| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/00145/И |
| Дугаар | 191/ШШ2026/02112 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/02112
2026 02 05 191/ШШ2026/02112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
хариуцагчийн төлөөлөгч ,
хариуцагчийн өмгөөлөгч /ШТҮД: 0333/,
гэрч , ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Батзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2023 оны 11 сарын 12-ны өдөр өөрийн компанийн нэрийг ХХК байсныг ******* ******* ******* ХХК болгон өөрчлөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн. ХХК нэртэй байхдаа, хариуцагч тал болох ******* ******* ХХК-тай 2023 оны 08 сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 69/23 дугаартай худалдах, худалдан авах гэрээ ёсоор хариуцагч ******* ******* ХХК нь Хөвсгөл аймагт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* ******* жуулчны баазад ашиглагдах 3 метр өндөр, 2.5 метр өргөн 2.5 метр урт, 18 тонны эзэлхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн сав нийлүүлэх, түүнийг угсарч суурилуулах үүргийг хүлээсэн. Гэрээний нийт үнийн дүн 22,727,272 төгрөг болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн Хаан банкны тоот дансанд гэрээний урьдчилгаа төлбөр болох 11,363,636 төгрөг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч ******* ******* ХХК 21 хоногт усны савыг нийлүүлэн, 7 хоногийн дотор багтаан суурилуулж, нэхэмжлэгчид 2023 оны 09 сарын 08-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байсан. Хариуцагч ******* ******* ХХК нь 2023 оны 10 сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* ******* жуулчны баазад цэвэр усны нөөцийн савыг 33 хоногийн хоцрогдолтой угсарсан. Угсралтын ажлын дараа хариуцагчийн суурилуулсан усны нөөцийн сав нь талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд заасан чанарын шаардлагыг хангаагүй, үйлдвэрийн доголдолтой, эвдрэлтэй бүтээгдэхүүн нийлүүлэн угсарч суурилуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 11 сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчид доголдолтой бүтээгдэхүүнийг сольж өгөхийг утсаар мэдэгдэн шаардлага хүргүүлсэн боловч хариуцагч ******* ******* ХХК-ийн зүгээс шаардлагыг хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах саналыг утсаар мэдэгдэх гэсэн боловч мөн хариу өгөөгүй. Хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлж угсарсан цэвэр усны нөөцийн сав нь хэвийн горимоор ашиглах боломжгүй, баруун доод хэсэгтээ цоорсон, ус алддаг зэрэг доголдлын улмаас ******* ******* ******* ХХК нь хариуцагчийн нийлүүлсэн цэвэр усны савыг ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Суурийн асуудлыг нэхэмжлэгч тал бэлтгэх юм уу, эсхүл хариуцагч тал өөрсдөө хийх асуудлыг гэрээгээр зохицуулсан зүйл байхгүй. Хариуцагч өөрсдийнхөө тээврийн хэрэгслээр тээвэр хийсэн нь хугацаа алдсан гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа алдсан гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч хугацаа алдсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Усны савыг хүлээлцэх нөхцөл бололцоог хангаагүй гэж байгаа ч хүнсний бүтээгдэхүүн хадгалах савыг дахин дахин силикондож засах нь эрүүл ахуйн шаардлага зэрэг олон асуудал яригдана. Гэрээний дагуу доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй, доголдолтой байгаа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хүлээж авах боломжгүй. Хэрэв нэхэмжлэгч доголдолтой гэдгийг нь мэдсээр байж хүлээж авах юм бол Иргэний хуулийн 255 дугаар зүйлд заасны дагуу эргээд шаардах эрхгүй болно. Улаанбаатар хотоос усны сав авч ирсэнд маргахгүй, машин нь хариуцагчийнх, түлш, ажилчдын зардал нь манайхаас гарсан. Эцсийн үр дүн нь ус гоожихгүй, доголдолгүй байх ёстой, гэтэл энэ үр дүнд хүрээгүй учраас талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компани нь ХХК-тай 2023 оны 08 сарын 11-ний өдөр 18 м.куб цэвэр усны нөөцийн сав нийлүүлэх, угсарч, суурилуулах ажлын гэрээ байгуулсан. 2023 оны 08 сарын 29-ний өдөр захиалсан нөөцийн савыг Улаанбаатар хотод хүлээн авсан бөгөөд энэ тухай захиалагч талд утсаар мэдэгдсэн. Учир нь гэрээнд захиалагч тал тээвэрлэлтийг хариуцна гэж гэрээ байгуулсан. Ингээд захиалагч талаас хариу хүлээж 12 хоног хүлээсэн. Энэ талаар дахин хариу шаардахад хэзээ тээвэрлэх нь тодорхойгүй байсан учраас нэмэлт зардал гарган бид өөрсдийн тээврийн хэрэгсэл болох FRONTIER маркийн автомашинаар 2023 оны 09 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн ба Хатгал суманд 2023 оны 09 сарын 13-ны өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй очсон. Цааш замын саад бартаанаас шалтгаалан өөрсдийн машинаар тээвэрлэх боломжгүй учраас Хатгал суманд тээвэрлэх машин ирэхийг 2 хоног хүлээгээд 2023 оны 09 сарын 15-ны өдөр өөрсдийн бараа болон машиныг үлдээгээд Ханх сум руу завиар хүргүүлсэн. Очсон өдрөөс хойш 2023 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл буюу 5 хоног хүлээсний эцэст нөөцийн савыг хүлээж авсан. Нөөцийн савыг бид 4 хоногийн дотор угсарч суурилуулсан. Нөөцийн савыг усаар дүүргэж шалгаж үзэх боломжоор хангаж өгөлгүй 3 хоног хүлээсэн. Хүлээсний эцэст 25-н диаметртэй нарийн шланкаар 24 цагийн турш усыг дүүргэж шалгахад ус шүүрсэн тул усыг суллаж шүүрсэн хэсгийг засварлаж дахин усаар дүүргэхэд үл ялиг ус шүүрч байсан учраас дахин усыг суллаж силикондоод дахин шалгаж үзэх гэсэн боловч усаар дүүргэх боломжоор хангаж өгөөгүй. Учир нь тэнд ажиллаж байсан сантехникийн холболт хийх хүмүүс нь ажлыг хаяж явсан учраас бид аргагүйн эрхэнд буцахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж 2023 оны 09 сарын 30-ны өдөр буцсан. Ингээд ажиллах нөхцөл болон шалгаж үзэх боломжоор хангаж өгөөгүй, мөн тээвэрлэлтээс шалтгаалан 15 хоног хүлээлгэж нилээд хэмжээний хохирол учруулсан. Манай зүгээс гэрээний дагуу савыг нийлүүлж угсрах, нөгөө талаас суурийг бэлдэж өгөх ёстой байсан. Ингээд угсрахад гурван давхар, баганы даралт их өгдөг учраас хажуугаас ус гардаггүй нөхцөлд бид даралтыг багасгах боломжтой. Суурь 40-50см өндөртэй бэлдэж өгөх ёстой байсан боловч бэлдэж өгөөгүй, та нар шууд угсар гэсэн. Энэ нөхцөлд доороос яг хаанаас ус гарч байгааг харах боломжгүй учраас шавхаж байж харах шаардлагатай болсон. Яагаад хүндрэл учирсан бэ гэхээр захирал нь шууд шалан дээр суурилуул гэсэн учраас бид доогуур нь яаж байгааг хянах боломжгүй байсан. Стандартын дагуу ажлаа хийх нөхцөл бүрдүүлж өгөөгүй. Манайх суурийг төмрөөр хийж болдог гэдгийг захиралд нь санал тавихад дэмий зардал гаргахгүй, зүгээр шалан дээр нь угсар гэсэн. Манайх олон жилийн туршлагатай, эдний хамааралтай компаниуд манайхаар хийлгэж байсан. Манай компанид 2023 оны 12 сарын 12-ны өдөр "******* ******* *******" ХХК-аас 183/23 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Уг албан бичигт 2023 оны 10 сарын 04-ний суурилуулсан цэвэр усны нөөцийн сав нь гэрээний 1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар, мөн цэвэр усны нөөцийн савыг сольж өгөх шаардлагыг "******* ******* *******" ХХК-ийн зүгээс удаа дараа утсаар мэдэгдсэн боловч танай компанийн зүгээс ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Мөн тус цэвэр усны нөөцийн сав нь цоорсон, байнгын ус алддаг бөгөөд хэвийн горимд ямарч тохиолдолд ашиглах боломжгүй, "******* *******" ХХК нь усны нөөцийн савыг нийлүүлэх гэрээний хугацааг 33 хоногоор хэтрүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй" гэж бичсэн нь огт үндэслэлгүй юм. Манай компани нь цэвэр усны нөөцийн савыг 2023 оны 09 сарын 24-ний өдөр угсарч суурилуулсан ба "******* ******* *******" ХХК болон " трэвэл ХХК-ийн зүгээс усны нөөцийн савны талаар амаар болон албан бичгээр мэдэгдсэн гомдол санал огт байхгүй. Мөн гэрээний хугацааг бид зөрчөөгүй ба захиалагч тал болох " трэвэл" ХХК нь тээвэрлэлтийг хариуцна гэж гэрээнд заасан боловч тээвэрлэлтийн асуудлаас болж 20 хоног хүлээлгэж төвөг чирэгдэл, хохирол учруулсан. Нөөцийн савыг цоорсон, байнгын ус алддаг бөгөөд хэвийн горимд ямар ч тохиолдолд ашиглах боломжгүй гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Бид ажлаа хүлээлцэж чадаагүй, дараа нь хүлээлцэхээр очиход гэрээ цуцлах асуудал яригдсан. Доголдол бол бараа бүтээгдэхүүний доголдол биш, ажлаа хүлээлгэж өгөх нөхцөлөөр хангаж өгөөгүйгээс болсон. Сантехникийн холболтыг хийж усаар хангах боломжтой болсны дараа бид ирж хүлээлгэж өгье гэхэд тэгээгүй, өвөл 12 сард гомдол гаргасан. Нөөцийн савыг ашигласан эсэх талаар тус амралтын газрын цахилгаан техник хариуцсан инженер тай холбогдож тодруулахад уурын зуух болон шугам хоолой угсралтын ажлаа өнөөдрийг хүртэл дуусгаагүй гэж мэдэгдсэн. Энэ нь нөөцийн савыг огт ашиглаагүйг тодорхойлж байна. Ажил хүлээлцээгүй байхад эд нар ус хийх, эзэмших, ашиглах ямар ч эрх байхгүй. Бид хүлээлгэж өгөөгүй бол тэр манай өмчлөлийнх. Ажил хүлээлцээгүй байж ус гоожсон гэдэг асуудал яриад байгаа нь үндэслэлгүй юм. Манай зүгээс боломжтой байсан зүйлийг хийж чадаагүй биш, эвдэрхий хуучин сав нийлүүлээгүй, ажил үйлчилгээ мэргэжлийн дагуу хийгдсэн. Доголдолтой учраас гэрээний дагуу төлсөн мөнгөө нэхэмжилж байна гэж байх боловч доголдолтой болохыг нотолж чадахгүй байна. Тухайн савыг хоёр удаа угсарсан, гуравдахь удаагаа угсарч ус дүүргэх гэтэл "******* ******* *******" ХХК-ийн нэг ч хүн байхгүй, инженер нь тухайн үед усны савны угсралтыг хүлээж авсан. Доголдолтой бүтээгдэхүүн гэдгийг мэргэжлийн байгууллагаар албан ёсоор тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй, үндэслэлгүй гомдол гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2023.08.11-ний өдрийн 69/23 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх4-7/, ******* ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, Тээвэр хөгжил банкны 2023.08.14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-9/, фото зураг /хх10-14/, ******* ******* ******* ХХК-н 2023.12.12-ны өдрийн 183/23 дугаартай Мэдэгдэл /хх-15/, Монгол шуудан ХК-н шуудан илгээмжийн баримт /хх-16/, итгэмжлэл /хх-17, 59/, захиалгын түүх /хх19-21/, ******* ******* ХХК-н 2023.12.16-ны өдрийн 23/770 дугаартай Мэдэгдлийн хариу /хх22-23/, ХХК-н дүрмийн нэмэлт өөрчлөлт /хх-65/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа /хх-66/, ХХК-ийн 2023.08.31-ний өдрийн 03/23 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэр /хх-67/,
3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ******* ******* ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-32/, хариу тайлбар /хх38-39/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-40/, фото зураг /хх52-56, 58/, итгэмжлэл /хх-95, 113/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-122/,
3.3. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч гийн мэдүүлэг /хх87-88/, гэрч ын мэдүүлэг /хх89-90/, гэрч гийн мэдүүлэг /хх91-92/, гэрч ийн мэдүүлэг /хх93-94/, гэрч ы мэдүүлэг /хх131-133/, гэрч ын мэдүүлэг /хх133-136/
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан хариуцагчаас нийлүүлсэн гэрээний зүйл доголдолтой гэсэн үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргасан ба хариуцагч нь гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. 2023 оны 08 сарын 11-ний өдөр ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 69/23 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, тус гэрээгээр талууд дараах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. Үүнд:
- худалдагч ******* ******* ХХК нь ******* жуулчны баазад ашиглагдах GPR шилэн материалаар хийгдсэн, 3м өндөр, 2.5м өргөн, 2.5м урт, нийт 18 тонны эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг нийлүүлж, угсарч суурилуулах болон ******* жуулчны баазад ашиглагдаж байгаа 20 тонны эзлэхүүнтэй усны нөөцийн савыг задалж, худалдан авагчийн заасан байрлалд угсарч суурилуулан хүлээлгэж өгөх, гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 14-21 хоногийн дотор барааг нийлүүлэх, угсралтын ажлыг бараа материал угсралт хийгдэх газарт хүргэгдэн угсралтын ажилчид ажлын талбайд очсоноос хойш 5-7 хоногт багтаан гүйцэтгэж хүлээлгэн өгөх,
- талууд гэрээний үнийг тохирохдоо GPR шилэн материалаар хийгдсэн, 3м өндөр, 2.5м өргөн, 2.5м урт, нийт 18 тонны эзлэхүүн бүхий, ханын зузаан 14/12/10/8 мм 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг нийлүүлэх, усны нөөцийн савны швеллерэн суурь гагнах, усны нөөцийн савыг угсарч суурилуулах ажлыг нийт 20,000,000 төгрөгөөр, ******* ******* жуулчны баазад ашиглагдаж байгаа 20 тонны эзлэхүүнтэй усны нөөцийн савыг задалж, худалдан авагчийн заасан байрлалд угсарч суурилуулах ажлыг нийт 2,727,272 төгрөгөөр, нийт 22,727,272 төгрөг гэж харилцан тохиролцсон,
- худалдан авагч ХХК нь гэрээгээр тохирсон 22,727,272 төгрөг /НӨАТ ороогүй/-ийг төлөх, гэрээний урьдчилгаанд 50 хувийн төлбөр болох 11,363,363 төгрөгийг гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор шилжүүлэх, үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 11,363,363 төгрөгийг бараа болон хуучин байгаа нөөцийн савыг задлан, буцаан бүрэн угсарч суурилуулсан акт үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногт худалдагч талын ХААН банкны дугаартай дансанд шилжүүлэх. /хх-ийн 4-7/
4. Дээр дурдсан гэрээний худалдан авагч тал болох ХХК-ийн хуулийн этгээдийн нэр 2023 оны 09 сарын 06-ны өдөр ******* ******* ******* ХХК болон өөрчлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, хоёр компанийн хоорондын харилцаа хуулийн этгээдийн нэр өөрчлөгдснөөс хойш ******* ******* ******* ХХК нэрээр хийгдэж байсан тул шийдвэрт тухайн нэрээр дүгнэлт хийх нь зүйтэй. /хх-ийн 66/
5. Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд 2023 оны 08 сарын 11-ний өдөр дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.
8. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 сарын 14-ний өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн Захирал ын ХААН банкны дугаартай данс руу 11,363,636 төгрөгийг шилжүүлсэн болох нь Тээвэр хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал уг мөнгөн шилжүүлэг болон шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /хх-ийн 9/
8.2. Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний зүйл болох захиалсан цэвэр усны нөөцийн савыг 2023 оны 08 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод хүлээн авсан тухай нэхэмжлэгчид мэдэгдэж, 2023 оны 09 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөлж, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2023 оны 09 сарын 13-ны өдөр 3 хүний бүрэлдэхүүнтэй очсон, 2023 оны 09 сарын 15-ны өдөр өөрсдийн бараа болон машиныг үлдээгээд Ханх сум руу завиар хүргүүлсэн, 2023 оны 09 сарын 20-ны өдөр цэвэр усны нөөцийн савыг хүлээн авч, 4 хоногийн хугацаанд угсарч суурилуулсан, нөөцийн савыг усаар дүүргэж шалгахад ус шүүрсэн тул усыг суллаж шүүрсэн хэсгийг засварлаж дахин усаар дүүргэж шалгахад ус шүүрч байсан учраас усыг дахин суллаж силикондоод дахин шалгаж үзэх гэсэн боловч савыг усаар дүүргэх боломж олгоогүй шалтгаанаар угсралтын ажлыг үргэлжлүүлээгүй, улмаар Улаанбаатар хот руу буцсан болох нь зохигчийн тайлбар болон гэрч , , , , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-ийн 87-88, 89-90, 91-92, 93-94, 131-132, 133-136/
9. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч тал цэвэр усны нөөцийн савыг Хөвсгөл аймагт байрлах ******* ******* жуулчны баазад тээвэрлэн авчирч, савыг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч тухайн нийлүүлж, угсарч суурилуулсан цэвэр усны нөөцийн сав нь цоорсон, ус шүүрч байсан зэрэг доголдлын улмаас цэвэр усны савыг ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, хариуцагч тухайн доголдлыг засаж янзлаагүй үлдээгээд явсан гэж тайлбарласан.
10. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тус компанийн нийлүүлсэн цэвэр усны нөөцийг савыг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэхэд савыг байрлуулах суурийг нэхэмжлэгч талаас бэлдэх ёстой байсан боловч бэлдээгүй, шууд шалан дээр нь угсар гэсэн учраас савны усны шүүрэлтийг засварлах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон, мөн усны нөөцийн савыг усаар дүүргэж дахин шалгах боломжоор хангаагүй буюу ажлыг хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй, ажлыг хүлээлгэж өгөх боломж олгоогүй тул доголдлын асуудал ярих үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
11. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
12. Зохигчийн хооронд байгуулсан 69/23 дугаартай худалдах, худалдан авах гэрээний Тусгай нөхцөлд барааны тодорхойлолтыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Чанар: GPR шилэн материалаар хийгдсэн, бактери үржихгүй, 20 жилээс дээш хугацаагаар ашиглах боломжтой, Стандарт хэмжил зүйн газрын хүнсний аюулгүй байдлын газрын лавлагаа лабораториор баталгаажсан гэрчилгээтэй, ханын зузаан 14/12/10/8 мм байх, чанарын шаардлага хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай бүтээгдэхүүн байна.
Шаардлага: Үйлдвэрийн шинэ байх, доголдолгүй бүтээгдэхүүн байх гэжээ. /хх-ийн 5/
Гэрээний худалдагч тал болох хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан чанар, шаардлагыг хангасан, зориулалтын дагуу ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй цэвэр усны нөөцийн савыг нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн буюу гэрээний зүйлийг иж бүрдлээр нь угсарч суурилуулан ашиглах боломжтой цэвэр усны нөөцийн савыг худалдан авагч тал болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.
13. Хариуцагч талын ажилтнууд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийлүүлсэн цэвэр усны нөөцийн савыг угсарч суурилуулж шалгахад ус шүүрч байсны улмаас усыг суллаж, савны шүүрсэн хэсгийг засварлаж, дахин усаар дүүргэж шалгахад ус шүүрч байсан учир дахин усыг суллаж силикондоод саванд дахин ус дүүргэж шалгах шаардлагатай болсон нь зохигчийн тайлбар, гэрч , , , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
14. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь худалдан авсан цэвэр усны нөөцийн савыг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар худалдагч тал буюу хариуцагч талд гомдлын шаардлага гаргах эрхтэй ба эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3-т гол эд хөрөнгө доголдолтой бол бүхэлд нь гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох цэвэр усны нөөцийн савыг нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг иж бүрдлээр хийж гүйцэтгэх үүргийг хариуцагч тал хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн цэвэр усны нөөцийн савнаас ус шүүрч байсан гэх үндэслэлээр гэрээний зүйл доголдолтой гэж үзэн гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
15. ******* ******* ******* ХХК нь 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 183/23 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг******* ******* ХХК-д хүргүүлэхдээ 2023 оны 10 сарын 04-ний өдөр суурилуулсан цэвэр усны нөөцийн сав нь гэрээнд заасан шаардлагыг хангахгүй байгаа, мөн тус цэвэр усны нөөцийн савыг сольж өгөх шаардлагыг удаа дараа утсаар мэдэгдэхэд ямар нэгэн хариу өгөөгүй тул нийлүүлсэн цэвэр усны нөөцийн сав нь цоорсон, байнгын ус алддаг, хэвийн горимд ашиглах боломжгүй тул гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаж байгааг мэдэгджээ. /хх-ийн 15/
Хариуцагч ******* ******* ХХК нь дээр дурдсан мэдэгдлийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд өөрийн хариу тайлбарт дурдсан агуулга бүхий хариуг албан бичгээр хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
16. Зохигчийн хооронд 2023 оны 08 сарын 11-ний өдөр байгуулсан 69/23 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 5.5-д Худалдан авагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа, түүнд холбоотой бичиг баримтыг өмчлөлдөө шилжүүлэх буюу нийлүүлэхийг шаардах эрхтэй, 5.7-д Худалдан авагч нь барааг хүлээлцэх үед гарсан аливаа доголдлыг арилгуулах буюу доголдолгүй бараагаар солиулах тухай шаардлага гаргах эрхтэй, 5.8-д Худалдан авагч нь хүлээн авсан барааг чанарын шаардлага хангахгүй гэж үзсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзах эрхтэй, 5.10-т Барааг угсарч суурилуулсан ажлын үр дүнд алдаа, доголдол илэрсэн бол гүйцэтгэгчид нэн даруя мэдэгдэж дахин гүйцэтгүүлэх, ажлыг бүрэн гүйцэтгүүлэх, талаар шаардлага тавих, гүйцэтгэгч нь уг шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд тохиролцсон төлбөрийг буцаан шаардах, төлөх төлбөрийг хойшлуулах, хохирлоо шаардах эрхтэй гэж заажээ. /хх-ийн 4-7/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн гэрээний дагуу нийлүүлж, угсарч суурилуулсан цэвэр усны нөөцийн савнаас ус шүүрч байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
17. Хариуцагч тал нь гэрээний зүйл болох цэвэр усны нөөцийн савыг угсарч суурилуулах суурийг нэхэмжлэгч тал бэлдэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас савыг угсарч суурилуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон гэж тайлбарлаж байх боловч зохигчийн хооронд байгуулсан гэрээний хавсралтад бараа материалын хэмжээ, үнэ гэсэн хэсэгт гэрээний үнийн дүн 20,000,000 төгрөгт 1 ширхэг 18 тонны эзлэхүүнтэй усны нөөцийн савны швеллерэн суурь гагнах ажил дурдагдсан байгаагаас үзэхэд хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. /хх-ийн 7 дугаар хуудасны ар тал/
Мөн хариуцагч тал нь гэрээний дагуу цэвэр усны нөөцийн савыг бүрэн угсарч суурилуулан хүлээлгэж өгөөгүй байхад доголдол яригдах ёсгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч нэхэмжлэгч нь нийлүүлж угсарч суурилуулсан цэвэр усны нөөцийн савнаас ус шүүрсэн үндэслэлээр гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй гэж гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэгэнт гэрээний зүйл доголдолтой болох нь илэрхий тохиолдолд гэрээнд заасны дагуу хүлээн авах үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй.
18. Хариуцагч тал гэрээний зүйл доголдолтой болохыг мэргэжлийн байгууллагаар албан ёсоор тогтоосон баримт байхгүй, доголдлыг нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй гэх тайлбарыг гаргаж байх боловч тус компанийн нийлүүлж угсарч суурилуулсан цэвэр усны нөөцийн савнаас ус шүүрсэн үйл баримт нь гэрээт ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон гэрч , , , , нарын мэдүүлэг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн уг тайлбар, татгалзал үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу нийлүүлсэн цэвэр усны нөөцийн сав доголдолгүй байсан гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, хариуцагчийн уг тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
19. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох цэвэр усны нөөцийн савны доголдолтой холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч ******* ******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 11,363,636 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
20. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг бүхэлд нь буцаан гаргуулахаар шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-ийн ******* жуулчны баазад тээвэрлэн хүргэж, угсарч суурилуулсан 18 тонны эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг хариуцагчид буцаан шилжүүлэх үүргийг хүлээхийг дурдах нь зүйтэй.
21. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 232 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 196,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
22. Хариуцагч ******* ******* ХХК нь зохигчийн хооронд 2023 оны 08 сарын 11-ний өдөр байгуулсан 69/23 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гарсан зардал, учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-аас гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 11,363,636 /арван нэгэн сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөгийг бцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасныг баримтлан хариуцагч талын ******* жуулчны баазад тээвэрлэн хүргэж, угсарч суурилуулсан 18 тонны эзлэхүүн бүхий 1 ширхэг цэвэр усны нөөцийн савыг хариуцагч ******* ******* ХХК-д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 232 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 196,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР