Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                      Даргалагч шүүгч        Б.Батзориг

                      Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                          Д.Буянжаргал

             Оролцогчид:

                        Өргөдөл гаргагч         Т.Золжаргал

                       Зөрчил гаргагч           О.Сүлдсайхан

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Нолхоосүрэнгийн шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 108 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн давж заалдсан гомдлоор Отгоны Сүлдсайханд /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газраас О.Сүлдсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.Золжаргалыг хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдан, эд зүйл эвдэж  танхайрсан зөрчил гаргасан үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.    

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын  22-ны өдрийн 108  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  Мянган овогт Отгоны Сүлдсайханыг  10 /арав/ хоногийн хугацаагаар баривчилж,

-О.Сүлдсайханы баривчлах  хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн  тооцохоор  шийдвэрлэжээ.

        Зөрчил гаргагч  О.Сүлдсайханы  давж заалдах гомдолдоо:

…Миний бие 2 дугаар үеийн сүрьеэ өвчний улмаас 2015 оноос эхлэн Сүрьеэгийн диспансерийн хяналтанд байж, эмчийн хяналтан дор байнга хэвтэн эмчлүүлж байгаа юм. Энэ өвчний улмаас нарийн дэглэм барьж, эмчийн хяналтан дор байх шаардлагатай тул ийм хүнд нөхцөлд байхад эрүүл мэндийн хувьд маш хүнд байна. Иймд надад ногдуулсан захиргааны шийтгэлийн арга хэмжээ буюу баривчлах арга хэмжээг  өөрчилж, мөнгөн торгуулийн арга хэмжээ ногдуулж өгнө үү гэжээ.

Зөрчил гаргагч О.Сүлдсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Өргөдөл гаргагч Т.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад гомдол, санал байхгүй” гэв.

Тодорхойлох  нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 108 дугаартай  шийтгэвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Зөрчил гаргагчийн гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг судлан үзэхэд:

Зөрчил гаргагч Отгоны Сүлдсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Т.Золжаргалыг хэл амаар доромжилж, эрх чөлөөнд нь халдан, эд зүйл эвдэж  танхайрсан зөрчил гаргасан болох нь захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс зөрчил гаргагч гаргасан зөрчилд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 10 /арав/ хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан нь тохирсон байна.

Зөрчил гаргагч О.Сүлдсайханы гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд ногдуулсан шийтгэлийг өөрчлөх үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 108 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 108 дугаартай  шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Отгоны Сүлдсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурьдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ