Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00959

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00959

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01388 дугаар шийдвэртэй

Д.Б-ын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ажлаас үндэслэлгүй халагдсан тул өмнө эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 4 сар 6 хоногоор бодож 6,201,672 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийг ёс зүйн зөвлөлийн хурлаар ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч тус ёс зүйн зөвлөлийн журмынхаа 3.2, 6.9-д тус тус заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгчийг Ц.Уртнасантай маргалдсан гэх баримтгүй атал хариуцагч байгууллага зөвхөн түүний гомдолд үндэслэж ёс зүйн зөвлөлийг хуралдуулсан ба шүүх нэг талын тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Ёс зүйн зөвлөлийн хурал болон шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсээс н.Ломбоос бусад хариуцагч байгууллагад ажиллаж байгаа юм. Нэхэмжлэгчийг 2019 онд бусдыг доромжилж байсан гэдэг боловч нэхэмжлэгч нь тухайн хугацаанд аарцаг нурууны гэмтлээс болж ажилдаа явдаггүй байсан.

Нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ноцтой зөрчил гаргасан гэх байдал нотлогдоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэл ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан. Байгууллагын ёс зүйн хороо журмынхаа хүрээнд ажиллаж, нэхэмжлэгчийг хуралд оролцуулах боломжоор хангасан боловч хуралд оролцоогүй.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дүгнээд Хөдөлмөрийн гэрээний 2.2.9, 5.3, ёс зүйн дүрмийн 5.1, 5.2, 5.10, 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, бусадтай маргасан нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ёс зүйн зөвлөлөөс нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан хүмүүсээс тодорхойлолт, мэдүүлэг авахад нэхэмжлэгчийг ёс зүйн хэм, хэмжээ алддаг, ар гэрээс нь ирж хэл ам хийдэг гэж тодорхойлсон. Мөн нэхэмжлэгч манай эгч ажил дээр очиж байгаагүй гэдэг боловч гэрчүүд энэ байдлыг няцаасан. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, бодит байдалд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б- /ИЭ77111201/-ыг хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Нийтийн үйлчилгээний албаны Нийтийн биеийн тамир-Спортын хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,225,728 төгрөг гаргуулж, Д.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хугацаагаар нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс 975,944 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 168,761 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Ажил олгогч нь ажилтан Д.Б-ыг Хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д заасан бусадтай зүй бусаар харьцах, хэл амаар доромжлох, бусдын эрх чөлөөнд халдах" гэснийг зөрчиж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ын 6.13-т заасны дагуу Ёс зүйн зөвлөл-ийн ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийг үндэслэн.

Ажилтан Ц.Уртнасангийн байгууллагын ёс зүйн зөвлөлд гаргасан өргөдлийн дагуу Д.Б-ын ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг судлан Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-д заасан ажиллагааг хийж дүгнэлтийн төслөө ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

Байгууллагын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар Д.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уртнасантай зүй бусаар харьцаж, түүний эрх чөлөөнд халдсан үйлдэл тогтоогдсон ба Д.Б- нь тухайн гомдлын талаар тайлбар болон баримт, материал гаргаж өргөдлийг няцаагаагүй тул түүнийг бусадтай зүй бусаар харьцах, хэл амаар доромжлох, бусдын эрх чөлөөнд халдах ноцтой зөрчил гаргасан гэх дүгнэлтийг ажил олгогчид хүргүүлсэн. Ажил олгогч уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж Д.Б-ыг ажлаас халах шийдвэр гаргасан.

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн Ц.Уртнасангийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26 /1026 тоот, мөн өдрийн 26/1017 тоот албан бичгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлээгүй.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4.б.Д.Б- нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.5, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, Байгууллагын ёс зүйн дүрмийн 5.2, 5.10, 5.11-д тус тус заасныг зөрчсөн. Тэрээр хөдөлмөрийн гэрээ, дүрэм, журамд зааснаар хамт олны уур амьсгалыг хэвийн байлгаж, эв нэгдлийг сахих үүрэгтэй атал адил ажил, үүрэг гүйцэтгэдэг үйлчлэгч нартай зүй бусаар харьцаж, үйлчлэгч Ц.Уртнасанд ажлын байрны дарамт учруулсан үйлдлийг байнга гаргадаг нь ажилтнуудын тайлбар, тодорхойлолтоор нотлогддог.

Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилтан Ц Уртнасантай Чи өрөө цоожилсон байна" гэж маргаад цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгч зүй бус үйлдэл гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнд Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уртнасанг гадаа цэвэрлэсэн талбайг хар гэж татаж чангаан, гэмтээн түүний эрх чөлөөнд халдсан зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл нь ажилтны сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд Д.Б- нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ёс зүйн дүрмийг зөрчиж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/719 тоот тушаалд дурдсан шалтгаан нь үндэслэл бүхий болоогүй нь түүнийг хууль бусаар халсан гэж үзнэ гэх шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

 

4.в.Шүүхийн шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж дурдсан атлаа нэхэмжлэгчтэй хамт ажилладаг ажилтнуудын тайлбар, тодорхойлолт болон мэдүүлгийг болсон асуудлыг дам байдлаар сонссон гэж үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна.

Д.Б-ын бусадтай зүй бусаар харьцдаг, хэл амаар доромжилдог талаар Ус сувгийн удирдах газрын Спорт цогцолборын менежер Ч.Гэрэлт-Од, нийтийн биеийн тамирын зааварлагч Э.Энхтөгс, зохион байгуулагч Э.Дашням нар нь харсан, мэддэг зүйлийнхээ талаар ёс зүйн зөвлөлд тайлбар гаргаж, шүүхэд мэдүүлэг өгсөн.

2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Б-, Ц.Уртнасан нарын хооронд болсон асуудлыг дэргэдээс нь хараагүй ч менежер Ч.Гэрэлт-Од нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ц.Уртнасангийн гар боолтой байсныг хараад асууж лавласнаар болсон явдлыг мэдэж нотолбол зохих үйл баримтын талаар мэдүүлсэн.

Гэтэл шүүх нэхэмжлэгчтэй хамт ажилладаг ажилтнуудын тайлбар, тодорхойлолт, хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгийг тухайн үйл явдлын талаар дам байдлаар сонссон гэж үгүйсгэж нотолгооны ач холбогдлыг үнэлэхгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа байцаалт хэлбэрээр тулгасан, хөтөлсөн, оновчгүй асуултуудыг асууж, тэдэнд чөлөөтэй ярих боломж олгоогүй.

 

4.г.Нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа өөр бусад үйл баримтыг шалгаж тогтоогоогүй, ажилтан Ц.Уртнасан нь нэхэмжлэгчийн үйлдлийн улмаас гарын хуруу гэмтсэн гэх нотлох баримтыг ажил олгогчид гаргаагүй, нотлоогүй гэх шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.

2021 оны 10 дугаар сарын 24-ний ням гаригийн өглөө болсон үйл явдлыг шууд харсан гэрч байгаагүй, тог тасарсны улмаас камер ажиллаагүй байсан. Ц.Уртнасан нь Д.Б-ыг эрх чөлөөнд нь халдсаны улмаас гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн баримт болон түүний Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст миний биед Д.Б- халдсан гэх гомдол гаргасан баримтуудыг гаргаж өгсөн. Харин Д.Б- нь Ц.Уртнасангийн эрх чөлөөнд халдаагүй гэдгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй.

Хөдөлмөрийн гэрээний 2 дахь зүйлийн 2.2.9 дэх заалтад ...бусадтай зүй бусаар харьцсан, бусдын эрх чөлөөнд халдсан зөрчил гаргасан бол ажлаас шууд халахыг заасан бөгөөд халдлагад өртсөн хүн заавал гэмтсэн, гэмтлийн зэрэг тогтоогдсон байхыг шаардахгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан үйлдлийг бусадтай зүй бусаар харьцаж, бусдын эрх чөлөөнд халдсан ноцтой зөрчил гэж үзнэ.

 

4.д.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын тайлбар: Ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 болон ёс зүйн дүгнэлтийг үндэслэсэн. Ёс зүйн дүгнэлтэд Д.Б- нь Ц.Уртнасанг гэмтээсэн гэх үндэслэлийг дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор зөрчил тус бүр тогтоогдсон байх шаардлагатай, тухайн ноцтой зөрчил нь байгууллагын ажлын нэр хүнд болон ашиг сонирхол эд хөрөнгөнд нөлөөлөхүйц үр дагаврыг бий болгосон байхыг шаарддаг. Гэрч Ө.Ломбо нь нэхэмжлэгчийг ахалж ажиллаж байсан менежер бөгөөд мэдүүлэг авах үед нэхэмжлэгч Д.Б-ыг удаа дараа ноцтой зөрчил гаргадаг, хэл амаар доромжилдог гэсэн боловч тухайн хугацаануудыг нь анхаарч авч үзвэл Д.Б- хөдөлмөрийн чадвараа түр алдаад гэртээ байх үеийн хугацаатай давхацдаг. Шүүх ёс зүйн зөвлөл байгууллагын ажиллах журмын 3.2, 6.9-д тус тус заасныг баримтлахгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Ц.Уртнасангийн гарыг гэмтээсэн үйл баримт гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй. Хариуцагч талаас Ц.Уртнасангийн эмнэлэгт үзүүлсэн бичгийг гаргаж өгдөг, цагдаагийн газраас хэрэг үүсгэж, шийтгэл ногдуулаагүй. Ц.Уртнасангийн гэмтлийг Д.Б- учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын нийтлэг үйлчилгээний алба спортын хэсгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,201,672 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а.Нэхэмжлэгч Д.Б- нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-тай 2013 оны 07 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаатай байсан ба талууд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх12-15/

 

3.б.Нэхэмжлэгч Д.Б- нь Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/719 тоот тушаал гарсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

3.в.Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан эрх зүйн маргаан үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/719 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Ус сувгийн удирдлах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалтуудыг үндэслэл болгон Д.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ. /хх60-61/

 

4.а.Зохигчид хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэхэд маргажээ. Нэхэмжлэгчийг байгууллага дээр бусадтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлон 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Уртнасангийн эрх чөлөөнд халдсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан гэж хариуцагч байгууллага тайлбарладаг ба нэхэмжлэгч Д.Б- эс зөвшөөрч маргаж байна.

 

4.б.Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д ажилтан бусадтай зүйл бусаар харьцах, хэл амаар доромжлох, бусдын эрх чөлөөнд халдсан бол сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон, мөн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 12.2б-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах талаар зохицуулсан байна. /хх 51-59, 60-61/

 

4.в.Хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан байхаар зохицуулсан бол ажил олгогч нь ажилтны гаргасан уг зөрчлийг тогтоох ажиллагааг явуулсан байх учиртай.

 

Ус сувгийн удирдах газрын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын дагуу Ц.Уртнасангийн өргөдлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ус сувгийн удирдах газрын ёс зүйн зөвлөл хуралдаж, уг хурлаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.Б-ын Ц.Уртнасан руу дайрч, хэл амаар доромжлон улмаар эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан асуудлыг хэлэлцэж, Д.Б-ыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэжээ. /хх76-83, 85/

 

4.г.Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Энхтайван, Л.Ганболд, Э.Энхтөгс, Ө.Ломбо, Э.Дашням, Ц.Уртнасан, Х.Түвшинжаргал, Ч.Гэрэлт-Од нарыг гэрчээр асуусан байна. /хх117-118, 119-120, 121-122, 123-125, 126-127, 142-143, 144-145/

 

Хэрэгт авагдсан ажилтан Э.Дашням, Ө.Ломбо, Э.Энхтөгс, Х.Түвшинжаргал, Ч.Гэрэлт-Од нарын нэхэмжлэгчийн талаарх тодорхойлолтууд болон тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг, Ус сувгийн удирдах газрын ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл, дүгнэлт зэрэг баримтуудад нэхэмжлэгч Д.Б-ын зүй зохисгүй зан байдал гаргадаг гэх агуулга байхаас түүний ёс зүйн зөрчил гаргасан, Ц.Уртнасангийн эрүүл мэндэд халдсан гэх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

 

Гэрч Ч.Гэрэлт-Од, Э.Энхтөгс, Х.Түвшинжаргал, Э.Дашням нарын нэхэмжлэгч Д.Б-ын Ц.Уртнасангийн гарыг гэмтээснийг сонсож байсан гэх дам байдлаар мэдүүлснийг эргэлзээгүй шууд тогтоогдсон гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй./4а, 4б/

 

Түүнчлэн, Ц.Уртнасан нь миний биед Д.Б- халдсан гэх гомдлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээрт хэлтэст гаргасан ба тус асуудалд шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээхээс татгалзах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа өөр бусад үйл баримтыг тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. /4г/, /хх111/

 

4.д.Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг байгууллагын дотоод журамд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчил гаргасныг баримтжуулж нотлоогүй тохиолдолд шүүхээс ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг зөв гэж үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн уг гомдлыг хангах үндэслэлгүй. /4б/

 

Анхан шатны шүүхийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагч байгууллагын гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан.

 

Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 5,225,728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 975,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй. /4.г/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,761 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ