Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 943

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,    

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бнд холбогдох эрүүгийн 1706038061157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рояал хаус зочид буудалд Г.Тэнгисийг цохиж биемахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706038061157 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Тэнгисийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз охин Солонго намайг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Рояал хаус нэртэй буудалд найзуудтайгаа байна. Чи хүрээд ир гэж дуудхаар нь очсон. Ороход Солонгын найз эмэгтэй Буянаа, тэрний найз залуу Б гээд гуравуулаа согтуу байсан. намайг хоцорч ирсэн учир торгууль гээд 4 хундага архи уулгаад бид нар 1 шил архи уусан. Маргааш ажилтай гээд хэвтсэн чинь Б гэх залуу чи намайг хүндэлсэнгүй. Унтах гэлээ бос гэсэн чинь Солонго Буянаа 2 бас намайг бос гээд байхаар нь бостол Солонго намайг хөөхөөр нь орлуу түлхэж суулгатал агсараад байсан Б гэх залуу гэнэт босч ирэн миний баруун нүдрүү гараараа нэг цохихоор нь би доош суутал миний дагзруу цохиж намайг газар хэвтүүлээд нүүрлүү өшиглөх гэж оролдохоор нь би гараараа нүүрээ хааж байгаад өрөөнөөс гарч зугатаан цагдаад мэдэгдэх болсон. Эдгээр гэмтлүүдийг Б гэх залуу баруун гараараа нүдрүү, толгойн ар дагзруу цохиж намайг газар унагаад нүүрлүү өшиглөх үед үүссэн. Би нүүрээ дараад доошоогоо хараал байж байхад дагз хэсэгт цохих шиг болсон тэрнээс болж би ямар нэгэн шарх аваагүй. Бэс эмчилгээний зардлаа төлүүлж авса. Миний хохирол одоо төлөгдсөн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/

 

Гэрч Ч.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 11 дүгээр сарын 30 ний өдөр би тухайн өдөр Б Буянжаргал хоёртой удаан уулзалдаагүй учир хоолонд орж улмаар Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороонд байрлах Рояал хаус нэртэй буудалд орж архи ууж юм ярицгааж байтал Тэнгис надтай уулзана гэж тохирсон байсан тул миний байгаа газар хүрч ирэн бидэнтэй хамт сууж архи уух болсон. Орой 23 цаг өнгөрч байхад Тэнгис гэнэт уурлаад гараад явсан ба 10 орчим минутын дараа хаалга хэн нэгэн тогшитол очиж нээхийн завдалгүй Тэнгис гаднаас хаалга өшиглөж эвдлээд ороод ирхэд нь би урдаас нь очтол миний зүүн хацарлуу гараараа цохиход нь би орны завсраар унсан чинь Буянжаргал Тэнгисийн урдаас очтол Буянжаргалын нүүрлүү гараараа цохиж газарт унгаасан тэгтэл Б уурлан 2 эмэгтэй хүн цохилоо гээд Тэнгисийн нүүрлүү цохьтол Тэнгис газар унаж Бийг Буянжаргал бид 2 салгаж холдуулсан тэгтэл Тэнгисийн хамар орчимоос цус гарсан байдалтай өрөөнөөс гарч явтал цагдаа ирж Тэнгис, Б нарыг авч явсан гэх мэдүүлэг  /хх-ийн 21/

 

Гэрч Т.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

найз залуу Б найз Солонго, Ундаряа нарын хамт уулзан Урнаа найзыхаа буудалж байсан буудалд өрөө авч орох гэтэл олон хүн оруулахгүй бас үнэтэй байхаар нь хажуу дахь Рояал хаус нэртэй буудалд орох болсон. Буудалд ороод удалгүй Урнаа нөхөрийн хамт манай өрөөнд ирж хэсэг байж байтал Тэнгис ирж бидэнтэй хамт суусан хэсэг байж байгаад Ундаряа Урнаа болон түүний нөхөр явж Тэнгис, Б, Солонго бид 4 үлдэж Тэнгис унтхаар хэвтиж бид 3 юм яриад сууж байтал Тэнгис гэнэт босч ирэн гадуур хувцасаа өмсөн гарч яваад нээх удалгүй хаалга тогшиход нь Б хаалга онгойлгохоор бостол Тэнгис хаалга эвдэн орж иртэл Солонго Тэнгисийг хараад хайраа гээд урдаас нь очтол Тэнгис Солонгоогийн нүүрлүү нь гараараа цохиж ор шүүгээний завсраар унгаахаар нь би Солонгоруу очихоор бостол намайг цохиж ор руу унгаасан чинь Б Тэнгисийг чи эмэггэй хүн цохилоо гээд нэг зохиж унгаахаар нь Солонго бид 2 салгатал Тэнгис гарч явсан. Буудлын ажилчид хаалга эвдсэн гэж цагдаа дуудсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын   06-ны өдрийн 14985 дугаартай

Г.Тэнгисийн биед баруун ухархайн дотор хана, хамар ясанд хугарал, баруун зовхи, алимны салстад цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэлэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алталтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,

 

Шүүгдэгч Б.Баатар-Эрдэнийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би тогтоолтой танилцсан. Тус үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа танил Тэнгисээс уучлалт гуйж хохирол гомдол саналгүй болгосон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8-9/, хохирогч Г.Тэнгис нь өөрт учирсан хохиролыг барагдуулж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх хүсэлт /хх-51-53/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 63/

Б.Баатар-Эрдэнийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-36/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Баатар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Баатар-Эрдэнийн иргэн Г.Тэнгисийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Б.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Г.Тэнгист учирсан, түүний нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Б.Баатар-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ