Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахим/

Яллагдагч ******* 

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/40 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2522003600243 тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дундговь аймгийн ******* сум ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Яллагдагч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг тоотод үйл ажиллагаа явуулах халуун усны газарт хохирогч тэй “шүршүүр эвдлээгүй, төлбөр төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зүүн гар хэсэгт нь маажиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос яллагдагч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2522003600243 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2522003600243 дугаартай хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч ******* би, эрүүгийн 2522003600243 дугаартай *******т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 40 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүх “Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба хохирогчийн мэдүүлэгт дурдсан “1 сар 5 хоногтой жирэмсэн байсан,... ураг зулбасан” гэх асуудал яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тодруулах ажиллагааг хийсний дараа *******т холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г тогтоогоогүй /нотлогдвол зохих байдал нотлогдоогүй/ байх бөгөөд энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар яллагдагч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2522003600243 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хохирогч гийн мэдүүлэгт дурдсан “1 сар 5 хоногтой жирэмсэн байсан,... ураг зулбасан” гэсэн асуудлын хүрээнд дараах мөрдөн шалгах ажиллагааг явуулахад хохирогч гийн би нөхөртөө жирэмсэн болцон юм шиг байна гэж хэлж байсан маргааш нь эмнэлэгт үзүүлье гэж ярилцаж байсан. ... Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны орой шөнийн 22 цаг 30 минутад доошоо цус гарч эхэлсэн. ... ураг болон доошоо гараад байгаа цусыг би 00-ийн өрөөнд шөнөжингөө урсгасан ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч (эмч)-ийн “2025 оны 07 дугаар сарын 29-ны өглөө гэх үйлчлүүлэгч орж ирж үзүүлсэн. Өөрөө жирэмсэн зулбачихлаа гэж хэлж орж ирсэн тэгээд үзлэг хийж эхогоор үзэхэд жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй болцон байсан, цус бүрэн гарчихсан байсан ... үйлчлүүлэгч маань би зулбачихлаа шөнөжингөө цус гарсан гэж орж ирсэн учир зулбалтын дараах эмчилгээ бичиж өгсөн юм өөрийнх нь хэлснээр яагаад гэвэл намайг эхогоор үзэхэд цус бүрэн гарсан жирэмсэн үгүйг харах боломжгүй байсан биений юм ирцэн байсан уу? Яаг зулбалт байсан уу? гэдгийг мэдэх боломжгүй ... зулбалтаас болж үрэвсэл явагдахгүй хүний өөрийн биеийн онцлог их хэмжээний антибиоток хэрэглэх, стресс ядрах зэрэг олон шалтгааны улмаас үрэвсэл явагдаж болно ..." гэсэн мэдүүлэг,

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0725/365 дугаартай “... Эмэгтэйчүүдийн эмчийн тогтоосон бүрэн зулбалт гэмтлийн шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй ...” гэсэн дүгнэлт, мөн шинжээчийн “... тархи доргилтоос болж ураг зулбах боломжгүй ... Өмнө жирэмсэн байсан, зулбалт явагдсан шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй учир зулбалт гэмтэл тогтоохгүй ...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар жирэмсэн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэтэл шүүхээс “жирэмсэн байсан” гэж дүгнэн улмаар шалтгаант холбоо, хамаарлыг тогтоохоор заасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шалгуурыг хангаагүй буюу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”-д хамаарч байна.

Мөн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”-т заасныг үндэслэхдээ мөн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тодорхой заагаагүй, улмаар тухайн мөрдөн шалгах ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэхэд ямар боломжгүй нөхцөл байдал үүсгэж байгааг тодорхойлоогүй, ойлгомжгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан явуулахдаа мөн зүйл, хэсгийн аль заалтын хүрээнд явуулж байгааг тодорхойлоогүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”-д хамаарах бөгөөд Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талуудаас урьдчилсан хэлэлцүүлгийн явцад тухайн асуудлаар хариу тайлбар гаргах, мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шалгуурыг хангаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй үндэслэл дурдаж хэргийг прокурорт буцаасан гэж үзэж шүүгчийн 40 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  гэв.

5. Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын зүгээс жирэмсэн байгаагүй гэж тайлбарлаж байна. Гэвч хохирогч  Сугарсүрэнгийн хувьд эмчийн хяналтад ороогүй байсан ч өөрт нь илэрч байсан шинж тэмдэг болон нөхөртөө жирэмсэн болсон талаар хэлсэн, мөн дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид би жирэмсэн хүн шүү, намайг жирэмсэн байхад зодлоо гэдэг байдлаар хэлсэн байдаг. Эдгээрээс үзэхэд Сугирсүрэнгийн мэдүүлээд байгаагаар жирэмсэн байж болзошгүй байгаа. Тухайн шөнө өөрийн биеэс доош цус гарахаар нь өглөө нь хувийн эмнэлэгт үзүүлэхэд Буянжаргал гэдэг эмч үзсэн. Буянжаргал эмч нөхцөл байдлын талаар сонсож ураг нь зулбасан байна, дотор нь юм байхгүй байна гэж хэлээд зулбалтын дараах эмчилгээ, үйлчилгээ бичиж өгөөд эмнэлгийн байгууллага руу явуулсан байдаг. Иймд ураг байгаагүй гэж үзэж байгаа прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна. Шинжээч эмчийн хувьд ураг зулбасан байх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй гэж үзсэн. Шинжээчээс дээрх нөхцөл байдлаас шалтгаалж ураг зулбах боломжтой байсан эсэхийг асууж тодруулах боломжтой гэж үзэж байна. Сугарсүрэнгийн хувьд өмгөөлөгчөөрөө дамжуулж хохирол төлбөр төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй, хэргийг хурдан түргэн шийдүүлмээр байна гэдгээ илэрхийлсэн. Шинжээч эмчийг оролцуулж ураг зулбах үндэслэл байсан эсэхийг тодруулж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж байна. Прокурорын огт байгаагүй гэж үзэж байгааг өрөөсгөл гэж харж байна гэв.

6. Яллагдагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй байна. Ураг зулбасан эсэхийг мэдээгүй. Хохирогчтой холбоо бариагүй нэлээд удаж байгаа. Надтай холбоо барихыг хүсэхгүй байна гэсэн шалтгаанаар уулзаагүй, тэр талаар мэдээгүй байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

           Прокуророос яллагдагч *******ийг Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг тоотод үйл ажиллагаа явуулах халуун усны газарт хохирогч тэй “шүршүүр эвдлээгүй, төлбөр төлөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зүүн гар хэсэгт нь маажиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад “Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч гийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шуунд зулгаралт, баруун гуянд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдсон байх ба хохирогчийн мэдүүлэгт дурдсан “1 сар 5 хоногтой жирэмсэн байсан,... ураг зулбасан” гэх асуудал яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г тогтоогоогүй, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэргийг прокурорт буцаах тухай 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/40 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокуророос “ хохирогч гийн мэдүүлэгт дурдсан “1 сар 5 хоногтой жирэмсэн байсан,... ураг зулбасан” гэсэн асуудлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бусад нотлох баримтуудаар жирэмсэн байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шалгуурыг хангаагүй, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах тухай үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хохирогч “... жирэмсэн байсан, ураг зулбасан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг шууд үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг жирэмсэн байсан эсэх, ураг зулбасан эсэх, хэрэв ураг зулбасан бол шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох зорилгоор тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: .

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “өөрөө жирэмсэн, зулбачихлаа гэж орж ирсэн. Тэгээд үзлэг хийж эхогоор үзэхэд жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй, цус бүрэн гарчихсан байсан. Ураг гэж үзэхгүй, зүрхний цохилт байхгүй. Тухайн эмэгтэйн умайн хөндийд GS буюу цэврүү үүсэн тогтсон гэж үздэг. Энэ цэврүү нь жирэмсний эхний 13 долоо хоног дотор зулбах магадлал өндөр. Хүний өөрийн биеийн онцлогоос шалтгаалаад архаг цус багадалт, стресс гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж болно. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн миний үзлэг хийсэн тэмдэглэл дээр үрэвслийн эмчилгээ хийсэн байна. Тухайн үеийн зулбалт нь умайн дайврын үрэвсэл, энэ нь хувь хүний архаг үтрээний үрэвсэл, халдвар байгаад зулбасан байж болзошгүй. Ерөнхийдөө умайн үрэвсэлтэй байсан. Биений юм ирсэн байсан уу? Яг зулбалт байсан уу? гэдгийг мэдэх боломжгүй”  гэх мэдүүлэг,

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0725/365 дугаартай “... Эмэгтэйчүүдийн эмчийн тогтоосон бүрэн зулбалт гэмтлийн шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 45/

Шинжээч эмч “Тархи доргилтоос болж ураг зулбах боломжгүй. Өмнө нь жирэмсэн байсан, зулбалт явагдсан шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй учир зулбалт гэмтэл тогтоогдохгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52/ тус тус хэрэгт авагджээ.

Дээрх баримтуудаар хохирогчийн ураг зулбасан гэх гэмтэл нь яллагдагч *******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх шууд үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж заасан бөгөөд дээрх баримтуудыг үгүйсгэсэн, хохирогч д учирсан гэх зулбалт гэмтэл нь яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх бусад баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ нөхцөл байдлыг тогтоох цаг хугацааны хувьд боломжгүй.

Иймд  хохирогчид учирсан гэх зулбалт гэмтэл нь яллагдагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалсны дараа яллагдагчийн үйлдэл нь хохирогчид учирсан хохирол хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэх бусад нөхцөл байдал тогтоогдвол тодруулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд Шижирмед эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгснийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2026/ШЗ/40 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хангасугай.

           2. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророос гаргаж өгсөн Шижирмед эмэгтэйчүүдийн эмчийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдсугай.

           3.Магадлал хүчин төгөлдөр болтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                             Г.МӨНХБАТ