарт гараад орцонд зогсож байгаад С ах “хаалгыг тогшоод онгойлгохоор нь та 2-г дуудаад гэрлүү орно" гэж хэлээд С ах хаалгыг тогшоод цаанаас хүн онгойлгоход бид хоёрыг дуудаад С ах эхлээд тэр айлруу дайраад орсон. Араас нь М болон би орсон. Би дотор ороод хаалгыг нь түгжээд зогссон. С ах доод талын давхарлуу нь ороод нэг эрэгтэй хүнтэй ноцолдоод 10 гаруй минутын дараа намайг "буугаад ир" гэж дуудсан. М эмэгтэй хүнийг нэг өрөөнд оруулаад суулгаад өөрөө наана нь зогсож байсан. Тэгээд би С ахыг дуудсан болохоор доошоо буугаад очиход нөгөө эрэгтэй хүнтэй блокон дээр ноцолдоод байж байсан надад С ах "ирээд гарнаас нь тат" гээд би тэр эрэгтэй хүнийн баруун гарнаас нь 2 гараараа татаад С ах араас нь түлхээд оруулж ирээд С ах дээр нь дарж газар унаад "намайг дарж бай гэхээр нь би дээрээс дараад гарыг нь барьсан байсан. С ах "наадхаа гавал" гэж хэлэхэд М дээр өрөөнөөс бууж ирээд тэр хүнийг М өөрийн зүүсэн байсан гаваар гарыг нь гавалсан. Би тэр эрэгтэй хүнийг тэр чигт нь дараад дээр нь сууж байсан. С ах, М 2 дээшээ өрөө рүү ороод эмэгтэй хүнтэй нь юм яриад тэр хавиар юм хайгаад асуугаад байсан. Би доор байсан учираас сонсоогүй. Тэгээд байж байгаад М эхлээд гарч яваад тэрнээс хойш 20 минут өнгөрсний дараа би гараад гураваад минутын дараа С ах гарч ирсэн. Би лифт дуудаад хүлээж байсан. Бид 2 тэндээс гараад машин дээр ирэхэд манай дүү О, М 2 машины хажуу талд зогсож байсан. Тэгээд бид 4 хөдлөөд С ахын гэр Нарны хороололын 3 дугаар байрны 9 дүгээр давхарт байх 227 гэсэн дугаартай байранд ороод С ах халааснаасаа мөнгө гаргаж ирээд тоолоод надад 1.000.000 төгрөг, О-д 500.000 төгрөг, Мд 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд "та 3 хариж бай" гэж хэлээд гэрээсээ гаргасан. Тэгээд бид 3 такси бариад М Баянцээлийн тэнд буулгаад бид 2 Дарь-Эхэд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд цаг 11 болж байх шиг байсан. Тэгээд хоол хийж идээд хэвтээд амраад байж байхад С ах "Бөмбөгөр дээр хүрээд ир" гэхээр нь бид 2 ирсэн чинь цагдаа барьж авсан.  С ах өмнө нь "ямар нэгэн хүн дээрэмдэх, мөнгө авах" талаар хэлж байгаагүй. 2017 оны 11 сарын 28-ны өдрийн өглөө Натурын тэнд машиндаа "энэ байрлуу ороод нэг хятад байгаа тэр хүнээс орж мөнгө авна" гэж хэлсэн тэгээд би зөвшөөрөөд орсон. Ийм сүртэй зүйл болно гэж бодоогүй. Өглөө ирэхэд С ах л "энэ байранд мөнгөтэй хятад хүн байгаа ийшээ орж мөнгийн авъя" гэж хэлээд бид нар орсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/

 

Шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

... 2017 оны 11 сарын 27-ны орой 19-н цагийн орчим С ах надруу залгаад гараад ир гэрийнхээ ойролцоо Баянцээлийн урд хүрээд ир гэхээр нь би гараад очсон чинь С ах ганцаараа өөрийнхөө хар өнгийн "Rang Rover" маркын авто машинтайгаа ирчихсэн байсан. С ах надад Хятад хүн байгаа гэрт нь очиж мөнгө авна. Иймээ тиймээ асуудал байхгүй хэрвээ ямар нэг асуудал гарах юм бол ах нь бүх асуудлыг даана.Чи битгий санаа зов гэхээр нь би за за та бүх асуудлыг нь даах юм бол дүү нь таныг юу хийх юм бол бүгдийг нь дагна гэж хэлсэн. С ах бид хоёр ийм юм яриад салсан. С ах явахдаа маргааш өглөө би чамруу ярина гэж хэлсэн. Маргааш өглөө нь С ах надруу 90110022 гэсэн дугаараас миний 99974977 гэсэн дугаарруу нэлээн олон удаа залгахад нь би утсаа авахгүй байж байгаад өглөө 07-н цагийн орчим би утсаа аваад би хүүгээ харж байна одоохондоо надад зав алга байна гээд утсаа салгасан.Тэгээд би 08-н цаг өнгөрч байхад С ахруу буцааж залгахад С ах надруу эргэж залгаад чи 13-р хорооллын Натур төврүү такси бариад хүрээд ир гэж хэлэхээр нь би такси бариад Натур төвийн урд талын цэцэрлэгийн гадаа С ахтай уулзаад машинд нь суухад цуг бэлтгэл хийдэг О, Т хоёр сууж байсан. Тэгээд С ах одоо энэ урд талын байрруу орно гээд Тбид хоёрыг дагуулж яваад 6-н давхарруу гараад хувцасаа солиод цагдаа хувцас өмсөөд намайг дуудахаар ороод ирээрэй гэж хэлээд цахилгаан шатны зүүн урд талд байрлах хаалгыг тогшоод хаалга онгойлгосон чинь өөрөө ороод та хоёр ороод ир гээд бид хоёрыг дуудсан.Т бид хоёр уг айлруу араас нь яваад ороход доошоо урууддаг мөн дээшээ өгсдөг 3-н давхар хаус маркын байр байсан гэрийн эзэд нь болох эхнэр нөхөр хоёр хашигралдсан чинь С ах эхнэрийг нь бариад авсан нөхөр нь доошоо гал тогооруу гүйхэд намайг араас нь бариад ав гэж хэлэхээр нь би араас нь очоод бариад авах гэсэн чинь нөхөр нь шүүгээнээсээ хоёр заазуур гаргаад надруу дайрахаар нь би буцаад дээшээ цугтаагаад хаалгаар гарах гэсэн чинь хаалга цоожтой байсан.Нөхөр нь надруу заазуураа далайгаад байж байхад С ах намайг эхнэрийг нь харж бай гээд нөхөррүү нь дайрсан чинь нөхөр нь буцаад доошоо гал тогооруу зугтаасан. Араас нь С ах буусан тэгээд гал тогоонд пэжигнэлдээд байсан. Юу болсоныг би хараагүй. Тг доошоо буугаад юу болсоныг хардаа гэж хэлэхэд Т доошоо буухаар нь би араас нь харахад С ах тэр хүнийг полкон дээрээс нь оруулж ирээд гал тогооны өрөөний шалан дээр хэвтүүлээд Тг наадахаа харж бай гээд өөрөө эхнэр дээр нь ирээд танай сейф хаана байна бид нарт мөнгө хэрэгтэй байна гээд асуухад бид нарт сейф байхгүй бэлэн мөнгө байхгүй виза карт байгаа эндээс та нар мөнгөө авчих гэж хэлсэн чинь намайг чи картыг нь аваад гар АТМ-ээс очоод мөнгийг нь аваад ир гэж хэлээд би эхнэрээс нь "Хаан" банкны виза карт аваад "Хард Рок"-ийн доод талд байрлах "Хаан" банкны АТМ-дээр очоод картыг уншуулаад үлдэгдэлийг нь шалгахад 13 сая төгрөг байхаар боломжит гүйлгээ хийх нь 5 сая төгрөг байх гэж бодоод 5 сая төгрөг авахаар гүйлгээ хийгээд 5 сая төгрөгийг аваад шууд машин дээрээ очиод хүлээж байтал С ах Тхоёр гарч ирээд бид 4 машинтайгаа хөдлөөд замдаа С ах намайг дахиад картаа уншуулаад мөнгө аваад ир гэхээр нь би түрүүнд гарсан юм чинь одоо өөр хэн нэг нь гарчих гэж хэлсэн чинь Тгараад "Таван Богд"-ын хажуу талын "Хаан" банкын АТМ"-ээс сая төгрөг авчирсан. Тэндээс хөдлөөд нарны хороолол ороод тэнд С ах нэг байрны доод талын дулаан зогсоолруу машинаа оруулж тавиад Т О хоёрт картаа өгөөд ойрхон ATM байгаа дахиад мөнгө аваад ир гэж хэлээд явуулсан удалгүй тэр хоёр 3 сая төгрөг авчирсан.Тэгээд С ах Од 500.000 мянган төгрөг, Тд 1 сая төгрөг, надад 2 сая төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрөө аваад бид гурвыг явуулсан. Цахилгаан бороохойг айлруу орохын өмнө С ах надад өгсөн. Биед чинь ойртоод эвгүй байдал үүсэх юм бол дуугаргаж сүрдүүлээрэй гэж хэлж өгсөн. Дээрэм хийх санааг С ах гаргасан. С ах хэлэхдээ.хятад хүн байгаа бүгдээрээ гэрт нь орж мөнгө авна би бүгдийг нь судалчихсан байгаа гэж хэлсэн. Шин Зи Хуаг С ах зодсон. Яаж зодсоныг бол би хараагүй. Эхнэр нь гараа С ахын барьчихсан байсан хутганд нь гараа эсэхчихсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 91-94/

 

Шүүгдэгч Х.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 11 сарын 03, 04-ний орчим нутгийн ах С-тэй таарахад би хамгаалалтын алба ажиллуулж байгаа. Бэлтгэлийн хажуугаар ажиллаж болно гэж хэлсэн. С ахын хамгаалалтын алба гэх Алтантөгрөг худалдааны төвийн орчим байх зааланд бэлтгэл хийдэг болсон. Өнөөдөр өглөө 08 цагийн орчим С Тын ахын 85135505 гэсэн дугаарлуу өөрийнхөө 90110802 дугаарын утсаар залгаж яриад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 85-р байрны гадна хүрээд ир гээд Т бид 2 уг газарт нь очсон. Очиход С ах ганцаараа ирчихсэн байсан. Тэгээд бид 3-г гадаа байж байхад Мягаа гэдэг залуу ирсэн. Энэ үед С бид 3 энэ байранд нэг айлруу орчихоод гарч ирнэ. Чи машин дотор хүлээж бай гэж хэлээд үлдээгээд уг байрлуу Т, С, М нар орсон. Тэгээд 1 цаг орчимын дараа эхлээд Мягаа гарч ирээд араас нь 10 орчим минутын дараа С, Т нар гарч ирсэн. Ингээд бид нар С ахын автомашинтай С ахын Нарны хороололд байдаг гэрлүү нь явсан. Гэрт нь очиход Мягаа цүнхнээсээ бэлнээр арван мянгат болон хорин мянгатын дэвсгэртээр нийт таван сая төгрөг гаргаж ирээд надад бэлнээр таван зуун мянган төгрөг өгч Мягаа болон Т нарт нэг нэг сая төгрөг өгсөн. Ингээд Т бид хоёр гэртээ харьсан. Харих замдаа сансарын Баянцээл дээр Мягааг буулгаад харьсан. С ах гэртээ үлдсэн. Би С авсан мөнгөнөөсөө таксинд 20000 төгрөг, мөн гэртээ 3200 төгрөгөөр нүүрс авсан. Үлдсэн мөнгө нь надад байгаа. Ингээд Т бид хоёр гэртээ байж байхад С ах бөмбөр зах дээр хүрээд ирээ гэхээр нь яваад очиход С ах цагдаа нартай байж байгаад бид хоёрыг барьсан.

С ах хятад айлруу орноо л гэж хэлж байсан. Намайг үлдээхдээ цагдаагийн автомашин харж байгаарай ирвэл мэдэгдээрэй гэж С ах хэлсэн. Өмнө нь С ах надад хэлэхдээ би хүний мөнгийг зээлж аваад луйвардсан хүмүүсийн гэрт нь орж гэрээний дагуу мөнгийг нь авахыг шаарддаг гэж хэлж байсан. Энэ хятад айлруу орох гэж байхад нь би С ахыг хүнээс мөнгөө авах гэж байгаа юм байна л гэж бодсон. Уг айлаас энэ гурав гарч ирээд замдаа явж байхад С гэрт байсан Хятад хүний бөгсрүү нь хутгалсан гэж ярьж байсан. С, Т, М нар хятад айлруу орохдоо Мягаа хар өнгийн коршинкон малгай өмсөж хар өнгийн нүдний шил зүүж хар өнгийн маск нүүрэндээ зүүсэн. Харин Т хар өнгийн ноосон малгай өмсөж хар өнгийн нүдний шил зүүж хар өнгийн маск нүүрэндээ зүүсэн. С ах цагдаагийн зуны саравчтай малгай өмсөж орсон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс :

-А.Э, Х.Т, О.М, Х.О нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 27-42/, О.Мын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төсрний гэрчилгээний хуулбар, хорооны засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 58-60/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, Шүүгдэгч  А.Э, Х.Т, О.М, Х.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөж ярилцсан, үүргийг хуваарилсан болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.М, Х.Т, Х.О нарыг шүүгдэгч А.Эийн гэмт үйлдэлийн санаа зорилгыг бүрэн ойлгож ухамсарлаж уг үйлдэлд хамтран оролцохыг зөвшөөрсөн гэж үзнэ. Энэ нь тэдний гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хувааж авсанаар илэрхийлэгдэнэ.

Шүүгдэгч А.Э нь хутга, цахилгаан бороохой, гав, цагдаагийн албаны хувцас, нүүрний баг зэргийг бэлтгэсэн байдал тогтоогдох ба улмаар шүүгдэгч А.Э нь хохирогчийн байдлыг судалж гэрт нь цагдаагийн албаны нэрийг барьж, хохирогч нарын байдлыг мэдэсний үндсэн дээр нэвтэрч гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу дээрх хүмүүсийн эрүүл мэндэд хутгаар зүсэх, хатгаж хутгалах, цахилгаан бороохойгоор цохиуулах, гарыг нь гавлах амыг нь боох зэргээр хүч хэрэглэн хохирогч тус бүрт хөнгөн хохирол учруулах замаар хүч хэрэглэсэн,

шүүгдэгч А.Эийг хохирогч Шин Зи Хуад хүч хэрэглэсэн дээрх үйлдэлд нь шүүгдэгч Х.Т бүлэглэн оролцож хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч А.Э нь хохирогч Зао Айшянд хутга тулгаж, улмаар түүний гарыг зүсэж хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн бага насны хүүхдэд хутга тулгаж хүч хэрэглэхээр заналхийлж банкны картыг авч бусдад өгч явуулан АТМ-аас мөнгө авахуулсан, бэлэнээр юань авсан,

шүүгдэгч О.М нь банкны картыг авч яван АТМ-аас мөнгийг нь авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Э, Х.Т, О.М нар нь дээрэмдэх гэмт хэргийг аль алин нь зэвсэг хэрэглэж бүлэглэн, шүүгдэгч Х.О нь уг зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт гадаа цагдаа харах үүрэгтэйгээр хамтран оролцож үйлдсэн,

шүүгдэгч А.Э нь бүлэглэж хохирогч Шин Зи Хуагийн эрүүл мэндэд, ганцаараа хохирогч Зао Айшяны эрүүл мэндэд тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Х.Т нь хохирогч Шин Зи Хуагийн эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гав, цахилгаан бороохой, хутга, баг зэрэг баримтууд,  шүүгдэгч нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, байранд үзлэг хийж дээрэмдсэн эд зүйлийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зураг, бичлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Э, Х.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан,

О.М, Х.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Э, Х.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдлоо.  

Шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нарын хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хохирогч нарт бие махбодын зовиур үүсгэж, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан А.Э, Х.Т, О.М, Х.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролын дутуу болох 1.551.530 төгрөг, цэргийн төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн төлбөрийн 448.470 төгрөгийн хохирлыг төлсөн байна.

 

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад хохирогч нар нь өмгөөлөгчийн хөлс, орчуулагчийн хөлс, эмчилгээний зардал, унааны зардалд нийт 17.034.599 төгрөг нэхэмжилснээс өмгөөлөгчид төлсөн гэх 8.000.000 төгрөгийн болон хүүхдүүдийн зардал 248.683 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, бусад нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э, Х.Т, Х.О, О.М тус бүрээс 2.196.479 төгрөгийн хохиролыг гаргуулан олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч О.М нь хохирогч нарт 935.500 төгрөгийн хохиролыг урьдчилан төлсөнийг хасч тооцон 1.260.979 төгрөгийн хохирол, шүүгдэгч  А.Э, Х.Т, Х.О тус бүрээс 2.196.479 төгрөгийн хохирол тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч А.Э, Х.Т, Х.О тус бүр 2.200.000 төгрөгийн хохиролыг, шүүгдэгч О.М 1.260.979 төгрөгийн хохиролыг тус тус төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нар нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 хоног, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 24 хоног, нийт 25 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гав 2 ширхэг, гавны түлхүүр 2 ширхэг, police гэсэн бичигтэй поло малгай 1 ширхэг, цагдаа куртик 1 ширхэг,  RAMBO гэсэн бичигтэй арьсан гэрэнд хийсэн нийт 31 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг,  USA гэсэн бичигтэй нулмис асгаруулагч 2 ширхэг, цахилгаан бороохой 3 ширхэг, ногоон иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж, CD 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Эийг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Х.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус, 

Шүүгдэгч Х.О, О.М нарыг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч А.Эийг,

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Х.Тыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.Мыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Х.Оийг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож гуч хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 3 жил, 5 сар, 30 хоногийн хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Х.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 4 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э, Х.Т, О.М, Х.О нары цагдан хоригдсон 25 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

6. Хэргийн учир шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гав 2 ширхэг, гавны түлхүүр 2 ширхэг, police гэсэн бичигтэй поло малгай 1 ширхэг, цагдаа куртик 1 ширхэг,  RAMBO гэсэн бичигтэй арьсан гэрэнд хийсэн нийт 31 см урттай хар өнгийн хутга 1 ширхэг,  USA гэсэн бичигтэй нулмис асгаруулагч 2 ширхэг, цахилгаан бороохой 3 ширхэг, ногоон иштэй хутга 1 ширхэгийг тус тус устгаж, CD 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, О.М, Х.О, Х.Т нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э, О.М, Х.О, Х.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ