Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00931

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 16 210/МА2022/00931

 

 

 

КАД ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00870 дугаар шийдвэртэй

КАДХХК-ийн нэхэмжлэлтэй, БТ ХХК-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: КАДХХК нь БТХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажилд авто замын лабораторийн боловсруулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, ажлаа гүйцэтгэж дууссан тул 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон гэрээг дуусгавар болгосон.

Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т нэг сарын ажлын хөлс 30,000,000 төгрөг байхаар тохиролцон ажил эхлэхийн өмнө урьдчилгаа 10,000,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэх ёстой байсан ч 5,000,000 төгрөг шилжүүлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба үүнээс хойш төлбөр төлөөгүй.

Гэрээний дагуу гүйцэтгэлийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор шилжүүлэх үүрэгтэй. Гэрээт ажлын хөлсөө гэрээнд заасан хугацаанд авахаар удаа дараа утсаар болон биечлэн шаардахад захиалагч Жилин Мандал ХХК-аас гэрээний үнийн дүн бүрэн орж ирээгүй байна, 7 хоногийн дотор шийдэж өгнө гэх мэт хариу өгсөөр өдийг хүрсэн.

Хариуцагч нь ажил эхэлснээс хойш манайд ажлын хөлс төлөөгүй, нийт төлөх ажлын хөлс 47,000,000 төгрөг байх ба гэрээний 4.6-д заасны дагуу тохиролцсон хугацаанд гэрээний төлбөрийг шилжүүлээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож гүйцэтгэгч талд нэмж төлөхөөр заасан.

Тус байгууллагын эхний сарын гэрээний үнэ төлөх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар 66 хоног хэтэрсэн тул алданги 1,650,000 төгрөг, дараа сарын гэрээт ажлын хөлс төлөх хугацаа 11 дүгээр сарын 15-ны байдлаар 36 хоног хэтэрсэн тул алданги 792,000 төгрөг нийт 49,442,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,160 төгрөгийг зохих журмын дагуу хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй. Арбитрын маргааныг шийдвэрлэсний дараа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг гаргаж өгөх боломжтой тул арбитрын ажиллагаа дуусах хүртэл хугацаа шаардлагатай. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БТХХК-аас 49,442,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кэй Ди Ай ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 405,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БТХХК-аас 405,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Кэй Ди Ай ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүнд захиалагч БТХХК-д хуульд зааснаар хүлээлгэн өгсөн эсэх нь баримтаар нотлогдоогүй байхад нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч КАДХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг гаргаж өгөх, захиалагчид гэрээнд заасан ажлыг хүлээлгэн өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тайлбар: Ажил гүйцэтгэх гэрээгээр автозамын лабораторийн ажлыг хийж гүйцэтгэсэн ба ерөнхий гүйцэтгэгч нь БТХХК юм. Автозамын ажлыг хүлээлгэн өгөх сүүлийн дамжлага нь лабораторийн чиглэлийн үйл ажиллагаа байдаг. КАДХХК ажлаа хүлээлгэж өгөөгүй бол тухайн замыг хүлээлгэн өгөх боломжгүй байсан. Таван толгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай замд хяналтын үүрэг гүйцэтгэсэн компанийн багийн ахлагч Д.Уранчимэгийн тайлбар, хавсралтууд хэрэгт авагдсан. Манай компани БТХХК-д ажлаа хүлээлгэн өгсөн гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч КАДХХК нь хариуцагч БТХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,442,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч КАДХХК нь хариуцагч БТХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто замын ажилд КАДХХК нь материал, лабораторийн багийн ажлыг гүйцэтгэх, БТХХК-аас нэг сарын ажилд 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх15-23/

 

Дээрх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй боловч гэрээний агуулгаас үзвэл зохигчид авто зам, замын байгууламжууд дээр далан ухмалын ажлын лабораторийн туршилт шинжилгээ, боловсруулалт хийлгэх буюу ажил үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болж, гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Учир нь хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байдаг тул нэхэмжлэгч КАДХХК-ийн хийж гүйцэтгэсэн лабораторийн шинжилгээний дүн ямар гарах нь хариуцагч буюу захиалагчийн хүсэл зоригоос үл хамаарна. Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүн бий болохгүй.

 

3.а.Нэхэмжлэгч КАДХХК нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацааны лабораторийн туршилт, шинжилгээ, боловсруулалтын ажлыг 30,000,000 төгрөгийн хөлсөөр хийснээс хариуцагч 5,000,000 төгрөгийг төлж, 25,000,000 төгрөгийг төлөөгүй,

2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 22,000,000 төгрөгийн ажил хийсний хөлсийг төлөөгүй тул нийт ажлын хөлс 47,000,000 төгрөг, алданги 2,442,000 төгрөг нийт 49,442,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч БТХХК нь дээрх ажлын хөлсийг Жилин Мандал ХХК-аас нэхэмжлэгч КАДХХК-д төлнө гэж тус компаниас суутган авсан боловч төлөөгүй байх тул Жилин Мандал ХХК-тай холбоотой арбитрын хэрэг шийдвэрлэгдсэний дараа уг нэхэмжлэлийг шийдвэрлүүлнэ гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч КАДХХК-ийг гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй гэж маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч КАДХХК нь ажлын хөлсийг хариуцагч БТХХК-аас шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 47,000,000 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэж маргаагүй тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч КАДХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 47,000,000 төгрөгийг хариуцагч БТХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

3.б. Нэхэмжлэгч КАДХХК нь хариуцагч БТХХК-аас хугацаа хэтрүүлсний алдангид 2,442,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д гэрээгээр тохиролцсон хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож үл маргах журмаар гүйцэтгэгч талд нэмж төлнө... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2021 оны 08 дугаар сард хийсэн ажлын хөлсний үлдэх 25,000,000 төгрөгийн 0,1 хувийг хугацаа хэтэрсэн 66 хоногоор тооцвол алданги 1,650,000 төгрөг, 09 дүгээр сард хийсэн ажлын хөлс 22,000,000 төгрөгийн 0,1 хувийг хугацаа хэтэрсэн 36 хоногоор тооцвол алданги 792,000 төгрөг нийт 2,442,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд БТХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 47,000,000 төгрөг, алдангид 2,442,000 төгрөг нийт 49,442,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэл заасан боловч уг нөхцөл байдалтай холбоотойгоор анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх талуудын мэтгэлцсэн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй. /4/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...343 дугаар зүйлийн 343.1... гэснийг ...359 дүгээр зүйлийн 359.1... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч БТХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ