Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00905

 

 

 

 

 

 

 

 

2022 05 13 210/МА2022/00905

 

 

Рб ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/00725 дугаар шийдвэртэй

Рб ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 50 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, тус хаягт байрлах 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ийг 3,267,287 төгрөгөөр тооцож, 19,333,598 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай талаас 39 м.кв талбай бүхий орон сууцыг 127,570,096 төгрөгөөр, 56 м.кв талбай бүхий орон сууцыг 183,177,568 төгрөгөөр, 12 м.кв талбай бүхий орон сууцыг 39,252,336 төгрөгөөр тус тус үнэлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байр, 41 тоот орон сууцны шинжээчийн тогтоосон 127,424,207 төгрөгийн үнэлгээг 1 м.кв-ийг 3,267,287 төгрөгөөр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Манай тал дээрх орон сууцыг 210,000,000 төгрөгөөр үнэлж байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хас банк ХХК-аас 454,000,000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүйн улмаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, тус дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 дүгээр байр, 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ийн үнийг 3,102,633 төгрөгөөр тооцож, 558,474,065 төгрөгөөр шинжээч үнэлсэн. Манай талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 558,474,065 төгрөг дээр 161,525,935 төгрөгийг нэмж гаргах ёстой гэж үзэж байна. Дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ нэгжийн норматив үнэлгээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн тухайн байршилд байрлах ижил төстэй үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулалт хийгээгүй. Иймд Дархан-Уул аймагт байрлах дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 232,003,171 төгрөгөөр, Орхон аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 127,424,207 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02718 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2059 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00495 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Рб ХХК, У.Золзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 479,101,633 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Золзаяа, Рб ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 21370511 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолуудаар битүүмжилж, мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолуудаар тус тус хураасан.

Төлбөр авагч, төлбөр төлөгч барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд төлбөр төлөгч Рб ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 50 тоот хаягт байрлах, 39 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 122,446,118 төгрөгөөр, мөн хаягт байрлах 56 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,223,455 төгрөгөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байр, 00 тоотод байрлах 12 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 19,333,598 төгрөгөөр, төлбөр төлөгч У.Золзаяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62/1 дүгээр байр, 1 дүгээр давхарт байрлах 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 558,474,065 төгрөгөөр, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 17 дугаар байр, 41 тоот орон сууцыг 127,424,207 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Үнэлгээг тус тус хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Рб ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдааны оролцогчид хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв гэжээ.

Уг хурал болох өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор нь ковид-19 цар тахлын шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан тул хүсэлт бичиж, түргэвчилсэн тестийн зургийг нотлох баримтаар хавсарган и-мэйлээр илгээсэн. Гэвч миний хүсэлтийг харгалзан үзэлгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

 

4.б.Шүүгч хэт нэг талыг барьж, хариуцагчийн эрх ашгийг илүүд үзэж хэргийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа 5 үл хөдлөх хөрөнгийн 3 өөр үнэлгээтэй холбоотой 3 нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 3 нэхэмжлэлийг нэгтгэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт өгсөн. Гэтэл тус хүсэлтийг ...ямар үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүсч буй талаараа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай шалтгаан, нөхцөлөө дурдаагүй, түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлтийн үндэслэлээ тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна гэх шалтгаанаар хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр дахин татгалзсан.

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Рб ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ковид-19 цар тахлын халдварын шинж тэмдэг илэрсний улмаас тусгаарлагдан эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хавсаргажээ. /2хх9-10/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох, мөн хуулийн 25.2.3-т зааснаар шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснээс хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрх зөрчигджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв. /4а/

 

3.а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01494 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. /хх4, 28/

 

Үүнээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна гэх үндэслэлээр хангахаас татгалзсаныг буруутгахгүй. Учир нь урьд гарсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэг хүсэлтийг дахин шийдвэрлэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангах боломжгүй. /4б/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/00725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Рб ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ