Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/236

 

2026           02           26                                                                         2026/ДШМ/236

 

Э.П-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогч Н.Ч-, түүний өмгөөлөгч Л.Баасанжав,

шүүгдэгч Э.П-ын өмгөөлөгч М.Батбаатар,

иргэний хариуцагч Б.Х-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2631 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.П-т холбогдох 2503 00595 0856 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Х- овгийн Э-ын П-, ......, ял шийтгэлгүй, /РД: Э-/;                        

Шүүгдэгч Э.П- нь жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 05 дугаар сарын 23-ны өглөөний 06 цаг 20 минутын үед  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерын ордны тойрог замд “Toyota Prius” загварын Э- УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Н.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Э.П-аас  6.336.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-т, 213.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, иргэний хариуцагч Б.Х-эс 7.900.804 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ч-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Ч- нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.П-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Э.П- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн. Би 2025/ШЦТ/2631 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

             Хэргийн товч: Миний бие 2025 оны 05 дугаар сарын 23-ны өглөө хуурай ах Х-ийд пиво ууж байгаад түүний машиныг дуудлагын жолооч дуудаад явахаар болсон юм. Дуудлагын жолооч ирэхгүй удсан тул өөрөө унаж замын хөдөлгөөнд оролцож улмаар Ч- гэх эгчийг мөргөж осол гаргасан. Хэргийн дараагаас хохирогч эгчийн биеийн байдлыг асууж, түүний хүүтэй холбоо барьж асуусан боловч одоогоор уулзуулж утсаар яриулах боломжгүй байгаа, биеийн байдал гайгүй болохоор холбоо бариулахаар болсон юм. Үүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрч мөрдөн байцаагдах үед эмчилгээний зардал хохирлын хэмжээ гарч нэхэмжилсэн. Миний бие Төв аймгийн Жаргалант суманд ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг бөгөөд тэр үед Улаанбаатар хотод ажил хийж байсан. Хохирлын мөнгийг би өөрийн ажилласан цалингаа авч төлөхөөс өөр боломжгүйгээс болоод нэлээн их хугацаа өнгөрүүлсэн нь үнэн. Цалингаа бөөнд нь авч хохирлоо төлөх гэсэн боловч уг компани одоогоор өгөх боломжгүй хэмээн хойшлуулсаар шүүх хурлын үед 8.500.000 төгрөгийн цалин авах тодорхойлолт гаргуулж орсон юм. Миний бие хуулийн мэдлэггүй болон өөрийн санамсар болгоомжгүй буруу үйлдлээс болж хүний эрүүл мэндийг хохироосондоо хохирогчийн гэр бүлийнхнээс уучлалт хүсэж байна. Ийм үйл явдал болсонд маш их харамсаж, гэмшиж байгаа. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухаарч байгаа. Мөн ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад оногдуулсан шийтгэлийг хорихоос өөр ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.П-ын  өмгөөлөгч М.Батбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Э.П-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн ч эрүүгийн хариуцлагын бусад зорилгод нийцүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага оногдуулах замаар цээрлэл хүлээлгэж, нийгэмшүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Энэхүү зорилгын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус заажээ. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ба өөрийн үйлдлийн үр дагавар, хор уршгийг ойлгон ухамсарлаж, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Хэрэг гарснаас хойш хохирогчийн хохирлыг барагдуулах зорилгоор зун, намрын хугацаанд Улаанбаатар хотод барилга, замын ажил хийсэн ч цалингаа хугацаандаа авч чадалгүй хохирол барагдуулах асуудал удааширсан. Цаашид өөрөө хөөцөлдөж цалингаа авах замаар хохирол барагдуулах боломжтой байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, улмаар өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлах зорилго биелэх боломжтой байхад анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Мөн шүүгдэгч хувийн байдлын хувьд ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн  Жаргалант суманд амьдардаг. Хоёр дүү нь сургуулийн сурагч юм. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.П-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би машин, хашаа хоёрын завсраар бүтэн биеэрээ ороогдож, мөргүүлсэн. Эмч нар миний эрүүг оёхдоо эрүүний яс харагдаж байна гэж ярьж байсан. Шүүгдэгч намайг мөргөчихөөд хэргийн газраас зугтаасан. Хойно явж байсан машины 2 жолооч бууж, хэлж байж шүүгдэгчийг барьсан. Осол гарснаас хойш надтай огт холбоо бариагүй. Манай хүү рүү тохиролцох гэж залгасан байсан. Миний эрүүл мэндэд санаа зовоогүй, хохирол төлбөр төлөх ямар ч сонирхол байдаггүй. Би хүүхдүүдээсээ байнга эмчилгээний төлбөр авдаг. Тухайн ослоос хойш одоо хүртэл хөлийн хаван буухгүй байгаа. ... Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...” гэв.

Хохирогч Н.Ч-ийн өмгөөлөгч Л.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн дүгнэлт гаргаж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... Иргэний хариуцагч Б.Х- нь 7.900.804 төгрөгийг хариуцахгүй гэх тайлбарыг хэлэхээр энэ шүүх хуралдаанд оролцож байгаа гэж ойлголоо. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх заалтад зааснаар хохирлыг иргэний хариуцагч хариуцан төлөхөөр байна. Б.Х- нь шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүйг нь мэдсээр байж шүүгдэгчид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгөөгүй бол уг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх боломжтой байсан. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд, 2 дугаар зэрэглэлээр тогтоосноор буюу цалингийн доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээр тооцож, өөрчлөлт оруулж, иргэний хариуцагчаас гаргуулах, иргэний хариуцагч нь давхар жич нэхэмжлэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Иргэний хариуцагч Б.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн осол гардаг өдөр машиндаа байсан ажлын багажуудыг хүргүүлэх гэж дуудлагын жолооч дуудсан. Шүүгдэгч Э.П-ыг замд нь буугаарай гэж хэлсэн болохоос машиныг унаад яваарай гэж хэлээгүй. Миний өөрийн машин эвдрэлтэй хэвээр байгаа. Шүүгдэгч өмнө ажиллаж байсан газраасаа цалингаа аваад хохирогчийн болон миний хохирлыг барагдуулах талаар ярьж байсан. Би тухайн үед эхлээд хохирогчийн хохирлыг барагдуул гэж хэлсэн. Хохирогчтой холбогдох гэхээр хүү нь аваад “...ээжийн бие муу байгаа, хэвийн болохоор яриулъя...” гээд яриулахгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны өмнө би шүүгдэгчээс “хохирогчийн хохирлыг хэзээ барагдуулах юм бэ” гэж асуухад “би захиралтайгаа ярьсан, удахгүй тендерийнх нь мөнгө орж ирэхээр миний цалинг өгнө” гэж хэлсэн гэсэн. Үүнээс хойш шүүгдэгч хоригдсон тул холбогдож чадаагүй. Би өөрөө ажиллаж байсан газар луу нь холбогдоход “чи худлаа хэлж, найзынхаа өмнөөс мөнгийг нь авах гээд байгаа юм уу” гэж хэлсэн. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.П-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэл бүхий болсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.П- нь жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож 2025 оны 05 дугаар сарын 23-ны өглөөний 06 цаг 20 минутын үед  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицерын ордны тойрог замд “Toyota Prius” загварын Э- УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Н.Ч-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ч-ийн “... Би тэр өдрийн өглөө 06 цаг 10 минутын үед хүүгийнхээ гэр болох Офицеруудын ордны зүүн талд байдаг “X” апартментээс ажилдаа явахаар гараад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш замын урд хэсгээр явган хүний замаар алхаж байхад гэнэт машин орж ирээд намайг мөргөөд газар унагаасан. ...” /хх 23-24/,

гэрч Л.Х-гийн “... Би тухайн үед Толгойт явчихаад 6 цагийн орчим гэртээ ирэхэд хашаан дотор Пүрэвээ Хашаа ахын машиныг асаачихсан жолоон дээр нь сууж байсан. ... Пүрэвээ “явж пиво уух уу” гэхээр нь “за тэгье” гэж хэлээд Пүрэвээ машин бариад би хажууд нь суугаад явсан. МИҮС-н баруун талаар гудамжаар явж байгаад төв зам руу нийлээд офицеруудын тойргоор тойроод дүүргээр буцаж эргэдэг зам дагуу байрлах “GS-25” ороод пиво аваад гарсан. Тэгээд офицерын автобусны буудал өнгөрч яваад баруун эргэх гэж байгаад эргэж амжилгүй хүн мөргөсөн. ...” /хх 43/,

иргэний нэхэмжлэгч Д.А-гийн “... Би тухайн осол болоход байгаагүй. Өглөө ажилдаа ирэхэд цэцэрлэгийн баруун хойд хашааны баганыг согтуу жолооч ирж мөргөсөн гэсэн, очоод харахад хашааны багана нурчихсан байсан. ... Ослын улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...” /хх 28-29, 31/,

иргэний хариуцагч Б.Х-ийн “... “Тоёота приус” загварын Э- УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх 2021 онд худалдаж аваад 2024 оны 11 дүгээр сард “А-” ББСБ-д барьцаанд тавьж зээлэн гэрээг би өөрөө хийсэн. Би машинаа хашаандаа ил тавьдаг. Машиныхаа түлхүүрийг гэртээ ил байлгадаг. ... Би тухайн үед П-тэй хамт пиво ууж байхдаа түүнд хандаж “гэртээ харихдаа дуудлагын жолооч дуудаад ахынхаа машинаар яваарай, ард нь ажлын багажнууд байгаа, өглөө ах нь ажилдаа аажуухан очно” гэж хэлж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад унтаад өгсөн. Өглөө унтаж байхад Х- орж ирээд намайг сэрээж “П- хашаа мөргөөд осол гаргачихлаа” гэж хэлэхээр нь П-г дуудлагын жолооч дуудаагүй, өөрөө машин унаад явсан гэдгийг мэдсэн. ...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Н.Ч-ийн биед хоншоор ясны баруун доод 2-р шүдний /42/ харалдаах түүшин сэртэнгийн зөрөөгүй хугарал, тархи доргилт, баруун доод 1, 2-р шүдний сулрал, эрүүнд няцарсан шарх: эрүү, буйл, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, баруун шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, ... тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0725/7236 дугаартай дүгнэлт /хх 48-50/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн “...Нинагийн Ч-ийн сэтгэцэд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0825/2218 дугаартай дүгнэлт /хх 63-65/,

2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 1074 дугаартай Мөрдөгчийн магадлагаа “... Хохирогч Н.Ч- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. “Тоёота приус” загварын Э- УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.П- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох," гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. ...” /хх 82/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 71-74/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...Э.П-, зориулалтын багажны заалт 2,204% хувьтай гарсан...” /хх 11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-20/, “Э.П- /РД:Э-/-ын мэдээллийг Жолоочийн бүртгэлийн нэгдсэн санд шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна...” гэх албан бичиг /хх 110/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.П-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Э.П-аас “... урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хорихоос өөр ялаар сольж өгнө үү..." гэсэн, түүний өмгөөлөгч М.Батбаатараас "хохирол барагдуулах боломжтой байхад анхан шатны шүүх харгалзан үзээгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээ мэдсээр байж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, хохирогч гомдолтой гэсэн зэргээс үзэхэд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэм бурууд тохирсон гэж үзэхээр байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.П- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 98 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2631 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.П-, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.П- нь 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 98 /ерэн найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧ                                                                                 Л.ОДОНЧИМЭГ 

           

ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР