Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 02 сарын   13-ны өдөр                Дугаар     2026/ДШМ/09                                

 

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

 

                                                Прокурор Д.Ганцэцэг

     Шүүгдэгч Б.Г

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

     Хохирогч М.Б, Л.Т нар /цахимаар/

     Хохирогчийн өмгөөлөгч Б.Т /цахимаар/

     Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.Г-д холбогдох эрүүгийн 2426000710094 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 19*** оны ** дүгээр сарын **-ны өдөр, *** аймгийн **** суманд төрсөн, ** настай, ***, *** боловсролтой, **** мэргэжилтэй, **, ам бүл **, *** хамт ** аймгийн *** сумын *** дугаар багийн **** тоотод оршин суух хаягтай, **, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б.Г /РД: *****/.

 

Б.Г нь 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Арвайхээрээс Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автозамын 54 дэх километрт буюу Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хүйтний хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд 14-92 ХОА улсын дугаартай “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.А дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 14-92 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.У-н биед хүндэвтэр хохирол, М.Б-ийн биед хүнд хохирол, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан *** УБЛ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан  Л.Т-ын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.Н-ийн амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Б.Г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  зургаан жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 34,357,506 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Тод, 6,782,300 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дд, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 15,173,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Т-д, 30,353,400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-ийн нэхэмжлэлээс 8,500,00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 7,847,746 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч Л.Т-ын нэхэмжлэлээс 531,550 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийг, хохирогч Л.Т нь энэ гэмт хэргийн улмаас гарсан замын зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Т-д 40,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-д 25,000,000 төгрөг төлсөн, хохирогч Л.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М, Л.Д нар нь гомдолтой, хохирогч Б.У, М.Б, иргэний нэхэмжлэгч У.Мнар нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй, хохирогч Б.У, М.Б нар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хавсаргагдаж ирсэн Интермед эмнэлгийн СD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч би эрүүгийн 2426000710094 дугаартай Б.Г-д холбогдох хэрэгт түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг 2026 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн аваад хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байна.

Б.Г-д холбогдох хэрэгт өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруутай эсэх асуудлаар аливаа хэлбэрээр маргаан байхгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрнээ хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн дийлэх хэсгийг төлсөн, гагц хүү миний үйлчлүүлэгчийн амьдралын боломж, санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирол төлбөр төлөх талаар хуульд заасан 5 хүртэл хоногийн хугацааг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөрийг төлөх талаар хохирогч нартай зөвшилцөлд хүрэх боломжтой нөхцөл бүрдсэн. Б.Г-д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдсон бөгөөд энэ хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгчийн зүгээс тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зааснаар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх санал гаргасан бөгөөд уг саналыг шүүх хүлээн аваагүй.

Иймд гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, хохирогч талын байр суурь, хохирол төлбөр төлсөн зэргийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Г-ыг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шүүх хуралдаанаар шинжлэн судалсан үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан нөхцөл байдал, ноцтой зөрчил тогтоогдоогүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв баримталж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдааны үеэр  хохирол, төлбөр төлөх талаар тодорхой завсарлага авсан боловч санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй. Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирогч нар хохирол, төлбөрийн талаар санал хүсэлтээ илэрхийлж, шүүхийн шийтгэх тогтоолд заасан бодит хохирлыг төлсөн. Миний үйлчлүүлэгч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотойгоор хор уршиг арилгах өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авсан. Яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх, гарсан шалтгаан, гэмт хэргийн зэрэглэл, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч, шүүгдэгч 2 хоорондоо тохирсон учраас давж заалдах гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Үүнийг хуулиар нь шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай байна гэв.

Хохирогч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би осол гарахад ханьтайгаа хамт явж байсан. Тухайн үед энэ үйл явдал нүдэн дээр болоод өнгөрсөн. Анхан шатны шүүхэд хохирогч нартайгаа холбогдож, уулзаж ярилцаж, уучлалт гуйж, нүүр нүүрээ хараад чин сэтгэлийн үгээ ярилцаж чадаагүй учраас нөхцөл байдал өөрөөр шийдэгдсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа хууль ёсны төлөөлөгч Б-тай хэд хэдэн удаа уулзаж уучлалт гуйж ярилцаад чин сэтгэлийн үгээ хэлэх боломж байсныг хожуу ухаарсан нь том алдаа байсан гэдгийг ойлгосон. Бид хохирогч нараасаа уучлалт гуйгаад эртхэн хандсан бол өөр нөхцөл байдал үүсэх боломжтой гэдгийг ойлгоогүй. Манай хүний аав нь ослын дараа 11 дүгээр сард бурхан болсон. Тэр хооронд бид 2 очоод уулзаж уучлалт гуйсан бол тэр хүний сэтгэл санаа хөнгөрөөд явах байсан болов уу гэсэн бодол төрж сэтгэлээсээ гашуудаж, гомдож байгаа. Бид хохирогч нартайгаа уулзаж сэтгэл хөнгөрсөн. Мөн мөнгөн төлбөрийн хувьд бодит хохирлоо бүрэн барагдуулсан. Цаашдаа гарах сэтгэл санааны хохирлыг сар бүр 400,000 төгрөгөөр төлж, нэг жилийн хугацаанд дуусгаж барагдуулъя гэсэн байдлаар тохиролцсон гэв.

Хохирогч Л.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5 дүүтэй. Бид уулзаж хоорондоо ярилцсан. Шүүгдэгч нь олон жил хөдөлмөрлөсөн залуу хүн. Мөн 4 нялх бага насны хүүхдүүдтэй юм байна. Заавал энэ хүнд хорих ял эдлүүлэхгүйгээр гомдлоо татаж авъя гэдэг санал гаргасан. Бидний сэтгэл дотор гомдол яваад байсан. Харин тэр гомдлоо ярилцаж хадгалагдсан нулимсаа гаргасан. Энэ залууг хорилоо гээд бурхан шиг ээж минь босоод ирэх биш гэдгийг ойлгосон. Одоо гомдолтой холбоотойгоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч талын хүмүүстэй ярилцсан, болсон зүйлд маш их харамсаж, үүнийг хэзээ ч барагдуулж чадахгүй гэдгээ мэдэж байна. Би цаашдаа төрийн албан хаагч байсны хувьд сэтгэл санааны хохирол болон бусад зүйлд үргэлж холбоотой байна гэдгээ хариуцлагатайгаар хэлмээр байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б-гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ

 

Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Арвайхээрээс Улаанбаатар чиглэлийн хот хоорондын автозамын 54 дэх километрт буюу Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хүйтний хөндий” гэх газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд 14-92 ХОА улсын дугаартай “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.А дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 14-92 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.У-н биед хүндэвтэр хохирол, М.Б-ийн биед хүнд хохирол, эсрэг урсгалд замын хөдөлгөөнд оролцож байсан 44-25 УБЛ улсын дугаартай “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан  Л.Тын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.Н-ийн амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Тухайн хэрэг гарах үед би байгаагүй. Улаанбаатар хотод ажлаа хийж байсан. Тухайн газар байгаагүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Манай төрсөн эгч Л.Т 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үдээс өмнө 11 цаг өнгөрч байх үед над руу утсаар залгаад Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад осолд орсон гэж хэлсэн. Тэгж би мэдсэн. Урдаас ирж байсан машин урсгал сөрж ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Осолд ороод замын машинтай аймгийн эмнэлэг рүү явж байх хугацаанд нас барсан гэж Тогтох эгч хэлсэн. Ховд аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Манай төрсөн эгч Тогтохын хамт 2-уул явсан. Өөр хүн байгаагүй. Манай төрсөн эгч Тогтох жолоодож явсан гэж надад хэлсэн. Манай төрсөн аав Лхагвасүрэнгийн эрүүл мэндийн байдал муудсан учраас энэ хэрэгт би оролцож байна. Одоо манай төрсөн эгч Т-ын гэрт байгаа. Би гомдолтой байна. Хохирлоо тооцож байгаад нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (1хх-ийн 63 хуудас),

           Хохирогч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үедээ мэдүүлгээ үнэн зөв өгсөн. 14-92 ХОА улсын дугаартай машиныг эрэгтэй хүн барьж явсан. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй гаргах санал хүсэлт байхгүй. Одоо энэ шинжээчийн дүгнэлт гарснаас хойш биед элдэв зовуурь илрээд байгаа. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгийн үнэлгээтэй танилцсан. Энэ хөрөнгийн үнэлгээтэй гаргах санал хүсэлт байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг байгаа. Хор уршгийн зэрэглэлийг тогтоолгоно. Гомдол санал нэхэмжлэх зүйл байгаа. Ажил амьдралын тал дээр асар их өөрчлөлт үүссэн. Эрүүл мэндийн тал дээр асуудал үүсэж байна. Тээврийн хэрэгслийн хохирол болох 20,000,000 төгрөгийг Г миний Хаан банкны 5163173885 тоот данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг (1хх-ийн 69 хуудас),

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүгээс тухайн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно. Манай талийгаач ээж маань Ховд аймгаас Улаанбаатар орохоор төрсөн эгч Т-ын хамт явж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Би талийгаачтай Ховд аймаг явахаас 2 хоногийн өмнө уулзсан. Ховд аймагт хэд хоносныг нь сайн санахгүй байна. Ээж ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй, эмнэлгийн хяналтад байгаагүй. Урьд өмнө аваар осолд орж байсан зүйл байхгүй. Талийгаач ээж маань нөхөр Л, би, манай нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай 1-8 тоотод оршин суудаг байсан. Би гомдолтой байна. Хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Талийгаачийн нас барсны зардлыг нэхэмжилж байна. Нэхэмжлэхээ баримтаар гаргаж өгнө.” гэх мэдүүлэг (1хх-ийн 73 хуудас),

 

             Гэрч Л.Т-ын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгаас өглөө 9 цаг өнгөрөөгөөд Улаанбаатар хот руу гарахдаа төрсөн ээж Ж.Н-ийн хамт явахдаа явган шуурга шуурч байсан эсрэг талаас том тэрэг ирж байсан том тэрэгтэй зөрөхөд том тэрэгний араас урсгал сөрөөд цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл миний урсгал дээр бүтэн гарч ирээд шүргэлцээд мөргөлдсөн. Тэгээд замын хөвөө рүү шидэгдээд машин дээш хараад ээж бид 2 суудлын бүснээсээ зүүгдсэн хүн байна уу авраарай бид 2-ыг гаргаач гэсэн ээжийн гараас барихад ээжийн гар хөдлөхгүй байсан хэсэг хугацааны дараа ээж эвгүй амьсгаа авсан. Удалгүй миний талын хаалгыг нэг хүн онгойлгож өгөөд дүүжлэгдсэн байсан суудлыг бүсийг нэг юмаар огтолж өгсөн. Тэгээд нөхрийг дуудаад өгөөч түргэн эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гээд орилсон. Замын жижиг тэргэнд урд талын суудлыг хэвтүүлээд ээжийг суулгаад охин болон мөргөлдсөн машинд зорчиж байсан жирэмсэн эмэгтэйн хамт Өвөрхангай аймаг руу явуулсан. Түргэний машин удаж ирээд мөргөлдсөн машинд зорчиж байсан 3 хүний хамт аймаг руу явсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан. Саарал өнгийн 4425 УБЛ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Би өөрөө жолоодож явж байсан. Би жолоо дээр сууж явж байсан миний хажууд ээж сууж явж байсан хүн зорчиж яваагүй. Ээж бид суудлын бүс зүүсэн байсан. Километрийн хурдыг хараагүй замаа хараад зөөлхөн явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Зам дээр явган цас шуурч байсан. Үзэгдэх орчин харагдахаар хэмжээний байсан. Замын эвдрэл гэмтэл байгаагүй. Улсын дугаарын хараагүй ямар өнгийн тээврийн хэрэгсэл байсныг санахгүй байна.  Эмнэлэгт биеийн байдлаа үзүүлэхдээ рентген болон томограф зураг авхуулсан. Толгой, нүд, хамар, цээж, гар хөдлөхөөр дутуу амьсгалж байна. Биеийн байдлаа үзүүлнэ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байгаа. Надад нэг хүсэлт байна. Цагаан өнгийн Приус 41-ийг жолоодож эмэгтэй хүнийг жолоодож яваагүй гэж бодож байна. Хамт явсан нөхрийн согтолт болон жолооны эрхтэй эсэхийг шалгуулмаар байна” гэх мэдүүлэг (1хх-ийн 107 хуудас),

 

          Гэрч М.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 6 цагт Ховд аймаг руу гарахдаа нөхөр Г, О, У, М бид 5-уул гарсан.Замд явж байхад миний урд том тэрэг явж байсан. Араас нь би зөөлөн явж байсан. Том тэрэгний урд машин байна уу гээд харах гээд бага зэргийн дартал цасан шамарга цайгаад гэнэт урдаас машин ороод ирсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. ...Нөхөр бид 2 нөгөө машин луу гүйж очоод хартал дугуй нь дээш харсан байсан. Манай нөхөр жолооч эмэгтэйг гаргасан, мөн хажууд явж байсан эмээг машинаас гаргасан. Би өөрийнхөө өмсөж байсан куртикийг эмээг хучсан. Нэг хар машин байхаар нь очиж сүлжээтэй газар очоод дуудлага өгсөн. Намайг ирэхэд эмээ, Уянга хоёрыг аймаг руу явуулсан байсан. Цагдаа, эмнэлгийн машин ирээд О, М, бид 3 эмнэлгийн машинд суугаад явсан. 1492 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Приус 41.  Машиныг би жолоодож явсан. Б.Г миний эсрэг талд суусан. Миний ард талд хүргэн М, голд нь О, зүүн талд нь У нар унтаж явсан. Би 60 км цагийн хурдтай явсан. Машинд эвдрэл гэмтэл байхгүй. Үзэгдэх орчин цасаар шуураад цасан шамаргатай байсан” гэх мэдүүлэг (1хх-ийн 105 хуудас),

 

           Хохирогч М.Бийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өмнө нь энэ хэрэгт гэрчээр, иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгсөн. Өмнө ярьсан зүйл дээр нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг (2хх-ийн 75-76 хуудас),

 

           Гэрч М.Бийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 1492 ХОА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгслийг Б.Г жолоодож Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байсан юм. Осол болох үед Б.Г тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж мэдүүлэг өгсөн юм. Тухайн Приусыг жолоодож явсан эмэгтэйн ар гэрийнх нь хүн ирээд хэн жолоо барьж явсан юм гэхэд манай нөхөр Г би жолоо барьж явсан юм гэж хэлэхэд “би чамайг ална шүү би яаж ч байж магадгүй шүү чи хол байгаарай” гээд орилоод байхаар нь би ямар нэгэн юм болчих байх гээд айсандаа болоод намайг жолоо барьж явсан гэж хэлээрэй гээд Мөнхзориг, Отгонбилэг, Год хэлсэн.” гэх мэдүүлэг (1хх-ийн 113 хуудас),

 

          Иргэний нэхэмжлэгч Б.У 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр санагдаж байна. Өглөө 07 цагийн үед манай нагац ах болох Б.Г, түүний эхнэр М.Б, манай нагац эгч Б.О, түүний нөхөр У.М бид 5 Улаанбаатар хотоос худалдаж авсан машинтай гарсан. Би жирэмсэн учраас хотоос гараад л унтаад явж байсан. Тэгээд нэг мэдсэн би Өвөрхангай аймгийн эмнэлэгт сэрсэн. Тэгээд зам тээврийн осол болсон талаараа мэдсэн юм. Улаанбаатар хотоос гарахад Б.Г жолоо барьж явсан юм. Намайг унтаж байх хооронд жолоогоо хэн нэгэнд шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний баруун хөлийн нарийн, бүдүүн шилбэ хугарсан. Би нэхэмжлэхгүй. Миний сэтгэл санаа сэтгэцэд хор хохирол учирсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 79 хуудас),

 

           Хохирогч Б.У 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Б.Г машин барьж явсан. Миний нагац ах байгаа юм. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл алга байна. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, шинжээч томилуулахгүй” гэх мэдүүлэг (4хх-ийн 84-85 хуудас),       

 

           Иргэний нэхэмжлэгч У.М 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 07 цаг болж байхад хадам ах болох Б.Г, түүний эхнэр М.Б, өөрийн эхнэр Б.О, хамаатны дүү Б.У нарын хамт хадам ах Б.Г-ын машинтай Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд гарсан. Би хотоос гараад л унтсан. Нэг мэдсэн зам тээврийн осол болчихсон байсан юм. Улаанбаатар хотоос гарахад хадам ах болох Б.Г жолоо барьж явсан юм. Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 82 хуудас),

 

          Гэрч У.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө Г ах өөрийн эзэмшлийн 1492 ХОА улсын  дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явж байсан юм. Тухайн өдөр осол гарсан газарт М.Б эгч цагаан өнгийн 1492 ХОА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг намайг барьж явсан гэж хэлээрэй гэсэн юм. Тэгээд би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ М.Б эгчийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж мэдүүлэг өгсөн. Осол болох үед М.Б эгч тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй, ах Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан юм. Би өмнөх мэдүүлэгтээ зориуд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг (1хх-ийн 115 хуудас),

 

           Гэрч Б.О 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 6 цагт Улаанбаатар хотоос төрсөн ах Г, бэр эгч Б, нөхөр М, дүү У бид 5-уул Ховд аймаг руу гарсан. Зам тээврийн осол гарахаас өмнө би арын суудал дээр унтаж явсан. Гэнэт сэрээд харахад нэг машинтай мөргөлдсөн байсан. ...Улаанбаатар хотоос төрсөн ах Г цагаан өнгийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Бэр эгч Батбилэг жолоодож явж байсан. Бэр эгч Б жолоо барьж байсан. Г ах жолоочийн эсрэг талын суудал сууж байсан.” гэх мэдүүлэг (1хх-ийн 98 хуудас),

 

           Иргэний нэхэмжлэгч Б.О 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 6 цагт Улаанбаатар хотоос төрсөн ах Г, бэр эгч Б, нөхөр М, зээ дүү У бид нарын хамт Ховд аймгийн чиглэлд манай ах Г-ын тухайн үед Улаанбаатар хотоос худалдаж авсан Приус 41 маркийн цагаан өнгийн машинтай гараад явж байгаад Өвөрхангай аймаг дөхөж явтал миний сууж явсан машины урд том оврын тээврийн хэрэгсэл явж байсан. Бас тухайн үед цасан шуурга шуураад үзэгдэх орчин хангалтгүй байсан. Тухайн үед жолооч Б.Г том машины урд машин байна уу хараадах гэх шиг болсон. Тэгтэл эсрэг урсгалаас нэг машин ирээд тас пис болоод явсан. Миний сууж явсан машиныг мөргөсөн машин засмал замаас гараад шороон хэсэг дээр дээшээ хараад уначихсан харагдсан юм. Улаанбаатар хотоос гарахад манай ах Г жолоо барьж явсан. Би нэхэмжлэхгүй. Миний сэтгэл санаа сэтгэцэд хор хохирол учирсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1хх-ийн 86-87 хуудас),

 

           Гэрч Б.О 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Осол болох үед манай ах Г тээврийн хэрэгслийг жолоодож явсан юм. Тухайн өдөр осол гарсан газарт М.Б эгч 1492 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг намайг барьж явсан гэж хэлээрэй гэсэн юм. Тэгээд би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Батбилэг эгчийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж зориуд худлаа мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг (1хх-ийн 109 хуудас),           

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0168 дугаартай “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 19-35 хуудас),  

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1100-0168 дугаартай цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 36-47 хуудас),

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1100-0168 дугаартай хувцсанд үзлэг хийсэн, хувцсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1хх-ийн 48-52 хуудас),

           Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №04 дугаартай дүгнэлт (1хх-ийн 119-120 хуудас),

           “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 46-17/30 дугаартай дүгнэлт (2хх-ийн 61-63 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 103 дугаартай хохирогч Л.Тын биед хийсэн шинжээчийн дүгнэлт  (1хх-ийн 139-144 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181 дугаартай хохирогч Л.Тын биед нэмэлт материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 185-187 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 111 дугаартай хохирогч Б.Уянгын биед хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 194-209 хуудас),

            Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаартай хохирогч М.Бийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 214-216 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай  цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 149-154 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 106 дугаартай У.Мөнхзоригийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 159-161 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай Б.Гын биед хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 167-170 хуудас),

           Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаартай Б.Отгонбилэгийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 175-177 хуудас),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4363 дугаартай шинжээчийн дүгнэлт (2хх-ийн 38-40 хуудас),

            Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02/36 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 12-21 хуудас),

           “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14533 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан (2хх-ийн 25-32 хуудас) гэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Балсангийн Гын үйлдлийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүүгийн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, гэмт хэргийн зэрэглэл, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 52 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 52 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.