| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0870/Э |
| Дугаар | 941 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр, С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 941
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Н.Анхбаяр, С.Оюунжаргал,
Нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Хохирогч Г.Дугар,
Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Год холбогдох эрүүгийн 1803002530186 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Н.Г нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хууль сахиулах Их сургуулийн баруун талын замд 36-06 УНХ улсын дугаартай Тоуота Prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө"... гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Дугарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Дугарыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Дугарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 03-19-ны орой 21 цагийн үед гадаа салхинд гараад Баянзүрх дүүргийн нутаг вотаникийн эцэсээс УС-15 гэдэг орон сууцны хороолол руу ордог замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гарч байхад гэнэт миний баруун гар талаас машин ирээд миний баруун хөл рүү мөргөхөд би урагшаа шургаад газар унах үед баруун гартаа барьж явсан таяг цаашаагаа үсрээд газар уначихсан. Эмчилгээнд гарсан 1.293.500 төгрөгийг болон хөл дээрээ босох хүртэл буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн 3972 дугаартай:
1. Дугарын биед тархи доргилт, баруун шаант ясны далд хугарал, бүсэлхийн нурууны 4, 5-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, баруун хацар, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 40-р хуудас/
Замын цагдаагийн албаны 2018 оны 04 сарын 06-ний өдрийн 215 дугаартай:
1. Т.Приус маркийн 36-06 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7. Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө. мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. явган зорчигч Г.Дугар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад зүйл болон хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт, хх-ийн 42-43-р хуудас/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 6-7/
-зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-10/
-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 11-14/
-хохирогч Г.Дугарт учирсан гэмтлийн гэрэл зураг /хх-ийн15-16/
Шүүгдэгч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд Тайгийн булаг ХХК-ны эзэмшлийн приус 20 маркийн 36-06 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ботаникийн эцсээс УС-15 руу буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад УС15 хороолол руу иргэж ордог гарц руу иргэх гээд баруунаас зүүн чиглэлтэй ирж байсан автомашиныг хойш нь эргүүлээд араас нь эргэх үедээ явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй гарч явсан явган хүнийг тулаад зогссон юм. Тэр хүн баруун гартаа таяг тулсан настай хүн байсан намайг зогсох үед таягаа алдаад уначихсан юм. Намайг машинаасаа буух үед тэр настай хүн босох гээд байж байсан та зүгээр үү гэхэд би зүгээрээ ингээд явчихна гэхээр нь би тэгж болохгүй эмнэлэг явы гээд өөрийн барьж явсан автомашиндаа суулгаад, би утсаар эхнэрээ дуудаад байрны гаднаас авсан юм тэгээд тэр хүний охины нь гэрээс нь очиж аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Тэгээд гэмтэл дээр очиж үзүүлж зураг авахуучхаад, мөнгөн гүүр эмнэлэг орж дахин нэг зураг авахуулаад тэр оройдоо гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахин Мөнгөн гүүр эмнэлэг явж аарцагны зураг авахуулчхаад, эм тариагийн авч өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Харанхуй байсан болохор тэр хүнийг тулж зогсох үедээ харсан. Тэр хүний баруун хөлний өвдөг нь гэмтсэн байна гэж байсан. Би эмчилгээний зардалд 464,870 төгрөг гаргаж эм тариа авч өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 48/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: хохирогчоос хэрэгт хавсаргуулсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаарх баримтууд /хх-ийн 22-35, 99-101/, шүүгдэгчээс хэрэгт хавсаргуулсан хохиролын баримт /хх-ийн 86-87/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Н.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн баримт, жолоочийн үнэмлэхний хуулбар, Баянзүрх дүүргийн 8-р хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 78-83/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, ШШҮХ-ийн шинжээчийн болон Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.Год эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, ихохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Н.Г нь 464.870 төгрөгний эмчилгээний эм, бүтээгдэхүүн авч өгсөн байна.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад 230.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хэрэгт байхгүй учир хэлэлцэхгүй орхиж, бусад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гоос 1.115.294 төгрөгийн хохиролыг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүхээс шийдвэрлэсэн хохиролыг төлж барагдуулсан байна.
Хохиролд нэхэмжилсэн 230.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, ямар нэг байдлаар хохирол тооцох боломжгүй учир хэлэлцэхгүй орхив.
Иймд хохирогч Г.Дугарын шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисон болон бусад хохиролын талаархи нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Гын №846720 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Гыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Год оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Дугар нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн Н.Гын ВСD ангиллын №846720 тоот жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ