| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 2522001690173 |
| Дугаар | 2026/ДШМ/03 |
| Огноо | 2026-02-25 |
| Зүйл хэсэг | 13.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2026/ДШМ/03
Г.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгч Г.*******
Нарийн бичгийн дарга О.Билгүүн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч Г.*******д холбогдох эрүүгийн 2522001690173 тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******ийн *******, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер үйлчилгээний оператор мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамтаар Дундговь аймгийн сумын тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13-аас 14 цагийн үед Дундговь аймгийн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух *******гийн гэрийн амбаарын цоожийг эвдлэн гэрт нэвтэрч “DELL” маркийн зөөврийн компьютер, “Хаан” банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д нийт бага хэмжээнээс дээш буюу 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Г.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэйчүүдийн/ эдлүүлж, шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.1-д зааснаар шүүгдэгч Г.*******гийн асрамжид байсан ургийн овогтой ын д /Регистрийн дугаар: / асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн сумын засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийн талаар:
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/18 шийтгэх тогтоолоор Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн" гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Учир нь: Анхан шатны шүүх хэрэгт шүүгдэгч Г.*******г хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэхдээ хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсон боловч хулгайлах санаа зорилгогүй өөрөөр хэлбэл шунахайн сэдэлт, санаа, зорилго огт байгаагүй зөвхөн хохирогч , гэрч нартай уулзах зорилготой очоод гэр дотроо хүнтэй байгаа гэж ойлгоод хаалгыг нь тогшоод онгойлгохгүй байхаар нь дотроо байгаа гэж санаад таттал онгойхоор нь орсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс байдаг бөгөөд тухайн хаалга нь түгжээтэй байсан нь эмэгтэй хүн татахад онгойж байгаа нь үнэхээр түгжих зориулалттай байсан ч нэг байдлаар эзгүйг нь мэдээд хөшиж эвдээд орсон зүйл огт тогтоогдоогүй байдаг. Хэдийгээр орон байранд нэвтэрч байгаа хууль бус үйлдлийг ******* гаргасан боловч энэ нэвтрэн орж байгаа зорилго нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дуугар зүйл болон 17.1-р зүйл заасан гэмт хэргүүдийн аль алинд хамаарах эрхийн зөрчил гаргаж нэвтэрч орж вэ гэдэг нь орох санаа зорилгоосоо хамааралтайгаар ялгамжтай зүйлчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл энэхүү хэргүүдийн гол ялгаатай шинж нь нэвтэрч ороод дураар аашлах болон шунахайн сэдэлтээр орж байгаа юу гэдгээр ялгаатай байна. *******гийн хувьд бусдын орон байранд нэвтрэхдээ хулгай хийх санаа зорилгогүйгээр нэвтэрч ороод гэрт орсон хойноо шунахайн сэдлээр хандалгүй зөвхөн ширээн дээр байсан зөөврийн компьютерыг дэргэд нь байгаа дагалдах хэрэгслүүд нь болох хулгана, тогонд залгах залгуур зэргийг нь авалгүй үлдээсэн нь хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургууд дээр тодорхой бэхжүүлэгдсэн үлдсэн байна. Түүний хувьд зөвхөн зөөврийн компьютерыг , тэй уулзах барьцаа болгож авч гэртээ үлдээж байгаа нь өөртөө ашиглах болон бусдад худалдан борлуулж ашиг олох захиран зарцуулах боломжийг шууд санаатайгаар бий болгож байгаа зүйл огт байхгүй гэдэг нь нотлогдож харин шунахайн сэдэлтэй байх шинж нь үгүйсгэгдэж байна. Мөн гэрч Янжиндуламтай очихдоо хулгай хийх гэж очсон уу гэдгийг ч огт шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн байгаа. Тухайн үед хулгайлах шунахайн зорилго, санаа, сэдэлтэй байсан бол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаагүй ч тус тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг /хавтаст хэргийн 12-р хуудас арын нүүр №15-р зураг/ дээрх таблет, утас болоод өөр бусад зүйл зэргийг хамтад нь авах боломж байсан ч аваагүй нь шунахайн сэдэлгүй байжээ гэдэг нь нотлогдоод байгааг үгүйсгэх үндэслэлээ тус шийтгэх тогтоолд огт бичээгүй байгаа нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Мөн анхан шатны шүүх энэхүү хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэрч хохирогчийн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн санаа сэдэлтийг тодорхойлон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 38-рт авагдсан гэрч ын “... Би ******* гэх хүнтэй хамтран амьдарч байгаагүй, дундаасаа хүүхэдгүй, *******гийн дүү миний төрсөн эгчтэй нэг бүл болон хамт амьдардаг. Энэ худ ургийн холбоогоор таньдаг болсон. Би *******тэй найз нөхдийн холбоотой байсан. Хааяа гэрт нь ирэн очин байдаг байсан. Би *******г анхандаа сайн мэддэггүй байсан. ...2024 оны 8 сараас эхлэн ******* намайг бусадтай хардаж хэрүүл өддөг болсон. Би тэгээд холбоогоо тасалсан” гэх мэдүүлэг,
Хохирогч *******гийн “...******* гэх хүнийг зүс танина. гэх хүнтэй бол нэг дор хамт ажилладаг байсан. ...******* гэх хүнтэй нь урьд өмнө нь уулздаг байсан юм шиг байна лээ. Намайг ******* хуурамч хаягаас миний зурагтай мэдээллийг энэ хөгшин эмгэн янхан, гэсэн утгатай мэдээлэл оруулж байсан. Би *******г оруулсан гэж бодож байгаа. Би гэх хүнтэй танил найз нөхдийн харилцаатай, ямар нэг гэр бүлийн харилцаа байхгүй...” гэх мэдүүлгүүд нь ******* өөрсдийг хардаж уулзах шалтаг шалтгаан байхгүй мэтээр зөрүүтэй мэдүүлээд байгаа нь энэ хүнийг шунахайн сэдэлтэй тус зөөврийн компьютерыг дагалдах залгуур, хулганагүйгээр аваад байгаа мэт зөрүүтэй ойлголт төрүүлж байгаад дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн ба шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгч энэхүү хохирогчийг оролцуулж энэ мэдүүлэг болон ойлголтын зөрүүтэй байдлыг арилгуулахаар хүсэлт тавьсан боловч хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж прокурорын яллах байр суурьтайгаар цугларсан бичгийн баримтад дан ганц үндэслэж шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн эрх тэгш мэтгэлцэхэд шаардлагатай оролцогчийг оролцуулаагүйд гомдолтой байна. Ялангуяа өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн шатнаас оролцож байгаа бөгөөд прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарсны дараа ял тохиролцохдоо хорих ялаас өөр төрлийн ялгүй гэдгийг мэдээд хэргийг тухайн үеэс ердийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон байдаг.
2.Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 4 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн сумын төвд хохирогч *******гийн гэрт орж зөөврийн компьютерыг нь авсан үйл баримт дээр анхнаасаа огт маргадаггүй, сайн дураар хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ногдуулав гэсэн.
Гэвч өмгөөлөгчийн зүгээс Г.******* нь хэргийн зүйлчлэлийн талаар зөрүүтэй байр суурьтай байгаа боловч Г.*******д гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа буюу хэргийн үйл баримт болох 2025.04.12-нд гэрээс зөөврийн компьютерыг нь авсан үйл баримт дээр огтоос маргахгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулах”-аар заасныг хэрэглэх боломжтой байсан.
******* овогтой ******* нь 1994 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, эмэгтэй, охин ын ын хамт өрх толгойлон амьдардаг нэгэн бөгөөд Дундговь аймгийн *******ээр ажилладаг. Тэрээр анх удаа тохиолдлын нөхцөл байдлын улмаас өөрийн урьд нь хамт амьдарч байсан залуу болох ыг хардаж гийн гэрт нэвтэрч улмаар дураараа аашилж эд хөрөнгийг барьцаалан авч явсан үйл явдалд чин санаанаасаа гэмшиж харамсаж байдаг бөгөөд бусдад төлөх төлбөргүй, 2026 оны 01 сарын 08-ны өдрөөс цагдан хоригдоод байгаа болно. Өөрийн охин нь одоогоор Дундговь аймгийн Өлзийт сум руу өвөө, эмээ рүүгээ яваад Г.******* өөрийн ажлаас түр ээлжийн амралтаа авсан. Тэрээр өөрийн холбогдсон хэргийн гэм бурууг чин санаасаа ойлгож гэмшиж байгаа ч цаашид дахин ийм үйлдэл огт гаргахгүй гэдгээ уучлал гуйн гэмшиж байгаагаа энэхүү гомдлоор илэрхийлүүлсэн юм.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг буцааж өгнө үү гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатнаас нийтэд тустай үйл ажиллагааны хүрээнд өмгөөлөгчөөр нэмж оролцож байна. Үйлчлүүлэгч *******гийн хувьд анхан шатны шүүхээс шийдсэн шүүхийн шийтгэх тогтоол, хэргийн материалтай танилцаж үзэхэд хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн өмчийн адилаар захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн эсвэл захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ гэж хуульд тодорхой тайлбарлаж өгсөн байдаг. Гэвч энэ гэмт хэргийн хамгийн гол шинж болох шунахайн сэдэлт гэдэг асуудал огт нотлогдож тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэх мөн энэнээсээ цаашлаад шүүгдэгчийн эрх зүйн болон хувийн байдалд болон ялын бодлогод ч гэсэн маш чухал ач холбогдолтой. Гэвч энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийжээ гэж үзэж байгаа. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т нэг бүрчлэн тоочиж зааж тодорхойлж өгсөн байгаа. Энэ 16.2.1-д заавал нотолбол зохих байдлуудад 16.2.1.3-д маш тодорхой зааж өгсөн гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг нотолно. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд эдгээр асуудлуудыг бүрэн нотлох ёстой. Энэ дундаа гэмт хэргийн сэдэлт зорилгыг нотлохыг тоочин заасан. Ингэж байж хэргийн зүйлчлэл бусад төстэй хэргээс ялгаатай зүйлчлэх ийм чухал ач холбогдолтой. Гэвч энэ талаар *******, гийн орон байранд нэвтэрч шунахайн сэдэлтээр зөөврийн компьютер авсан, хулгайлсан гэдэг нөхцөл байдал, сэдэлт нотлогдож тогтоогдоогүй байхад ийнхүү зүйлчилж яллаж шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ гэж үзэж байгаа.
*******гийн хувьд тодорхой хэлж байна 2022 оноос хойш тай хамтран амьдарсан, дотно харилцаатай, эр эмийн харилцаатай хамт суухаар ярилцаж байсан залуу нь гэдэг эмэгтэйтэй 2023 оноос хойш эхлэн өөр давхар дотно харилцаа үүсгээд тэр хүүхнийг 14 хоног яваад ирэхээр нь нөгөө гийнд очоод 14 хоног амьдарчихдаг. эргээд 14 хоног ростерын ажилдаа явахаар нь ******* дээр ирээд 14 хоног амьдарчихдаг. 2 эмэгтэйн дунд 2 эмэгтэйн сэтгэлээр тоглоод явж байсан асуудал өөрөө т байгаа юм. Тийм учраас бараг харилцаагүй *******г танихгүй мэтээр мэдүүлэг өгчхөөд байгаа юм. Гэхдээ хэргийн үйл баримтаас харахад хохирогч гийн мэдүүлгээс 2023 онд Нитро баарны гадна *******тэй маргалдаж байсан асуудал. Энийг ******* 2023 онд ыг тэй дотно харилцаатай болчхоод үймүүлээд байна гэдгийг мэдсэн үүднээс хардаж тэй муудсан ийм асуудал байгаа. Энийг үйлчлүүлэгч ******* өөрөө бас эмэгтэй хүний хувьд өмгөөлөгч надад дотночилж тайлбарлаж, илэн далангүй хэлж ярьж тайлбарлаж байна. 2023 онд маргалдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. *******гийн тухайн үед очиж гийн гэрт нэвтэрсэн энэ сэдэл санаа зорилго нь юу юм гэхээр нь ч тэр, ч тэр надтай уулзахгүй, хоёулаа утсаа блоклочихсон, би холбоо барьж чадахгүй байсан учраас гийн гэрт би 2 дахь удаагаа очиж байгаа, өмнө нь очоод нохойд нь уруулсан гэдгээ хэллээ. Эхнэр нь юм уу, нөхөр нь юм уу ингээд хэн нэгнийгээ хардаад байгаа газар дээр нь барьж авна гээд л энд тэнд нь мөрдөж мөшгөөд очиж л байдаг. Тэрэнтэй л адилхан очоод ерөөсөө хаалгыг нь тогшоод байхгүй, дотроо түгжээтэй байгаа юм шиг хаалгаа тавихгүй байсан. Тэгэхээр нь ерөөсөө энэ хоёр хоёулаа дотроо байж байна, газар дээр нь барьж авъя шууд орчихъё гээд ийм байдлаар л ойлгож би тэр хаалгыг татсан чинь онгойчихсон гэж байгаа. Хүчтэй татсан чинь онгойсон гээд байгаа юм. Бусдаар *******гийн хувьд тэр гадна монгол цоож байна уу, орос цоож байна уу юм дүүжлээд байхад нь эвдэж хэмхлээд хөшиж тастаж тайраад нэвтрээд байгаа асуудал байхгүй. Энэ хүний төсөөлөл ерөөсөө л тэр хайртай залуу ыгаа гэдэг эмэгтэйтэй нууц амрагийн харилцаатай энд байна. Ингэж байхад нь би шууд бариад ороод очъё гэдэг байдлаар л энэ хаалгыг нь дотроосоо яасан тавьдаггүй юм та нар гэдэг байдлаар л орж байгаа. Тэгээд ороод очтол гэрт хүн байхгүй энэ 2-той л уг нь уулзчих юм сан, хэн нэгэнтэй ч юм уу уулзчих юм сан гэтэл тэр богинохон хугацаанд өөрөө бас тэрэндээ хүлээлээ л гэж хэлж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн өөрт нь бол энэ хүн хүлээж л байгаа. Хүлээгээд байж байтал нөтбүүк харагддаг. Зөөврийн компьютер энийг нь аваад явчихаар та нар араас компьютероо авъя гэж хэл ам хэрүүл тэмцэл хийгээд ирэхгүй яах юм. Энүүгээр нь барьцаалж уулзъя гэдэг ийм л сэдэл энэ хүнд төрсөн байгаа. Гэрч ын болоод хохирогч нарын мэдүүлэг дээр , ******* 2 гэр бүлийн дотно харилцаатай байжээ гэдгийг хэдийгээр үгүй юм шиг мэдүүлээд байгаа боловч мэдүүлгийг нь сайн уншихад хоорондоо дотно харилцаатай байжээ. Холбоо харилцаагаа таслахаар болжээ. Мөн ч гэсэн ******* нь одоо намайг хардаж, тэр Дундговийн зарын групп дээр хөгшин янхан гээд намайг бичиж байсан гээд хэлж байгаагаас нь үзэхэд ер нь энэ 3 хүний дунд ийм сэтгэлийн асуудал, дотно харилцааны асуудал, хардалт, үл ойлголцол хөврөөд яваад байжээ гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Үүгээрээ энэ ******* энэ нөтбүүкийг авахдаа шунахай сэдэлтээр хулгайлж авч уу. Үнэхээр тэр 2-той уулзах гэж орон байранд нэвтрээд байхгүй болохоор нь энэнийхээ араас ирээд уулзаг гээд барьцаалаад аваад явж уу гэдэг нь бол маш тодорхой харагдаж байна гэж үзэж байгаа юм. 2 дугаар асуудал виза картын асуудал байна. Хаан банкны виза карт гийн эзэмшлийн картыг бол хулгайлсан гэж шүүх дүгнэж үзсэн байсан. Энэ мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Виза карт бол үнэхээр андуурагдсан байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдийг харж танилцахад тухайн нөтбүүк алдагдсан гэх зургаа дугаараар тэмдэглэгдсэн зураг байсан. Тэр зураг дээр нөтбүүк байсан гэх ширээ байсан. Ширээний тавцан дээр шингэн зүйлээр халтартсан, бохирлогдсон байдалтай, мөн чихэр үрэл, иштэй чихэр зэргийг тарааж тавьсан байдалтай зураг харагдана. Эндээс тэр ширээн дээр байсан карт нөтбүүкийн доор байж байгаад наалдчихсан нь мэдэгдэхгүй явж байгаад *******гийн гэрт очоод нөтбүүкээ ширээн дээр тавихад нь тэнд нь унасан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол үнэхээр магадлалтай санагдаж байна. *******гийн хувьд бол тухайн картыг өөрийнхөө л ногоон Хаан банкны картыг байна гэж авч халаасалсан. ******* өөрөө хэлдэг. Надад бол мөнгө байгаагүй ээ, би тэр хөдөөгөөс ирсэн гэдэг найзыгаа пиво авъя гээд авхуулсан. Мөн дахиад Си юү орж идэж уух юм авъя гээд очиход нөгөө найз маань хувцас муутай явна чи ороод авчих гээд картаа өгсөн. Картаар нь юу юу авснаа ч гэсэн маш илэн далангүй тодорхой хэлдэг. тухайн картыг өөрийнхөө л карт гэж бодож байсан. Дараа нь картаа авах шаардлага гараад цагдаа дээр байхад ******* рүү ярихад ******* миний куртикний халаасанд байгаа авчих гэсэн чинь ногоон карт байна л гээд аваад л явчихсан. Ядаж байхад бичиг үсэг мэддэггүй юм байна. Картаа авч яваад өөрөө эзэмшээд дахиад худалдан авалт хийх гэсэн боловч код буруу байна гэдэг асуудал үүссэн. Тэгээд хүнээр харуулахад өөрийнх нь нэр биш гэдэг нэр байсан. Ингээд ******* рүү холбогдоод хэлэхэд ******* наадах чинь миний карт юм байлгүй гэсэн чинь бүр өөр хүний гуравдагч карт гарч ирж байгааг ******* тэр үед мэдэж байгаа. Тэгэхээр ******* тэр нөтбүүкийг хулгайлаад дахиад тэр хүний Хаан банкны эзэмшлийн картыг хулгайлаад байгаа ийм шунахай санаа сэдэл, зорилго үнэхээр байхгүй. гийн хувьд ч тэр *******гийн хувьд үнэхээр тэр карт андуурагдсан. Хэрэгт авагдсан баримтуудаар картад үзлэг хийсэн 3 удаагийн тэмдэглэл байгаа. Гурвуулан дээр , , ******* гэсэн 3 хүний яг л адилхан ногоон өнгийн ийм виза карт байгаа юм. Бичиг үсэг мэддэг хүн л тэр нэрийг харж хэний карт вэ гэдгийг нь мэдэх байх. Зарим хүмүүс тэр сери дугаарыг нь цээжилдэг байх. Нэрийг харж хэний карт вэ гэдгийг танина уу гэхээс та бид ч гэсэн адилхан, надад ч гэсэн адилхан тэр Хаан банкны ногоон карт байж л байна. Ингээд андуурагддаг ийм асуудлууд амьдрал дээр зөндөө л тохиолддог. Тэр жишгээр энэ картын хувьд үнэхээр ийм асуудал болжээ. Тийм учраас *******гийн энэ үйлдлийн хувьд хэдийгээр өмнө нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд энэ хүн үнэхээр хууль зүйн туслалцаа аваагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө, өмгөөлөгчгүй яваад байсан. Хялбар журмаар шийдвэрлэх боломжтой гэдгийг сайн, учир холбогдлыг ч ойлгохгүй хүсэлт гаргачихсан. Тэрийг прокурор хангаад ялын тохиролцоо болох гэсэн чинь ийм хорих ялтай гэдгийг тэр хүн тэр үед ухаарч мэдэж байгаа. Ингээд анхан шатны шүүхийн шатанд ирээд өмгөөлөгчөөс туслалцаа авч байгаа юм. Бусдаар *******гийн хувьд би хулгайлчихсан юм гээд яваад байгаа юм биш. Гэхдээ орон байранд би орсон уу, орсон нэвтэрсэн, тэр нөтбүүкийг авсан уу, авсан карт харин яаж ямар байдлаар очсон юм мэдэхгүй ийм андуурал болсон гэдгээ маш тодорхой мэдүүлдэг. гээд гэрчийн хувьд маш тодорхой мэдүүлсэн байдаг. Тэр зарцуулсан зарцуулалт, тэр зарлагын дүн, тэр гүйлгээний хуулга юмаар ч гэсэн маш сайн тохирч байдаг. Тийм учраас энэ дээр үнэхээр бодож үзэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн нотлох баримтуудыг шинжлэн судлах үндэслэл бүхий дүгнэлт хийх ийм шаардлага зайлшгүй байна. Үйлчлүүлэгчийн маань хувьд ганц бага насны охинтой, өөрөө тэгээд төрийн байгууллага эмнэлэгт цагийн бүртгэгчээр ажил эрхэлж байсан. 2026 оны 01 сарын 08-аас хойш цагдан хоригдож байгаа ийм эмэгтэй байна. Мөн бамбайн асуудал илрээд хэл ам хөөж хавагнаад зүрх дэлсээд, сэтгэл санаа тавгүй уйлаад бие хаа хэцүү байна гэдэг ийм байдлыг өмгөөлөгчдөө хэлж илэрхийлж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд ч гэсэн ийм асуудал байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд үнэхээр ийм асуудалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.1.3-д заасан гэмт хэргийн сэдэл, зорилгыг үнэхээр нотолж, үнэн зөв үндэслэлтэйгээр тогтоож чадаагүй байна. Ингэж хэргийг нэг талыг барьж хэрэгт авагдсан, зөвхөн тэр гэрч, хохирогч , гийн мэдүүлгийг үнэлэх үнэлэхдээ буруу үнэлж, аль аль талаас нь дүгнэж үзэлгүйгээр шууд шүүгдэгчид ял шийтгэл халдааж, тухайн зүйл хэсэгт зааснаар шийдсэн нь үндэслэлгүй болж гэж өмгөөлөгчөөс харж байна. Хамгийн гол шинж болох шунахайн сэдэлт нь нотлогдохгүй байхад прокурорын газраас үүсгэж ирүүлсэн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл халдаахдаа 2 жилээр халдааж ингэж шийдсэн нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж өмгөөлөгчөөс үзэж байна. Тийм учраас гомдол гаргасан, гаргаагүй, гомдолд дурдаагүй асуудлаар ч гэсэн давж заалдах шатын шүүх хэргийг бүхэлд нь хянана. Өмгөөлөгч миний хувьд мөн хамтран өмгөөлөгчийн тавьж байгаа хэргийн зүйлчлэлийн хувь дээр үнэхээр орон байранд нэвтэрчихсэн, дураараа аашилчихсан асуудал байгаа юм уу. Энэ зүйлчлэлтэй л үнэхээр тохирох гээд байна гэж өмгөөлөгчийн хувьд ч гэсэн бас гэмт хэргийн шинжүүдийг тал бүрээс нь харж, үнэлж дүгнэж үзэж байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
5. Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэхдээ би энийг хулгайлъя гэж аваагүй. 11-ний өдөр залгаад байсан утсаа аваагүй. 12-ны орой ажлаа тарчхаад Мандалын 14 дүгээр гудамд явж байгаад гийн гадаа ын машин байхыг харсан юм. Тэгээд орох гэснээ харанхуй шөнө яах юм, яршиг хэл ам хийгээд маргааш угаасаа байгаа юм чинь маргааш өглөө ирж барьж авъя гэж бодоод тэгээд маргааш өглөө нь ажлынхаа хүүхнийг дуудаад хоёулаа айлд оччихоод ирье гээд ирсэн чинь хашааных нь хаалга онгорхой байсан гэрийнх нь хаалгыг эхлээд тогшсон юм. Тогшсон чинь хүн дотроо байгаа юм шиг болохоор нь татсан чинь онгойчихсон. Тэгээд пингийнх нь хаалга онгойчихоор нь гэрийнх нь хаалга руу очтол гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь дотроо байгаа юм байна гэж бодоод орсон чинь хүн байгаагүй. Тэгээд хүлээж сууж байгаад энэ 2-той ямар ч байсан нэг уулзъя ямар учиртай болоод ирэхгүй байгаа юм. Ингээд утас шөрмөсөө авахгүй байгааг нь уулзаж ярилцъя, эсвэл тэй уулзъя гэж бодсон. Энэ 2-той ер нь уулзъя гэсэн зорилготой очсон. Тэгээд ороод хүлээгээд байсан ирэхгүй байсан. урьд нь надтай 2022 оноос хойш хамт амьдарч байгаа. 2023 оноос эхлээд тэй хамт амьдраад эхэлсэн. Бид 2-ын дунд нь явсаар байгаад гэнэт сураггүй болчихсон. Тэрнээс хойш тэй хэд хэдэн удаа муудалцаад хэрүүл ам хийсэн. тай байнга хэрүүлийн чанартай, хэл амны чанартай л байцгаадаг байсан. Ороод хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гадаа хүн хүлээлгэчих юм чинь за яршиг энэ нөтбүүкийг нь аваад явчихъя, угаасаа л байнга хойноос залгаж хэрүүл хийдэг юм чинь гэж бодсон. Аваад явбал хойноос залгаад хэрүүл хийгээд энийгээ авъя гэх байлгүй. Тэгэхээр нь энэ 2-той уулзаж ярилцъя гэсэн бодлоор нөтбүүкийг нь аваад явчихсан. Бусдаар бол хулгай хийгээд энийг нь зарж үрээд борлуулж ашиглая гэсэн бодол байгаагүй. Тэр 2-той л уулзъя гэж бодсон. Тэр визаных нь хувьд бол би юу ч мэдэхгүй тэр нөтбүүкийх нь завсар л байсан юм шиг байна лээ. Орой нь би тэр нөтбүүкийг нь гэрт аваачиж тавьчхаад одоо угаасаа залгана. Залгаад л нөгөөдхөө хүний юм авсан байна чи аваад ир гээд л нь залгаад хэрүүл хийнэ гэж бодсон. Угаасаа хамт амьдарч байгаа юм чинь хэрүүл хийнэ гэж бодсон учраас л тэрийг нь аваачиж гэртээ тавьчхаад ажлынхаа хүүхнийд очиж байж байгаад орой гэртээ ирсэн чинь 6 цагийн үед цагдаа ирээд тэгээд намайг нөтбүүкийг нь авсан гээд тэгээд нөтбүүк нь угаасаа ширээн дээр байсан. Би өгөөд л явуулсан. Тэгээд хамт очоод байцаагдаж байгаад орой нь гэртээ ирчхээд байж байсан чинь ширээн доор нэг ногоон карт хэвтэхээр нь минийх л юм байх гэж бодоод аваад куртикнийхээ халаасанд хийсэн. Тэгээд орой нь манай найз хөдөөгөөс ирсэн гээд бид 2 тэгээд ийм ийм юм болсон энээ тэрээ гээд ярьсан. Тэгээд бид 2 дэлгүүр ороод нэг идэж уух юм нэг пиво авч ууя гэсэн. Тэгээд дэлгүүр орох гэтэл манай найз чи орчхоод ир гээд надад картаа өгсөн. Миний хувцас ийм байна гэхээр нь ороод авчхаад нөгөө картыг нь халаасандаа хийгээд буцааж өгөхөө мартаад гэртээ ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаа дээр очоод мэдүүлэг өгч байсан чинь нөгөөдөх чинь картаа авъя гэхээр нь гэрт очоод авчих куртикний халаасанд байгаа гээд хэлсэн. Тэгээд очиж авахдаа бичиг үсэг мэдэхгүй байсан болохоор андуурч аваад явчихсан байна лээ. 3 карт байснаас андуурч аваад явчихсан байна. Тэгээд энэ миний карт биш байна гэхээр нь тэгвэл аваад ир наадах чинь минийх хэрэг гээд тэгээд аваад хүрээд ирсэн чинь минийх ч биш байсан. Тэгээд тэр хүүхний картыг яагаад ширээн доор байсан юм бол гэдгийг би бодоод байснаа сүүлдээ яг тэр нөтбүүкний завсар байж байгаад авч өгөхөд нь уначхаж л гэж бодсон. Бусдаар би тэр хүүхний картыг нь ашиглаагүй. Тэгээд нөгөө залуугаа чи одоохон цагдаад аваачиж өг, тэгэхгүй бол одоо бөөн юм болно шүү гэсэн. Тэгээд тэр залуу баахан зурчихсан гэхээр нь бөөн юм болно шүү дээ. Чи бушуухан цагдаад аваачиж өг гээд цагдаад аваачиж өгсөн. Картын талаар бол би ашиглаагүй. Нөтбүүкийг бол аваад гарах нь гарсан. Тэгэхдээ би тэрийг нь борлуулъя гээгүй. , 2-той л уулзах гээд тэгсэн. бид 2 угаасаа урьд нь худ ургийн холбоотой байж байгаад 2022 оны 6 сараас хойш хамтран амьдарч байсан юм. Тэгээд хамтран амьдарч байгаад 2023 оноос эхлээд тэр тэй хамт ажиллаж байгаад нь байнга утасдаад л мессеж бичээд байсан. Эхлээд тоохгүй байдаг болохоор нь за ингэсхийж байгаад гайгүй болчихно биз дээ гэж бодож чимээгүй явсаар байсан. Тэгээд сүүлдээ даамжирсаар байгаад тэр хүүхэнтэй байж байгаад ирнэ. Гэрт ирж байж байгаад явна. Эсвэл тэгээд л гэнэт байж байгаад л алга болчихно. Эхлээд хамт ажилладаг байж байгаад ажлаасаа гараад урд уурхайд ажилд орчихсон байсан. Тэгээд эхлээд л 10 хоног гайгүй ирж хүн шиг байж байгаад л гэнэт уурлаад л юм хумаа хамж аваад л яваад өгдөг. Тэгээд гийн уурхайгаас ажлаасаа ирэхээр нь тэндээ очиж байж байгаад л ажилдаа явчихаар нь эргэж ирдэг байсан. Иймэрхүү харьцаанаас болоод байнга хэрүүлтэй байдаг байсан. Сүүлдээ 2-уулаа зугтаагаад бүх юмаараа блок хийсэн. Зун очиж уулзах гэж очтол урдаг нохойтой байгаад нохойд нь уруулсан. Тэгээд гэрийг нь мэдээд тэндээ байгаа юм байна гэж бодсон. тэй уулзах гээд залгахаар намайг бүх юмаар блоклосон байсан. Би тэр үед шөнө харчхаад за маргааш болъё гэж бодоод маргааш өглөө нь гэртээ байгаа юм байна, барьж авъя гэж бодоод очтол байгаагүй. нь өмнө гэрт юмаа орхичхоод миний тийм юм хаана байна гээд хараагаад загнаад байдаг байсан. Тэгээд л залгах юм байх гэж бодоод уулзах шалтаг болгоод аваад явсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Цагдан хоригдсоноос хойш зүрх өвдөөд хавагнаад байна. Би охинтойгоо 2-уулаа амьдардаг. Охин маань энэ жил бага анги төгсөнө. Зөндөө олон банкны зээлтэй. Банкны зээлээ төлөөд л арай гэж амьдардаг. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Энэ хэргийг нааштай шийдэж өгөөч гэж хүсэж байна. Би т үнэхээр хайртай байсан. Хайртай байснаасаа болж мангар болсон байна. Тэгээд хэрүүл хийж зууралдаад байдаг байсан. Энэ хэргийг нааштай шийдэж өгнө үү. Би тэр нөтбүүкийг ашиглая, заръя гэсэн бодолгүй байсан. тай нэг ч гэсэн уулзахыг хүссэн гэв.
6. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдолтой холбогдуулж тайлбараа хэлье. 2 үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлгож байна. 1 дүгээрт шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийн талаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч *******гийн үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, өөрөөр хэлбэл бусдын өмчлөх эрхэд халдаж өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Тодруулбал шүүгдэгчийн хувьд гэдэг хүнтэй урьд харилцаатай байсан гэж өнөөдөр бас энэ талаараа хэлж байна. 2023 оноос хойш харилцаагүй болсон урьд нь бол ирэн очдог харилцаатай байсан гэж хэлээд байна. Өмнө нь хэлж байсан 2 жилийн өмнөөс энэ хүнтэй ямар ч харилцаагүй болсон гэж хэлсэн. Тэр хүнтэй 2 жилийн хугацаанд уулзахгүй байгаад байсан учраас болон нартай уулзахын тулд тухайн гэрт очиж одоо нөтбүүкийг нь авсан гэж хэлж байгаа боловч энэ хүн шунахайн сэдлээр аваагүй юм, үнэхээр энэ хүмүүстэй уулзах гэж авсан юм гэдэг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй. Сая ч гэсэн хэлж байна. Гэртээ байгаа гэж бодоод явчихсан гэж байна. Улмаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр бол тухайн гийн эзэмшлийн гэр цоожтой байсан. Цоож нь ямар байдлаар эвдэрч нэвтэрч орсон талаар хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэгдсэн байгаа. Цоожтой байхад тухайн гэрт ороод тухайн 2 хүнийг хүлээсэн гэж яриад байгаа. Гэтэл тухайн үед шүүгдэгч нь найз гэх хүний тээврийн хэрэгсэлтэй тухайн байрны гадаа очсон байдаг. Би айлд орчхоод гараад ирье гэж хэлсэн байсан. Тэр хүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тухайн айлд ******* нь ороод 3 орчим минутын дараа л гарч ирсэн. Гарч ирэхдээ нэг хар өнгийн нөтбүүк тэвэрчихсэн гарч ирж байсан. Энэ нөтбүүкийг манай гэрт аваачаад тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд бид явсан. Би түүнийг өөрийнхөө нөтбүүкийг авч байна гэж бодсон. Өөрөөр хэлбэл, энэ хүний хэлээд байгаа шиг тэр 2 хүнтэй уулзах гэж хүлээсэн. Хүлээгээд ирэхгүй болохоор нь авсан гэдэг байдал нэг талаар үгүйсгэгдэж байгаа. 2 дугаарт хүнтэй уулзах гэж хүний эд зүйлийг өмчлөх эрхэнд нь халдаж, хүний эд хөрөнгийг барьцаалж аваад байна гэдгийн талаар тайлбарлаад байна. Үнэхээр тийм байлаа гэж бодоход яагаад тухайн нөтбүүкийг авахдаа тухайн гэрт нь орохдоо яагаад тухайн 2 хүн рүү залгаагүй юм. Магадгүй авсныхаа дараа гарч ирээд нөтбүүкийг чинь би авчихлаа, ирээд уулзаарай, уулзахгүй бол нөтбүүкийг чинь өгөхгүй шүү гэх мэтээр тухайн зөөврийн компьютер авсан талаараа тэр уулзана гэж хэлээд байгаа тэр хүмүүст ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байдаггүй. Тухайн хэрэг бол 13-аас 14 цагийн үед хохирогчийг түр гарсан хойгуур болсон байдаг. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэгдсэнээр хэргийн газрыг үзлэг 18 цагийн үед эхэлсэн байдаг юм. Нэмээд мөн хохирогчийг өмнө нь шүүх хуралдаанд оролцуулаагүй, энэ эрхээр хангаагүй хүсэлт тавьсан боловч анхан шатны шүүх хуралдаан дээр шийдвэрлээгүй гэж гомдолдоо дурдсан байсан. Өөрөөр хэлбэл хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн, улмаар алдагдсан эд зүйлийнхээ талаар мэдүүлэг өгөөд түүнийгээ хүлээн авсан талаараа илэрхийлсэн холбогдох баримт байгаа. Шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн, оролцохгүй нь хохирогчийн эрх байхад хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй гэж гомдол гаргаж байгаа. Энэ нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна гэдэг байдлаар гомдол гаргасан. Энэ нь мөн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тухайн эд зүйлийг цоожтой гэрт нь нэвтрэн ороод бусдын өмчлөх эрхэнд нь халдаад бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар аваад байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөтөлбөргүй нотлогдсон байна гэж үзэж байгаа учраас энэ шүүгдэгчийн өмгөөлөгч мөн шүүгдэгч нараас гаргасан хэргийг мөн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, прокурорт буцаах гэсэн энэ гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Гомдлын 2 дахь хэсэгт шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн талаар гомдол гаргасан байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэм буруу дээрээ маргахгүй байхад түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгаа нь хууль зөрчсөн байна гэж гомдол гаргасан байсан. Хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд *******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байсан. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд гаргаж байсан. Хэрэг прокурорт шилжиж ирэхэд прокуророос хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн байсан. Хэрэг прокурорт ирсний дараа *******тэй уулзаж прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ялын санал танилцуулна энэ талаар танилцуулж байна. Өмгөөлөгч авах уу, авахгүй юу, ямар боловсролтой, хувийн байдал бүгдийг нь харгалзан үзээд та өмгөөлөгч авах эрхээ эдлэх үү? гэж энэ талаар 2 удаа тайлбарлаж хэлэхэд тэрээр мөрдөн байцаалтын шатанд, мөн прокурорын хяналтын шатанд өмгөөлөгч авахгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл прокуророос түүнд холбогдох гэмт хэрэг нь ийм, ийм ял шийтгэлтэй талаар хэлэхэд өмгөөлөгч аваагүй. Хэргийг ердийн журмаар шүүх рүү шилжүүлсэн, өөрөөр хэлбэл энэ хүний эрхийг нь зөрчөөгүй гэдэг байдал харагдаж байгаа юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүхийн шатаас тэрээр өмгөөлөгч аваад анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг оролцсон. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл дээр маргаж анхан шатны шүүх хуралдаан дээр үүнийгээ илэрхийлээд, энэ үүднээс анхан шатны шүүх хуралдаан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын гэсэн 2 үе шаттайгаар явагдсан байдаг юм. 2 үе шаттайгаар явагдаад эхний гэм буруутайд тооцох үе шат дууссаны дараа шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараагаар *******гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэсэн. Харин түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Тухайн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Өөрөөр хэлбэл хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх явцад мөрдөгч нөтбүүкийг хохирогчид хүлээлгэн өгсөн баримтаар хохиролгүй гэж үзээд мөн тухайн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалт бол шүүхэд заавал үүрэг болгосон заалт биш. Эрх хэмжээ олгосон заалтынхаа хүрээнд шүүх бүхий л талаас нь нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд тус зүйл ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд өмгөөлөгчийн гомдолд дурдагдаад байгаа шүүхээс оногдуулсан ял шийтгэл, хэрэглэх боломжтой заалтыг хэрэглээгүй, буруу хэрэглэсэн байна гэдэг нь мөн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.*******г 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13-аас 14 цагийн үед Дундговь аймгийн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух *******гийн гэрийн амбаарын цоожийг эвдлэн гэрт нэвтэрч “DELL” маркийн зөөврийн компьютер, “Хаан” банкны виза карт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д нийт бага хэмжээнээс дээш буюу 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад /эмэгтэйчүүдийн/ эдлүүлж, шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.1-д зааснаар шүүгдэгч Г.*******гийн асрамжид байсан ургийн овогтой ын д /Регистрийн дугаар: / асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Дундговь аймгийн сумын засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Г.******* нь хэргийн зүйлчлэлийн талаар зөрүүтэй байр суурьтай байгаа боловч үйл баримтын талаар маргаагүй гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулах боломжтой тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 13-14 цагийн үед Дундговь аймгийн сумын 9 дүгээр баг тоотод байрлах *******гийн эзэмшлийн монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орсон, улмаар гэрт нь байсан “DELL” маркийн зөөврийн компьютер, “Хаан” банкны виза карт зэрэг эд зүйлсийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар авч явсан үйл баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хохирогчийн гэрт нэвтэрсэн, эд зүйлийг нь авч явсан сэдэлт зорилго нь өөр байсан гэж маргаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйл баримтыг гэмт хэрэгт тооцох боловч уг гэмт хэргийг үйлдэх болсон санаа сэдэлт, зорилгоос хамааран харилцан адилгүй зүйлчилдэг.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.******* нь хохирогч *******гийн гэрт нэвтрэн орж байгаа үйлдэл нь анхнаасаа шунахайн сэдэлттэй, ашиг олох зорилготой байсан гэх нөхцөл байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээгүй тогтоож чадаагүй байна. Тухайлбал:
Шүүгдэгч Г.******* нь “Би 2022 оны 06 сараас 2024 оны 09 сар хүртэл Т.тай хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд Т. нь *******тэй зэрэг хамтран амьдраад, ирж очих байдалтай байсан. Би 2025 оны 04 сарын 12-ны орой ажлын хүүхнийг буулгаж өгчхөөд 23 цаг өнгөрч байх үед Мандалын 14 дүгээр гудамд явж байтал УКК улсын дугаартай цагаан Приус-30 маркийн машин *******гийн хашаан дотор харагдсан. Би гэрт нь орох гэж байснаа болиод “харанхуй шөнө орж, хэл ам хийгээд яах вэ, маргааш очъё” гэж бодоод явсан. Тэр орой гэртээ очоод сэтгэл санаагаар унаж, уйлж байгаад өглөө нь 3 лааз пиво уучхаад *******гийн гэрт очтол гаднаасаа цоожгүй харагдахаар гэрийнх нь хаалгыг онгорхой гэж бодоод 2, 3 удаа тогшсон. Тэгээд таттал хаалга нь онгойсон ба гэрт нь ортол хэн ч байгаагүй. Орон дээр нь 1 утас, ширээн дээр нь нөтбүүк, таб байхаар нь эргэж уулзахад барьцаалах зорилгоор нөтбүүкийг нь аваад Б.тай гэртээ аваачиж тавьсан” гэж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Г.*******гийн “ыг хардаж болон нартай уулзах зорилгоор гэрт нь нэвтэрсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Т.ын “Би Г.*******тэй найз нөхдийн холбоотой байсан, хааяа гэрт нь би ирэн очин байдаг байсан. 2024 оны 08 сараас эхлэн Г.******* намайг бусадтай хардаж хэрүүл өддөг болсон тэгээд би холбоогоо тасалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, хохирогч *******гийн “Би Г.******* гэх хүнийг зүс танина харин Т. гэх хүнтэй нэг дор хамт ажилладаг байсан. Г.******* над руу утсаар залгаад хөгшин эмгэн гэж намайг хэл амаар доромжилж байсан. Г.******* гэх хүнтэй Т. урьд өмнө уулздаг байсан юм шиг байна лээ. Намайг Г.******* хуурамч хаягаас Дундговь аймгийн Такси үйлчилгээний группт 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр миний зурагтай мэдээллийг энэ хөгшин эмгэн янхан гэсэн утгатай мэдээлэл оруулсан байсан би Г.*******гээс өөр хүнтэй огт хэрэлдэж маргалдаж байгаагүй тухайн мэдээллийг Г.******* оруулсан гэж би бодож байгаа. Би Т. гэх хүнтэй танил найз нөхдийн харилцаатай ямар нэгэн гэр бүлийн харилцаа байхгүй” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн гэрт нэвтэрч орсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх ба харин ******* болон Т. нартай уулзах гэж очсон гэх шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолж байна.
Шүүгдэгч Г.*******гийн бусдын гэрт, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч байгаа үйлдэл нь бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг илүү хангаж байна.
Харин бусдын гэрт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрсний дараа эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууц далд аргаар эд зүйлийг нь авч байгаа үйлдэл хүндрүүлэх нөхцөлгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл гэрт нь хүн байхгүйг мэдсэний дараа эд зүйл авч байгаа үеэс эхлэн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох шунахайн сэдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн гэрээс эд зүйл авч байгаа нь шунахайн сэдэлтгүй, хэрэв шунахайн сэдэлттэй байсан бол нөтбүүкийн залгуур бусад гар утас, таблет зэргийг авч явах байсан. Хохирогч болон тай уулзах барьцаа болгож авч явсан” гэж тайлбар гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Зарим эд зүйлийг авахгүйгээр үлдээж байгаа нь хулгайлах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогчийн эзгүйд эд зүйлийг нь авсан талаараа түүнд мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн ХААН банкны виза картыг аваагүй, мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хохирогчийн ХААН банкны виза карт шүүгдэгчийн гэрт байсан, улмаар бусдад дамжуулагдан ашиглагдсан байх тул түүний тайлбар үндэслэлгүй, бусад баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Г.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэж түүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь дараах байдлаар өөрчилсүгэй.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Г.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй гэж,
2. Шүүгдэгч ******* ургийн овогтой *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”, “бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,
3. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шийтгэсүгэй гэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.*******гийн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай гэж,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г Зорчих эрх хязгаарлах ял эдлэх хугацаанд Дундговь аймгийн сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж,
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 48 хоногийг Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай гэж,
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай гэж,
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай гэж өөрчилсүгэй.
2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
3. Шүүгдэгч Г.*******г нэн даруй суллахыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны захиргаанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА