Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00594

 

Ч.Цэндсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01314 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

         Ч.Цэндсайханы нэхэмжлэлтэй,

         Б.Энхмаад холбогдох           

         Гэм хорын хохиролд 2.952.890 төгрөг гаргуулах тухай үндсэн, 488.400 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Б.Энхмаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Ч.Цэндсайхан нь 2015 оны 11 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос галт тэргээр гарч, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Эрдэнэт хотод ирсэн. Гэртээ харих гэж ОР 32-30 дугаартай, приус-20 маркийн машинд суух гэж байтал жолооч Б.Энхмаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг зөрчин хайхрамжгүй, хариуцлагагүй, хүнээ бүрэн суулгалгүй үйлдэл хийж, машинаа гэнэт огцом хөдөлгөж, хойшоогоо ухарснаас би унаж, осолд орж, гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гарч хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон. Би тархины гэмтэл, ууц нурууны зөөлөн эдийн няцрал зэргийг хэвтрийн дэглэмд эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байсан. Эмчилгээг дуусгаад Улаанбаатар хот руу явж MRI оношилгоо хийлгэлээ. Зүүн өвдөгний үений MRI дүгнэлтэнд: Дотор талын хагас саран жийргэвчний их биед ба арын эвэрт хөндлөн урагдалттай ба дотор хэсэг рүү хагас мултарсан, шилжсэн, хавантай, үений хөндийд шингэнтэй гэсэн онош гарсан. Thermograping оношлогооны дүгнэлтэнд: Зүүн өвдөгөнд хөндлөн 2 шугам халуун бүс тодорхойлогдоно. Ууц бүсэлхийн ромбо алдагдсан онош гарсан. Дээрх оношилгоо шинжилгээ, эмчилгээнүүдийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийлгэсэн ба үрэвсэл дарах, өвдөлт намдаах блок эмчилгээг хэвтрийн дэглэмд 3 удаа хийлгэсэн, курсийг гүйцээж хийх эдийн засгийн боломжгүй болсон. Дээрх оношлогоо шинжилгээ эмчилгээ хийлгэхэд нийт 827.600 төгрөг, оношлогоо эмчилгээ, эм тариа, замын зардалд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хийлгэсэн эмчилгээ 956.290 төгрөг, ажилгүй болсон хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 200.000 төгрөг нийт 2.125.290 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна. Нийт 2.952.890 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Б.Энхмаа би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ч.Цэндсайханы биед бүсэлхийн өвдөлт үүссэн. Энэ нь хөнгөн гэмтэл гэж шинжээч эмч дүгнэсэн. Нэхэмжлэлд дурдсанаар бол зүүн өвдгөндөө гэмтэл авсан гэжээ. Угаасаа архаг өвчтэй гэж хавсарган өгсөн баримтанд нь дурдсан байна. Ч.Цэндсайханы биед учирсан хөнгөн гэмтэл нь бүсэлхийн өвдөлт, энэ нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарагдана гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хөнгөн гэмтэлтэйгээ холбоотой шууд зардлыг гэм хорын хохирлоор нэхэмжлэх байтал шүүх эмнэлгийн дүгнэлтэнд бичигдээгүй зүүн өвдөгтэй холбоотой эмчилгээний зардлуудыг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Би Ч.Цэндсайханы зүүн өвдгөнд гэмтэл учруулаагүй бөгөөд харин 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 дугаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр зүүн өвдөгний үений үрэвсэл зэрэг нь архаг хууч өвчин болохыг тогтоосон байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зардлыг төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Ч.Цэндсайхан машинд гүйцэж сууж амжаагүйг анзааралгүй хойш аажимхан ухартал хойшоо бөгсөөрөө суусан байсан. Тэгээд машиндаа суулгаад гэрт нь ачааг нь буулгаад дараа нь шууд эмнэлэг явж үзүүлсэн. Рентгэн зураг авахуулж гэмтлийн эмчид үзүүлэхэд зүгээр байна гээд өвчин намдаах эм бичиж өгсөн. /ibuprofen авч өгсөн-2800 төгрөг/, гэмтлийн эмч томограф зураг авахуулах шаардлагагүй гэхэд өөрөө энэ хүн авахуулна гэж дайрсаар байгаад авахуулсан /110.000 төгрөг/ тэрээр зургаар мөн л зүгээр гэв. Ч.Цэндсайхан гуай улсын эмнэлгээр яваад зүгээр гэсэн учраас сайн дураараа хувийн эмнэлгүүдээр явж баахан баримт бүрдүүлээд мөнгө нэхсэн. Энэ хүн надаас нийт 488.400 төгрөгийн эмчилгээний зардал гэж авсан. Алхам тутамдаа мөнгө нэхэж, хэл амаар доромжилж, дарамт шахалтанд оруулж эдгээр зардлыг надаас авсан. Тиймээс энэ хүнд зарцуулсан зардал нийт 488.400 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна.” гэжээ. 

          Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би Эрдэнэтийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, “Артроз” үе мөч, уламжлалын эмнэлгүүдийн туслалцаатайгаар ослоос үүссэн тархины болон ууц нурууны гэмтлээ эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн. Харин MRI оношлогоог хийлгэх шаардлагатай байсан боловч Эрдэнэтэд байхгүй учраас Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгт оношлогоо хийлгүүлж, дүгнэлт гарч, эмчилгээ хийлгэсэн. Энэ бүхэн нь дүрэм журмын дагуу ёс журмаараа хийгдсэн. Баримт болгон шүүхэд өгсөн байгаа. Б.Энхмаатай энэ хугацаанд 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1 удаа, 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 удаа, 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 удаа, 12 дугаар сарын 03-ны өдөр 1 удаа, нийтдээ 4 удаа л уулзсан. Цаг үргэлж алхам тутамдаа мөнгө нэхсэн асуудал байхгүй. Миний нэхэмжлээд байгаа эмчилгээний төлбөр нь Б.Энхмаагийн гаргасан ослоос үүдэлтэй учраас л би нэхэмжилж байна. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Энхмаа нь эмчилгээний хохирлын төлбөр болгож 380.000 төгрөгийг 2 удаа салгаж өгсөн. Томографийн 110.000 төгрөгийг эмнэлэгт өгсөн байх. Эдгээрийг МИГ даатгалаас гаргуулсан ба МИГ даатгалаас нөхөн төлбөр авахын тулд надаар 2 хувь тодорхойлолт хийлгүүлсэн. Энэхүү тодорхойлолтыг зориулалтын бусаар ашигласанд харамсалтай байна. Энэхүү асуудал нь одоо шалгагдаж байна. Хариуцагч Б.Энхмаа нь МИГ даатгалаас дээрх хохирлын төлбөрийг гаргуулж өөрөө авсан. Б.Энхмаагийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

         Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01314 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18.257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож шийдвэрлэжээ.

          Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01314 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”, гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 1.503.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.449.880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дугаар заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Б.Энхмааг сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсугай. 3 дугаар заалт нэмж хариуцагч Б.Энхмаагийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.310 төгрөгийг буцаан олгосугай. 2 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18 257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгосугай...”, гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 38.998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгосугай” гэж, шийдвэрийн дугаарыг 1-4 гэснийг 1-6 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчиж хариуцагчийн гэм буруугаас болж учраагүй ердийн өвчний талаарх эмчлүүлсэн баримтуудыг үндэслэн их хэмжээний мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчид учирсан гэм хортой холбоотой эсэхийг сайтар судлан үзвэл учирсан хөнгөн гэмтэлтэй огт холбоогүй бөгөөд өөрийн архаг хууч өвчнөө эмчлүүлж оношлуулсан болох нь тогтоогдох юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож.шийдвэр магадлалыг хүчингүй болгоно уу.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан хариуцагч Б.Энхмаад холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын эмчилгээний зардал 1 792 890 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 200 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг, нийт 2 952 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанд, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч өөрийнхөө архаг хууч өвчнөө осол гарахад авсан мэтээр тайлбарлан гэм хорын хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хариуцагч Б.Энхмаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тоёото приус маркын 32-30 УНЯ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оруулах үедээ зорчигч Ч.Цэндсайханыг автомашинд бүрэн гүйцэд сууж амжаагүй байхад нь хойш ухрах хөдөлгөөн хийж унагасан, хариуцагчийн дээрх үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчийн биед тухайн үед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 1011 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 тоот шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

          Хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд “...Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5 дугаар нугалмын түвшинд мурийлт, бүсэлхийн нугаламуудад ясны ургалт, хүзүүний остреохондроз /нугалмын жийргэвч мөгөөрсний хатуурал/ хөлийн венийн судасны өргөсөл, бүсэлхий ууцны мэдрэлийн ёзоорын эмгэгшил зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо” гэсэн дүгнэлт гарчээ.  

         Хэдийгээр хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5 дугаар нугалмын түвшинд мурийлт үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч Ч.Цэндсайханы дээрх архаг хууч өвчин сэдэрч, Ч.Цэндсайханд өвчин, шаналал бий болсон нь хариуцагч Б.Энхмаагийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцжээ.

        Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан өөрийн эмчилгээний төлбөрт 1 792 890 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 200 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг, нийт 2 952 890 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргаснаас анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, дээрх шаардлагаас термографийн оношлогооны 100 000 төгрөг, Сонгдо эмнэлэгт MRI хийлгэсэн 370 000 төгрөг, эм авсан нийт 34 370 төгрөг, термографийн давтан оношлогоо хийлгэсэн 50 000 төгрөг, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн нийт 36 000 төгрөг, замын зардалд төлсөн 374 920 төгрөг, нийт 965 290 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн ямар эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй тул эмчилгээний гэх зардалд Сонгдо эмнэлэгт төлсөн нийт 510 000 төгрөг, ямар эм авсан нь тодорхойгүй байх тул Сонгдо эмнэлгээс эм авсан гэх 27 720 төгрөг, Чулуунаа эмнэлэгт эмчилгээний төлбөрт төлсөн нийт 224 880 төгрөг, биохимийн шинжилгээ хийлгэхэд төлсөн 65 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах зүйл, заалтыг хуульд нийцүүлж тайлбарлан хэрэглэсэн байна.   

        Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 200 000 төгрөг болон нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 960 000 төгрөг шаардах эрхгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч нь хариуцагчаас хохиролд 378 400 төгрөг авсан талаар маргаагүй тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 965 290 төгрөгөөс дээрх дүнг хасаж хариуцагчаас нийт 586 890 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхмаа сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэ нэхэмжлэлээ татан авахад шүүхээс тогтоол гарна гэж шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн ч шүүх энэ тогтоолыг гаргаагүй буюу анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1 503 010 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл нь тодорхой бус, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн гэм хорын эрх зүйн зохицуулалтад хамаарах зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруу гэж үзнэ.    

         Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2016/01314 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт “2 дахь заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Энхмаа сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18.257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж, “шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5,” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Энхмаагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 39.000 /гучин есөн мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН