Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 942

 

                                                             

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Өсвөр насны шүүгдэгч Х.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзаяа, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Х.Бд холбогдох эрүүгийн 1806033790845  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Бэхболдтой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ гэмт хэрэгт холбогджээ.                                                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн  1806033790845 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

 Хохирогч П.Бэхболдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 4 сарын 12-ны өдрийи орой Хэнтий аймгаас Улаанбаатарт ирээд маргааш нь ах Гантөмөртэй төв аймаг орчоод орой 19 цагийн үед ирсэн. Тэгээд машинаа тавиад сансарт караокед хоол идэж 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи уучаад 23:30 цагийн үед гараад дуу дуулаад юм яриад байшингийн урд талаар зүүн тийшээ явж байгаад булангаар гараад ирсэн чинь хэдэн хүүхдүүд зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь өнгөрсөн чинь дээлтэй өвөө нар харьцгаа гэж хэлэхэд Гантөмөр жоохон хүүхдүүд байж харьцгаа гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө хүүхдүүд та нарт хамаагүй гэсэн. Үүнээс болж 3-4 хүүхэд Гантөмөртэй хэрэлдэж зууралдаад ноцолдоод байсан. Би араас нь очиход Гантөмөр гар утсаараа зураг авлаа гэж байсан. Ингээд зодоон болоогүй тэр хэд салаад Гантөмөр цагдаа дуудаад зогсож байхад уг хүүхдүүд дахиж ирээд Гантөмөртэй зууралдаад цаашаа төмөр хашаа руу яваад байсан тул салгах санаатай араас нь очсон чинь үл таних зүс царай дүр төрхийг мэдэхгүй хүн нүүрэнд цохиж хавсарч унагаагаад, дээрээс нүүр нүдгүй бүх бие рүү өшиглөж зодсон. Би нүүрээ дараад хэвтээд байсан. Тэгтэл цагдаа ирлээ зугтаарай гээд зугтаасан. Ингээд босоод ирсэн чинь хамарнаас цус гарсан, баруун хөл явж болохгүй хугарсан, зүүн нүд, хамар хавдсан байсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд зарим хүүхдүүдийг нь барьсан. Намайг зодуулж байхад хамт явсан Гантөмөр цаана байсан. Тухайн үед харанхуй байсан бөгөөд намайг хэдэн хүн зодосныг мэдэхгүй байна. Дээрээс нүүр хөл бие рүү өшиглөөд байсан тул нүүрээ дараад юм харах боломжгүй хэвтэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 08 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Шагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...хохирогч Баяндүүрэнг араас нь татахад эргэж хараад хамт явсан хохирогч ногоон дээлтэй П.Бэхболдыг эхэлж 1 удаа хавирсан. Унаагүй дахиж 1 удаа хавирч газар унагаагаад дээрээс нь 2-3 удаа өшиглөж, толгой руу нь гараараа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 148 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тэгээд Баяндүүрэн унагаах гээд 2 хавсарсан боловч унаагүй. Энэ үед араас нь хамт явсан ногоон дээлтэй хохирогч П.Бэхболд тохойлдсон, Баяндүүрэн эргэж хараад хавирч унагаагаад дэрээс нь гараараа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 хуудас/,  

 

гэрч Т.Мягмаршагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тэгтэл Баяндүүрэн ногоон дээлтэй хохирогчийг хавсарч унагаад нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөж, дээр нь гарсан нүдэж байхад нь Энхцолмон хүн аллаа гэж хэлээд салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 4984 дугаартай:

П.Бэхболдын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамрын таславчын мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 12 хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 4 сарын 13-ны өдөр ангийн хүүхэд Сэргэлэнгийн төрсөн өдөр тэмдэглэж ангиараа офицероос дээшээ өгсөөд замын зүүн талын 032-р ангийн эсрэг талын нэрийг нь мэдэхгүй караокед орж тоорт, ундаа, 2л сэнгүүр пиво авсан. Би пиво уугаагүй бөгөөд 4 цаг дуулж байгаад 20:00 цагийн үед гараад юм ярьж зогсож байгаад зарим хүүхэд нь тараад Сэргэлэн, Буян-Эрдэнэ хоёр гэртээ харисан. Сансарын түнелд гэр нь байдаг Халиунааг хүргэж өгөхөөр ангийн охин Одмаа, Шагай, Ганцолмон нарын хамт хүргэж өгөөд байж байтал Мягмаршагай түүний найз охин Мийгаа нартай таараад бид долоо сансарын түнел дээр Алтан жолоо группын баруун урд талд юм яриад зогсож байхад баруун талаас нилээн согтуу нэг нь ногоон дээлтэй 2 хүн гарч ирээд "нөгөө хоёр хүн харьж унтацгаа гэж хэлсэн Билгүүн холдуулаад байхад явахгүй согтуурхаад байсан. Тэгж байгаад гэрч Гантөмөр уурлаад намайг барьж аваад хувцаснаас дугтарч хувцас урж, нүүрэнд цохисон Билгүүн салгаж хойноос нь татсан Мягмаршагай, Шагай, Ганцолмон гурав уг хүнийг цохиж зууралдаж байсан. Би наад талд нь зогсож байтал дагз руу ногоон дэлтэй хохирогч цохисон. Эргэж хараад хөл рүү нь өшиглөж унагаасан. Би өөрийнхөө хийндээ унаад дөрвөн хөллөөд байж байсан чинь Гантөмөр цаанаас сугарч гарч ирээд нүүрэнд өшиглөхөд манараад босоод ирсэн чинь хохирогч тулаад ирэхээр нь хавирч унагаагаад нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Ганцолмон намайг түлхсэн. Тэгэхээр нь би цаашаа тэр чигээрээ зугтаасан. Тэгээд сансарын Шөлөндөө хоолны газарт хамт байсан Одмаа, Шагай, Ганцолмон нартай утсаар холбогдож уулзахад Билгүүн Мягмаршагай хоёр залгаад цагдаа дээр баригдсан гэсэн тул цагдаа дээр очиж хоносон. Тухайн үед зодоон тэр хоёр согтуу хүн харьцгаа гэж янз бүрээр хэлээд зууралдаад салахгүй байснаас болсон. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Сонсгож байгаа зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Хохирогчоос уучлалт гуйж, учирсан хохиролыг барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

 

-зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 2-4/

-Х.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 31-41/

-хохирогчид хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 45/

-хохирогч П.Бэхболдын эмчилгээний зардал 3.500.000 төгрөг аваад гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нар, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Өсвөр насны шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, арван найман насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Бгийн хохирогч П.Бэхболдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцалга оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Өсвөн насны шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Шүүх өсвар насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролыг сайн дураараа төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчид учирсан хохиролыг төлж барагдуулсан байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тооцож тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

   1. Өсвөр насны шүүгдэгч Х.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Бг нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Х.Бд оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Х.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Алтанзаяа нарт мэдэгдсүгэй.

 

  5. Өсвөр насны шүүгдэгч Х.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ