Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00958

 

 

 

 

 

 

2022 05 20 210/МА2022/00958

 

 

Ч.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00772 дугаар шийдвэртэй Ч.Хын нэхэмжлэлтэй, Дөлгөөн дэлгэрэх ХХК-д холбогдох хохиролд 1,002,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 10 дугаар сарын 15-нд Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн КГБ Тэгбэ карго үйлчилгээгээр БНСУ-аас охиныхоо А1502 маркийн хэрэглэж байсан нөүтбүүкийг авчруулсан. Хүргэлтээр ирсэн нөүтбүүк гадна байдлаас гэмтсэн байсан ба КГБ Тэгбэ каргоны ажилтан Б.Барстай эргэж холбогдон тухайн бүтээгдэхүүний эвдрэл гэмтлийн зургийг и-мэйлээр явуулсан. Каргоны газраас эргэж холбогдон ажлын 3 хоногийн дотор бараагаа буцаан авч хохирол барагдуулна гэсэн хариу өгсөн боловч хохирол барагдуулахгүй, утсаа авахгүй байна.

Тус нөүтбүүк дэлгэцийн гэмтлээс гадна кейс, маус чихэгдсэн ажиллагаа дутуу болсон, спикер царгисан зэрэг гэмтэлтэй болсон ба миний бие зөвхөн дэлгэцийн гэмтэлд үнэлгээ гаргуулахад 1,002,971 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн тул үнэлгээний дагуу хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 оны 10 дугаар сарын 15-нд БНСУ-аас иргэн Б.Анухатан нь А1502 маркийн хэрэглэж байсан нөүтбүүкийг Ч.Хд манай каргогоор авчруулсан. Ачааг хүлээж аваад эвдрэл гарсан талаар холбогдож, мэдэгдсэн нь үнэн. Манай байгууллага нь БНСУ дахь IFEX INC байгууллагатай Хилийн чанд дахь гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниар дамжуулж ирсэн тус компанид харьяалагдах ачаа юм. Иймд дээрх нэхэмжлэлийг илгээгч Б.Анухатан нь олон улсын гэрээний дагуу хамтран ажиллаж байгаа БНСУ-ын IFEX INC-д гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-аас 1,002,971 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Хд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 29,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-д холбогдуулан 1,002,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Нэхэмжлэгч Ч.Х нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас А1502 маркийн нөүтбүүкийг хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн КГБ Тэгбэ карго илгээмжийн үйлчилгээгээр Монгол улсад авчируулж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

3.б.Хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн КГБ Тэгбэ мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг болох нь хэргийн баримтуудаар тогтоогджээ. /хх26/

3.в.Илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийх, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүрэг бүхий харилцаа нь илгээмжийн гэрээ бөгөөд илгээгч нь захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.а.Нэхэмжлэгч Ч.Х нь Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн КГБ Тэгбэ каргоны менежер Б.Барсад 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр илгээмжээр ирсэн ачаа гэмтсэн талаар гомдол гаргасныг хариуцагч тал хүлээн авч, нөатбүүкийн засвартай холбоотой зардлыг хариуцахаа илэрхийлсэн и-мэйлийг илгээсэн, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

4.б.Нэхэмжлэгч Ч.Х нь ачаа гэмтсэнтэй холбоотойгоор Мастер-үнэлгээ ХХК-аар үнэлгээ гаргуулж, 1,002,971 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК нь БНСУ дахь IFEX INC байгууллагатай Хилийн чанд дахь гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниар дамжуулж ирсэн тул ачаа илгээгч нь гэрээний дагуу IFEX INC-д гомдол гаргана гэх үндэслэл зааж татгалзлаа тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хамтран ажилладаг БНСУ дахь IFEX INC байгууллагатай гэрээний харилцаанд оролцоогүй тул түүний ачаа илгээгч нь гэрээний дагуу IFEX INC-д гомдол гаргана гэх тайлбар үндэслэлгүй болно.

4.в.Илгээгчийн илгээсэн илгээмж гэмтсэн тохиолдолд илгээмж хүлээн авагч энэ талаар илгээмжийг хүлээн авсан өдөрт нь багтаан илгээгчид мэдээлэх ба илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээх талаар Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1, 408.7, 408.9 дэх хэсэгт зохицуулсан.

4.г.Хариуцагч нь ачаанд үүссэн гэмтлийг өөрийн компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэх үндэслэлээр маргаагүй, энэ байдлаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх ба шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дөлгөөн дэлгэрэх ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,581 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ