| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2039 00000 0127 |
| Дугаар | 2026/ДШМ/235 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/235
2026 02 26 2026/ДШМ/235
П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,
шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Гэрэл-Очир,
иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Оюунсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2662 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-, Э.Б-, иргэний нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн төлөөлөгч Д.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Б-, Э.Б-, Л.Б-, Б.А- нарт холбогдох 2039 00000 0127 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М- овгийн П-гийн Б-, .......,
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: П-/;
2. Б- овгийн Э-ын Б-, 66666666,
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 140 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 9 сар 28 хоногийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: Б-/;
3. Б- овгийн Л-ийн Б-, ......,
1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 405 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 158 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2, 239 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Нийслэлийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2б-д зааснаар 25 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: Б-/
4. Х- овгийн Б-гийн А-, ...., ял шийтгэлгүй, /РД: Б-/;
Шүүгдэгч П.Б- нь дангаараа болон бусадтай бүлэглэн 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Б- нь бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.А- нь П.Б-тэй хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэн хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
шүүгдэгч Р.Ц- нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.Б- нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Р.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.А-д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Ц-ад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Б-г дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-ийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Б-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-, Э.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, Л.Б- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гийн цагдан хоригдсон 985 хоногийг, шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 362 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, тэдний эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Шүүгдэгч П.Б-гээс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 500.000 төгрөгийг гаргуулж Д.С-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д, 790.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д, 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ц-д, 3.001.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.М-од, 2.234.375 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-од, 2.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-т, 3.126.350 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д, шүүгдэгч Э.Б-өөс 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д, 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д, 243.334 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-т, 2.000.000 төгрөгийг гаргуулж Иргэний нэхэмжлэгч “Т-” ХХК-д, шүүгдэгч Л.Б-оос тус шүүхийн дансанд байршуулсан 244.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Б.М-д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Э.Б-ийн эзэмшлийн Б- УНУ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож, улсын орлого болгож, Иргэний нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 20 төрлийн 43 ширхэг эд зүйлс, мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг тус шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б-, Б.А- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.Б- нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн хууль эрхийг хүрээнд дараах гомдлыг гаргаж байна.
1. Би өөрийн холбогдсон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа бодит байдлыг нуун дарагдуулаагүй, үнэн зөвөөр мэдүүлж, бусад гэмт үйлдлүүдээ сайн дураараа илчлэн шалгуулж, мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэйгээр хамтран ажилласан. Гэтэл прокурор болон мөрдөн байцаагч нар миний илчлэн мэдүүлж, нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан хэргүүдийг дутуу дулимаг шалгасан. Дархан-Уул аймгийн прокурор Г.Уянгын хяналт тавьж шалгаж буй гэмт хэрэг болон Багануур дүүргийн прокурор Б.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй ижил төсөөтэй хэргүүдийг нэмж нэгтгэн шалгаж шийдвэрлүүлээгүйн улмаас миний бие нэг төрлийн үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргүүдэд удаа дараа шийтгэгдэхээр болж, эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсээд байгаад гомдолтой байна. Миний бие дээрх гэмт хэргүүдээ мөрдөн шалгах болон прокурор, шүүхийн шатанд удаа дараа амаар болон бичгээр нэгтгүүлэх хүсэлтүүдийг тавьж байсан боловч тодорхой бус шалтгаанаар шийдвэрлэж өгөөгүйн улмаас өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэж эрх минь зөрчигдөж байгаа юм. Иймд та бүхэн үүнийг нягтлан шалгаж залруулан, хуулийг зөв хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү.
2. Миний холбогдсон хэргийг прокурор, мөрдөгч нар нь дутуу шалгаж, нотолбол зохих байдлыг гүйцэт тогтоогоогүйн улмаас тус гэмт хэргүүдэд хамтран оролцож гүйцэтгэсэн Б- гэгч нь хэрэгт татагдалгүй явсаар өнөөдрийг хүртэл ял завшиж байгаад гомдолтой байна. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэгт үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон Б- гэх хүн нь энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигч болон гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд энэ талаар миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад үргэлж мэдүүлсээр ирсэн. Мөн тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн газраас 2 хүний гутлын мөрийг илрүүлсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын хяналтын камерын бичлэгт 2 хүн хамтдаа явж үйлдсэн болох нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл прокурор болон мөрдөн байцаагч нар нь тухайн гэмт хэргийг П.Б- намайг ганцаар үйлдсэн мэтээр шийдвэрлэж бусдад тодорхой бус байдлаар ял завших боломж олгон хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд та бүхэн дээр дурдсан нөхцөл шалтгаануудыг нягталж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... П.Б-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мэдүүлгээ үнэн зөв өгсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй. П.Б- нь Дархан-Уул аймаг болон Багануур дүүрэгт тус тус үйлдсэн хоёр хулгайн хэрэгт холбогдсон. Гэвч эдгээр хоёр хэргийг нэгтгэн шалгаагүй байна. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сард Багануур дүүрэгт айлын амбаараас эд зүйл, түүний дотор буу хулгайлсан хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан Б-г 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад нь мэдүүлэг авч, тухайн эд зүйлс болон бууг хураан авсан. Энэ хэргүүдийг шүүгдэгч П.Б- болон миний зүгээс хэргийг нэмж нэгтгэх хүсэлтийг прокурорт гаргасан боловч хүлээн аваагүй. Прокурор нь хэрэг шүүхэд шилжсэн тул шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсны дараа тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татна гэж хэлсэн. Хэргүүдийг нэгтгэн шалгаж, нэг мөр шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд П.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн гэж үзэж байх тул дараах гомдлыг гаргаж байна. Учир нь, миний бие дээрх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ба би огт оролцоогүй хэрэгт П.Б-гийн хамт оролцсон мэтээр зүйлчилж, эрх зүйн байдлыг дордуулсан. Бичиг үсэг мэдэхгүйг минь далимдуулан гүтгэж, мөн өмгөөлөгч Б.Балжидмаа нь хурлын өмнө уулзахдаа “Б- өө, хэргээ хүлээчих, 2021 оны Өршөөлийн хуульд орно, буруугаа хүлээгээд орвол хорихоос өөр төрлийн ял авна” гэх мэтээр худалж хэлж ятгасан. Мөн хэрэгт хамжиж оролцсон Б.А- гэх хүний ноолуур зааж өгсөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа байсаар байтал Б.А-ыг цагаатгаж, нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд та бүхэн хэргийн материалыг нарийвчлан судалж үнэн зөвөөр шийдэж, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд Хэнтий аймагт ноолуур хулгайлсан гэх үйлдлийн хувьд Б- нь Б-тэй бүлэглэн уг гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж оролцсон. Харин бусад үйлдлүүдийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэвч анхан шатны шүүхээс дээрх ноолуур хулгайлсан үйлдэлд гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ Б- болон Б-д холбогдох хэргүүд нь бүгд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой гэж үзсэн. Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд “шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил, түүнээс бага бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солино” гэж заасан. Иймд түүнд холбогдох хэргүүдийг уг хуульд хамааруулж, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих санал гаргасан. Гэвч анхан шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрэглэх боломжгүй гэж дүгнэж, уг хууль нь коронавируст халдварын үед бөөгнөрлийг бууруулах зорилгоор батлагдсан тул тухайн нөхцөл байдал арилсан гэж тайлбарласан. Миний хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх байр сууриа хэвээр хадгалж байна. Мөн Улсын дээд шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаартай тогтоолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь заалтыг хэрэглэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон жишиг тогтоол байна. Иймд Б-ийн хувьд бусдад учруулсан 2 сая гаруй төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Б- нь эрүүл мэндийн байдлын хувьд хүнд, тал харвалттай, өмнө нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Үүнтэй холбоотой баримтуудыг өмнөх шатны хэлэлцүүлгүүдэд гаргаж өгсөн. Б- 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хоригдсоноос хойш тал харвалттай холбоотой гар саажих, мэдээ алдах зэрэг хүндрэлүүд дахин илэрч байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлд заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээг давхар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Н.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж цагаатгасан үндэслэлээ хуульд заасан журмын дагуу тогтоолд дэлгэрэнгүй тусгасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж, Б.А-ыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Б.А-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч “Т-” ХХК-иас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг “Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу дараах агуулгаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын 31 дүгээр хуудас дахь “Бусад асуудлаар” гэсэн хэсэгт шүүгдэгч П.Б-, Э.Б-, Р.Ц- нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1600103272 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг “Т-” ХХК-тай байгуулжээ. ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “Т-” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Э.Б- болон “Т-” ХХК-ийн хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээнд үндэслэн “Т-” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гээд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн шүүгдэгч Э.Б-ийн эзэмшлийн Б- улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилснийг хүчингүй болгож, улсын орлого болгож шийдвэрлэв” гэж “Т-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үндэслэл нь:
1. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалт бол гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хэрхэх талаар зохицуулсан хуулийн заалт юм. Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б- УНУ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг барьцаалан, 2.000.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг огт төлөөгүй 5 жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Шүүгдэгч Э.Б-ийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө уг тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмчлөлд Фидуцын гэрээний дагуу шилжсэн байсан буюу манай компанид өмчлөх эрх бүртгэлтэй юм. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох тээврийн хэрэгслийг гэмт хэрэг хийснийхээ дараа манай компанид шилжүүлсэн байна гэж буруу дүгнэсэн.
2. П.Б- нарт холбогдох хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Т-” ХХК нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Мөн Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 22 тоот тогтоолоор манай компанид бүртгэлтэй Б- УНУ улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байдаг. Манай компани 5 жилийн турш энэ хөрөнгийг хамгаалж хадгалсан мөртөө өөрсдийн хохирлоо ч барагдуулж чадаагүй байхад манай өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж дүгнэж байна.
3. Мөрдөн шалгах байгууллага болон Прокурорын газраас манай компанийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн цагаас хойш уг хэргийн талаар огт мэдэгдээгүй. Бид өмгөөлөгчийн тусламжтайгаар энэ хэргийг шүүх дээр шилжсэн байхад бүр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү нэг удаа буцаж, анхан шатны шүүх товлосон байсан тэр цаг үед энэ хэргийн талаар мэдэж, өөрийн өмгөөлөгчийг оролцуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл манай хөрөнгийг битүүмжилсэн мөртөө прокурор уг хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар яллах дүгнэлтэд бичээгүй төдийгүй, шүүх хурал дээр “яллах дүгнэлтэд бичихээ мартсан байна” гэсэн тайлбар хэлсэн. Хэрэв улсын орлого болгох байсан бол үнэлгээ тогтоолгох байсан. Гэтэл энэ ажиллагаануудыг хийлгүйгээр шууд манай компанийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон. Уг тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн байх хугацаанд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд татвар төлөгдөөгүй, төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, тухайн татварын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд энэ бүх зардал төлбөрийг манай компаниас төлж барагдуулсан. Дээрх үндэслэлүүдээр 2025/ШЦТ/2662 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б- улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч болох “Т-” ХХК-д буцаан олгож өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Оюунсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авч, улсын орлого болгох зохицуулалттай. Гэтэл хэрэгт хамаарах “Приус” маркийн тээврийн хэрэгсэл нь анхнаасаа “Т-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад фидуцийн гэрээ болон холбогдох баримтуудыг гаргаж өгсөн эсэх талаар асуудал яригдсан, тухайн үед мэдүүлэг өгөхдөө бүх материалыг өгсөн гэж тайлбарласан. Гэмт хэрэг 5 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдийн хооронд үйлдэгдсэн гэж тогтоосон. Харин уг автомашиныг барьцаалан зээл авсан гэрээ нь 2027 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан байна. Иймд цаг хугацааны хувьд тухайн тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан байлаа ч өмчлөл нь “Т-” ХХК-д бүртгэлтэй байхад түүнийг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн тээврийн хэрэгсэл 5 жилийн хугацаанд мөрдөгч, прокурорын тогтоолын дагуу ашиглагдаагүй, үнэлгээ нь буурсан нөхцөл байдал үүссэн. Үүнээс гадна уг автомашин 2016 оноос өмнө Монгол Улсад орж ирсэн тул улсын дугаар хураагдах зэрэг бүртгэлийн хүндрэлүүд компанид үүссэн. Иймд бусдын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийг улсын орлого болгосон асуудлыг дахин хянан үзэж, “Т-” ХХК-д бүртгэлтэй уг тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр уг гэмт хэргийг Б- үйлдсэн, мөн Б- нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ноолуур хулгайлах гэмт хэрэгт бүлэглэн хамт оролцсон нь нотлогдсон гэж дүгнэсэн. Энэ гэмт хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсооход Б- нь уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан, тээврийн хэрэгслийн арын хэсгээс шуудайтай ноолуур илэрсэн тул гэмт хэрэгт биечлэн оролцсон, санаатайгаар гэмт хэрэг үйлдэж, зугтах зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. ... Прокурорын хяналтын явцад гомдол, хүсэлтүүдийг хүлээн авч, холбогдох газруудаас тодруулга авсан. Тухайлбал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, Б-гээс мэдүүлэг авсан боловч шууд яллагдагчаар татах эсэх асуудал тухайн үед тогтоогдоогүй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд Б- өөрөө энэ асуудлыг шалгуулах хүсэлт гаргаж байсан. ... Дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэхдээ шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулж, яллах дүгнэлтийн алдааг засах, бусад ажиллагааг хийлгэхээр болсон. ... Тухайн үед Б-г дахин яллагдагчаар татсан хэрэг байгаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлогыг хураан авч, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлэхээр улсын орлого болгохоор заасан. Гомдолд уг тээврийн хэрэгсэл “Т-” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан гэж дурдсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ болон холбогдох баримтуудыг гаргаж өгөхөд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б- өөрийн өмчийг 2 сая төгрөгийн барьцаалбар болгон тавьж, ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж бүртгэлд бүртгүүлсэн нь барьцааны зорилготой байсан болохоос өмчлөл нь компанид бүрэн шилжсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Б- өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэн тээврийн хэрэгслийг битүүмжилж, улмаар улсын орлого болгосон нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх яагаад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй талаар шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч П.Б- нь дангаараа болон бусадтай бүлэглэн 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Б- нь бусадтай бүлэглэн нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.А- нь П.Б-тэй хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэн хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,
шүүгдэгч Р.Ц- нь бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.Б- нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн “... Намайг ажлаа хүлээж авахад ноолуур байсан. Яг хэзээ агуулахад ноолуур хийснийг өмнөх нярав Ц- мэднэ... манай ноолуурыг хулгайлсан хүн манайхаас мэдээлэл авсан байх гэж бодож байна. ... Намайг ажилд ороход А- хорих ангийн мал дээр ажиллаж байгаад ирсэн гэж байсан...” /1 хх 134-135/, “... Манай байгууллага алдагдсан 71,3 кг ноолуураа хүлээн авсан нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 хх 132/, түүний гэрчээр өгсөн “...намайг ноолуур хүлээн авахад ноолуурыг би 5 ширхэг шуудай 71.3 кг, 8 ширхэг шуудай 110.5 кг, 2 ширхэг шуудай 21.1 кг гэж хуваан хамгийн урд талын складанд хийсэн байсан. ... би өнөө өглөө 12 цаг болж байхад ерөнхий нягтлан Г.С-ын хамт орсон. Эд материалуудыг шалгахад урд тавцан дээр тавьсан 71.3 кг ноолуур байхгүй байсан...” /1 хх 136-137/,
хохирогч Д.Б-гийн “... 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед би байрны гадаа С- УБК улсын дугаартай “Тоёота приус 20” загварын машинаа гражид хийх гэснээ залхуураад гражны үүдэнд үлдээсэн юм. Тэгээд маргааш өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад байрны үүдэнд машин дээрээ очих гэтэл машины янданг тайлж орхисон яндангийн үзүүр хэсэг нь цухуйсан байхаар нь гайхаад машин доогуураа хартал машины яндангийн гол хэсэг буюу зөөлөн яндан нь байхгүй байсан. ...” /2 хх 92/,
хохирогч А.А-гийн “... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ ажил руугаа явахаар гарч машиндаа суугаад машинаа асаатал машины минь дуу сонин дугараад байхаар нь машин доогуураа хартал миний машины яндан хэсгээр сонин болчихсон байсан. Тэгэхээр нь байрны хүн болох Б-өөр машин доогуураа харуултал машины янданг тайлаад аваад явчихсан байна гэж хэлсэн. ...” /2 хх 117/,
хохирогч Б.М-гийн “...Би орой 20 цагийн үед 1 дүгээр байрны зогсоолын хажууд хүүхдийн тоглоомын талбайн урд машинаа байрлуулаад гэртээ орсон. Өглөө манай 10 жилийн ангийн одоо цагдаад ажиллаж байгаа Б- над руу залгаад “машины чинь яндан хулгайлагдсан байна” гэж хэлсэн...” /2 хх 169- 170/,
хохирогч С.Х-ын “...Өглөө 06 цаг 30 минутын үед босоод цонхоороо хартал миний машины жолоочийн талын урд дугуйг тайлж аваад тоосго эвчихсэн байсан. ...” /2 хх 245/,
хохирогч Д.С-гийн “... Манай гэр Баруун-Урт сумын 1 дүгээр баг Б-ийн 408 тоотод хашаа байшинд байдаг юм. ... намайг ээлжийн амралттай байх үед 11 цагийн үед эхнэр Б.Т-ын нь миний утас руу залгаж байшингийн цонхоор хулгай орсон байна гэж мэдэгдсэн. ... Манай гэрээс эмэгтэй монетон гинж 1 ширхэг бага гарын хүрэн мана хөөрөг, ногоон өнгийн дайлан дотор байсан мөнгөн хүзүүний гинж, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга зэрэг зүйл хулгайд алдагдсан. ...” /3 хх 66-67/,
хохирогч М.Б-ын “... Би 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цаг 45 минутын үед 36 дугаар байрны гадаах машины зогсоолд машинаа тавьсан. Маргааш нь гэрээсээ гараад машин дээрээ очтол баруун талд нь хоёр данхраад эвсэн зүүн талд дугуй эвээд миний машины 4 ширхэг дугуйг аваад явсан байсан. ...” /3 хх 146/,
хохирогч Э.А-ын “... Манайх хөдөө мал маллаж амьдардаг ба сумын төвийн 2 багийн Б- хорооллын 1-1013 тоотод хашаанд том гэрээрээ байдаг юм. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Х.Х- над руу утсаар залгаад “төвийн гэрт хулгай орсон байна” гэхээр нь сумын төв рүү гэртээ иртэл хашааны хаалга онгорхой манай хүү Х.Х- байсан ба гэр лүүгээ очтол гэрийн хаалгыг цоожилсон байсан цагаан цоожийг эвдэж онгойлгоод цоож даруулгыг хаяаны шороон дээр хаясан байсан. ...” /3 хх 235-236/,
хохирогч М.Д-гийн “... Би өөрийн эзэмшлийн Х- УБЛ улсын дугаартай автомашинаа 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед 518 дугаар байрны баруун талын зогсоол дээр тавьсан. ... өнөөдөр машинаа асаахад муухай дуугараад байсан ба хэд хэд асааж унтрааж үзсэн. Явуулын хүн яндан алга болсон байна гэж хэлсэн. ...” /4 хх 82-83/,
хохирогч Ж.Ц-гийн “... Би өөрийн эзэмшлийн Х- УНҮ улсын дугаартай машинаа 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 23 цаг 40 минутын үед зогсоол дээр тавьсан. ... өнөө өглөө цонхоороо харахад сонин харагдаад байхаар нь гарч ирээд харахад машины урд буфер их гэрлүүд алга болсон байсан. ...” /4 хх 111-112/,
хохирогч Ч.Б-ийн “... Би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн орчим 518 дугаар байрны шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн Б- УНО улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашинаа байрлуулаад гэр лүүгээ орсон. Маргааш өглөө нь миний хажуу талд байсан автомашины жолооч над руу залгаад “манай машинаас нүүрсэн яндан алдагдсан байна, танай машины урд талын буфер алдагдсан байна” гэсэн. ... машны урд талын буфер, сетик, доод нэмэлт гэрэл 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /4 хх 138/,
хохирогч Я.М-ын “... 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед би гэрийн хажуу талын зах орох гэж яваад машин дээрээ очиж шалгаж үзтэл миний машины жолоочийн урд талын жижиг шил хагарсан байдалтай, жолоочийн урд талын 16-тай нэг ширхэг дугуй байхгүй байсан. Гайхаад машинаа тойроод хартал миний машины ар талын жижиг шил хагарсан байдалтай жолоочийн урд талын хоёр тоормозны гэрэл байхгүй байсан. Машинаа асааж үзтэл аймаар дуугарсан ба доогуур нь тонгойгоод үзтэл миний машины нүүрсэн яндан нь байхгүй байсан. ...” /9 хх 86-87/,
хохирогч О.Г-ын “... 2021 оны 07 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа явах гээд 07 цагт гэрийнхээ цонхоор мотоциклоо хартал бүтээлгийг нь газар аваад шидсэн байдалтай, миний мотоцикл алга болсон байсан... Би СӨХ-ны камер шүүж үзэхэд шөнийн 03 цагт нэг үл таних эрэгтэй хүн ирээд миний мотоциклийг түрээд алхаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. ...” /9 хх 193-194/,
хохирогч Ш.Э-ын “... 2021 оны 07 дугаар сарын ихээр би Б- сумын 8 дугаар хороо 2 дугаар сургуулийн урд байрлах 22 дугаар байрын гадаа хүрэн бор өнгийн Мустанг 5 маркийн мотоциклоо оройн 23 цагийн үед тавиад маргааш нь 06 цагийн үед мотоциклоо хартал байхгүй байсан. ...” /11 хх 62/,
хохирогч Ц.Т-ийн “... Би орой 18 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн жижиг өрөөний цонх онгорхой, гэртээ яваад ортол жижиг өрөөнд байдаг авдрыг ухаад доторх эд зүйлсийг нь онгичиж хаяад дотор нь байсан канон брэндийн 1 ширхэг аппарат, том өрөөнд байсан жижиг сейфийг аваад явсан байсан. Манай гэрээс канон зургийн аппарат 1 ширхэг, хашаа байшингийн газрын бичиг, гэр бүлийнхний бичиг баримт, алтан ээмэг бөгж, цагаан алтан ээмэг бөгж бугуйвч гинж, монетон гинж, мөнгөн аяга, хазаарын чимэглэл, мөнгөн тоногтой хутганы хэт тоногтой хуйс, төмөр гоёлын эмэгтэй бүс, дээд сургуулийн диплом зэрэг эд зүйлс алга болсон. ...” /11 хх 137/,
хохирогч Э.Б-гийн “... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Б- хотхоны урд ирээд харсан чинь 4 дугуй байхгүй, доор нь тоосго, блок эвчихсэн байсан. ...” /12 хх 19/,
хохирогч Н.Ц-гийн “...Тэгсэн Э.Б- миний үснээс зулгааж байгаад толгойны ар хэсэгт 2 удаа гараараа цохисон. Мөн хэвлий хэсгийн баруун талд гараараа 2 удаа цохиж баруун гуяны дотор талд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд ширээн дээр байсан сэнжтэй шаазан аяга аваад над руу шидэхээр нь би доошоо суучихсан чинь шидсэн аяга нь миний дээгүүр даваад хаалга оноод хагарч газар унасан. ...” /4 хх 179-180/,
иргэний нэхэмжлэгч У.М-ийн “... Э.Б- гэдэг хүн манай “Т-” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б- УНУ улсын дугаартай “Тоёота приус” маркийн цагаан өнгийн авто машиныг 2.000.000 төгрөгийн барьцаанд 5 сарын хугацаатай барьцаалсан. Тээврийн хэрэгслийг барьцаанд авахдаа бид бичиг баримтыг өөрийн компани нэр дээр шилжүүлсэн. Б- зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байгаа тул Б- УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Т-” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж авах хүсэлтэй байна...” /1 хх 147/,
гэрч М.С-ын “... Би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ороход нярав Б.М- агуулахад байгаа эд материалыг тоолж байна гэж байсан. Орж харахад урд талын тавиур дээр ноолуур тавьсан байхаар нь би “юмнуудаа сайн тулгаарай, ноолуур байгаан байна шүү” гэж хэлээд гарсан. ... Хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр агуулахын баруун хойд буланд үлдээгээд явсан... тухайн шатыг баруун хойд булангаас урагшаа зөөвөрлөж агуулах руу нэвтэрсэн цонхны харалдаа авч очсон байна. Тухайн шат нь хүнд, том учраас нэг хүн ганцаараа өргөөд зөөвөрлөж чадахгүй. ...” /1 хх 149/, түүний дахин гэрчээр өгсөн “... хяналтын камер байхгүй, складыг нярав хариуцдаг бөгөөд би аж ахуйн ажилтан гэдэг утгаараа өдөр бүр шалгаж явдаг. Яг складыг манадаг харуул манаа гэж байхгүй, гэхдээ шөнө гарч байгаа ээлжийн хамгаалалтынхан эргэж хардаг. 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шалгасан. 02-ны өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд өглөөгүүр шалгахад зүгээр байсан. Тэгээд 03-ны өдөр өглөө 10 цагийн үед гадна хашаагаа шалгаад дотогшоо хашаа руугаа ороход нярав дэд ахлагч Б.М- надад ноолуур алдагдсан байна гэж хэлсэн. ...” /1 хх 150-151/,
гэрч О.АмарБ-ын “... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ангийн малын хэсэг дээр ажиллаж байсан ахлагч А-тай ээлж солилцон тухайн өдрөөсөө мөн оны 05 дугаар сарын 01-ний хүртэл ангийн малын хэсэгт ажилласан. Харин А- нь надтай зөрөөд ангийн малын хэсгээс буусан юм. ... Малаас бууж ирээд 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А-ын гэрт очиж өөрийн гар утсаа сольж авсан. Тэр үед А- нь мэнд мэдээд ярилцаж байгаад “ноолуур ямар ханштай байгаа юм бэ”, “анги ноолуураа өгсөн юм уу” гэж надаас асуухаар нь би “анги ноолуураа өгөөгүй гэсэн” гэж хэлсэн. ...” /1 хх 152-153/,
гэрч Б.А-гийн “... Хэнтий аймгийн чиглэлээс Б- улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай явж өнгөрсөн. ... Би тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход Э.Б- гэх залуу жолоо барьсан, жолоочийн хажуу талын суудалд Р.Ц- гэх өвгөн суусан, арын суудалд П.Б- суусан байдалтай байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн хойд талд 5 шуудайтай ноолуур хийсэн байсан. ... тэр гурван хүнийг Жаргалтхаан сумын цагдаагийн байр луу аваад явсан. Цагдаагийн байран дээр ирээд үргэлжлүүлэн тодруулж байх хооронд өрөөний гадаа байсан П.Б- зугтааж алга болсон. ...” /1 хх 157/,
гэрч У.Х-гийн “... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ унтаж амарч байтал байрны гадаа юм хөших, чийхрах чимээ гараад байхаар нь харанхуй шөнө дунд хүний машин тэрэг хүн ухаж хулгай хийж байгаа юм биш байгаа гэж бодоод орноосоо босож гэрийнхээ цонхоор хартал манай байрны урд талд цагаан өнгөтэй приус маркийн хоёр машин зэрэгцээд зогссон байсан. Тухайн хоёр приус машины наад талын машины жолоочийн эсрэг тал буюу зүүн талын хаалганаас нэг эрэгтэй хүн бууж ирснээ намайг цонхоор харж байгааг харсан юм уу яасан юм ямар ч байсан амандаа эсвэл гартаа тамхины асаагуурын гэрэл асаасан машин доогуур юм харж босож суугаад байсан. ... Тэгтэл хэсэг хугацааны дараа Б- дугаартай машины хажууд зогсож байсан машин дотроос нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь машин нь болохгүй болоод машинтай хүн дуудаж машины янзалж байгаа юм байна гэж бодсон. Би урд өмнө машинаасаа жижиг сажиг эд зүйлс алдаж байсан болохоор юмыг яаж мэдэхэв гэж бодоод машины дугаарыг нь харахад Б- УНУ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. ...” /2 хх 110/,
гэрч Ц.Э-ын “... Би албанд ашигладаг бэлэн бус торгуулийн машин дээр Б- УНУ улсын дугаартай авто машиныг номероор нь шүүж торгуулийг нь харахад 2020 оны 03 сарын 28-ны өдрийн 12 цаг 34 минутад Б- сумын 5 дугаар хороо захын орчим уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Э-ын Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20-д зааснаар бүс хэрэглээгүй үндэслэлээр хорин мянган нэгжээр торгуулийн арга хэмжээ авсан байсан. ...” /2 хх 119/,
гэрч Л.Б-ын “... Би 2020 оны 04 дүгээр сарын 08-нд байх сайн санахгүй байна Б-, Б- нарын хамт Говьсүмбэр аймаг руу онхолдсон приус 20 маркийн 2 ширхэг машин авахаар Э- УБС улсын дугаартай Б-ийн эзэмшлийн приус 20 маркийн автомашинтай явсан. ... Б-, Б- хоёр шөнө машинаас бууж, суугаад байх шиг байсан... Б-, Б- хоёр тухайн үед надад юм яриагүй саяхан энэ оны 05 дугаар сарын эхээр Б-, Б- хоёр хоорондоо Чойроос нүүрсэн яндан хулгайлж зарсан гэж ярьж байсан. Тэгээд надтай 04 дүгээр сарын 08-нд Чойр орохдоо авсан байна гэж мэдсэн...” /2 хх 175-176/,
гэрч Д.Ч-гийн “... 2020 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 36 дугаар байранд суудаг Б- гэх хүн машины дугуй алга болчихлоо камер шүүх гэсэн юм гэхээр нь шүүж өгсөн. ... 4 залуу шөнийн 01 цагийн үед орцны үүдээр эргэлдээд байсан өөр юм бичигдээгүй байсан. ...” /3 хх 150/,
гэрч О.Ү-ын “... Би гэртээ байж байхад манай хуурай дүү Б-, Б- хоёр Б-ийн Ү- УЕУ улсын дугаартай хар өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслээ кузов засварт оруулах гээд надад дээр ирсэн. Би Б-ийн машиныг засварлах гэж авч үлдээд Б-, Б- хоёр миний Ү- УБА улсын дугаартай хар өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан. Б-ийн машиныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр засварлаж дууссан. ... Ер нь Б-өөс өөр хүнд машинаа өгч байгаагүй. ...” /12 хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Н.Ц-гийн биед баруун хацар, баруун гуя, зуун тахимны цус хуралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зуун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1594 дугаартай дүгнэлт /7 хх 182-184/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 63-72, 2 дугаар хх 88-89, 111-114, 157-166, 232-240, 3 хх 57-58, 117-120, 130-131, 197-200, 4 хх 75-77, 106-107, 9 хх 81-82, 182-183, 130-131, 12 хх 10-13,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 90-94/, жижүүрийн рапортын хуулбар /1 хх 111-118, 101-107/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 166-167, 241-242/,
Эд зүйлийн үнэлгээ гаргасан үнэлгээний тайлан /1 хх 188, 2 хх 94, 122, 188-189, 3 хх 2-3, 78-81, 160, 4 хх 21-24, 84-85, 118-119, 140-141, 9 хх 101-102, 197-198, 11 хх 75-76, 152-153, 12 хх 31-34,
Эд зүйл хүлээн авсан “...Сэжигтэн П-гийн Б-гээс хавтас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн: Хар өнгийн олон салаа обудтай... 225/65/17 хэмжээтэй 4 ширхэг обудтай дугуйг 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 13 цаг 25 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /12 хх 42-43/,
Б.А-ыг яллагдагч П.Б-тэй харилцсан гэх гар утасны билл-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 235-243/, П.Б-гийн гар утасны дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 244-250/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 43/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч П.Б-г дангаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Э.Б-ийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Л.Б-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-, Э.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр, мөн шүүгдэгч Р.Ц-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч П.Б-гээс “...Дархан-Уул аймаг болон Багануур дүүргийн прокурорт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй хэргүүдийг нэмж нэгтгэн шалгаж шийдвэрлээгүйд гомдолтой” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч П.Б- нь энэ гэмт хэргүүдээс гадна өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэрэв П.Б- нь өөр гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдон тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах”, уг зүйлийн 1 дэх хэсэг “... шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх ...”, 2 дахь хэсэг “... шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ...” гэсэн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Б-гээс “... гэмт хэргүүдэд хамтран оролцож гүйцэтгэсэн Б-ыг хэрэгт татаж шалгаагүй, тухайн гэмт хэргийг намайг ганцаар үйлдсэн мэтээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Э.Б-өөс “... зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, огт оролцоогүй хэрэгт П.Б-гийн хамт оролцсон мэтээр зүйлчилж, эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэгт хамжиж оролцсон Б.А- гэх хүний ноолуур зааж өгсөн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа байсаар байтал түүнийг цагаатгасанд гомдолтой...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба хохирогч Ц.Т-ийн мэдүүлэг /11 хх 137/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргийг харьцуулан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, уг гэмт хэргийг П.Б- нь Б- гэгчтэй хамтран үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.А-ыг нотолсон шүүгдэгч П.Б-гийн мэдүүлэг нь харилцан зөрүүтэйн гадна тэдгээрт холбогдуулан явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтад тооцоогүй нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Э.Б-ийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч П.Б-, Э.Б-, Л.Б- нарын үйлдэл нь 2018 оны 10 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзсэн, мөн шүүгдэгч Э.Б-ийг дангаараа буюу бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэн түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байхаас гадна шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч П.Б-, Э.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Э.Б-ийн эзэмшлийн Б- УНУ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож, шүүгдэгч Э.Б-өөс 2.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгох, “Т-” ХХК нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээсэн тул энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч П.Б-, Э.Б- нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл тус бүр нийт 93 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2662 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-, Э.Б-, иргэний нэхэмжлэгч “Т-” ХХК-ийн төлөөлөгч Д.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-, Э.Б- нар нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тус бүр 93 /ерэн гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР