Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00932

 

 

 

 

 

 

 

 

2022 05 16 210/МА2022/00932

 

 

Ц.О, Д.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01054 дугаар шийдвэртэй

Ц.О, Д.О нарын нэхэмжлэлтэй Ц.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 61,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.О нь 2020 оны 01 дүгээр сард намайг Ц.Отэй танилцуулсан ба тэрээр надаас 1,000,000 төгрөг зээлээд удалгүй буцаан өгсөн. Тэрээр надаас 400,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг удаа дараа зээлж, буцаан өгч байсан.

Миний бие Ц.Оийн Хаан банк ХХК дахь 5720556382 дугаар данс руу охин О.Болорын Хаан банк ХХК дахь 5700365346 тоот данснаас мөнгө шилжүүлж байсан нь дансны хуулгаар нотлогдоно. Ц.Од 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 57,800,000 төгрөг зээлдүүлсэн. Ц.О нь 2021 оны 04 дүгээр сараас хойш холбоо барихгүй, зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй болсон гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нөхрийн талын төрлийн хүн болох Ц.Од 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж, түүний Хаан банк ХХК дахь 5720556382 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл тэрээр манай ажлын багш нар мөнгө зээлье гээд гуйгаад байна гэж хэлээд урьд зээлсэн мөнгөө төлөөгүй байхдаа 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг зээлсэн. Ц.О нь надаас 3,500,000 төгрөг, Ц.Оээс 57,800,000 төгрөг нийт 61,300,000 төгрөг зээлээд одоог хүртэл өгөөгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д.Оэс түүний 5029142471 тоот данснаас 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж авсан. Үүнээс 2,370,000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр түүний 5029142471 тоот дансанд төлсөн. Иймд миний бие Д.Од 1,130,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

 

Ц.Оийн 5006260092 тоот данснаас 2,000,000 төгрөг, түүний охин О.Болорын 5700365346 тоот данснаас 62,900,000 төгрөг, 5032447138 тоот данснаас 500,000 төгрөг, нийт 65,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Үүнээс 5006260092 тоот дансанд 8,180,000 төгрөг, 5032447138 тоот дансанд 46,510,000 төгрөг нийт 55,190,000 төгрөгийг төлсөн. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаас нийт 11,840,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оээс 18,230,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,480,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од, 16,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.От тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 43,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оээс 249,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Ц.О нарт олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын 43,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй.

5.а.Анхан шатны шүүх зохигчдын хооронд 10 хувийн хүү тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан болохыг тогтоосон атлаа ямар баримтыг үндэслэж 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан, зээлийн үндсэн төлбөр төлөгдөх хүртэл хугацаанд хүү төлөхөөр тохиролцоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

5.б.Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 01 тоот зөвлөмжид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг зээлдэгч хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн заалт хамаарахгүй гэж дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулснаас бус зээлдэгч хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн заалт хамааралгүй.

Хариуцагч Ц.О нь хүүг хүлээн зөвшөөрч талуудын тохиролцооны дагуу зээлийн хүүг тодорхой хугацаанд төлсөн ба үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй. Гэтэл шүүх нотлох баримтгүйгээр хариуцагчийг үндсэн төлбөрөөс төлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

5.в.Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч үндсэн зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн тухайн сар бүртээ 10 хувийн хүү төлсөн байдал дансны хуулга болон түүний гараар бичсэн ...энэ хугацаанд хүүгээ төлж байгаад 4 дүгээр сарын дундуур хүүгээ хийж чадахгүй болсон гэх агуулгатай тодорхойлолт зэргээр нотлогддог.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар зээлийн харилцаа өрнөсөн ба төлөвлөсөн хугацаандаа төлж чадаагүйн улмаас зээлдүүлэгч нараас хүү авна гэх шаардлага тавьсан тул хариуцагч хүүгээ зогсоож өгөх, хүү төлөх боломжгүй байна гэх тайлбар бичиж өгсөн. Хариуцагч нь зээлдэгчээс нийт 68,900,000 төгрөг зээлж, 67,000,060 төгрөгийг буцаан төлсөн тул үүнийг зээлээс хасуулж үлдэх 11,840,000 төгрөгийг зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тооцсон гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч нарын хариуцагчийн төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасахгүй, хүүгээс хасаж үндсэн зээлээ шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.О, Д.О нар нь хариуцагч Ц.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,300,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас 11,840,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.О нь 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 65,400,000 төгрөг, нэхэмжлэгч Д.О нь 2021 оны 03 дугаар сарын 08, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд 3,500,000 төгрөгийг тус тус банк хоорондын гүйлгээгээр хариуцагч Ц.Оийн дансанд зээлдүүлэхээр шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх31-105/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлээ хариуцагчийн төлсөн мөнгөн дүнг зээлийн хүүд тооцож, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 61,300,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагч Ц.О нь зээлийн хүү тохироогүй гэж зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд зээлийн хүү төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулсан.

 

Хэргийн 112 дахь талд хариуцагч Ц.Оийн Ц.От хүүгээ төлж чадахгүй болсон... хүүгээ эхний ээлжинд зогсоож өгнө үү гэх агуулга бүхий гар бичмэл авагдсан байх боловч уг гар бичмэлээр ямар хугацааны, хэдэн төгрөгийн хүү болох нь тодорхойгүй байх ба шүүхээс энэ байдлыг тодорхойлох боломжгүй учир уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн энэ тухай гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй. /5в/

 

Мөн хэргийн 31-105 дахь талд хариуцагч Ц.Оийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны Хаан банк ХХК-ийн 5720556382 дугаар депозит дансны хуулга авагдсан байна.

 

Уг дансны хуулгаас үзвэл хариуцагч Ц.О 5720556382 дугаар данснаас нэхэмжлэгч Ц.Оийн 5006260092 дугаар дансанд 8,180,000 төгрөг, түүний охин О.Болорын 5032447138 дугаар дансанд 46,510,000 төгрөг нийт 55,190,000 төгрөг, харин нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнийн 5029142471 дугаар дансанд 2,370,000 төгрөг бүгд 57,560,000 төгрөг буцаан төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

 

Түүнчлэн, хариуцагч Ц.Оийн Хаан банк ХХК дахь дансны хуулгаар түүний зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ц.О, Д.О нарт банк хоорондын гүйлгээгээр буцаан төлж байсан дүн авагдсан ба үүнд хүү гэх утга дурдагдаагүй тул анхан шатны шүүх хариуцагч Ц.Оийн нэхэмжлэгч Ц.От төлсөн 55,190,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Од төлсөн 2,370,000 төгрөгийг зээлийн хүүд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Учир нь талууд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хүү шаардах эрхгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /5б/

 

3.в.Анхан шатны шүүхийн талууд зээлийн гэрээнд сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх боловч хариуцагч энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хариуцагч Ц.Оээс нэхэмжлэгч Ц.От 16,750,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Од 1,480,000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. /5а/

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/01054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баясгалангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ