| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2026/00004/И |
| Дугаар | 301/ШШ2026/00215 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2026/00215
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 301/ШШ2026/00215 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймаг, Ц сум, Б багт оршин суух А овогт О-ийн Г-ын хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учралзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч О.Г нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч О.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: О.Г миний бие 1970 онд төрсөн. Одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох нас болоод байна. Би 1988 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 2 жил цэргийн алба хаасан. Цэргээс ирээд одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа бөгөөд 1990-2000 оныг дуустал хугацаанд нөхөн тооцох хуулиар авсан. Ингээд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хүсэлт гаргахад 1995, 1996, 1997 онуудын Ц сумын малын А данс архивт хадгалагдаагүй тул нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр дээрх онуудад малчнаар ажилласан байдлыг нотлох боломжгүй гэсэн 2 шатны шийдвэр гарсан. Ийм учраас иргэн миний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд А аймгийн Ц сумын Б багийн нутагт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд А аймгийн Булган суманд 6-р анги төгссөн, 1988 онд цэрэгт явсан. Цэргээс ирээд байнга мал маллаж байгаа юм. 1995 оноос 1997 онуудын малын А данс гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандсан юм гэв.
2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд
- А овогт О-ийн Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 144 дугаар тодорхойлолтод: Тус багийн иргэн О-ийн Г нь /РД:.../ ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт “Хулын шанд” гэдэг газарт мал маллаж амьдардаг байнгын оршин суугч иргэн мөн болно гэжээ.
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 32/98 дугаар шийдвэр,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/46 дугаар шийдвэр
- Огноон Гын 011500779 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтууд авагдсан.
2.2. Хүсэлт гаргагч О.Г-ын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Гэрч Д.Д-ын шүүхэд өгсөн “Би А аймгийн Ц сумын А багт 1978 оноос хоньчноор ажиллаж байсан. Тэгээд 1988 оноос эхлэн Б багт Анаар ажиллаж байсан. Нэгдэл 1991 онд тарснаас хойш өнөөдрийг хүртэл А аймгийн Ц сумын Б багт хувийн малаа маллаж байгаа. О.Г нь 1991 оноос хойш одоог хүртэл А аймгийн Ц сумын Б багт хувийн малаа маллан амьдарч байгаа. О.Г нь үхэр, хонь, ямаа, адуу зэрэг мал малладаг. О.Г-ын гэр бүлийн хүнийг Б гэдэг бөгөөд О.Г, Б хоёр нь 2002 онд айл гэр болж байсан. О.Г нь өрх тусгаарлаж гарахаасаа өмнө нь аавтайгаа хамт хувийн малаа маллаж амьдардаг байсан. 1995 оноос 2000 оны хооронд О.Г нь А аймгийн Ц сумын Б багийн Дэлэн булаг гэх газар мал маллан амьдардаг байсан. Одоо ч гэсэн Б багийн Хулийн шанд гэх газар өвөлж, Дэлэн булагтаа зусаж байгаа” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Б-ын шүүхэд өгсөн “Би 1986 оноос эхлэн А аймгийн Ц сумын А бригадад өөрийн аав Бандийн туслах хоньчиноор 1988 оныг хүртэл ажилласан. 1988 оноос Цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс ирээд А аймгийн Ц сумын Б багт өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа. О.Г нь 1984 оноос эхлэн А аймгийн Ц сумын Социализмын зам нэгдэлд малнчаар ажиллаж байсан. 1988 оноос цэргийн албанд татагдаад 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд өндөөрийг хүртэл хувийн малаа маллаж байгаа. О.Г нь 2002 онд Б-тэй гэр бүл болоод 2 хүүхэдтэй бослон. Одоог хүртэл эхнэр Бийн хамт хувийн малаа маллан амьдарч байгаа. О.Г-ынх Б багийн Хулийн шанд гэх газарт мал маллан амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- А аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаар албан бичигт: Тус архивын сан хөмрөгт Ц сумын 1995-1998, 2000 онуудын Малын А дансны баримт шилжиж ирээгүй тул О-ийн Г /.../-т лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.
- А аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/82 дугаар албан бичигт: Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд иргэн О-ийн Г /../-ын 1994-2000 онуудад төлсөн мал бүхий иргэний орлогын албан татварын мэдээлэл байхгүй болно. Тус газар нь 2000 оноос төсвийн орлогын дансны хуулгыг боловсруулж эхэлсэн. 2000 оноос өмнөх орон нутгийн төсвийн орлогын хуулгыг Санхүү, төрийн сангийн хэлтэс боловсруулж байсан гэжээ.
- Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/180 дугаар албан бичгээр ирүүлсэн 2000 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаанд О Г-Тэргүүлэгч өөрөө, 29 настай, эрэгтэй гэжээ.
- А аймгийн Ц сумын Б багийн 1996 оны хүн амын судалгааны нэрсийн жагсаалын 54-т Огноон Г гэжээ, 1997 оны хүн амын судалгааны нэрсийн жагсаалтын 139-т Огноон Г гэжээ,
- А аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид оргох архивын лавлагаанд А аймгийн Ц сумын Б багийн малчин өрхийн тэргүүлэгч О-н Г-ын мал маллаж байсан хугацааны 1993-1999 оны тооллого гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч О.Г-ын А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- А овогт О-ийн Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 144 дугаартай “Тус багийн иргэн О-ийн Г нь /РД:.../ ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт “Хулын шанд” гэдэг газарт мал маллаж амьдардаг байнгийн оршин суугч иргэн мөн болно гэсэн тодорхойлолт,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 32/98 дугаар шийдвэр,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/46 дугаар шийдвэр,
- Огноон Гын 011500779 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх
- А аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаар албан бичиг,
- А аймгийн Татварын газрын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/82 дугаар албан бичиг,
- Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03/180 дугаар албан бичгээр ирүүлсэн 2000 оны хүн ам орон сууцны тооллогын лавлагаа,
- А аймгийн Ц сумын Б багийн 1996 оны хүн амын судалгааны нэрсийн жагсаалын 54-т Огноон Г гэжээ, 1997 оны хүн амын судалгааны нэрсийн жагсаалтын 139-т Огноон Г гэсэн лавлагаа,
- А аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид оргох архивын лавлагаанд А аймгийн Ц сумын Б багийн малчин өрхийн тэргүүлэгч О-н Г-ын мал маллаж байсан хугацааны 1993-1999 оны тооллого гэсэн лавлагаа,
- худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Б.Б , Д.Д нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.Г нь А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан А овогт О-ийн Г /РД:../-ыг А аймгийн Ц сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР